Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Үржинханд: Алдаа гаргаж, пранкдуулаад ёстой л мартагдахааргүй төрсөн өдөр болж өнгөрлөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 51 секунд

Монголын язгуурын төрт улс болох “Хүннү” улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг өгүүлэх "Тэнгэрийн хүү" жүжиг 13 жилийн дараа Улсын драмын эрдмийн театрын /УДЭТ/ тайзнаа дахин амилж буй. "Тэнгэрийн хүү" жүжгийн аравтын баатрын дүрийг бүтээж буй УДЭТ-ын жүжигчин СТА О.Үржинхандтай цөөн хором ярилцлаа. Түүний төрсөн өдөр өнгөрсөн ням гарагт /2024.10.06/ тохиосон бөгөөд хамт олон нь түүнийг пранкдсан бичлэг сошиал сүлжээнд тархаад буй.

--------------------------

-Юуны өмнө танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Энэ жилийн төрсөн өдөр таны хувьд хэзээ ч мартагдахааргүй болж өнгөрөх шиг боллоо. Ер нь тэр өдөр юу болов. Та үнэхээр алдаа гаргачихсан юм уу?

-"МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг аравдугаар сарын 4-нөөс УДЭТ-ын тайзнаа тоглогдож эхэлсэн. Миний хувьд Модун Шаньюйгийн хөх аравт дундах ганц эмэгтэй баатрын дүрд тоглож байгаа. Түүхээс нь сөхвөл эмэгтэй баатрын олдвор олдож байсан гэнэ лээ. Манай найруулагч дандаа эрэгтэй хүн аравтад тоглож байснааас нэг эмэгтэй баатар байвал үзэгчдэд илүү сонирхолтой гэж үзээд надад санал тавьсан.

Миний хувьд нэг аравтаа үүрээд газар хаях ёстой байтал алдаад өвдөг сөхөрчихсөн. Энэ бол үнэхээр хариуцлагагүй явдал болсон. УДЭТ-ын сонгодог бүтээлүүдийн нэг болох "Тэнгэрийн хүү" жүжгийг үзэх гэж маш олон үзэгчид ирж байхад би алдаа гаргах ёсгүй л байхгүй юу. Бусад хамтрагчид, мөр зэрэгцээд жүжиглэж байгаа гавьяатуудаа хүндлэх ёстой. Үүний нэг илрэл нь тайзан дээр алдахгүй, хариуцлагатай байх ёстой байтал алдаад үүндээ ч их хямарсан.

-Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг үүрээд газар хаях ч амаргүй байх л даа?

-Манай аравтууд бүгд өнхөрч, үсэрч, цовхчох гэх мэт хүнд хөдөлгөөнүүдийг их хийдэг. Аравтууд бүгд өөр, өөрсдийн гэсэн онцлог хөдөлгөөнтэй. Тэрийгээ нэг, нэгээрээ харуулдаг.

Жүжгийн хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч СТА Г.Ган-Очир багш маань намайг эмэгтэй хүн юм чинь арай хөнгөхөн хөдөлгөөн өгье гээд нэг аравтыгаа мөрөн дээрээ үүрээд хоёр эргээд газар унагаах "даалгавар" өгсөн.

Тэгсэн чинь миний ээлж иртэл би хэт тонгойсон уу эсвэл манай дүү өндөр үсэрсэн үү ямартай ч би тооцоо алдаад газар сөгдчихсөн. Юун нөгөө хүнээ эргүүлэх тэр хөдөлгөөнөө ч харуулж чадаагүй. Тухайн үед миний алдсаныг МУГЖ Ж.Оюундарь эгч мэдээгүй байсан гэсэн.

-Тэгвэл Ж.Оюундарь гуай хэзээ, яаж мэдээд таныг зэмлэчхэв?

-Манай найзад өрөөний охидууд намайг алдаа гаргаад тэрэндээ шаналаад явна лээ гээд хэлчихгүй юу. Тэгсэн найз маань алдаа гаргасан дээр нь дөрөөлж, пранкдаж төрсөн өдрийн мэнд хүргэхээр шийдээд бөөндөө нийлсэн нь тэр юм байна лээ. Жүжиг дууссаны дараа дээшээ өрөөнд орсон чинь охидууд "Дариа эгч ууртай байна. Хурдан 15-т ороод ир гэж байна" гэж хэлүүллээ гэсэн. Тэгсэн чинь миний дотор сонин болчихсон. Яана вэ л гэж бодогдсон.

Миний хамгийн ихээр хайрлаж, хүндэлж, биширч шүтэж явдаг жүжигчид маань 15 дугаар өрөөнд байдаг.

Тийшээ орно гэж бодохоос зүрх амаар гарчих гээд. Зүгээр нэг дуудсан бол хамаа алга яасан, юу болов гээд орохсон. Гэтэл би алдаа гаргаснаа мэдэж байгаа учраас 15-руу орохоос үхтлээ айж байгаа юм чинь.

-Тэгээд юу болов?

-Мэдээж орох гэж наян юм болсон. Манай өрөө хоёр давхарт байдаг юм. Шатнаас бууж явахдаа Т.Хулан эгчтэй таарсан. Намайг дагуулж орно гэхээр нь уйлчихсан. Ээ бурхан минь. Дариа эгч рүү яаж орох юм. Нүүрийг нь яаж харах юм. Бүгд л сэтгэлээ шингээж, бяцхан зүрхээ агшаан байж тайзан дээр тэр сайхан бүтээлийг тоглож байхад би яагаад алдах ёстой юм. Энэ чинь ерөөсөө л хариуцлага байхгүй юу. Би хариуцлага алдсандаа үнэхээр гэмшсэн.

15 дугаар өрөөнд ортол Дариа эгч их ууртай зогсож байна. Над руу "Чи одоо яаж жүжиглээд байгаа юм. Үзэгчдэд юу үзүүлж байгаа юм" гэсэн чинь нүднээс нулимс урсаад л явчихсан. Миний түмэн буруу юм чинь уучлаарай л гэнэ шүү дээ. Хэчнээн гоё үзэгдэл байсан ч гэсэн нэг хүн л алдах юм бол тэр үзэгдэл тэр чигтээ онцгүй болчихдог. Тэгээд байж байтал өөдөөс төрсөн өдрийн мэнд гээд. Тэр үед юу болсон юм мэдэхгүй. Бараг ухаан самгардсан байх. Надад гэнэтийн бэлэг барьсан гэдгийг ойлгоод дахиж уйлаад л. Ер нь уржигдар их гоё, мартагдахааргүй өдөр болж өнгөрлөө.

-Таны хувьд дэлгэцийн уран бүтээлд хэдэнтээ тоглосон. Энэ удаагийн "Тэнгэрийн хүү" жүжгийн аравтын баатрын дүр нь таны "шандсыг" сорьж байх шиг байна. Тийм үү?

-Ёстой л сорих шиг болж байна. Бас л амаргүй даваа юм байна. Би өмнө нь эршүүд эмэгтэйн дүрд тоглодог байсан. Харин энэ жүжиг дээр эмэгтэйгээрээ мөртлөө хөдөлгөөнтэй, эрэгтэй хүмүүсийн хийдэг бүх үйлдлүүдийг хийдэг. Тухайлбал, нум татах, ёсолгооноос эхлээд л. Ер нь их хүнд байдаг юм байна. Надтай хамт аравт болж байгаа залуу сайхан жүжигчдийнхээ хөлд нэг хэсэг чирэгдсэн. Жүжгийн хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч СТА Г.Ган-Очир багшийн маань зааварчилгаа маш сайн нөлөөлсөн. Багш маань намайг сайн бэлдэж өгсөн. Бэлтгэлийг маш сайн хийлгэсэн. Тэрний хүчинд өдрөөс өдөрт, бага багаар ахиж байгаа.

-13 жилийн дараа "МЗЭ-ийн шагналт Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулга "Тэнгэрийн хүү" түүхэн туульсын жүжиг аравдугаар сарын 4-нөөс УДЭТ-ын тайзнаа тоглогдож эхэлсэн. Үзэгчид хэрхэн хүлээж авч байна даа?

-Ерөнхий найруулагч Н.Наранбаатар “Эх орон, газар шорооны тухай бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжгээрээ дуугарах цаг нь болсон байна” хэмээн уг жүжгийг дахин хүргэх болсон шалтгаанаа тайлбарлаж байсан. Бид байгаль дэлхийдээ чин сэтгэлээсээ хандах, Монголоо гэсэн үндсэрхэг үзлийг хүн бүрийн зүрх сэтгэлд асааж өгөхийг зорьж байна. Үзэгчид үзэгдлээс үзэгдлийн хооронд алга ташихаа хүртэл мартан, маш анхааралтай үзэж байгаа нь анзаарагдсан. Нэгдүгээр үзэгдлээс зургаадугаар үзэгдэл хүртэл нам гүм.

Харин долоодугаар үзэгдлээс эхлээд хэлэх ёстой санаа нь гараад эхлэхээр үзэгчдийн нүд нь гялалзаад амьсгаа нь өндөрсөөд л тэгж шимтэн үзэж байна. Суудал болгон хүнтэй. Сул суудал ер нь ховор доо. Тоглолтын 2-3 өдрийн дараах тасалбар хүртэл зарагдаад дууссан байх жишээний.

Үзэгчид энэхүү жүжгийг ирж үзээд өөрийнхөө зүрхэн дотор байгаа Монгол омогшлоо асаагаарай гэж хүсэж байна.

Ярилцсанд баярлалаа.

ЗГ: Цахилгааны үнийг 30, дулааны үнийг 50 хувиар нэмэх асуудал ЯРИГДААГҮЙ
ЗГ: Цахилгааны үнийг 30, дулааны үнийг 50 хувиар нэмэх асуудал ЯРИГДААГҮЙ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.