УИХ-ын гишүүн Б.Жаргалантай 2025 оны төсвийн төсөлтэй холбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэг дуусаж байна. Таны хувьд 2025 оны төсвийг бүхэлд нь хэрхэн дүгнэж байна?
-Миний хувьд ерөнхийдөө макро өнцгөөс нь харж байгаа. Тэгэхээр энэ төсөв бол нэгдүгээрт маш их хэмжээгээр төсвийн зардлыг тэлсэн, өмнөх жилүүдийнхээ төсвийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн байна. Улмаар мөнгөний бодлогын орон зайг хумьсан мөн цаашлаад хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн орлогыг хумьсан төсөл орж ирлээ гэж харж байгаа л даа. Харин Засгийн газрынхан арай өөр өнцгөөр буюу бараг л төсвийн зардлыг тэлж байж эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулна гэж тайлбарлаад байна.
Гэтэл өнгөрсөн хугацаанд төсвөө л тэлээд байдаг. Энэ нь хувийн хэвшлээ эдийн засаг, зах зээлээс шахдаг үзэгдэл рүү орчихлоо. Тиймээс маш их асуудалтай л гэж харж байна. Мөн бид аль болох төсвийн зарлагын 35.8 их наядаас боломжит хэмжээгээр тануулахыг хичээсэн боловч ерөөсөө танагдсангүй, харамсалтай байна.
-Жилээс жилд төсвийн зардал нэмэгдэж буйг улс төрийн хүрээнд ч, иргэд ч шүүмжилсээр байна. Таны хувьд энэ удаагийн төсвөөс тэвчиж болох зардлуудыг хэрхэн харав?
-Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд 1.8 их наядын зардал тавигдчихсан байна. Энэ бол гэрээгээр хийгддэг ажлууд шүү дээ. Энэ зардлыг 30 хувиар бууруулъя гэдэг санал хураагдаад уначихлаа. Тиймээс энэ мэт зардлуудыг танах боломжтой гэж харж байгаа. Мөн зээлийн хүүгийн татаас байна. Энэ бол гол төлөв ХАА-н салбарт байгаа. Өөрөөр хэлбэл дахиад л давхар зах зээл үүсгэх гээд байна. Энэ утгаараа дээрх зардлыг танах боломжтой байсан.
-Өөр нэг жишээ байна. 18.3 тэрбум төгрөгөөр хүүхэд, залуучуудад соёлын үйлчилгээ үнэгүй үзүүлэх эрхийн бичиг олгох асуудал олны анхааралд байна шүү дээ?
-Энэ мэт жижиг жишээ маш олон байна. Миний хувьд илүү том агуулгаар нь буюу макро байдлаар танах зардлуудыг харахыг зорьсон. Жижиг жишээнүүд маш олон байгаа. Жишээлбэл, Ж.Баярмаа нарын гишүүдийн ярьж буй асуудал бол зөв.
-Зардлаа бууруулах нь битгий хэл 20-30 хувиар нэмэгдүүлчихлээ-
-Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хамтарсан ЗГ дахь гурван намыг амлалтаа хэрэгжүүлэхийг шаардаж эхэлсэн. Амлалтаа мэдэж буй хоёр гишүүний нэг нь та байна лээ?
-Д.Энхтүвшин гишүүн чуулганы хуралдаан дээр МАН, АН, ХҮН нам гурвын мөрийн хөтөлбөр бүхий заалттай самбар бариад сууж байхаар нь Г.Очирбат гишүүн бид хоёр очиж баяр хүргэсэн. Яагаад гэвэл АН-ын мөрийн хөтөлбөрийн 5.1.3-т “Улсын төсвийн зардлыг 20 хувиар танана” гэж заасан байгаа. Бид мөрийн хөтөлбөрөө баримтлах ёстой. Сонгуулийн өмнө бүх нам л төрийн оролцоог багасгана, төсвийн зардлыг бууруулна, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэнэ гэх зүйлсийг иргэд, сонгогчдодоо амласан. Гэвч сонгогдсоныхоо дараа анхны төсөв дээрээ л бууруулах нь битгий хэл зардлаа 20-30 хувиар нэмэгдүүлээд орж ирж байна шүү дээ. Тиймээс мөрийн хөтөлбөрийг сануулж буй явдал нь зөв.
-Эрх мэдэл, мэдээлэлд ойр хэдэн компанийг татвараас чөлөөлж байгаа нь зах зээлийн орчныг “муужруулж” буй хувилбар-
-Төсвийн төслөөс гадна хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төсөл багагүй анхаарал татлаа. Тухайлбал, ААН-ийн орлогын албан татварын тухай хууль. Энэ хууль батлагдсан тохиолдолд ААН-үүдэд ямар нөлөө үзүүлэх бол?
-Энд ямар асуудал байна вэ гэхээр нэгдүгээрт, дагах хуулиуд орж ирэх замаар л өнгөрсөн хугацаанд нэлээдгүй олон хуулийг баталж ирсэн юм билээ. Төсөвтэй хамт хуулиуд ороод ирэхээр нэгдүгээрт, олон нийт төсөвт анхаарлаа хандуулаад, дагах хуулиудад төдийлөн ач холбогдол өгөхгүйгээр маш их хэмжээний хууль батлах практик өнгөрсөн парламентад бий болсон байна. Хоёрдугаарт, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт гэдэг бол мэдээж ААН-ийг тодорхой хэмжээнд дэмжих ёстой ч хөнгөлөлт, чөлөөлөлт нь бас л эрх мэдэл, мэдээлэлд ойр хэдэн компанийг татвараас чөлөөлж, давуу эрх олгоод байгаа нь нийт зах зээлийн орчныг “муужруулж” буй хувилбар гэж харж байгаа.
Яагаад гэхээр “Хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах байгууллагын жагсаалтыг Засгийн газар батална” гээд ороод ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Сангийн сайдын үзэмжээр буюу нэг хэсэг нь хөнгөлөлтөд хамрагдаад, нөгөө хэсэг нь хамрагдахгүй үлдэхээр давхар стандарт үүсгээд байна шүү дээ. Тэгэхээр энэ нь бас зээлийн хүүгийн татаастай холбоотой. Бид хувийн хэвшлээ голдирлоор нь хөгжүүлэхийн тулд зах зээлийн өрсөлдөөн нь шударга байж, төрийн оролцоо бага байх ёстой.
Бид хэрвээ хувийн хэвшлээ боомилсоор байвал тэд олон улсын зах зээлд өрсөлдөх боломжгүй, тэжээвэр компаниуд бий болно. Эдийн засгаа тэлэхийн тулд хувийн хэвшил нь хүчтэй, өрсөлдөх чадвартай байх ёстой. Ялангуяа, олон улсад өрсөлдөх чадвартай байх нь чухал. Олон улсын зах зээлд өрсөлдөнө гэдэг бол маш өөр түвшний асуудал. Дотоодын зах зээлд шударга бус хуваарилалт явагдаад, зарим компанийг нь хөхиүлэн дэмжээд эсвэл заримыг нь зээлийн хүү, татвараас шахаад байхаар манай компаниуд бойжихгүй байна л даа.
-Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөгт хүргэж нэмэхээр болсон. Хувь хүн талаас таатай байж болох ч ААН-ээс гарах зардал нь нэмэгдэхээр байна гэж харж болох уу?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс гадна 2025 оны улсын төсөвт төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулан зургаан хувиар нэмэгдүүлэхээр байгаа. Мэдээж энэ нь төрийн албан хаагчийн нийгмийн баталгаанд эергээр нөлөөлнө. Харин нөгөө талаасаа хувийн хэвшилд цалин нэмэх дарамтыг учруулж байна. Улмаар энэ нь мөн л инфляцад дарамт учруулах эрсдэлтэй. Тийм учраас энэхүү шийдвэр нь бас л хувийн хэвшлээ боомилох тал руугаа орчхож байгаа юм.
-Айл өрхийн цахилгааны үнэ тариф, ААН-үүдийнхээс доогуур байгаа тул эхлээд өрхийн үнэ тариф нэмэгдүүлэх шаардлагатай-
-Мөн эрчим хүчний реформ багагүй анхаарал татаж байна. Реформыг дэмжиж байгаа ч үнэ нэмэхийг төдийлөн дэмжихгүй нөхцөл байдал ажиглагдаж байна. Эрчим хүчний үнэ нэмэгдсэний дараах байдлыг хэрхэн зураглаж байгаа вэ?
-Хэд хэдэн судалгааг харсан. Нэгдүгээрт, үнэ тариф нэмэгдсэнээр инфляцад тодорхой хэмжээний дарамт үүснэ гэх судалгааны дүн гарсан. Энд миний хувьд эхний ээлжид айл өрхийн цахилгаан, дулааны үнэ тарифыг нэмэгдүүлье гэсэн саналтай байгаа. Яагаад гэвэл манай улсад айл өрхийн үнэ тариф, ААН-үүдийнхээс доогуур тогтоогдсон байдаг. Харин олон улсын жишигт ААН-ийнх нь үнэ тариф арай хямд байх талтай. Цаашид манай улсад боловсруулах үйлдвэр, хөнгөн аж үйлдвэр хөгжихийн тулд хямд эрчим хүч хэрэгтэй. Тиймээс айл өрхийн үнэ тариф хямд байгааг нэмэгдүүлж, олон улсын жишигт хүргэх саналыг тавьсан юм.
Өөрөөр хэлбэл, айл өрхийн үнэ тарифыг энэ удаад нэмээд, ААН-үүдийнхийг үе шаттайгаар нэмэгдүүлбэл инфляцад нөлөөлөх дарамт харьцангуй бага байх болов уу.
Ер нь цаашид эрчим хүчний салбарт засаглалын байдлыг сайжруулах хэрэгтэй байна. Байж болох хэмнэлтүүдийг ч ТӨК-уудад хийх шаардлагатай. Айл өрх, ААН-үүдийн нуруун дээр л ачааг нэмээд байдаг. Харин нөгөө л үрэлгэн байдал үргэлжилсээр байвал асуудал шийдэгдэхгүй.
-Бэлэн эх үүсвэрийг бий болгоод, ашиглалтад оруулж чадаагүйн “гор” одоо гарч байна-
-Эрчим хүчний салбарын нөхцөл байдал ингэтлээ хүндэрсэн шалтгаан буюу алдаа нь хаанаа байсан гэж харж байна?
-Сүүлийн найман жилийн хугацаанд эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт огт хийгдээгүй. Мөн энэ хугацаанд шинэ эх үүсвэр бий болгоогүй. Үйл ажиллагаа явуулж буй ТӨК-ууд нь ч тоног төхөөрөмжөө төдийлөн сайжруулахгүй явж ирсэн.
Шинэ эх үүсвэр бий болгох тал дээр яривал, Тавантолгой цахилгаан станц байна. Энэ бол Оюутолгойн гэрээ байгуулагдахаас л яригдаж ирсэн. Оюутолгойн гэрээн дээр тусгагдсан, бэлэн худалдан авагчтай, хөрөнгө оруулалт нь бэлээхэн олдохуйц цахилгаан станцыг барьж чадахгүйгээр өчнөөн олон жил өнгөрчихлөө. Засгийн газраас тендер зарласан ч тухайн тендер нь шүүх дээр явж байна. Тиймээс ийм бэлээхэн эх үүсвэрийг бий болгоод, ашиглалтад оруулж чадаагүйн “гор” одоо гарч байна л даа.
Харин эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй нь сайн явдал буюу эдийн засаг тэлж байгаа нэг хэлбэр. Үүнтэй зэрэгцээд шинэ эх үүсвэрээ нэмэгдүүлэх ёстой.
Хамгийн сүүлд Бөөрөлжүүтэд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шинэ эх үүсвэр бий боллоо. Гэвч үүнийг мөн л гажуудуулчихлаа. Яагаад гэвэл нийслэлийн бондоос нэмж хөрөнгө оруулаад мөн хэт өндөр үнээр худалдан авах гэрээг урт хугацаагаар байгуулсан сурагтай. Энэ мэт гэрээг урт хугацаагаар тохироод байвал урт хугацаандаа үнэ тариф хямд байх боломжийг боомилох шалтгаан болж байна.
Өөрөөр хэлбэл, бүх шатандаа бодлого алдагдаж, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж ирсний нөлөө гэж хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!