Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгахад хамгийн үр дүнтэй арга нь хүний эрхийн боловсролыг түгээх юм. Хүний эрхийн Үндэсний Комисс /ХЭҮК/ нь 2001 онд байгуулагдсан цагаасаа эхлэн албан бус боловсролын тогтолцоогоор дамжуулан хүний эрхийн боловсрол олгох сургалтыг үндэсний хэмжээнд үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Энэ талаар ХЭҮК-ын референт Б.Энхбаяр, Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн Б.Ардак нар өнөөдөр /2024.10.03/ мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд референт Б.Энхбаяр “Комисс нь байгуулагдсан цагаасаа хойш нийт 4152 удаагийн сургалтад 233,138 оролцогчийг хамруулсан сургалтыг төрийн болон хувийн хэвшлийн салбаруудад зохион байгуулсан. Иргэдийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, чадавхжуулахын тулд хүний эрхийн сургагч багш бэлтгэж, тэдгээр сургагч багшаар дамжуулж тухайн салбар бүрд сургалт зохион байгуулах нь оновчтой, илүү үр дүнтэй байдаг. Комисс нь 2002 оноос эхлэн төрийн болон хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа албан хаагчдыг хүний эрхийн сургалтад хамруулж, 1430 хүний эрхийн сургагч багш бэлтгээд байна. Эдгээр сургагч багш нар нь өөр өөрсдийн ажилладаг албан байгууллага болон салбартаа хүний эрхийн сургалтыг зохион байгуулж байна. Тухайлбал,
- 2017-2022 онд ЦЕГ-ын алба хаагчдыг
- 2017, 2023 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 50 алба хаагчийг
- 2018, 2020, 2024 онд ЗХЖШ-ын алба хаагчдыг
- 2023 онд МУИС-ийн Үндсэн хуулийн хүрээлэнтэй хамтран хүүхдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор судлаач, хуульч, өмгөөлөгч 40 оролцогчийг
- 2024 онд “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүдэд зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалтад 42 албан хаагчийг хүний эрхийн сургалтад хамруулж, сургагч багшаар бэлтгэсэн.
Эдгээр сургагч багш нар өөрсдийн ажиллаж байгаа салбартаа хүний эрхийн сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна. Тиймээс дээрх үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн салбарын удирдлага, албан хаагчдад уриалж байна" гэлээ.
ХЭҮК нь үйл ажиллагаандаа олон талт төлөөллийг хангах үүднээс иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Энэ хүрээнд хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, үндэстний цөөнхийн эрх болон хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдсэн Орон тооны бус зөвлөл Комиссын дэргэд ажилладаг.
Мөн хүний эрх зөрчигдсөн эсэх дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Хүний эрх хамгаалагчийн хороо Комиссын дэргэд ажиллаж байна. Эдгээр зөвлөл, хорооны гишүүдийг сургагч багшаар бэлтгэсэн. Тухайлбал, ХЭҮК-ын дэргэдэх ИНЗ-ийн зөвлөлийн гишүүн Б.Ардак нь сургагч багшийн сургалтад хамрагдсанаар өөрийн ажил мэргэжлийн салбартаа хүний эрхийн чиглэлээр сургалтыг тасралтгүй зохион байгуулж байна.
Энэ талаар Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, ахмад багш Б.Ардак дараах мэдээллийг өглөө. Тэрбээр:
Хүний эрхийн зөрчил нийгэмд их, бага хэмжээгээр гарсаар байна. Үүний гол шалтгаан, үндэс нь иргэдийн хүний эрхийн мэдлэг, боловсрол дутмаг байгаагийн зэрэгцээ эрхээ эдлэхийн сацуу үүргээ биелүүлж, хариуцлага хүлээх ёстой гэдгийг ухамсарлахгүй байгаатай холбоотой.
Миний бие Комиссын дэргэдэх ИНЗ-ийн гишүүнээр сонгогдоод 3 дахь жилдээ ажиллаж байна. ХЭҮК нь хүний эрх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хүний эрхийн боловсролыг түгээх үүргээ амжилттай хэрэгжүүлж, үр дүнтэй ажиллаж байна.
Би сургагч багшийн сургалтад 2022 онд хамрагдсанаас хойш ерөнхий боловсролын 40 гаруй сургуулийн удирдлага, сургалтын менежер, нийгмийн ажилтан, суралцагчдад цаашлаад эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд
- Нийгэм дэх мэргэжлийн бүлгүүд /ялгаатай хэрэгцээтэй/
- Үндэсний цөөнх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
- Хүүхдийн эрх / Сурч боловсрох эрх, үе тэнгийн дарамт хүчирхийлэл /
- Эмэгтэйчүүдийн эрх зэрэг сэдвээр агуулгын хүрээнд сургалтыг тогтмол зохион байгуулж байна.
Тухайн хүний хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэхийн тулд ганц удаагийн сургалтад хамруулах хангалтгүй байдаг. Өөрөөр хэлбэл, хүний эрхийн нөлөөллийн ажлыг тасралтгүй зохион байгуулж, сургалтад үе шаттай, тогтмол хамруулж байж хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлдэг.
Иймээс төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн удирдлагууд хүний эрхийн зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, арилгах чиглэлээр байгууллагын түвшинд хүний эрхийн сургалтыг үе шаттай, тогтмол зохион байгуулах шаардлагатай гэлээ.