Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Гантулга: Турах арга энгийн зүйлээс эхэлдэг. Халбагаа жижгэрүүлэх, машинд суухаас илүүтэй алхахыг эрмэлздэг байдлаас л амжилт эхэлдэг

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
8 минут 43 секунд

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас 2024 онд гаргасан судалгаагаар дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн таргалалттай байгаа талаарх дүгнэлт гарчээ. Таргалалттай хүмүүс чихрийн шижин, зүрх, бөөрний өвчин болон бусад олон ноцтой эрүүл мэндийн асуудалд өртөх эрсдэл өндөр байдгийг уг судалгаанд дурдсан байна. Харин манай улсын хувьд 2023 онд хийгдсэн эрт илрүүлгийн үр дүнд тулгуурлан Эрүүл мэндийн яамнаас гаргасан мэдээлэлд 15-69 насны хүн амын 31 хувь нь илүүдэл жинтэй, 15.5 хувь нь таргалалттай байна гэсэн тооцоолол гарсан.

Өмнө нь голлон өндөр хөгжилтэй орнуудад асуудал болдог байсан таргалалт, сүүлийн жилүүдэд хөгжингүй болон дундаж орлоготой орнуудад томоохон асуудал болж, насжилтын хувьд залуужиж байгаа аж. Илүүдэл жинтэйгээ тэмцэх оролдлого гаргах хүн олон ч үр дүн гаргахад асар их тэвчээр, тууштай байдал шаарддаг тул шантрах нь их байдаг. Бид энэ удаад өөрийгөө ялан дийлж 160 өдөрт 40кг хасаж эрүүлээр турж байгаагаа влог хэлбэрээр хүмүүст хүргэж байгаа влоггер Ж.Гантулгатай ярилцлаа.

-Анх ямар цэгээс жин хасах аялал нь эхлэв. Мэдээж жин хасна гэдэг амаргүй сорилт байх?

-125 кг-аас одоо 82 кг болсон байна. Жин хасах үйл явц маань инстаграмд нийтэлж эхлэхээс нэлээн өмнө эхэлсэн. Шууд л амжилттай жин хасагдаагүй. Олон алдаа гаргаж, хоёр жилийн хугацаанд дээш доош их хэлбэлзсэн.

-Эрүүл мэнд, амьдралын хэв маяг, биеийн онцлог гээд хүн бүрийн илүүдэл жинтэй болсон шалтгаанууд өөр байдаг шүү дээ. Таны хувьд аль нь байсан бэ?

-Ер нь багаасаа л нэлээд жинтэй, хөдөлгөөн бага хийдэг хүүхэд байсан. Ингээд бодохоор амьдралын хэв маяг л гол шалтгаан болсон байх.

-Нэгнээ хочлох, тоглоом тохуу хийх зэрэг олон таагүй зүйлс бага насанд тохиолддог шүү дээ. Өөрт нь адил асуудал тулгарч байв уу?

-Шилжилтийн насны үед буюу дунд ангид байхад юм уу даа. Би хөдөлгөөн хийж чаддаггүй байсан болохоор “Удаан юм бэ” гэх мэтээр их шоглоно. Хүүхдүүд болохоор муу юм бодож хэлээгүй ч надад хүнд тусдаг байсан.

-Хэзээнээс өөрийгөө өөрчилж, илүүдэл жинтэйгээ тэмцэх шийдвэр гаргаж байв?

-Ахлах ангидаа ороод л өөрийгөө өөрчилье, больё, зогсъё гэсэн бодлууд төрөөд эхэлсэн. Тухайн үедээ 125 кг байсан. Гаднаасаа өөрийгөө харахад ч хэцүү байсан л даа. Таарах хувцас олдохгүй байна гэдэг их хэцүү. Царай ч дагаад энд тэндээ илүү өөхтэй тааламжгүй харагддаг байсан. Зун сагсан бөмбөгт дуртай болоод хөдөлгөөнтэй спортод юм сурчих гээд хичээж байх явцад жин багасаж байсан. Тухайн үед болох юм байна, хасагдах юм байна гээд цааш үргэлжлүүлсэн. Гэхдээ карантины үеэр буцаад нэлээн жин нэмсэн. Одоогоос л буцаж жигдрээд, тууштай явна гэсэн амлалт маягаар хүмүүст бичлэг хүргээд явж байна.

Өөрийгөө ялна гэдгийг тийм ч сүртэйгээр бодоод байх зүйл биш юм билээ. Чихэр байлаа гэхэд тэр чихрийг би идэх үү, идэхгүй юу гэсэн хоёр сонголт гарч ирнэ. Идэхгүй байхыг сонгоход л ялалт ирчихнэ. Энэ мэт жижиг ялалтуудаа л үргэлжлүүлэх хэрэгтэй.

-40 кг хасна гэдэг амаргүй даваа шүү дээ. Таны амжилтын нууц юу байв?

-Жин хасах нууц гэж байдаггүй гэдгийг олж мэдсэн. Хүн бүхний мэддэг дасгал хөдөлгөөн, хооллолт л гол түлхүүр. Харин хүмүүсийн алддаг зүйл нь тууштай байдал. Алдсан ч гэсэн юун дээр алдав гэж эргэцүүлээд, дахин туршаад л байх хэрэгтэй.

Хоолондоо олон өнгийг хослуулж, төрөл төрлийн ногоог их хэрэглэж байгаа. Өдөр бүр алхалт хийдэг. Урт хугацаанд тууштай алхах нь тогтвортойгоор жингээ хасахад том нөлөө үзүүлдэг.

-Жингээ хасах явцыг хүнд дэглэм, дасгал сургуулилттай холбон ойлгодог хүмүүс их байдаг шүү дээ?

-Шууд идэхээ больж, хэт огцом дэглэмээ өөрчлөх нь хамгийн буруу сонголт. Үүний оронд энгийн хоолны дэглэмээ барьж байсан ч ус уух хэмжээгээ ихэсгэж, машинд суухын оронд алхах зэрэг энгийн зүйлсээс бага багаар эхлэх хэрэгтэй. Халбагаа жижиг болгох гэх мэт жижиг зүйлс сайн эхлэл болдог.

-Мэдээж жингээ хассанаар амьдралд олон өөрчлөлт гарсан байх?

-Би бүр ядрахаа больчихсон байна лээ. Сагс тоглохдоо ядрахгүй, маш эрч хүчтэй байдаг болсон. Эрүүл мэндийн хувьд ч маш олон эерэг өөрчлөлт гарсан. Жин ихтэй байх үедээ сахартай, цэргийн үзлэгт ороход дотор өөхлөлт, элэгний өөхлөлт зэрэг асуудлуудаас болоод цэрэгт тэнцээгүй. Сая анхны ажилдаа орохдоо шинжилгээ өгөхөд бүх зүйл эрүүл гарсныг хараад маш гоё санагдсан. Хийсэн зүйлийнхээ үр дүнг харах мэдрэмж сайхан.

-Зөв хүнсний бүтээгдэхүүн сонгох нь эрүүл хооллолтын хамгийн том хэсэг. Та сонголтоо хэрхэн хийж байна?

-Өөрийгөө анзаараад байхад худалдан авалт хийх бүрд дотроо юу агуулж буйг хардаг болсон. Хянах явцад бүх бүтээгдэхүүнд л илүү зүйлс орсон байдаг. Дараа нь тэр бүтээгдэхүүн надад ямар нөлөө үзүүлэхийг мэддэг болсон учраас ус л ууя гэсэн сонголтыг хийж эхэлсэн.

Худалдан авалтууддаа байнга харьцуулалт хийдэг. Будаа авах гэж байгаа бол цагаан будаа биш аль болох калори багатай шар будаа, гурвалжин будааг сонговол сайн гэх мэтээр туршдаг.

Өмнө нь сурагч насандаа найзуудтайгаа явж байгаад л дэлгүүр ороод хамаагүй олон төрлийн бүтээгдэхүүн авч иддэг байсан. Гэртээ хариад дахиад л иднэ. Одоо бодоход таргалалт маань тэр хэвшлээс л үүдэлтэй байх.

-Өөрийн тань бичлэгийг тогтмол үзэж үлгэрлэдэг үзэгч, дэмжигч олонтой санагдсан. Хүмүүсээс ирэх хандлага тууштай байхад их нөлөөлж байна уу?

-Хүмүүсээс ирдэг олон магтаалаас их урамшиж байна. Хуваалцахын гоё тал нь бусдад мэдэгдээд, үр дүнгээ тайлагнаад эргүүлээд эерэг сэтгэл авдаг. Одоо бараг түүндээ дасаад их хорхойсож байна.

Хүмүүс надаас урам зориг аваад жин хаслаа, хэдэн кг хассан гээд үр дүнгээ харуулахаар би бас хүмүүст нөлөөлж байгаа юм байна гээд их баяртай байдаг.

-Жингээ хасах аялал нь 75 кг болтол үргэлжилнэ гэж хэлж байсан. Түүний дараагийн зорилго юу вэ?

-Цаашдаа илүү булчинлаг, чийрэг биетэй болох зорилготой байгаа. Амьдралдаа хэзээ ч харж байгаагүй гэдэсний булчингаа харъя зэрэг өмнө нь бодогдож байгаагүй бодлууд би чадна, болно гэсэн итгэлтэйгээр бодогддог болсон.

-Уг ярилцлагыг уншаад урам авч байгаа хүн олон байх. Тэдгээр хүмүүст хандаж үг хэлбэл?

-Эхлэлээ тавиад түүндээ тууштай байх хэрэгтэй. Хүссэн үр дүндээ хамтдаа хүрцгээе гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Энхжин

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай уулзлаа
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай уулзлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.