Шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй зөв хэрэглээг хэрэглэгчдэд хэвшүүлэх, буруу хэрэглээнээс гарч болзошгүй аюул осол, эрсдлийг арилгах, бууруулах зорилгоор 220 граммаар савлагдсан буюу ахуйн хэрэглээний /жижиг газ/ шингэрүүлсэн шатдаг хий худалдаалж байгаа болон хэрэглэгчдэд дараах сэрэмжлүүлэгийг хүргүүлж байна. Үүнд:
- Жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах төрөлжсөн тасаг, лангуу байрлуулах боломжтой томоохон зах, худалдааны төвүүдээс бусад хүнс, барааны дэлгүүр /төрөлжсөн тасаг ажиллуулах боломжгүй/ супер маркетуудаар 220 граммаар савлагдсан ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалахгүй байх.
- Шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байх.
- Импортын болон бөөний худалдааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын оруулж ирсэн бүтээгдэхүүнийг худалдаалах.
- Монгол хэлээр бичсэн ашиглах, хэрэглэх заавар бүхий савалгаатай шингэрүүлсэн шатдаг хий /220 граммаар савласан/-г зөвхөн худалдаалах. /Гадаад хэл дээр бичигдсэн заавар бүхий бүтээгдэхүүнийг Монгол Улсад оруулж ирэхийг зөвшөөрдөггүй/
- 21 нас хүрээгүй хүнд шингэрүүлсэн шатдаг хий худалдахгүй байх.
- Хэрэглэгчдэд ахуйн хэрэглээний хийг аюулгүй зөв хэрэглэх зааврыг сайтар танилцуулах.
- Худалдагч, худалдааны менежерүүдийг 12 сард нэгээс доошгүй удаа шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээний дүрмийн мэдлэг олгох сургалтанд хамруулах.
- Жижиглэн савалгаатай шингэрүүлсэн шатдаг хийг хийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр /хий алдагдал мэдрэгч дохиолол, тэсрэлтээс хамгаалах хэрэгсэл, агааржуулалт гэх мэт/ тоноглосон ажлын байр, агуулахад хадгалах санамжийн дагуу хадгалах.
- 220 граммаар савлагдсан ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг орон сууцны болон бүх төрлийн барилгын суурийн давхарт хадгалахгүй байх, мөн мэдрэхүйн эрхтэнээр үнэрлэхгүй, зориулалтаас өөр зүйлд ашиглахгүй байхыг анхааруулж байна.