СУРВАЛЖИЛГА: Эдийн засаг Саарал ордонд САГАЖ, саарал гудамжинд СӨХӨРЧ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 41 секунд

Ирэх жил эдийн засаг 8 хувиар өснө гэж төр амлаж байна. Бас инфляцитай уялдуулан шинэ жилийн дараа төрийн албан хаагчдын цалин тэтгэврийг инфляцитай уялдуулан 6 хувиар нэмэгдүүлэхээр болж буй. Тиймээс төсвийн зарлагыг 35.8 их наяд төгрөгөөр тэлж буй шалтгааны нэг нь энэ болохыг улс төрчид ярьж, бидний зүүдэндээ ч хараагүй том тоогоор маргалдах хооронд саарал ордны цаана амьдрал даан ч хараан бараан байна.

ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭСЭН Ч ИРГЭДИЙНХ НЬ АМЬДРАЛ ЯДРУУХАН БАЙНА

Улсын эдийн засаг цар тахлын үеийн хямралаас гарч өнгөрсөн жил 7 хувиар өсч, цалин тэтгэвэр ч нэмэгдэв. Үүний ачаар энэ оны хоёрдугаар улиралд голч цалин 2 сая төгрөг болсныг Үндэсний статистикийн хороо мэдээлж байв. Эдийн засгийн өсөлт өрхийн хэрэглээгээр тодорхойлогдох боловч иргэдийнх нь амьдрал улны хэвээрээ. Гурав, дөрвөн жилийн өмнөх граммын махны оронд таван цул, элэгний нухаш авдаг байсан ядруухан дүр зураг өнөөдөр ч янзандаа байгааг гэр хорооллын аль ч дэлгүүрээс харж болохоор.

Зарим нь таташ авахаасаа санаа нь зовоод ч тэрүү "нохойны хоол" гэж хэлээд авдаг мөртлөө хоолоо хийж иддэг болохыг нь гайхдаг тухай зарим дэлгүүрийн худалдагч нуусангүй.

Харин өөрчлөгдсөн зүйл нь, барааны үнэ. 3000 төгрөгөөр л хоногийн хоолоо аргалдаг байсан айлын хэрэглээ өнөөдөр 5-10 мянган төгрөг болж нэмэгджээ. Зарим хүнс тавагтай хоолноос хасагдсан бололтой.

Өргөн хэрэглээний хүнсний ногоо болох лууван, байцааг хүмүүс худалдан авахаа болив. Учир нь үнэтэй болохоор хүмүүс татгалзах больсныг Баянхошууны Хөтөл орчимд байрлах найман нэрийн дэлгүүрийн худалдагч Т.Сонор хэлсэн юм. Тэрбээр “Хүмүүс ихэвчлэн элэгний нухаш, талх, таван цулын таташ, төмс хэдэн ширхэгээр нь авна. Харин байцаа, лууван авдаг байсан ч больсон. Үнэтэй л гэдэг юм. Муудахын л нэмэр юм билээ. Гэтэл сонгины үнэ саяхан нэмэгдээд 3000 төгрөг болчихлоо. Бас “Атар” талх манай дэлгүүр зардаггүй. Үнэтэй болохоор нь илүү хямд үнэтэй талх авч зардаг. Яах юм, 2100 төгрөгөөр үйлдвэрийн үнээр талх авч энд зарах гэж хонуулснаас татваргүй 2000 төгрөгийн үнэтэй талхнаас ашиг харахгүй зарсан нь илүү дээр байдаг. Бас сүүний үнийг үйлдвэрийн үнээр нь л зардаг. Ашиг хараад нэмэргүй угаасаа үнэтэй болсон” гэв. Иргэд ч мөн ялгаагүй цалингийн нэмэгдэл нь үнийн өсөлтөд шингэж байгаа учраас амьдралд өөрчлөлт гараагүй болохыг ярьж байсан юм.

Ажлаа тараад явж байгаа бололтой 50 орчим насны эмэгтэй дэлгүүрээс ганц пичень, хоёр ширхэг хаан цай авахад 4000 төгрөг болж байв. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд амьдардаг Л.Оюунчимэгийн хувьд өнгөрсөн жил цалин нь 10 хувиар нэмэгдсэн ч үнийн өсөлтөд шингэсэн болохыг ярьж байлаа. Тэрбээр "Цалин нэмэгдсэн ч барааны үнэ өссөн. Өөрчлөлт мэдрэгдээгүй. Багахан юм авахад л 10, 20 мянган төгрөг болдог. Эдийн засгийн өсөлтөөс илүү үнийн өсөлт мэдрэгдэж байна" гэсэн юм.

2.4 САЯ ХҮРТЭЛ ТӨГРӨГИЙН ХҮНСНИЙ ЗЭЭЛТЭЙ ИРГЭД ӨРИЙН СҮЛЖЭЭНД АМЬДАРЧ БАЙНА

Айл айлын амьдрал адилгүй ч ажил төрөлтэй нь ч, гэрийн мухар сахисан халамжийнхан ч ялгаагүй бүгд дэлгүүрт өрийн данстай. Өрийн дэвтэр гэж нэрлэсэн иргэдийн хүнсний зээлийн жагсаалт бүхий дэвтэргүй дэлгүүр гэж алга. Автобусны буудалд байрлах супермаркетуудаас авхуулаад сүлжилдсэн гудамжны булан тохой бүрт байрлах дэлгүүр, мухлаг бүрт их бага хэмжээний өрийн жагсаалт бий.

Иргэдийн хувьд хамгийн багадаа л 50-100 мянган төгрөг, түүнээс дээш 2.4 сая хүртэл төгрөгийн өртэй. Гэхдээ үүнийгээ төлөх биш нэмж авсаар ийм хэмжээнд хүртэл хүргэдэг болохыг Баянхошууны Жанцан гэх автобусны буудлын орчимд найман нэрийн дэлгүүрийн худалдагч Л.Тунгалаг хэлсэн юм. Тэрбээр " Сошиалаар харахад эдийн засаг өссөн, цалин тэтгэвэр нэмсэн л гэж сайхан зүйлс их ярих юм. Гэхдээ ард түмнийх нь амьдрал улам доройтож байна шүү дээ. Иргэдийн худалдан авалт улам муудаж байна. Худалдан авахаасаа илүү “зээлье”, “тэтгэвэр буухаар өгье”, “хүүхдийн мөнгө буухаар өгье” гэж гуйдаг. Сард нэг удаа өрөө өгнө, эргүүлээд зээл авдаг. Ийм байдлаар иргэд өрийн гинжин хэлхээнд амьдарч байна. Гэвч барааны алдагдалд орохоос эхлээд орлого хүртэл буурсан. Жилийн өмнө манай дэлгүүр өдөртөө 1.2 сая төгрөгийн орлого олдог байсан бол өнөөдөр ихдээ 500 мянган төгрөгийн орлоготой л байна даа" гэв.

ХОТЫН ЗАХАД АРХИДАЛТ ХАВТГАЙРЧ, ХҮҮХДҮҮД ХООСОН ХОНОЖ, ХУЛГАЙ ХИЙЖ БАЙНА

Хотын төвөөс холдох тусам гэрэлтүүлэггүй харанхуй гудамж ихэсч, гашуун утаа хоолой зурна.Хотын захад алслагдсан хэсэг болох Зүүнсалааны эцэст тогоо нь хоосон, хундага дүүрэн айл олон бий. Иргэд нь ядруу, хүүхдүүд зутруу. Цалин тэтгэвэр, халамж буусан өдөр архидалт хөгшин, залуугүй хавтгайрч, хүүхдүүд идэх хоолоо дэлгүүрээс хулгайлах нь ердийн үзэгдэл болжээ. Гудамжны үзүүрт байрлах найман нэрийн дэлгүүрийн худалдагч н.Мийгаа ярихдаа "Халамж, тэтгэвэр буусан өдөр хөгшин, залуу ялгаагүй өөрсдөдөө 30, 40 мянган төгрөгөөр архи авчихаад хүүхдүүдээ хамгийн хямд 300, 500 төгрөгийн чихрээр хуурдаг.

Тэд нар нь юугаа ч мэдэхгүй, өлдөж байгаа хэрнээ ч чихэр хараад баярладаг. Заримд нь би архиныхаа оронд хүүхдэдээ хоол хүнс аваач гэж уурладаг ч тоодоггүй.

Гэтэл хүүхдүүд тэр тусмаа бага ангийн охид идэх зүйл хулгайлах болсон. Зарим нь ч саваагүйтдэг л байх" гэсэн юм.

ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ ИРГЭД УРДАГ НОХОЙГООРОО АЙЛГАЖ, ХУТГА ГАРГАЖ АЙЛГАН СҮРДҮҮЛДЭГ ГЭВ

Түүний хэлснээр энэ бүхэн юу ч биш аж. Зарим нь зээл өгөөгүйд уурлаж хараах бол нэг хэсэг нь гэртээ байгаа гурил, будаа, хивс, тогоогоо зарах гэж мөнгө сурагладаг байна. Өдөрт хамгийн багадаа зээл сураглаж 30-40 хүн түүн дээр орж ирдэг аж. Тэрбээр "Манай дэлгүүр итгэлтэй хэдэн хүндээ л 500 мянга хүртэл төгрөгийн зээл өгдөг. Харин өрөө төлөхгүй удаадаг хүмүүст арга буюу 50 мянган төгрөгийн л зээл өгнө. Зарим нь зээлээ өгөхгүй мөртлөө урдаг нохойгоороо айлгаж, хутга шөвөг далайлгаж айлгаж сүрдүүлсэн ч удаатай. Хөгшин хүмүүс бол бүүр ч өгдөггүй, маш бүдүүлэг болсон" гэв. Харин албан тасалгааныхаа цонхоор амьдрал сайхаг байгааг харж аяга кофе оочлохдоо гудамжаар ч алхаж үзээгүй дарга нарт гэр хорооллын архидалт, ядуурал нэвчсэн бөглүү газрын амьдрал зүүдэнд ч оромгүй явдал шиг санагдах биз.

Н.Учрал: Д.Энхтүвшин гишүүнээс асуусан асуулт маань дарамт гэж санагдаж. Их эмзэг хүн бололтой
Н.Учрал: Д.Энхтүвшин гишүүнээс асуусан асуулт маань дарамт гэж санагдаж. Их эмзэг хүн бололтой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!