Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.ШИНЭБАЯР: Авлигын улмаас нэг жилд 12 их наяд төгрөгийн хохирол учирч, энэ мөнгө хууль бусаар алга болсон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 31 секунд

Нээлттэй нийгэм форумаас Төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран 2025 оны төсвийн талаарх хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Сангийн яамнаас ирэх оны төсвийн төслийн төлөвлөлтийн талаар танилцуулсан юм. Үүний дараа АТГ-ын Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн зүгээс Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрт тусгагдсан төслийн төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн үе шатанд үүсэж болзошгүй авилга, ашиг сонирхолын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тусгагдсан зорилтуудын талаар танилцуулсан юм. Тус илтгэлд "Төсвийн зарлагын өсөлт сүүлийн жилүүдэд хэт нэмэгдэж эдийн засаг дахь төрийн оролцоо ихээр өсч байгаа нь төсвийн болон хөгжлийн бодлоготой нийцтэй бус, хувийн хэвшил, мөнгөний бодлогын орон зайг хязгаарлах гол нөхцөл болохоор байна" гэж дурджээ.

Энэ үеэр АТГ-ын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга Ц.Шинэбаяраас зарим асуудлыг тодрууллаа.

-Авилгатай тэмцэх газраас Үндэсний хөтөлбөрт тусгагдсан төслийн төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн үе шатанд үүсэж болзошгүй авлига, ашиг сонирхолын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тусгагдсан зорилтуудын талаар судалжээ. Нийтлэг ямар зөрчил байна вэ?

-Өнгөрөгч онд батлагдсан АТГ-ын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр дотор төсвийн асуудлыг тусгайлан зорилт болгож оруулсан. Ер нь арван асуудлыг онцгойлон авч үзсэний нэг нь төсөв санхүү, худалдан авалт, аудитын хяналттай холбоотой долоодугаар зорилт байгаа. 7.1 дэх заалт гэж байгаа нь энэ төсвийг хэрхэн үр дүнтэй, олон нийтийн хяналтад үр ашигтай боловсруулж баталж, хэлэлцэж хэрэгжүүлж зарцуулах вэ? гэдэгтэй холбоотой асуудал байгаа юм.

Төсөвтэй холбоотой Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээ зорилго, зорилтууд одоогоор үнэхээр холбогдох байгууллага, яамд, төсвийн ерөнхийлөн захирагч нар хэр зэрэг хэрэгжүүлж байгаа вэ гэдгийг Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлт, зөвлөмж, Нээлттэй нийгэм форумаас гаргасан дүгнэл зөвлөмжид тулгуурлаж шалгаж үзэхээр 6, 7 асуудал бүрэн болон зарим талаараа хэрэгжихгүй байна.

-Жишээ нь?

-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын хариуцлагыг дээшлүүлэх, өмнөх оны гүйцэтгэлийг нь нягтлан хэлэлцэж хангалттай эсэхийг нь шалгаж, хариуцлага тооцох асуудал дутагдалтай байна. Гүйцэтгэлийг нарийн хянаж, асуудлыг нь тодорхой хэлэхгүй байгаа нь тодорхой болсон.

Ил тод байдал маш хангалтгүй. Төсвийг анх хэлэлцэж боловсруулахаас авхуулаад шаардлагатай мэдээлэл олон нийтэд хүрэхгүй, олон нийтийн санал бодлыг төдийлөн хангалттай авч чадахгүй,

хөндлөнгийн хяналт тавих боломж сайтар бүрдэж өгөхгүй, тавигдах ёстой мэдээллүүд тал хэсэг нь ил болдог, тал хэсэг нь тавигдахгүй байх жишээний.

-Жил бүр төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлж, өндөр зарлага төсөвлөдөг. Гэтэл төсвийн үр ашиггүй зарцуулалт нь эргээд нийгэм эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна. Ялангуяа чанаргүй зам, дутуу барьсан барилга зэргийг бид алхам тутамдаа л харж байна. Үүнд АТГ ямар хяналт тавьж байна?

- Төсвийн орлого, зарлага харьцааны асуудлыг Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам зэрэг холбогдох яамд нь төсөвлөж буй. Хамгийн гол нь төсвийн орлогыг бүрдүүлэх, зарлага буюу төсвийн зарцуулалт хуулийн дагуу байна уу, үгүй юу гэдэг нь бидэнд маш их хамаатай болчихоод байна.

Жишээ нь, хамгийн ихдээ 12 их наяд төгрөгийн хохирол нэг жилд учирч байна. Энэ бол асар их мөнгө. Улс орон, нийгэмд ашигтай хөрөнгө оруулалтад зарцуулах байсан мөнгө хууль бус замаар алга болж байгаа нь асуудал.

Энэ нь нэгдүгээрт, системийн хувьд төсвийн зохицуулалт, бодитойгоор хэрэгжүүлж буй байдал зэрэг суурь нөхцлүүдтэй холбоотой учраас бид төсөвтэй холбоотой асуудлуудаа тусгаад явж байна. Үүн дээр тодорхой кэйс, эрүүгийн хэрэг шалгаад явдаг. Нэг талаасаа хувь хүмүүсийн шийдвэрээс гадна системийн доголдолтой асуудал, эрхзүйн зохицуулалтуудтай хамааралтай асуудлууд болчихоод байгаа юм.

-Төсөвтэй холбоотой ийм их хэмжээний хохирол учирч байгаа юм уу?

-12 их наяд бол нийт авлигын гэмт хэрэгтэй холбоотой шалгасан хохирлын хэмжээ.

- Зөвхөн өнгөрсөн жилд 12 их наяд төгрөгийн хохирол учирсан гэсэн үг үү?

-Үгүй, хэдэн жилийн өмнө.

- Тэгвэл өнгөрсөн жил авлигын улмаас хэр их хэмжээний хохирол үүсэв?

-Өнгөрсөн жил 850 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд 1800 гаруй авлигын хэрэг шалгасан.Үүнээс ийм хэмжээний хохирол үүссэн гэсэн үг.

- 850 тэрбум төгрөгийн хохирол нь төсвийн зарлагатай холбоотой юу?

- Нийт шалгасан гэмт хэргийн 56 хувь нь зөвхөн албан тушаалаа урвуулан ашигласан. Энэ нь төрийн албанд ажиллаж буй хүмүүсийн л тухай байгаа шүү дээ. Авлигын гэмт хэргийн 10 хэлбэр байхад нэг нь л илүү давамгай байна. Албан тушаалаа урвуулан ашиглахын цаана тодорхой хувь нь төсвийн мөнгийг ашиглан шамшигдуулах, үрж зцавчих асуудал явж байна. Эрх ашгиийн сонирхол, зөрчлийн асуудал байна.

- Улсад ийм том хэмжээний хохирол учирсан байхад АТГ хяналт, хариуцлагаа чангаруулж чадаж байна уу?

- Ямар хариуцлага тооцохыг Авлигатай тэмцэх газар мэдэхгүй, Их хурал л мэднэ шүү дээ. Бид УИХ ямар хууль батална, үүнийг АТГ хэрэгжүүлдэг.

- Таны хувьд асуудлыг хэрхэн харж байна. Төсвийн зарлага уу, эсвэл төсвийн үр ашиггүй зарцуулалттай шууд холбоотой юм уу?

- Манайд хамгийн аюултай нь, төрөөс төсөвт маш их хэмжээний мөнгө зардал талдаа төсөвлөдөг. Энэ нь задарч төсвийн ерөнхийлөн захирагч нарт зарцуулах мөнгөн дүн нь нэмэгдэх тусам авлигын эрсдэл нэмэгдээд байна. Төсвийн зарлага нэмэгдэх тусам их хэмжээний хохирол учрах магадлал өндөр болчихоод байна. Төсвийн зардал жил бүр багадаа 40, дээд тал нь 50 гаруй хувиар нэмэгдсэн байна шүү дээ.

Хэдий их мөнгө зарах болно, тэр зарцуулж буй шийдвэр, гаргаж буй албан тушаалтныг маш сайн хянаж чадахгүй бол их мөнгө зарцуулж буй хүн хяналтгүй байвал их хэмжээгээр идэх л боломжтой болж байгаа нь их аюултай.

Жишээ нь, 100 хүүхэдтэй суманд 500 хүүхдийн сургууль барьдаг. Үүний цаана танил талдаа ажил өгч мөнгө цавчих л сонирхол бий. Бидний санаа зовж буй асуудал энэ учраас төсвийн асуудалд хутгалдаж ороод байгаа юм. Аль болох бага хэрэг гаргахыг л анхаарч байна шүү дээ.

- Ялангуяа зураг төсөлгүй мөнгө төсөвлөдөг асуудал нэгэнт нууц биш болсон шүү дээ?

- Судалгаа тооцоогүй төсөв оруулж батлагддаг. ТЭЗҮ байхгүй, судалгаа тооцоо байхгүй, мөнгө тавьдаг. Энэ мөнгийг төсөвлөхөд маш их судалгаа, ТЭЗҮ, нийгэм эдийн засгийн хэрэгцээ шаардлага дээр үндэслэх ёстой. Гэвч байдаггүй. Нэг үеэ бодвол дээрх зөрчил багассан.

- Зөвхөн нэг жилд 12 их наяд, өнгөрсөн жил 850 тэрбумын хохирол учраад байна. Авлигатай тэмцэх ажил үр дүнтэй байгаа эсэх нь эргэлзээ дагуулж байна. Нэг үеэ бодвол авлигатай тэмцэнэ гэж Засгийн газрын тэргүүн нь дуугардаг болж Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хүртэл батлагдлаа. Үр дүн байна уу?

-Бид жил бүр авлигын нөхцөл байдал, авлига болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн мэдээллийг УИХ-д хэвлэж өгдөг. Ер нь ганц АТГ-аас хамааралтай биш тодорхой систем шүү дээ. Ер нь төсөв яах гэж баталдаг юм, нэг хүн өөрөө шийдэж чадахгүй зам, гүүр, эмнэлэг зэрэг хүн амар тайван амьдрахад хэрэгтэй орчныг бүрдүүлэх зорилготой.

Хүн амар тайван, гэмт хэрэг багатай, цэвэр агаартай, бохир биш орчинд амьдрах хэрэгтэй биз дээ. Энэ орчныг л бүрдүүлэх зорилготой шүү дээ. Тиймээс биш авлига авсан хэдэн албан тушаалтныг барьж хорих нь эцсийн зорилго биш.

Эцэст нь гэмт хэрэггүй, амар тайван, хөгжингүй, хуулиа дээдэлдэг нийгэм бүрдүүлэх л эцсийн зорилго. Манай улсад хамгийн гол саад болж байгаа нь авлига, ажилгүйдэл, архидалт гэсэн хэдэн асуудал байна. Нэн тэргүүнд л авлига яригддаг. Өнөөх нийгмийн сайн сайхан зүйлд зарцуулах хөрөнгийг голоос нь цавчиж, хэрэггүй зүйлд зараад байна шүү дээ. Үүний эсрэг л тэмцээд байгаа юм.

- Авлигын хамгийн тод жишээ нь 2023 оны үер харуулсан санагдаж байна?

-Үгүй, тэр бол авлигын шинж тэмдгийн л илрэл байгаа юм.

- Гэтэл бидэнд бол маш том асуудал болсон шүү дээ. Чанаргүй зам гүүр, зөвшөөрөлгүй барилга одоо ч асуудалтай байна. Энэ бүгд ердөө л шинж тэмдэг гэж үү?

- Нэгдүгээрт, авлига байж болно. Хоёрт, бид ямар ч бодлого төлөвлөлтгүй явж ирсэн. Сүүлийн 30 жилийн хугацаанд урт хугацааны бодлогогүй, өнөө маргаашаа аргацааж ирсний гор л доо. Бодлогын залгамж халаа байхгүй л ирлээ. Нөгөөталд, авлигын асуудал бий.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэм дулаан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.