О.Цогтгэрэл: Бид цөөнх мөртлөө СӨРӨГ ХҮЧИН БИШ байдалтай байгаа нь манай бүлгийн ЗОВЛОН болж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
14 минут 55 секунд

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй Монгол Улсын 2025 оны төсөв болон, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Засгийн газар төсвийн төлөвлөлт хийхдээ зарлагыг бууруулж УИХ-аар хэлэлцүүлдэг байх тогтоолын төслийг өргөн барина

-Монгол Улсын 2025 оны төсвийг ойрын хугацаанд батлахаар байгаа. Ардчилсан намын зарим гишүүд ЗГ-аас оруулж ирсэн төсвийн төслөөс зарлагыг нь бууруулъя, үр ашиггүй төслүүдийг хасъя гэх зэргээр байр сууриа илэрхийлж буй. Үүний ард УИХ дахь АН-ын бүлгийн байр суурь ямар байгаа нь сонин байна?

- Ардчилсан нам бүлгийн дүрэмтэй. Бүлгийн гишүүд ямар асуудалд нэгдсэн байр суурь илэрхийлж, ямар асуудалд гишүүд хувийн байр сууриа илэрхийлэх вэ гэдгийг дүрэмдээ заачихсан байдаг. Монгол Улсын төсвийн асуудалд гишүүд хувийн байр сууриа илэрхийлээд явах нь нээлттэй. УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд би 2025 оны төсөвт шүүмжлэлтэй хандаж байгаа. Ирэх оны төсөв түүхэн дээд хэмжээнд тэлж батлагдах гэж байна. Манай нам хэдхэн сарын өмнө иргэдэд амлаж хэлж байсан төрийн оролцоог багасгана гэсэн амлалтаасаа ухарч байна. Энэ бол буруу. Мега төсөл гэсэн нэрийн дор алдагдалтай төсөв баталж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.

-УИХ-ын ээлжит сонгуулиар МАН мөрийн хөтөлбөртөө төсвийн зарлагыг ДНБ-ий 25 хувиас хэтрүүлэхгүй. АН төрийн оролцоог бууруулж, дундаж өрхийн тоог нэмэгдүүлнэ, бизнесийн орчныг сайжруулна гэсэн. ХҮН нам татварыг бууруулж, өрхийн амьжиргааг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд амлачихсан. Өнөөдөр төсвийн төсөл дээр энэ төлөвлөлтүүд алга. Эсрэгээрээ зарлагаа тэлчихлээ шүү дээ. Засгийн газарт хамтарснаас болж нэгэндээ шаардлага тавьж чадахаа байчихсан гэж харагдаад байна?

-Төрийн оролцоог бууруулна гэж МАН, АН, ХҮН аль аль нь мөрийн хөтөлбөртөө тусгасан. Гэтэл гурвуулаа нийлчхээрээ амлалтаасаа ухарчхаж байгаа юм уу гэдэг зарчмын байр суурийг миний хувьд илэрхийлж байгаа. Он гаргаад 2026 оны төсвийн төслийг боловсруулах үе шат эхэлнэ. Үүнээс өмнө УИХ-аас Засгийн газарт төсвийн төлөвлөлтөө бууруулж орж ир гэдэг чиглэлийг өгөх тогтоолын төслийг миний бие өргөн барина гэсэн бодолтой байгаа.

Дээр нь ЗГ-ын сайд нарын багцуудаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангийнх хамгийн өндөр төсөвтэйгөөр батлагдах гэж байгаа. 4.6 их наяд төгрөгийн төсөвтэйгөөрөө хамгийн хамгийнаар нэрлэгдэж байгаа юм. Бод л доо. Зах зээлийн эдийн засгийн зарчмаар хөгжье гэж ярьж байгаа хэр нь Монгол Улсын хамгийн их хөрөнгө хаяж, төсөв хуваарилж байгаа нь халамжийн салбар байна. Энэ улс орон хөгжил дэвшил, боловсролдоо хөрөнгө оруулахгүй юм уу. Яагаад халамжлах нь хамгийн их төсөвтэй байгаа юм бэ. Энэ асуудал нь бид хаашаа явж байна вэ гэдэг зүг чигт өгч байгаа хамгийн том хариулт гэж бодож байна.

Төрийн өмчит компаниудад улсын төсвөөс гурав дахин том төсөв эргэлдэж, тэнд авлига цэцэглэж байгаа

-Төсвийг 35.8 их наяд төгрөгийн зарлагаас урсгал зардал 1.9 их наяд төгрөг байна. Та хувьдаа бизнес эрхэлдэг хүний хувьд ирэх онд төсвийн тэлэлтээс үүдэлтэйгээ ААН-д ямар хүндрэл тулгарахаар байна гэж харж байгаа вэ. Мэдээж бизнесийн орчны сайн муу талуудыг та сайн мэдэж байгаа байх?

- Төсөв томроод байвал, хувийн ААН-үүдийн бизнесийн орон зай хумигдаж байна л гэсэн үг. Улсын эдийн засаг гэж нэг том бүтцээс төрийн хэмжээ л данхайгаад байгаа. Төр л мөнгө хэрэглээд байвал хувийн хэвшилд зээл олдохгүй. Олдсон нь өндөр хүүтэй байна.

Бид эдийн засаг дахь төрийн оролцоог зөвхөн төсөв гээд харчихдаг. Гэтэл гурван том зүйл явж байгаа. Үүний нэгт, мэдээж төсөв. Түүхэнд дээд хэмжээгээр зарлагыг тооцоолоод оруулж ирсэн. Хоёрдугаарт, төрийн өмчит компани /ТӨК/. Өнөөдрийн байдлаар төрийн өмчит 105 компани байна. Бараг бүгд алдагдалтай. Төсвөөс гурав дахин их хөрөнгө тэнд байна. Хамгийн их алдагдалтай, авлига, хээл хахууль цэцэглэчихсэн 60 мянган хүн ажиллаж байгаа бүхэл бүтэн салбар чимээгүй оршиж байна. Бид үүнийг огт анзаарахгүй байна.Тэдний төсөв УИХ-аар орж ирж батлагддаггүй. Засгийн газрын тогтоолоор төсвийн гадуурх төсөв эргэлдүүлж байгаа юм. Энэ бол Монгол Улсыг 2, 3 төсөвтэй болгож байгаа асар том хуулийн зөрчил. 2022 оны дүнгээр МУ-ын ДНБ 53 их наяд байхад Төрийн өмчит компанийн хөрөнгө 60 их наяд төгрөг байсан. Төсвөөс том хөрөнгөтэй салбар энэ. Гуравдугаарт, төрийн алба. Төр баялаг бүтээдэггүй гэж үздэг хэрнээ МУ-ын хамгийн том ажил олгогч нь төр өөрөө болж хувирсан. Эрүүл тогтолцоогоороо бол компаниуд ажил олгоод, баялаг бүтээгээд, үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн нь нэмүү өртөг шингээд явах ёстой шүү дээ. Тиймээс үүнд бид том шинэчлэлийг хийх шаардлагатай байна.

Нөгөө талд төрийн алба цахимжаад байгаа юм бол манай улсад яагаад ийм их төрийн алба хаагч ажилладаг юм. Энд бүтээмж нэмэгддэггүй юм бол цахимжилт яг ямар үүрэгтэй юм гэдгийг бодох л асуудал. Тиймээс энэ гурван асуудлыг онцгойлон хэлж байгаа юм.

Засгийн газар мега төсөл нэртэй ПИ АР хийж байна

-Таны ярианаас Засгийн газраас зарласан 14 мега төслүүдийг нэг их дэмжихгүй байгаа нь ажиглагдаж байна. Гэхдээ зайлшгүй хийх нь ямар төслийг гэж харж байгаа юм бэ?

- Эрчим хүчний дөрвөн төсөл байна лээ. Тодорхой хэмжээгээр Гашуун сухайтын хил холболтыг хурдлуулъя гэх зэргийг дэмжиж байгаа. Гэхдээ дэмжинэ, эс дэмжинэ гэдгээс өөр агуулга үүний цаана байгаа юм. Жишээ нь, 15 жилийн өмнө хил холболтын цэгийг хоёр компани Тавантолгой- Гашуунсухайт чиглэлд тавих гэж байсан зүйлийг 15 жилийн дараа төр авч хийгээд, өнөөдөр зөвхөн холболтын цэг байгуулах ажлаа мега төсөл гэж яриад сууж байгааг харахаар бид урагшлаад байгаа юм уу, ухраад байгаа юм уу гэж асуумаар. Дэд бүтцийг нь дэмжээд өгөх ажлыг төр өөр дээрээ овоолоод, түүнийгээ мега төсөл гэсэн гоё нэр өгөөд пи ар хийгээд явж байна шүү дээ.

Бид цөөнх мөртлөө сөрөг хүчин биш байдалтай байгаа нь бүлгийн нэг зовлон болж байна

-Бүлэг хуралдах үеэр танай намын зарим гишүүд, МАН-ын мөн зарим гишүүдтэй хамт төсвийн зарлагыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах шаардлагыг Ерөнхий сайдад уламжлахаар мэдээлэл хийсэн. Эн асуудал бүлэг дээрээ нэгдсэн байдлаар яригдсан уу? гишүүд хувьдаа асуудлаа яриад яваа нь хүчгүйтээд, үр дүн гарахгүй байх магадлал өндөр байна шүү дээ?

- Мэдээж өөрчлөлт, шинэчлэл хийе гэвэл ямар ч зүйлд боломжгүй зүйл гэж байхгүй. Гэхдээ манай намын бүлгийн нэг зовлон бол бид цөөнх мөртлөө сөрөг хүчин биш байдалтай байгаа. Энэ асуудал нь өөрөө биднийг нэгдсэн байр суурь илэрхийлэхэд төвөгтэй байдалд оруулдаг. Тиймээс гишүүд өөрсдийн байр сууриа чөлөөтэй илэрхийлж болно гэдэг зарчмаа л бид барьж байгаа.

Бүсчилсэн хөгжилд тулгуурлаж төсөв батална гэчхээд юуг бүсчилж хөгжүүлэх нь тодорхойгүй байна

-Төсөв ЗГ-аас оруулж ирсэн чигээрээ батлагдлаа гэхэд ирэх онд инфляц өсөх нь тодорхой гэж эдийн засагчид үзэж байгаа. Үүний цаана иргэдийн амьжиргаа хүндэрч, бүсээ чангалахад хүрвэл засагт хамтарсан гэдэг утгаар өндөр тэлэлттэй төсөв батлалцсан танай намаас ч хариуцлага нэхэж таарна. Хариуцлагаа хүлээх үү?

-Мэдээж ард түмэн биднээс эрх баригчидтай засагт хамтарч сайн сайхан болгоно гэсэн биз дээ гэж л шаардана. Ард түмний зөв шүү дээ. Жишээ нь 2025 оны төсвийн зарлагыг шүүмжлэхээс ч аргагүй зүйл. Үүн дээр нэмээд бид бүсчилсэн хөгжил гэж гоё зүйл яриагүй билүү гэдэг асуулт гарч ирнэ. Яг бүсчлээд хөгжүүлнэ гэдэг агуулгад ирэх оны төсөвт юу суусан юм. Зураг төслийн л хэдэн төгрөг байгаа юм билээ. Гэтэл баруун 5 аймаг, наад талын гурван аймаг зүү аймгууд, төвийнх гээд тэд нийлж яаж хөгжих юм гэдэг ямар ч бодлогын концепц танилцуулаагүй. Учир нь бүсчилсэн тогтолцоо бол улс төрийн тойрог зурах л шийдэл байсан болохоос улс орныг бүсчлээд хөгжүүлье гэсэн бодлого биш л байсан байна.

Миний хувьд ЗГ-т шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл нь хэтэрхий пи ар-ын шинжтэй юмнуудыг хэрэгжүүлж байна. Өмнө нь "5 ш" ажиллагаа гээд л юм явж байсан. Одоо тэр нь юу болсныг бүү мэд. Түүний дараа "шинэ сэргэлтийн бодлого" гэж зарласан. Яг юу нь яаж сэргэснийг би лав мэдэхгүй. Тайлан ч байхгүй юм билээ. Одоо мега төсөл гээд л явж байна. Энэ мэтээр өмнөхийг мартуулаад л цоо шинэ зүйл яриад байгаа. Магадгүй 2026 онд өнөөдрийн ярьснаа хаяад дахиад нэг шинэ зүйл яриад явахыг үгүйсгэхгүй.

-Таны хувьд өмнөх парламетад намынхаа бүлгийн даргаар ажиллаж байгаад энэ удаад мөн улирч байна. Сөрөг хүчин байх, намынхаа дотоод тэмцэл, эв нэгдэлгүй байдлыг сайн мэдэж байгаа хүн. Намын чинь дунд шатанд дарга нарын томилгооны асуудал өнгөрсөн сард нэлээд яригдлаа. Эцэст нь намын дарга Лу.Гантөмөрийг ч мөн хариуцлага хүлээж намын даргаасаа чөлөөлөгдөх ёстой гэсэн зарчмын байр суурь илэрхийлж байгаа хүмүүс ч байна шүү дээ. Та үүнийг юу гэж харж байна?

- Нам учраас мэдээж олон талын байр суурь, санаа бодол бий. Мэдээж бид сонгуулийн үр дүнд үнэлэлт дүгнэлтээ өгөх ёстой. Манай нам сонгуулийн дараа дандаа хүний асуудлыг тойрч ярьдаг, нэгнийгээ огцруулахаар дайрдаг сургамжгүй нам болчхоод байгаа юм. Харин миний бодлоор бид алдаанаасаа сургамж авч, цааш ажиллах ёстой. Бүлгээс нэг удаа энэ асуудлаар сургалт зохион байгуулсан. Цаашдаа бид алдаанаасаа сургамж авч, амжилт гаргаж явна гэдэгт эргэлздэггүй.

Хүүхдүүдэд ваучер тараах ажил нь зүүний намын сонгуулийн сүлжээний нэг арга хэрэгсэл

-Эцэст нь нэг зүйл тодруулъя. 10 дугаар сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр танай намын 20 гаруй гишүүн хүүхдийн хөгжлийг дэмжих хуулийн төсөл санаачлаад, хүүхэд бүрд 30 мянган төгрөгийн карт олгоё гэдэг хөдөлгөөн өрнүүлсэн. Гэтэл өнөөдөр Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын сайд Ч.Номин хүүхдүүдэд урлаг соёлын арга хэмжээг үзүүлэх 18.3 тэрбум төгрөгийн төсөвтэй үнэгүй ваучер олгоно гээд шүүмжлэлийн бай болчхоод явж байна. Энэ хоёр санаачилгын ялгаа нь юу юм бэ. Эсвэл нэг зүйлийн хоёр тал гэж ойлгох уу. Та аль нэгийг нь зөв гэж дэмжиж байгаа юу, аль эсвэл эсэргүүцэж байгаа юу?

- Миний хувьд Монгол Улсын ирээдүй болсон хүүхдийн хөгжлийн асуудал чухал гэдэгт эргэлздэггүй. Манай намын бодлогын цөм байх ёстой ч гэж боддог. Харин 30 мянган төгрөгийн карт олгох асуудлыг би дэмжээгүй. Товчхондоо 30 мянган төгрөгийн халамжийн карт тараая гэдэг бодлого буруу гэдэг байр сууриа тухайн үед илэрхийлж байсан. Сүүлд Соёлын яамнаас ваучер тараах асуудал гарч ирж байна. Энэ чинь зүгээр зүүний намын сонгуулийн арга хэрэгслийн нэг зүйл шүү дээ. Ийм байдлаар сонгуульд санал худалдаж авдаг сүлжээний л нам гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа

Иргэдийн саналаар 207 дугаар байрыг буулгаж, шинээр барихаар болжээ
Иргэдийн саналаар 207 дугаар байрыг буулгаж, шинээр барихаар болжээ
 
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн шүүх хурал завсарлалаа
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!