Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор “Эрүүл мэндийн салбарын 7 хоног” арга хэмжээ өнөөдрөөс эхэлж байна. Энэ хүрээнд энэ сарын 17, 18, 19-ны өдрүүдэд салбарын удирдах ажилтны зөвлөгөөн, Эмч нарын VII их хурал, Багийн эмч нарын уулзалт зохион байгуулагдана. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр ханган эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тэдний санал, санаачилгыг дэмжин шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилготой эдгээр арга хэмжээнд УИХ, Засгийн газрын төлөөлөл, ЭМЯ, яамны харьяа байгууллага, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд оролцох юм.
ЭМЧ НАРЫН VII ИХ ХУРАЛ:
Засгийн газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Эмч нарын их хурал зохион байгуулах тухай” 261 дүгээр тогтоолоор эмч нарын их хурлыг таван жил тутамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Эмч нарын VII их хурлыг зохион байгуулснаар хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний шилдэг арга барил, туршлагыг сурталчлах, шинэ мэдлэг, мэдээлэл солилцох ач холбогдолтой юм. Хурлын үеэр дараах зорилтыг хэрэгжүүлнэ.
1. Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр эрүүл мэндийн салбараас авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг танилцуулах;
2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүний нөөцийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг хэлэлцэх;
3. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээс салбарт цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар санал авч, хурлаас зөвлөмж гаргах;
4. Эмч нарын VI их хурлын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар танилцуулна.
Хаана: Төрийн ордон
Хэзээ: 10-р сарын 18-ны 09:00 цагт
БАГИЙН ЭМЧ НАРЫН УУЛЗАЛТ:
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод монгол хүний эрүүл мэнд, нийгмийн хөгжлийг дээшлүүлэхэд бага наснаас нь амьдралын чанарыг сайжруулснаар дундаж наслалтыг 2030 онд 78, 2050 онд 82-т хүргэх зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтод хүрэхийн тулд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах чиглэлээр иргэн бүр байгаа газраа, санхүүгийн бэрхшээлгүй чанартай тусламж, үйлчилгээг авах тогтолцоог сайжруулах бодлого барьдаг. Улсын хэмжээнд 190 мянган өрхийн 305 мянга гаруй малчин орон нутгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллага болох Сумын эрүүл мэндийн төв, багийн эмчээс эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч байна. Иймд багийн эмч нарын анхдугаар уулзалтаар нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж, үйлчилгээнд багийн эмчийн үүрэг, оролцоо, чанарт суурилсан гүйцэтгэлийн санхүүжилт, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр мэдээллээр хангана. Мөн тэдний санал хүсэлтийг сонсож, мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлэх сургалт явуулахаар төлөвлөж байна.
Хаана: Төрийн ордон
Хэзээ: 10-р сарын 19-ны 08:00 цагт
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН:
Энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөөнөөр өнгөрсөн жилийн ажлын ололт амжилт, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, хүрээг тодорхойлон “Нийгмийн эрүүл мэндийн бодлого тэргүүлэх чиглэл болох нь” уриан дор зохион байгуулж буйгаараа онцлог болж байна.
Хаана: Корпорэйт Конвейншн центр
Хэзээ: 10-р сарын 17-ны 09:00 цагт
“Эрүүл мэндийн салбарын 7 хоног”-ийн үеэр зохион байгуулагдах гурван арга хэмжээнд холбогдох албаны хүмүүс илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна салбар хуралдаанууд зохион байгуулагдана. Илтгэл, танилцуулгатай холбогдуулан оролцогчид асуулт асууж, санал солилцох байдлаар салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.