Төсөв тойрсон хэлэлцүүлэг өрнөсөөр байна. УИХ-аар ирэх оны төсвийг хэлэлцэн батлахаас өмнөх энэ өдрүүдэд Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Эдийн засгийн бодлогын зөвлөлөөс дүгнэлтээ танилцуулж "Төсвийн орлогыг хэтэрхий өөдрөг төсөөлсөн нь эрсдэл дагуулж болзошгүй" гэдгийг сануулж буй.
Манай улсын нэгдсэн төсвийн зарлага 2025 онд 35.8 их наяд төгрөг байхаар тооцжээ. Харин нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 33.9 их наяд төгрөгт хүрнэ гэж төсөөлөв. Жил бүр төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлж, зардлыг тэлсээр ирэх жилийн төсөв 40 их наядыг шүргэж байгаа нь мөн л ТҮҮХЭНД БАЙГААГҮЙ ӨНДӨР ОРЛОГО, ЗАРЛАГА болж байна.
Эдийн засагчид, судлаачдын зүгээс түүхий эдийн үнэ дагасан өөдрөг төсөөллөөр орлого, зарлагыг өөдрөг төсөөлдөг энэ гажуудал нь эргээд төсвийн тогтворгүй байдлыг бий болгож байгааг дурдсан нь анхаарал татах сэдвийн нэг байлаа.
ТӨСВИЙН ЗАРЛАГЫН ХЭМЖЭЭГ ХУРДТАЙ ТЭЛЖ БАЙНА
Энэ талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, эдийн засагч Н.Энхбаяр хэлсэн үгэндээ "Бидний зүгээс эдийн засагт төрийн оролцоо өндөр байна гэж дүгнэж байна. Энэ талаар олон улсын байгууллагуудын судалгаанд ч дурдсан байдаг.
Тэр дундаа, төсвийн зарлагын хэмжээг өнгөрсөн жилүүдэд хурдтай тэлж байна. Энэ нь түүхий эдийн мөчлөг дагаж нэмэгдүүлж байгаа юм. Орлого өссөн үед зарлага тэлдэг бол орлого буурсан үед зарлагаа хэвээр авч үлдэж чадахгүй.
2012-2016 оны үе шиг танах шаардлага гардаг. Энэ нь тогтворгүй байдлыг бий болгодог" гэсэн юм. Үргэлжлүүлэн сануулахдаа "Хэт өөдрөг таамаглалаас болж өмнө нь 2012-2016 оны хооронд гаргаж байсан алдаагаа давтах магадлал байна. 2014 онд Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн ч 2 жилийн дараа түүхий эдийн үнэ унаж бид ангилал буурсан. Тиймээс эрсдэл хэвээрээ байна" гэсэн юм.
Зүйрлэвэл, орж ирээгүй орлогыг төсөөлж өндөр зарлага гаргаж үр ашиггүй зүйлд зарцуулах нь хувь хүн ч тэр, айл өрхийн санхүүд дарамт болох нь тодорхой.
ТӨСВИЙН ЗАРЛАГА УЛАМ ТОМОРЧ 2025 ОНД 5 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТЭЛЭВ
Ирэх оны төсвийн зардал 35.8 их наяд төгрөг төлөвлөж байгаа нь 2024 оны тодотгосон төсвөөс 17.4 хувь, 11 жилийн өмнөхөөс 5 дахин нугарсан дүн болж байна.
Жишээ дурдвал, 2016 онд төсвийн зардал 9.4 их наяд төгрөг байсан бол 2024 онд 27.3 их наяд төгрөг болж томорсон байна.
Тэгвэл ирэх жил төсвийн зарлагыг 35.8 их наяд байхаар төлөвлөж буй нь 5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн болохыг Сангийн яамнаас мэдээлж буй.
УРСГАЛ ЗАРДАЛ 3.5 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТЭЛЖ, ЦАЛИН, ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН ТОМООХОН ЗАРДАЛД БАГТАЖ БАЙНА
Төсвийн зарлага дотор урсгал зардал гэж бий. Нийт 35.8 их наядын зарлагын 24 их наяд нь урсгал зардал бол үүний дотор цалин тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл томоохон зардлыг эзэлж байгааг Сангийн яамнаас мөн дурдсан.
Тодруулбал, ирэх жил тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгаад буй. Үүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсч, эргээд инфляци хөөрөгдөх эрсдэлтэй. Улмаар үнийн өсөлт, хэрэглээний сагсыг тодорхойлдог инфляцийг хазаарлахад төв банк бодлогын хүүгээ өсгөнө.
Энэ дарамт иргэн аж ахуй нэгж дээр ирнэ гэсэн үг. Харин Сангийн яамны зүгээс төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг инфляцтай уялдуулан 6 хувиар нэмэгдүүлж байгаа тул дарамт ирэхгүй. Хэрэв цалин тэтгэвэр, тэтгэмжийг огцом 10 хувиар нэмэгдүүлсэн бол инфляци хөөрөгдөх эрсдэл үүснэ гэдгийг тайлбарлаж байлаа.
Тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын зарлагын хэлтсийн дарга Л.Бат-Эрдэнэ: 2025 онд төсвийн зарлагыг 5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж байна. Үүний дотор төсвийн урсгал зардлыг 3.5 их наяд төгрөгөөр нэмж байна. Ирэх жилийн төсвийн дүр зургийг харвал Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан том төслүүдээ хөдөлгөх, 14 мега төслийг эхлүүлж, гацаанд буй эрчим хүчний салбарт анхаарах зэрэг бодлогын ажлуудаа явуулах ийм төсвийн төслийг оруулж ирж байна. Мөн төрийн иргэдэд үзүүлэх зайлшгүй шаардлагатай нийгмийн суурь үйлчилгээ буюу боловсрол, эрүүл мэнд, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх зардлуудыг урьдын адил санхүүжүүлнэ.
Томоохон өсөлтөөс дурдвал ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулан 6 хувиар нэмэхээр тооцсон. Мөн цалингийн зардал 1.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн.
Ахмадуудын тэтгэвэр, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг ахмадуудын зардалтай холбоотой сангийн зардал 658 тэрбум төгрөгөөр нэмэгдэж төсөвлөсөн байна. Ер нь зарлага нэмэгдэх муу. Хувь хүн, айл өрхийн хувьд ч тэр сайн зүйл биш. Гэхдээ зохистой хэмжээг нь хадгалах ёстой. Нийгмийн суурь үйлчилгээ нэмэгдэж байгаа учраас төсвийн зарлага тэлж байна гэсэн юм.
Үндэсний аудитын газрын дүгнэлтэд: Төсвийн урсгал зардал 2017 оноос хойш тогтмол өссөн үзүүлэлттэй, 2025 оны төсвийн төсөлд нийт зарлага ба цэвэр зээлийн дүнгийн 72.7 хувь буюу 26,036.4 тэрбум төгрөгийг урсгал зардал эзэлж байна гэжээ.
Мөн л 2024 оны төсвийн 7.1 ихдаар тэлсэн төсвийн 80 хувь нь цалин тэтгэвэр нийгмийн халамжтай холбоотой , малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төрөөс дааж байв. Нийт урсгал зардлын 76.2 хувийг улсын төсвөөс, 17.4 хувийг ОН-ын төсвөөс, 22.6 хувийг Нийгмийн даатгалын сангаас, 8.8 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвөөс тус тус санхүүжүүлэхээр төлөвлөжээ.
ТӨСВИЙН ЗАРЛАГА НЭМЭГДЭХИЙН ХЭРЭЭР АВЛИГА ГААРАХ, ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРАХ ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙНА
Нөгөөтэйгүүр төсвийн зарлагыг тэлэхийн хэрээр авлига "цэцэглэж" байна. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгасан нийт гэмт хэргийн 56 хувь нь зөвхөн албан тушаалаа урвуулан ашигласан гэх зөрчил болохыг мэдээлсэн нь анхаарал татав. Тэр дундаа, албан тушаалаа урвуулан ашигласан гэх зөрчлийн цаана тодорхой хувь нь төсвийн мөнгийг ашиглаж шамшигдуулах, үрж цавчих ХАР СҮҮДЭР болж байна.
АТГ-ын авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга Ц.Шинэбаяр: Төсвийн орлогыг бүрдүүлэх зарлага буюу төсвөө зарцуулах дээр хуулийн дагуу байна уу үгүй юу гэдэг нь бидэнд маш хамаатай болж байгаа юм. Жишээ нь, хамгийн ихдээ 12 их наяд төгрөгийн хохирол нэг жилд учирч байна. Энэ бол асар их хэмжээний мөнгө. Улс орон, нийгэмд ашигтай бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтад зарцуулах байсан мөнгө л хууль бус замаар алга болж байгаа нь асуудал болж байна. Өнгөрсөн жил гэхэд 850 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Төсвийн зарлага нэмэгдэх тусам их хэмжээний хохирол учрах магадлал өндөр болчихоод байна. Төсвийн зардал жил бүр багадаа 40, дээд тал нь 50 гаруй хувиар нэмэгдсэн байна шүү дээ. Хамгийн аюултай нь, төрөөс төсөвт маш их хэмжээний мөнгө зардал талдаа төсөвлөдөг.
Энэ нь цаашилбал төсвийн ерөнхийлөн захирагч нарт зарцуулах мөнгөн дүн нь нэмэгдэх тусам авлигын эрсдэл нэмэгдэж байна. Хэдий их мөнгө зарах болно, тэр зарцуулж буй шийдвэр гаргаж буй албан тушаалтныг маш сайн хянаж чадахгүй бол их мөнгө зарцуулж буй хүн хяналтгүй байвал их хэмжээгээр идэх л боломжтой болж байгаа нь их аюултай.
Жишээ нь, 100 хүүхэдтэй суманд 500 хүүхдийн сургууль барьж байгаагийн цаана танил талдаа ажил өгч мөнгө цавчих гээд байгаа юм. Ийм тохиолдол маш олон. Гэтэл тухайн төсөл нь үнэхээр шаардлагатай юу, үгүй юу, хэдэн төгрөг төсөвлөх вэ гэдэг нь маш чухал. Ийм дагалдах асуудлууд олон байна. Бидний санааг зовоож буй асуудал энэ учраас төсвийн асуудалд хутгалдаж орчихоод байна. Аль болох бага хэрэг гаргахын тулд шүү дээ.
2016 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ 2026 ОНД ДАХИН ДАВТАГДАХ УУ?
Ирэх жил бид 83.3 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа. Гэвч төсвийн орлогыг бүрдүүлдэг гол түүхий эдийн үнэ, экспортоос шалтгаалж орлогын хэмжээ тодорхойлогдоно. Муугаар бодвол, Хятадаас хамааралтай түүхий эд, экспортын эрсдэл манай улсын эдийн засаг, төсвийн зарлагад том хямрал дагуулж мэдэх нь.
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Монгол Улсын төсөв санхүүгийн нөхцөл байдал харьцангуй сайжирсан. Төсвийн сахилга бат сайжирч байна, төсвийн орлого нэмэгдэж, өрийн хэмжээ буурч байна. Эерэг зүйл олон бий. Гэхдээ Хятадад гангийн үйлдвэр буурч коксжих нүүрс болон төмрийн хүдрийн хэрэглээ багасвал бидэнд эрсдэл нүүрлэж болзошгүй.
Магадгүй 2016 оны эдийн засгийн хямрал, нөхцөл байдалтай төстэй зүйлсийг ажиглах байх. Төсвийн зардлыг бид танах хэрэгтэй болно. Хөрөнгө оруулалтын зардлуудаа санхүүжүүлж чадахгүйд хүрнэ. Өрийн үйлчилгээний зардлуудад тодорхой хэмжээний дарамтууд авах эрсдэл үүснэ.
Эцсийн үр дүнд Монгол Улсын эдийн засаг томоохон сөрөг байдалд л ордог. Гэхдээ ойрын нэг жилийн хугацаанд энэ эрсдэл харьцангуй тод харагдахгүй байна. Магадгүй 2025 оны сүүл 2026 оноос бид энэ байдал илүү тодорхой харагдах байх.