Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилготой “Намар 2024” үзэсгэлэн худалдаа өнгөрөгч мягмар, лхагва гарагт болж өнгөрсөн. Энэхүү үзэсгэлэн худалдааг Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан юм. Тэгвэл Ubn.mn сайтын сурвалжлах баг тус үзэсгэлэн худалдааг зорьж, онцлох асруудад зочилсноо энэхүү сурвалжилгаараа хүргэж байна.
Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай,
Биднийг тус үзэсгэлэн худалдаанд очиход хүний хөл тасрахгүй байгаа нь харагдаж байлаа. Энэхүү үзэсгэлэнд оролцогчид өөрсдийн жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих зорилготойгоор ирсэн байсан ба онцлох бүтээлүүдээ ч дэлгэн гаргасан байв.
Биднийг хамгийн эхний асарт очиход,
Алт, мөнгөөр урласан гоёмсог шатар, толгойн гоёл, цацлын халбага нүдэнд туссан юм. Энэ бол үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй “Дуут урлан”-ийн асар байв.
Тус урлангийн эрхлэгч Г.Баярхуяг, “Манай урлан 1992 оноос хойш Монголын үндэсний өв соёл, гар урлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид үрэгдээд алга болох биш, үе дамжин хадгалагдах, үр хойчдоо өвлөгдөх үнэт эдлэл бүтээдэг.
Одоогоор алт, мөнгө, зэс, гууль зэргийг ашиглан 34 төрлийн шатар урлаад байна. Манай урлангийн хамт олон шатрын загвар гаргахдаа эртний үлгэр домгийг ашигладаг.
Үүний нэгэн жишээ бол эртээ урьдын цагт хэмээн эхлэх "Болдоггүй бор өвгөн"-ий үлгэр. Нисдэг бор морь, болзоотын бор толгой, хан хурмаст, түүний туслахуудын төрхөөр хэлбэр хийцийг нь маш уран нарийнаар дүрслэн урласан байгаа. Мөн Атила хаан, Чингис хаан, Мандухай цэцэн хатан, Уран бэрийн нүүдэл зэрэг үлгэр домог, түүхийг шатрын хөлөгт буулгасан” гэв.
Мөн бидэнд цацлын халбагаар энерги сэргээх аргыг зааж өгсөн юм. Тодруулбал,
Хоёр хөлөө нийлүүлж, гараа салаавчлан, алгаа дээш нь харуулан зогссоны дараа гар дээр зөөлөн дарахад тухайн хүн урагш алхах эсхүл тэнцвэрээ алдаж байвал энэ нь энерги муутай байгааг илтгэдэг аж. Түүнээс гадна энерги муутай хүний алган дээгүүр нь цацлын халбагыг нар зөв есөн удаа тойруулахад энерги нь буцаж сэргэдэг байна.
Ийнхүү бид тус урлангийн эрхлэгчтэй ярилцаж дууссаныхаа дараа өөр нэгэн асрыг зорилоо.
Бидний анхаарлыг татсан дараагийн урланд Монголын өв соёлыг хадгалсан үндэсний дээл хувцас, малгай бүс, хантааз мөн хонины нэхийгээр хийсэн хэтэвч, тэлээ зэрэг олон зүйл харагдана. Үндэсний үйлдвэрлэгч Ю.Тэгшжаргал бидэнд өөрийн гараар бүтээсэн бүтээгдэхүүнээ бахархалтайгаар тайлбарлана. Тэрбээр,
“Миний хувьд хонины нэхийгээр суудлын бүрээс, дээлний дотор, хүүхдийн бойтог гэх мэт зүйлийг хийдэг. Харамсалтай нь нийгэмд маш том буруу ойлголт байдаг. Тэр юу вэ гэхээр,
Хонины нэхийг жалганаас авч ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлээд, зардаг гэж ойлгодог. Гэтэл бид нэхийг тусгай боловсруулах үйлдвэрээс авдаг. Боловсруулах үйлдвэрээс гарч ирсны дараа олон шат дамжлагаар эцсийн бүтээгдэхүүн болж, хэрэглэгчдийн гарт хүрдэг. Тиймээс буруу ойлголтоо засахыг бас үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжихийн чин сэтгэлээсээ хүсдэг” хэмээн ярив.
Энэ мэт олон, олон жижиг дунд үйлдвэрлэгчид үзэсгэлэнд оролцсон бөгөөд энэхүү үзэсгэлэн худалдааг цаашид жил бүр зохион байгуулахыг үзэсгэлэн худалдаанд оролцогчид болон үзэсгэлэнг зорин ирсэн иргэдийн зүгээс хүсэж байлаа. Учир нь үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлж буй хүмүүсийн нэгээхэн төлөөлөл нь үндэсний үйлдвэрлэгчид юм.
С.Гүндэгмаа