СУРВАЛЖИЛГА: “Найман шарга“ төвд ам.доллар чангарч төгрөг сулрах эрсдэл дагуулжээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 57 секунд

“Найман шарга” худалдааны төвд ам.доллар 3422 төгрөгт хүрч, авах үнэ 3415 төгрөг болжээ. Энэ бол тус төвийн өчигдрийн /2024.10.22/ арилжааны ханш бөгөөд өмнөх өдрөөсөө 5 төгрөгөөр буурсан болохыг ченж н.Саруул /нэр өөрчлөв/ хэлэв. Тэрбээр “Ам.долларын ханш өмнөх өдрөөсөө буурсан. Зарах үнэ 3427 төгрөг хүрч өнөөдөр 3420 болж байна. Ер нь ам.долларын эрэлт нэмэгдэх үед ханш чангардаг бол эрэлт багасах үед эргээд буурдаг гэж ойлгож болно” гэсэн юм. Түүнээс долоо хоногийн өмнөх ам.доллар арилжсан ханшийг сонирхвол 3405 төгрөг байсныг хэлсэн юм. Энэ нь өчигдрийг хүртэл 17 төгрөгөөр нэмэгдсэн дүн аж.

Ченжүүд ч ам.долларын ханш чангарч байгааг үгүйсгээгүй. Тэдний зүгээс Саруултай адил нийтлэг байр суурийг илэрхийлж байсан ч ам.долларын ханш чангарч байгааг ярихдаа “ам.доллар ховордсон”, “арилжааны банкуудад зээл олголт нэмэгдсэн нь долларын үнэ өсөхөд нөлөөлсөн”, “улирлын шинж чанартай өсөлт” гэцгээв.

Гадаад валтютын нөөцийн тав хүрэхгүй хувийг эзэлдэг “Найман шарга” төвөөр өчигдөр ороход ийм тайлбар мэдээллийг ченжүүд өгсөн юм. Энд хэсэг саатаж ажиглахад хөл хөдөлгөөн сийрэг, ам.долларыг хямд авч үнэтэй зарж буй нь анзаарагдлаа. Зарим валют арилжааны төвд нэг ам.долларыг 3415 төгрөгөөр авч 3423 төгрөгөөр арилжах бөгөөд 8 төгрөгийн зөрүү унагах аж.

Харин гадаа замын хоёр талаар бэлэн мөнгө барьж яваа жижиглэнгээр валют арилжиж буй ченжүүд арай бага ашигтай ажилладаг бололтой. Тэд 3400 төгрөгөөр арилжаалж байна. Дунджаар 100 ам.доллар солиулахад 340 мянган төгрөг болно гэж байлаа. Гэхдээ бас ам.доллар шинэ, хуучин оноосоо шалтгаалаад үнэ өсч буурах гэнэ.

МОНГОЛБАНК: ДОЛЛАР ХОВОРДОХ ЭРСДЭЛ БАЙХГҮЙ, УЛИРЛЫН ШИНЖ ЧАНАРТАЙ ӨСӨЛТ АЖИГЛАГДАЖ БАЙНА

Монголбанкны зарласан өнөөдрийн ханшийн мэдээллээр нэг ам.доллар 3397 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь мөн л өссөн дүн. Өнгөрсөн хавраас /тавдугаар сар/ хойш 3380 төгрөгтэй тэнцэж тогтвортой байсан ханш ийнхүү 17 төгрөгөөр нэмэгдсэн байна. Төвбанкны ам.долларын ханшийн хөдөлгөөнийг харвал,

Төв банкны зүгээс валютын ханш тогтвортой байгаа бөгөөд гадаад валютын нөөц хангалттай байгааг мэдээлсэн. Харин ханш чангарч буй нь улирлын шинж чанартай буюу жил бүрийн ес, аравдугаар сард өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой байж магадгүй гэж байлаа.

2024 ОНЫ ТӨСВИЙН ТЭЛЭЛТ ЦАЛИН ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЭЛ ӨНӨӨДӨР ГАДААД ВАЛЮТ ЧАНГАРАХ БАЙДЛААР ЭДИЙН ЗАСАГТ МЭДРЭГДЭЖ БАЙНА

Нөгөөтэйгүүр, төрөөс цалин тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх байдлаар төсвийн зардлыг тэлэх нь эргээд ам.доллар чангарч, төгрөг сулрах эрсдэл болсныг Банк санхүүгийн академийн эдийн засагч Ч.Сосорбарам ярив. Түүний хэлснээр 2024 оны төсвийн тэлэлтийн үр нөлөө өнөөдөр ам.доллар чангарах байдлаар эдийн засагт мэдрэгдэж байгаа аж.

Тэрбээр "2023 онд эдийн засаг сэргэж, макро үзүүлэлтүүд тогтвортой байсан бол 2024 он гарч экспорт өссөн дүнтэй байлаа. Нөгөөталд, хоёр удаа том зарлага гаргалаа шүү дээ. Нэгт, УИХ-ын сонгууль боллоо. Хоёрт орон нутгийн сонгуультай холбоотойгоор төсөв их хэмжээгээр нэмэгдсэн. Төсвийг тэлж, суурь цалин нэмэгдсэнтэй холбоотой энэ оны гуравдугаар сарын байдлаар импорт 28 орчим хувиар өссөн. Гэтэл төсвийн тэлэлт импортын бараа бүтээгдэхүүний цөм нь болж байна.

2024 онд төсвийг тэлж, цалин тэтгэвэр нэмэгдүүлсний үр нөлөө нь одооноос эхэлж байна уу гэж харж байна. Төгрөг суларч байгаа нь төсөв тэлж, импортын бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж валютад дарамт үзүүлж байна.

Нөгөөталаас, валютын өсөлтийг улирлын шинж чанартай байна уу гэж харж байна. Оны төгсгөл болж байгаа учраас шинэ жил болон өвлийн бэлтгэл зэргээр валютад дарамт үзүүлж байна уу гэсэн нөхцөл байдал харагдаж байна.

Эдийн засагч хүний хувьд харахад ирэх онд төсөв 16 орчим хувиар нэмэгдэхээр суурь цалин илүү өсөх юм байна. Тэгэхээр гадаад валют өсөх, улмаар төлбөрийн тэнцэлд дарамт үүсгэж, үнэ тогтворгүй болно. Мөн ханшийн өсөлтийг дагаад тогтворжиж байсан инфляци нэмэгдэх эрсдлүүд бий. Тэгэхээр төсвийн тэлэлт болон улирлын шинж чанартай худалдан авалт нийлээд тодорхой хэмжээгээр төгрөгийн ханшийг сулруулж байгаа болов уу гэж харж байна гэлээ.

ЭНЭ ОНД ВАЛЮТЫН ХАНШ 10 ХУВЬ ЧАНГАРАХ ЭХНИЙ ШОК ЕС, АРАВДУГААР САРААС МЭДРЭГДЭХ "ДОХИО"

Төгрөг “цаас” болж цалин, тэтгэвэр, халамжийн нэмэгдэл үнийн өсөлтөд шингэж, өнөөдрийн 20.000 төгрөг маргааш 10.000 төгрөгтэй тэнцэх нь. Саван, воканаас авхуулаад гутал оймсоо хүртэл урд хөршөөс авдаг манай улсын хувьд валютын ханшийн чангарал шууд л бараа бүтээгдэхүүний үнээр дамждаг. Тиймээс ханш чангарах тусам цалин тэтгэврийн нэмэгдэл иргэдийн гар дээр наалдахгүй байх магадлал өндөр. Нэг үгээр, бараа бүтээгдэхүүний үнэ өсөх тусам амьдралын чанар буурах эрсдэлтэй. Эргэн сануулахад, төгрөгийн ханш суларч, тогтвортой байсан ам.долларын ханш чангарах байдлаар эдийн засагт шок мэдрэгдэхийг эдийн засагч Б.Лакшми сануулж байв. Тэрбээр “Сонгуулийн дараа төгрөгийн ханшийн сулрал, валютын ханшийн чангарлыг авч үзвэл 8-10 хувь чангардаг үзэгдэл байдаг.

Энэ жилийн хувьд наад зах нь 10 хувь чангарахаар харагдаж байна. Эхний шок наймдугаар сарын сүүл, ес, аравдугаар сараас эдийн засагт мэдрэгдэнэ. Үүнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмсэн нь нөлөөлөхөөр байна гэсэн юм.

ВАЛЮТЫН ХАНШ ТОГТВОРТОЙ БАЙХ БОЛОМЖГҮЙ

Өнөөдрийн байдлаар манай улс 4.6 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй байна. Энэ нь 4-5 сарын импортыг орлох нөөц аж. Валютын нөөц энэ оны гуравдугаар сард түүхэндээ анх удаа 5 тэрбум ам.доллар давсан эерэг үзүүлэлттэй байв. Харин валютын нөөц буурах болсон нь Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн хүрээндэх өр төлбөрийг хаасантай холбоотой гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.Энх-Амгалан үзэж байлаа.

-Гадаад валютын нөөц 4.6 тэрбум ам.доллар болж буурсан гол шалтгаан нь Монгол Хятадын хоорон дахь своп хэлцэлтэй холбоотой Хятадын Ардын банканд эргүүлэн төлөлт хийгдсэн. Үүнээс шалтгаалан валютын албан нөөц бага зэрэг буурсан. Энэ нь эргээд экспорт, импортын харьцаагаар нь авч үзэхэд зөрүү үүсэж байгаа учраас ам.долларын үнэ ханш өссөн байх магадлалтай. Ер нь ам.долларын ханш тогтвортой байсан түүх байхгүй. Хэсэг хугацаанд тогтвортой байсан байж болох ч манай улс хэрэглээний эдийн засагтай учраас импортын эрэлт хэрэгцээ өндөр байдаг. Үүнийг дагаад валютын эрэлт байдаг. Тиймээс эрэлт байгаа учраас ханш алгуур өснө. Харин гадаад валютын өсөлтийн хурдыг бууруулж болно. Энэ нь экспортын хэмжээ нэмэгдвэл валютын өсөлтийн хурд саарна. Өөрөөр хэлбэл, экспорт бага үед валютын ханш хоногт 1-2 төгрөгөөр нэмэгдэж байсан бол экспорт нэмэгдэх үед 14 хоногт нэг, хоёр төгрөгөөр нэмэгднэ гэсэн үг. Түүнээс биш валютын ханш байнга тогтвортой байх боломжгүй. Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал ханш тогтвортой байх боломж бага.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийг хэрэгжүүлэх тухай ярьж асар их зардлыг дэд бүтэц, замд төсөвлөж байна. Түүхий эд, материалаа гадаадаас л ам.доллараар худалдан авна. Үүнийг дагаад ам.долларын эрэлт өснө.

Долларын ханш өсөхөд хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, автомашин тоног төхөөрөмжийн бөөний болон жижиглэнгийн үнэ өснө гэж байлаа.

Эдийн засагчдын хэлснээр ханш тогтвортой байх давуу тал нь инфляци тогтвортой байна гэдгийг ярьж байсан юм.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт +8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт +8 хэм дулаан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!