Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газраас өргөн барьсан 35.8 их наяд төгрөгийн зарлагад боогдсон анхны төсвийг байнгын хороод болон УИХ дахь АН, МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэж буй.
Тодруулбал, том төслүүдийг хөдөлгөх амбицтай "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д тулгуурласан 2025 оны төсвийн төслийг задалж, тойргийн эрх ашгаа шингээж аймаг бүрт 10 тэрбум төгрөг суулгуулахаар "бойкот" хийсэн нэр бүхий гишүүдийн лобби бүлгийн асуудал задарч, МАН-ын бүлгийн хурал дээр ил улаахан яригдсаны эцэст олонхын саналаар ЗГ-аас өргөн барьсан төсвийн төслийг дэмжиж шийдвэрлэсэн юм. Энэ талаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Э.Болормаа: Нэгэнт өргөн баригдсан төсвийг задалж, дундаас нь тойрогтоо санхүүжилт авах орон зайг бий болгож байгаа гишүүдийн асуудал ганц намынх биш. Нам дамнасан асуудал бий. Ийм лобби бүлэг байх шиг байгаа юм. Тодруулж хэлбэл, мөнгө хэмнэж байгаа нэрийдлээр ЗГ-ын төсвөөс хасаж байгаад тэндээс өөр орон зай гаргаж, тойрогт тусгуулах гэсэн оролдлогууд явж байна. Миний хувьд тойргоор сонгогдсон гишүүн ч гэлээ үүнийг дэмжихгүй байгаа. Учир нь бид нэгдсэн нэг бодлоготой байх ёстой. Шулуухан хэлэхэд АН-ын санхүүч гишүүн энэ орон зайг гаргаж ирснээс болж тэр асуудал нь гишүүдийн дунд найруулагдаад явж байна.
126 гишүүн гэдэг чинь 126 төсвийн ерөнхийлөн захирагч гэсэн үг биш. Тиймээс хаана сургуул, цэцэрлэг барих, зам тавих шаардлагатай байгааг тухайн асуудал эрхэлсэн яамдууд нь гаргах ёстой болохоос хэн нэг гишүүний тойргийн эрх ашгаа тэргүүнд тавьсан асуудлаар шийдэгддэг зүйл биш л дээ. Ялангуяа тойргийн төсвийн асуудалд нам харгалзахгүйгээр шинэ гишүүд нэгдэж ажиллаж чадаж байгаа гэж харж байна. Ядаж бид 2025 оноос эхэлж төсвийн шинэчлэлийг хийх ёстой.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Парламент яах гэж 126 гишүүнтэй болсон юм. Юуны тулд сонгуулиа томсгосон тойргоор хийсэн юм. Олон удаа сонгогдсон "ӨЛСГӨЛӨНГҮҮДИЙГ" тэжээх гэж бид тогтолцооны өөрчлөлтийг хийсэн юм уу. Тойргийн эрх ашгаа хамгаалдаг асуудлыг огт хүлээн зөвшөөрч болохгүй. Монгол төрийн ажил тоглоом биш шүү дээ. Засгийн газар бүсчилсэн хөгжлийн байдлаар гээд стратеги төлөвлөгөөгөө гаргаад, түүндээ зориулж төсвөө оруулаад ирсэн. Энэ жилийн төсвийн гол зорилго нь төсвийг тойргуудад жижиглэхээс илүү том асуудлаа нэг мөр шийдье гэж л энэ их зардлыг нэмж орж ирж байгаа шүү дээ. Гэтэл үүнийг задалъя гэдэг бүр "лобби" бүлэг үүсгэчихсэн МАН-ын хэдэн гишүүд яваад байна гэсэн. Тэднийг ичиж амьдар гэж хэлэх хэрэгтэй. Дээр нь энэ парламентад сонгогдсон гишүүдийн 80 хувь нь шинэ хүмүүс байгаа. Тиймээс биднийг бүү басаарай гэж хэлье.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн ахалсан ажлын хэсгийн гишүүдээс ЗГ-ын оруулж ирсэн төсвийн төслийг задалж, тойргийн санхүүжилтийн асуудлыг тусгах ёстой гэсэн санал гаргасан юм билээ. Тус ажлын хэсэгт олон намын төлөөллүүд орсон боловч жагсаалтаар сонгогдсон нэг ч гишүүн тэнд байдаггүй. Бүлгийн хуралдаанаар төсвийн бодлого Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаараа явах уу, эсвэл тус бүрийн аймагт нэр нь тодорхойгүй ажлууд хийгдэх үү гэдэг асуудал яригдсан. Миний хувьд нэгэнт төсвийн бодлогын шинэчлэлийг эхлүүлж, хөгжлийн гол төслүүдээ урагшлуулах ЗГ-ын бодлогын шийдвэр гарчихсан байхад тойргийн эрх ашиг яригдах нь зохимжгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Үнэхээр үр ашиггүй төсөл хөтөлбөрүүд байна гэж үзэж байгаа бол гаргаж ирээд хөрөнгө оруулалтын зардлуудаа хасах боломж байгаа гэж хардаг.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Бүлгийн хурал дээр төсөвтэй холбоотой зөрчилдөх асуудал гарч болно. Гэхдээ тойргуудын асуудалд бүлгийн дарга албан ёсны тайлбараа өгсөн нь зүйтэй байх. 2025 оны төсөв бол Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлаж хийгдэж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Бүсчилсэн хөгжлийн чуулган" хүртэл болсон. Энд бүсийн хөгжил рүү төсөв хэрхэн үр дүнтэй зарцуулагдах ёстой вэ гэдэг асуудлыг дэлгэрэнгүй ярьсан. Монгол Улсын төсөв бол татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. Энэ мөнгийг бид нэг ч төгрөгийн үргүй зардалд зарцуулж болохгүй гэсэн зарчмаа баримтлах ёстой. Дээр нь бид ЗГ-аас оруулж ирсэн 14 мега төслийг эхлүүлж, хийж байж цаашаа эдийн засаг төлж хөгжинө. Миний хувьд ЗГ-аас оруулж ирсэн төсвийг эргэлзээгүй дэмжиж байгаа. Тойргийн асуудлыг хөндөхөөр нэг асуудал бий.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Өмнө нь 76 тойрогтой байхад тухайн тойргоос сонгогдсон гишүүн нь улс төрд нөлөө өндөртэй байвал илүү төсөв авчихдаг байсан. Жишээ нь зарим аймаг улсын төсвийн 17 хувийг авч байхад зарим нь улсын төсвийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний төсөв авч байсан. Ийм гаж тогтолцоог халах шаардлагатай байгаа. Одоогийн бодит байдал дээр "Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал"-д нийцсэн зураг төсөл орж ирэхгүй байна гээд байгаа. Төсвийн шилжилтийн хугацаа энэ парламентын 4 жилд үргэлжлэх байх. Төсвийн төлөвлөлт, эрэмбийг хойш нь тавиад байвал "Мөрөөдлийн жагсаалт"-ууд ирж, тэр нь зарим сайд нарын "лобби"-д автан, илүү ЛОББИ-той нь урагшлаад, ЛОББИ муутай нь үлдэнэ гэсэн үг