Намар цагийг чимдэг өнгөнүүдийн нэгээхэн хэсэг нь “Алтан намар”. Уламжлал ёсоор 19 дэх жилээ угтаж буй уг өргөтгөсөн худалдаагаар нийслэлийнхэн хамгийн хямд ногоог бөөний үнээр авах боломжтой. Иргэд ч намрын налгар өдрүүдэд амжиж шинэ ургацын ногоогоо нөөцлөхийг зорьдог. Харин хүйтний эрч чангарах сургаар ногооны үнэ нэмэгддэг нь бичигдээгүй хууль. Иймд шинэ ургацын ногоо ямар үнэтэй байгааг сурвалжиллаа.
Энэ жилийн хувьд нийслэлийн 21 байршилд “Намрын ногоон өдрүүд” буюу “Алтан намар-2024” үзэсгэлэнг зохион байгуулж буй. Бидний мэдэхээр жил бүр Ялалтын талбай буюу “Тэнгис” кино театрын урд байсан шинэ ногооны асрууд барилгачдын талбай руу нүүжээ. Шинэ байршилд очиход хөл хөдөлгөөн урьд жилүүдийнхээс илүү сийрэг байгаа дүр зурагтай. Харин толгой өндийх завгүй шахам байдаг худалдаачдын зүгээс энэ жил хүн багатай байгааг байршил өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж байлаа.
Тэдний нэг Сэлэнгэ аймгийн тариаланч, “Олон жил шинэ ногооны өргөтгөсөн худалдаанд оролцдог болохоор таньдаг, байнгын үйлчлүүлэгч их болсон. Харин худалдан авагчид урьд жилүүдийнхээс цөөн байна. Өмнө нь Ялалтын талбайд байхад хүний хөл тасардаггүй байсан ч энэ жил байршил өөрчлөгдөөд хүмүүс тэр бүр мэдэхгүй байгаа бололтой” гэлээ.
“Алтан намар” өргөтгөсөн худалдаа 11 сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх бол Ялалтын талбайд ирэх сарын 1 хүртэл асрууд байрлах аж.
Өглөө, оройд хацар хайрч, хавирга жиндэхээр болсон намрын энэ өдрүүд удахгүй ард хоцорч, шинэ ногоо ч нүдний гэм болно. Сэрүү орохтой зэрэгцэн ногооны үнэ тэнгэрт хадаж, харин худалдаачид үүнийгээ өвөлтэй холбон тайлбарладаг нь нууц биш. Бүр зарим ногоочид асартаа төмс килограмм тутамд 500 төгрөг, ногоон сонгино 1000 төгрөг, лууван 500 төгрөг, брокколи 1000 төгрөгөөр тус тус нэмсэн нь чоно борооноор гэгчийн үлгэр болжээ.
Тэгвэл “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд гарч буй ногооны килограмм тутмын үнэ ханшийг сонирхоход,
- Төмс: 1000-1200 төгрөг
- Лууван: 2000-2500 төгрөг
- Байцай: 1000-1500 төгрөг
- Шар манжин: 2000-2500 төгрөг
- Сонгино: 2500-3000 төгрөг
- Брокколи: 8000 төгрөг
- Улаан лооль: 4500-13000 төгрөг
"Намрын ногоон өдрүүд"-ийг өнгөрсөн жилийн есдүгээр сартай харьцуулбал, төмс килограмм нь 500-1800 төгрөгийн хооронд зарагдаж байсан үетэй харьцуулахад нэмэгджээ. Харин лууван, манжин, байцааны үнэ хямдарсан байна. Жишээ нь, лууван кг нь 2400 төгрөгөөс эхэлж байсан бол энэ жил 2000 төгрөгөөс эхэлж байна. Мөн манжин 1000 төгрөгөөр хямдарч кг нь 2000 төгрөг болжээ. Байцаа кг нь хамгийн хямд нь 1500 байсан бол 1000 болж буурсан байна. Энэ жилийн хувьд ногооны үнэ ийн хямдрахад зуншлага сайн, ургац арвин байсантай холбоотой болохыг худалдаачид хэлж байсан юм.
Харин нийслэлийн статистикийн газраас 2024.09.16-нд гаргасан хүнсний ногооны дундаж үнийн мэдээллээр төмс 1437 төгрөг, байцай 1906 төгрөг, сонгино 3111 төгрөг, хүрэн манжин 2476 төгрөг байсантай харьцуулахад “Алтан намар” өргөтгөсөн худалдаанд борлуулагдаж буй ногооны үнэ дунджаас хямд байгаа юм.
Тариаланчид болон иргэд гараас гарт худалдан авалтаа хийдэг нь уг өргөтгөсөн худалдааны үнэ тогтвортой, хямд байхад нөлөөлж буй. Гэвч эрс тэс уур амьсгал, тариалалтад химийн бордоо ашигладаггүй зэргээс шалтгаалан Монгол ногоо хадгалалт даах чадвар сул байдаг тул хүйтний эрч чангарахтай зэрэгцэн нарийн ногооны үнэ өсөхийг худалдаа эрхлэгчдийн төлөөлөл хэллээ.
Худалдаа эрхлэгч А, "Уг үзэсгэлэнд Сэлэнгэ аймгийн Мандал сумаас ирж 8 дахь жилдээ оролцож байна. Байнгын худалдан авагчидтай, тэр ч бүү хэл жил бүр ирж ярилцлага авдаг сурвалжлагчтай ч болсон. Үнийн хувьд өмнө жилээс бараг өөрчлөгдөөгүй. Гэхдээ Монгол орны уур амьсгалын онцлогоос шалтгаалан газар дээр цочир хүйтрэл эхлэхтэй зэрэгцэн усан ногоо буюу өргөст хэмхээс эхлээд юуцай, бууцай, шанцай гэхчлэн навчит, нарийн ногоонууд түрүүлэн устаж эхэлдэг. Мөн бид хүнсний ногоо тариалахдаа янз бүрийн бордоо хэрэглэдэггүй учир импортолж буй ногоонуудыг бодоход монгол ногоо хадгалалт муу даадаг. Тиймээс бид том компаниуд шиг ихээр үйлдвэрлэх боломжгүй тул хүйтрэх үеэс эхлэн нарийн ногоонуудын үнэ өсдөг. Ургац хураалтын ажилтай залгаад хадлангийн ажил эхэлдэг. Урьд жилүүдтэй харьцуулахад хадлан сайн байгаа. Одоогоор 80,90 хувьтай явж байна" гэсэн юм.
Түүнчлэн өргөтгөсөн худалдаагаар шинэ ургацын ногоо, жимснээс гадна орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд ч мөн худалдаалагддаг. Зөгийн бал, жимсний чанамал, талх, өрөм гэх мэт өрхийн хэрэгцээний, өдөр тутмын бусад бүтээгдэхүүнүүдийг ч мөн эндээс авах боломжтой аж.
Худалдаа эрхлэгч, "Зөгийн аж ахуй эрхлээд 38 жил болж байна. Уг төрлийн аж ахуй нь хаана, ямар төрлийн цэцэг байна түүнийгээ дагаад оторлодогоороо онцлогтой. Цэцэг бүрээс гарсан зөгийн бал өөр өөр өнгөтэй байдаг. Жишээ нь хүрэн голдуу цэцэгтэй газраас хураавал тунгалаг бор зөгийн бал гардаг гэхчлэн. Тэгэхээр хаана гоё цэцэг байна түүнийгээ дагаад зөгийнүүдээ ачиж аваад л оторлодог. Намраас эхлээд хавар хүртэл оторлож балаа хураагаад хавартаа ийнхүү борлуулдаг.
Ногооны өргөтгөсөн худалдааны худалдан авагчид ногооны үнэ ханшийг бусад газруудаас хямд өмнө жилүүдийнхээс мэдэгдэхүйц өсөөгүй, сонголт арвин, олон цэгт байрладаг нь худалдан авалт хийхэд хялбар байдаг талаар хуваалцлаа. Иргэн “Жил бүр болдог болохоор өөрт ойрхон газраасаа байнга л ирж хүнсээ авдаг. Тариаланчдын гар дээрээс шууд Монгол ногоогоо авах сайхан байдаг. Ногооны худалдаа өсдөг энэ богинохон үед аль болох ногоо, жимс сайн хэрэглэж хүүхдүүддээ амин дэмтэй хоол өгөхийг хичээдэг дээ. Үнийн хувьд өмнө жилийнхээс өссөн эсэхийг сайн анзаараагүй ч бусад газраас арай хямд байна” хэмээн ярив.
Харин нэгэн худалдан авагч “Дөнгөж саяхан ирсэн ч хагас тор хүнсний ногоотой болчихлоо. Жил болгон хүнсээ энэхүү үзэсгэлэн худалдаанаас базаахыг хичээдэг. Хүнсний ногоо, жимс нь шинээрээ, органик байдаг болохоор сэтгэлд өег байдаг. Сонголт арвин, шинэ, амсаж үзэж авч байгаа нь бусад газраас давуу тал болдог” гэлээ.
Уг үзэсгэлэн худалдаа нийслэлийн хэмжээнд 9 дүүрэгт 21 цэгт зохион байгуулагдаж байна. Харин Чингэлтэй дүүргийн хувьд “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай, Зунжин бүс, Барилгачдын талбай гэх 3 байршилд асрууд байрлаж байгаа тул иргэд та бүхэн өөрт ойр байрлах цэгээс шинэ ургацын жимс, хүнсний ногоог авах боломжтой юм.
Б.Энхжин