УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр орой хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Монгол Улсын төсөв 1995 онд 150 тэрбум байсан бол өнөөдөр 200 дахин өссөн. Монгол төрийн бодлого буруу байгааг энэ тоо хангалттай харуулж байна. Энэ байдлаас гарах юм уу, танаас өөр Сангийн сайдтай болж байж гарах юм уу, Б.Жавхлан сайд аа" гэж асуулт тавьсан бол Сангийн сайд Б.Жавхлан "Зарим нэг зүйлтэй санал нийлэхгүй байна. Буруу ойлголцов уу эсвэл би буруу ойлгуулав уу.
Та өөрөө оролцоод ирэх 4 жилийн төлөвлөгөөг бид хамтдаа баталсан. Бүсчилсэн хөгжил өнгөрсөн 34 жилийн хугацаанд эдийн засгийн өсөлтийг боомилж ирсэн дэд бүтцийн шинэчлэлээ хийе гэж байгаа. Жилд 450-500 шинэ төсөл орж ирдэг байсан бол ирэх жил 38 төсөл л байгаа. Энэ 38 төслийн үзүүр дээр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтуудаар бий болох баялаг бүтээгчдийг дэмжих дэд бүтцүүд байгаа" гэх хариултыг өгсөн юм.