Монгол Улс 2020 оны гуравдугаар сард хилээ хааж гаднаас ирэх иргэдийг тусгаарлах арга хэмжээ авч эхэлснээр ковид-19 цар тахлын халдварыг дотооддоо алдаагүй дэлхийн цөөхөн орны нэг болсон. Цар тахалтай тэмцэх ажлыг үр дүнтэй зохион байгуулсанд Засгийн газар, Улсын онцгой комисст иргэд талархалтай ханддаг. Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн дүнд эрх баригч МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь цар тахалтай хийж байгаа тэмцлийг олон нийт үнэлсэн үнэлгээ гэж тайлбарлах хүмүүс ч цөөнгүй бий. Гэвч чоно борооноор гэгчээр цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, ялангуяа хандив тусламжийн зарцуулалттай холбоотой мэдээлэл, шүүмжлэл тасрахгүй байна. Үүнд Засгийн газар, УОК ч дорвитой хариулт хэлэхгүй байгаа нь эргэлзээг улам гүнзгийрүүлсээр.
“Right to breathe” төрийн бус байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсын Засгийн газарт цар тахалтай тэмцэхэд зориулж 562.4 сая ам.долларын зээл, тусламжийг гадаад дотоодын хандивлагчдаас өгчээ. Үүний 325.9 сая ам.доллар нь хөнгөлттэй зээл, 236.5 сая ам.доллар буцалтгүй тусламж байна гэж судалгаанд дурджээ. Эдгээр зээл, тусламж нь дунджаар 1.6 их наяд төгрөг буюу Улсын төсвийн 20 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм. Гэвч энэ мөнгийг Засгийн газар, УОК юунд зарцуулж байгаа нь ойлгомжгүй байна. Түүнчлэн энэ хандив, тусламжийн судалгаанд Арева компаний 1 тэрбум, Хурд хамтлагийн тоглолтын хандив, Голомт банкны 100 сая гэх мэт маш их хандвийг дурдаагүй байна гэж жиргээчид сэтгэгдлээ бичиж байлаа.
Мөн Захиргааны шинэ санаачилга ТББ-ын тэргүүн С.Цэрэнпүрэв “УОК-т 3,3 тэрбум төгрөгийн мөнгөн хандивыг 225 ААН, 241 иргэн, 3,2 тэрбум төгрөгийн үнэ бүхий зүйлс буюу мөнгөн бус хэлбэрийн хандивыг 70 ААН, 6 иргэн нийт 800 толгой хонийг тус тус хандивласан” гэсэн судалгааны дүн танилцуулсан ба эдгээрийн дүн 7.4 тэрбум орчим төгрөг болж байгаа ажээ.
Эх сурвалж: “Right to breathe” төрийн бус байгууллагаас гаргасан коронавирусын халдварын үед монголын төрд үзүүлсэн санхүүгийн тусламжийн жагсааалт
Бүхэл бүтэн Улсын Засгийн газар, УОК авч байгаа зээл тусламжаа тайлагнахгүй ард иргэдэд хардалт төрүүлээд судлуулах хэмжээнд хүртлээ байдлыг ингэж даамжруулах хэрэг байна уу. Улсын төсвийнхөө 20 орчим хувьтай дүйх мөнгийг юунд зарцуулснаа тайлбарлах л хэрэгтэй.
Гаднаас ирж байгаа иргэд тусгаарлах зардлаа 100% өөрсдөө дааж байгаа гэдэг. Тухайлбал МИАТ ХК-ний нислэгийн билет дунджаар 2.5 сая төгрөг, 21 хоногийн тусгаарлалтын зардалд 1.05 сая төгрөгийг иргэд тушааж байгаа гэж мэдээлж байсан. Дэлхийд хаана ч байхгүй өндөр үнээр билет борлуулсан хэрнээ МИАТ ХК 60 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд дампуурлын ирмэгт ирчихсэн тухай удирдлагууд нь мэдэгдсэн. Гэтэл цаад талдаа хэдэн их наяд төгрөгийн хандив, хөнгөлттэй зээл хаашаа орсон нь мэдэгдэхгүй байх жишээтэй. Дээр нь ард иргэдийн хандвийн мөнгөнөөс хотын дарга нар 21 сая төгрөгөөр өөрсдийгөө урамшуулж олон нийтийн дургуйцлийг хүргэсэн. Энэ мэтээр хандив тойрсон шүүмжлэл хэл ам тасрахгүй яваад байгаад цэг тавьж тайлангаа олон нийтэд нээлттэй тавих хэрэгтэй.