Манай улсын онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмжийг шинэчилж, техник хэрэгслийн хүчин чадлыг нэмэгдүүлэхд сүүлийн 4 жилд нийтдээ 200 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулжээ. Ойрын 2 жилд 50 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгааг Монгол Улсын шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ.
Тэрээр энэ талаар хэлэхдээ, "Нийгэм, орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд осол, гамшгийн үед иргэд, ААН-үүдэд хамгийн түрүүнд очиж ажилладаг онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг сайжруулж дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ талаар Засгийн газрын 4 жилийн мөрийн хөтөлбөрт тодорхой тусгасныг онцоллоо.
Монгол Улс, Беларусийн Засгийн газар хоорондын Экспортын зээлийн хүрээнд өчигдөр гал унтраах, осол гамшгийн үед ажиллах 40 автомашин хүлээн авсан бол мөн бусад улстай хамтран хэрэгжүүлж буй буцалтгүй тусламж болон нэн хөнгөлөлттэй зээл, тусламжийн төсөл хөтөлбөрийн хүрээнд энэ оны сүүлээр Франц улсаас 3 нисдэг тэрэг бүхий онгоц ирж хүлээн авснаар манай улс сүүлийн 30 жилд байгаагүй агаарын аврах ангитай болно гэдгийг тэрээр мэдээлэв.
Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах талаар өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, тус ангийг ОБЕГ-ын харьяанд "Чингис хаан" олон улсын нисэх буудлыг түшиглэн ажиллуулахаар болсон байна.
Энэ ташрамд мэдээлэхэд өчигдөр онцгой байдлын албанд Беларусь улсаас хүлээн авсан тусгай зориулалтын иж бүрэн тоноглосон "МАЗ" маркийн автомашинууд 5 болон 11 тонны гал унтраах бодис агуулах 2 төрлийнх бөгөөд зөвхөн гал унтраах бус, зам тээврийн осол аваарь, бусад гамшигийн үед аврах ажиллагаанд ашиглах, ийм төрлийн төхөөрөмж, хэрэгслээр тоноглогдсон онцлогтой юм.