БАЙР СУУРЬ: Эдийн засгийн тооцоолол хийгдээгүй ч “Хүүхэд хөгжлийн 30 мянган төгрөгийн дэмжлэг“ төсөвт дарамт үүсгэхгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 10 секунд

УИХ дахь Ардчилсан намын нэр бүхий 21 гишүүн "Хүүхэд хөгжлийн карт" олгох хуулийн төслийг боловсруулж эхлээд буй. Тодруулбал, 6-18 насны хүүхдүүдийг соёл, спортын сургалтад хамруулах зорилгоор сар бүр 30 мянган төгрөгийн дэмжлэгийг төрөөс үзүүлнэ гэсэн заалтыг төсөлд тусгажээ. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрөөс эхлэн УИХ-ын гишүүн Х.Баттулга тэргүүтэй төсөл санаачлагч зарим гишүүд олон нийтэд сурталчлан таниулах үйл ажиллагааг зохион байгуулсан билээ.

Улс төрийн хүрээнд уг шийдэл нь Ардчилсан нам орон нутгийн сонгуулийг угтаж иргэд, сонгогчдын итгэлийг олж, оноо авах гэсэн арга хэрэгсэл хэмээн шүүмжлэх болсон бол харин эдийн засагчид төсвийн зардлыг томруулсан, эрсдэл бүхий тооцоололгүй "поп" амлалт хэмээн үзэж байгаа аж.

Иймд бид хуулийн төсөл санаачлагч болон дэмжигч УИХ-ын гишүүдээс дараах байр суурийг авлаа.

ХАТУУ ДЭД БҮТЭЦ УГСАРСАН МАН АМЖИЛТАД ХҮРЭЭГҮЙ. АРДЧИЛСАН НАМ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН ЗӨӨЛӨН ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОНО

УИХ-ын гишүүн Б.Түвшин: Нийгмийн амьдрал бүхэлдээ стресстэй, иргэд бүсээ чангалаад хэцүү байна. Ийм нөхцөл байдлаас ирээдүй болсон хүүхдүүдээ авч гарах гол арга зам нь тэднийг урлаг, спортоор хичээллүүлж, хөгжлийг нь дэмжих явдал. Өнөөдөр спортоор тогтмол хичээллэж чаддаггүй байдлаас болж хүүхдүүдийн дунд өвчлөл маш хүнд байна. Өнгөрсөн хугацаанд эрх баригч МАН хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэхдээ дандаа хатуу дэд бүтцийг бий болгож ирсэн. Жишээ нь зам бариад түгжрэлээс салчихдаг байсан бол олон ч жилийг тууллаа. Харамсалтай нь хатуу дэд бүтэц угсарлаа гээд түгжрэл улам л нэмэгдсэн, нийгмийн амьдрал улам л дордсон.

Үүний эсрэг талд зөөлөн дэд бүтцийг бид бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл хүний хөгжлийг дэмжсэн зөөлөн дэд бүтцийг бий болгох юм. Түүний нэг нь хүүхдийн хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд спортын багш дасгалжуулагчдыг идэвхжүүлснээр хүүхдүүдийг урлаг, спортоор хичээллэх нөхцөлөөр нь хангаж өгнө. Сар бүр 30 мянган төгрөгийн карттай болсноор хүүхэд өөрөө энэ чиглэлд мөнгөө захиран зарцуулах эрхтэй болж, багаасаа санхүүгийн зөв төлөвлөлттэй болох давуу талтай.

Яах вэ, 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх асуудал яригдахаар нөгөө талд төсөвт дарамт учруулна, эх үүсвэр хүнд байна гэж ярьдаг. Гэтэл жил бүрийн төсвийн зарцуулалтын дийлэнх нь зам, барилга байгууламж руу шингэчихдэг. Цаана нь хүний эрүүл мэнд, хөгжлийн чиглэлийн төслүүд орхигддог байдал ужгираад удаж байна. Тиймээс үр ашиггүй зардлуудаа танаж, хүүхдийн хөгжлийг дэмжсэн төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

ӨСВӨР НАСНЫХНЫГ АМИА ХОРЛОЛТ, ГАНЦААРДЛААС САЛГАХ ГАНЦ АРГА НЬ "ХҮҮХЭД ХӨГЖЛИЙН КАРТ" БАЙХ БОЛНО

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Миний хувьд 2020 оноос хойш Монгол Улсыг таван удаа тойрч, "Мөрөөдөл мөхөхгүй" гэдэг сэдвээр өсвөр насны хүүхдүүдтэй уулзалт зохион байгуулсан. Гол асуудал нь манай улсын хүн амын дунд гарч байгаа амиа хорлолт дэлхийн улс орнуудаас гуравдугаарт эрэмбэлэгддэг юм билээ. Ялангуяа шилжилтийн насны хүүхдүүдийн дунд амиа хорлолт өндөр үзүүлэлттэй гардаг. Тиймээс учир шалтгааныг олохын тулд судалгаа хийсэн гэсэн үг. Ингэхэд өсвөр насны хүүхдүүдийн дунд ганцаардал их байдгаас хүссэн хүсээгүй тэд дэлгэцийн хамааралтай болж хувирдаг.

Гол асуудал нь тэдэнд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл хомс байна. Хэрвээ хүүхэд дуртай үедээ секц дугуйланд хамрагддаг болчихвол ганцаардах эмгэг эрс багасна. Спортоор хичээллэсэн хүүхэд сэтгэл зүйгээрээ эрүүлжихээс гадна бие бялдрын хөгжил сайжирч, эрүүл чийрэг өснө гэсэн үг. Бидний гаргаж буй урьдчилсан тооцооллоор улсын хэмжээнд 1.2 сая хүүхэд байгаагаас сургуулийн насны нэг сая орчим хүүхдүүд байгаа юм. Тэдэнд сар бүр 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр байгаа.

Одоогоор хуулийн төсөл боловсруулалтын шатандаа явж байгаа учраас намрын чуулган эхэлсний дараа эдийн засгийн тооцоолол, судалгаанууд хийгдэж илүү тодорхой болох юм.

ХҮҮХДҮҮДЭД ОЛГОХ 30 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ТӨСӨВТ ДАРАМТ БОЛОХГҮЙ

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Ардчилсан нам орон нутгийн сонгуульд "хүүхдэд ээлтэй хот, орон нутаг" гэсэн концепцтэй орж байгаа. Манай нам өнгөрсөн хугацаанд хүүхдэд ээлтэй бодлого, шийдвэрүүдэд анхаарч ирсэн. Тиймээс хүүхдийн хөгжлийг дэмжих нэг бодлого нь бидний боловсруулж буй төсөлд туссан 30 мянган төгрөгийн карт олгох явдал юм.

Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаагаас зарим нь 3 ээлжээр хичээллэж байгаа. Урлаг, спортын сургалтууд бага цагтай учраас санхүүгийн боломжтой эцэг эхчүүд хичээлээс гадуур төлбөртэй сургалтуудад хүүхдээ хамруулж байна. Үүнээс болж нийгэмд тэгш бус байдал бий болж байгаа нь нууц биш. Тиймээс хүүхэд бүрт хүртээмжтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нь манай намын гол зорилт юм. Энэ утгаараа сар бүр олгодог хүүхдийн мөнгөнөөс гадна 30 мянган төгрөгийн дэмжлэгийг төрөөс үзүүлдэг болох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

Бодит байдал дээр хүүхдийн 100 мянган төгрөг зарим айл өрхүүдийн амьжиргааны хэрэгсэл болж, хүүхдүүддээ хүрч чадахгүй байна. Тэгвэл сар бүр олгох 30 мянган төгрөгийн зарцуулалт, үр өгөөжийг тодорхой болгох үүднээс урлаг, соёл, спортын сургалтуудад хамрагдахад зарцуулдаг байх зохицуулалтыг төсөлд тусгаад буй. Бид ирэх оны төсөв намрын чуулганаар хэлэлцэгдэх үеэр саналаа оруулна.

Мэдээж төсвийн зарцуулалт үр дүнтэй, өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд рүү чиглэсэн байх ёстой учраас анхаарч ажиллана. Анзаарсан бол ирэх онуудад хэрэгжих мега төслүүдэд өндөр зардалтай, өгөөж муутай зүйлс ч харагддаг. Жишээ нь өөдөө тэмүүлэх гүүрийн байгууламж гэсэн сүртэй нэртэй бүтээн байгуулалт хэчнээн тэрбум төгрөгийн өртгөөр барихаар тооцож буй билээ дээ. Тиймээс сургуулийн насны хүүхдүүдэд сар бүр олгох 30 мянган төгрөгийн дэмжлэг төсөвт тийм ч их дарамт үүсгэхгүй гэж харж байгаа.

БИДНИЙ САНААЧИЛСАН ТӨСӨЛ МАН-ЫН ГИШҮҮДИЙН ХЭДЭН ИХ НАЯДААР ИДДЭГ ЗАРДЛААС ХАМААГҮЙ БАГА

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Зарим хүмүүс хүүхдүүдэд 30 мянган төгрөг тараах нь гэж ойлгоод шүүмжлээд байгаа юм билээ. Сард нэг удаа олгох энэ дэмжлэг нь зөвхөн тухайн хүүхдийг секц, дугуйланд хамрагдахад зориулагдсан картын үйлчилгээ хэлбэрээр байх юм.

Яагаад заавал секц, дугуйлан гээд байгаа вэ гэхээр хаа байсан Исланд гэдэг улсад ажилгүйдэл, архидалт хавтгайрчихсан байхад нь энэ аргыг нэвтрүүлснээс хойших 20 жилийн дараа мэргэжлийн тамирчин биш зүгээр л нэг сургуулийн тогооч, нягтлан хүн шигшээ багт орж тоглоод олимпоос медаль авсан байдаг. Бидний өнөөдөр санаачлаад байгаа хуулийн төслийн нэг давуу тал нь нийгэмд үүссэн архидалт, амьдралын буруу дадлыг зөв болгож засах, залуучуудаа хөгжүүлэхэд л байгаа юм.

Харин төсвийн тооцооллыг бид яаж ч хийж болно. МАН-ынхан хэдэн их наядаар тоологдох төсвөөс жил бүр л хулгай хийж байгаа. Бидний санаачилсан 30 мянган төгрөгийн хамгийн хямд зардалтай төсөл төсөвт байхгүй.

ЗӨВЛӨМЖ: Хүүхдийн гэдэс дүүрэлтийг хэрхэн арилгах вэ
ЗӨВЛӨМЖ: Хүүхдийн гэдэс дүүрэлтийг хэрхэн арилгах вэ
 
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!