НИТХ-ын ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн бүртгэл, бүртгэхээс татгалзсан хүмүүсийн асуудлаар Нийслэлийн Сонгуулийн Хорооны дарга П.Хадбаатартай дэлгэрэнгүй ярилцлаа.
БҮРТГЭХЭЭС ТАТГАЛЗСАН БАЙСАН 33 ХҮНИЙ 27 НЬ ДАХИН МАТЕРИАЛАА ИРҮҮЛСЭН
-Орон нутгийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн байна. Хуулиараа сонгууль болохоос 45 хоногийн өмнө нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулж шат шатны сонгуулийн хороодод материалаа хүргүүлсэн байх ёстой. Нийслэлийн сонгуулийн хороо хэчнээн нам эвслийн, нэр дэвших хүсэлт гаргасан хэдэн хүний материалыг шалгаж бүртгэлжүүлсэн гэдгээс яриагаа эхэлье?
-Анх НИТХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлт гаргасан 15 нам, 1 эвсэл байснаас 4 нам нэр дэвшигчдийнхээ материалыг ирүүлээгүй. Хуульд зааснаар нэр дэвшигчдийн материалыг бид есдүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хүлээж авсан. Материалууд ирснээс хойш 7 хоногийн дотор манай хороо холбогдох эрх бүхий байгууллагуудаас сонгуулийн хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагын дагуу тодорхойлолт, лавлагаа гаргуулан авч материалуудтай танилцсан.
Нийт 282 хүн материал ирүүлснээс 249 нэр дэвшигчийг бүртгэж тогтоол гаргасан бол 33 нэр дэвшигч хуульд заасан шалгуур хангаагүй байсан тул бүртгэхээс татгалзсан.
-Баасан гарагт буюу есдүгээр сарын 13-ны өдөр нэр дэвшигчдийн бүртгэлтэй холбоотой тогтоолоо танилцуулсан. Бүртгэхээс татгалзсан 33 хүн алдаагаа засаж дахин материалаа ирүүлж чадсан уу?
- Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 33 хүний 18 хүн нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй, 9 хүн бичиг баримтаа дутуу ирүүлсэн, 3 хүн өөрийн хүсэлтээр нэрээ татсан, нэг хүн авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон учраас Нийслэлийн Сонгуулийн Хороо хуулийн дагуу бүртгэх боломжгүй гэсэн тогтоолоо гаргасан. Гэсэн ч авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнээс бусад нь зөрчлөө арилгаад дахин сонгуулийн хороод хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй байсан.
Дахин хүсэлт гаргах хугацаа есдүгээр сарын 15-наар дуусгавар болсон байгаа. Энэ хугацаанд 27 хүн дахин материалаа бүрдүүлж өгсөн. Эдгээрээс нэг хүн өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзаж, үлдсэн гурван хүний оронд намуудаас нь өөр хүмүүсийг нөхөн нэр дэвшүүлсэн байна.
Сонгуулийн тухай хуулийн 19-р зүйлд Сонгуулийн хороо хуралдаанд оролцож буй гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргана. Гаргасан шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна гэж заасан байдаг. Үүний дагуу Нийслэлийн Сонгуулийн хороо татгалзаж шийдвэрлэсэн 33 хүний дахин ирүүлсэн болон, нөхөн нэр дэвшүүлж буй хүмүүсийн материалыг шалгаж, албажуулахаар ажиллаж байна.
АРДЧИЛСАН НАМ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР ЗОРИУД Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ ДЭВШҮҮЛЖ СОНГУУЛИЙН ХОРОО РУУ ДАЙРСАН
- Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтээ гаргасан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг нарыг бүртгэхээс татгалзсан байсан. Нийслэлийн Ардчилсан нам улс төрийн зорилгоор хоёр нэр дэвшигчийг нь бүртгэхээс татгалзсан гэж үзэж буй. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Баасан гарагийн орой бид хэвлэлийн хурал зарласан. Тус хуралд Д.Мөнх-Эрдэнэ нийслэлийн намын дарга болоод гишүүдтэйгээ ирж хурлыг үймүүлсэн. Иргэд, сонгогчдыг мэдээлэл авах боломжоор хангаагүй. Нэгэнт нэр дэвшигч маань өөрөө олон нийтэд хувийн мэдээллээ ярьсан учраас хүний хувийн нууцтай холбоотой гэж үзэхгүйгээр тодорхой тайлбар өгөх нь зүйтэй байх.
Д.Мөнх-Эрдэнийн тухайд бичиг баримтуудаа ирүүлсэн. Түүн дотор Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн нэг баримт, нөгөөх нь И-Монголын цахим лавлагаанаас гарсан хоёр баримт байгаа. Түүний нэг нь Эрүүгийн хуулийн 22.1-д холбогдох заалтаар Эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэсэн тодорхойлолт байсан. Нөгөө лавлагаа нь одоо ял эдэлж байгаа гэсэн лавлагаа.
Эндээс харвал, Сонгуулийн тухай хуулийн 28.8-д Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж байсан этгээдийг сонгуульд нэр дэвшихийг нь хориглоно гэж заасан байгаа. Эрүүгийн хуулийн 22-т Авлига, албан тушаалын гэмт хэргийн зүйлчлэл бүхлээрээ багтдаг.
Тиймээс Д.Мөнх-Эрдэнийн хувьд Эрүүгийн хуулийн 22-р зүйлээр шийтгүүлсэн тогтоол, одоо нэмэгдэл ял нь хэрэгжээд явж байгаа.
Үүнийгээ Ерөнхийлөгч надад уулчлалт үзүүлсэн гэж тайлбарлаад байгаа. Уучлалт үзүүлэхэд ямар асуудал яригддаг вэ гэхээр хорих ял эдэлж байгаа хүн өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн өргөдлөө Ерөнхийлөгчид гаргадаг. Харин уучлалт үзүүлэх эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхээр шийдвэрлэгддэг учраас Д.Мөнх-Эрдэнийн биеэр эдлэх ялыг нь уучилсан.
Биеэр эдлэх ялыг уучилсан ч түүний дараагаар нэмэгдэл ялын хугацаа тоологдож эхэлсэн. Энэ ялынх нь хугацаа тоологдоод үргэлжилж байгаа гэсэн үг. Хуульчид, эрх зүйн оюутнууд ч шийтгэх тогтоолыг нь харж уншихад л ойлгомжтой зүйл. Хэрэгтнийг уучилна, өршөөнө, цагаатгана гэдэг бүгд өөрийн гэсэн эрх зүйн үр дагавар, утга тайлбартай зүйл. Тиймээс Д.Мөнх-Эрдэнэд шүүхээс оноосон тэнсэн харгалзах ял хянагдаад тоологдоод явж байна.
Ийм ойлгомжтой асуудал байхад түүнийг намаас нь зориуд нэр дэвшүүлсэн гэж ойлгож байгаа. Улс төрийн намууд сонгуулийн хуулийг сайн мэднэ. Авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан хүнийг нэр дэвшүүлэхийг хориглодог гэдгийг бүр сайн мэднэ. Гэсэн атал Нийслэлийн сонгуулийн хороо эрх баригчдад үйлчилж байна, ашиг сонирхлын зөрчилтэй гэх зэргээр гүтгэн доромжлоод байгаа. Тэр ч бүү хэл Үндсэн хуулиас дээгүүр эрхтэй Нийслэлийн Сонгуулийн хороо гэх зэргээр дайрч байна.
Үндсэн хуульд 18 нас хүрсэн МУ-ын иргэн сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Үүнийг хориглодог заалтууд бас байж байгаа шүү дээ. Тухайн хүн гэмт хэрэг үйлдээд хорих ял эдэлж байгаа бол нэр дэвшүүлэх хориотой. Тиймээс Ардчилсан намаас нэр дэвшигчид үүнийг мэдсээр байж олон нийтэд биднийг харлуулж байгаад харамсаж байгаа.
АРДЧИЛСАН НАМААС Д.МӨНХ-ЭРДЭНИЙН ОРОНД н.ХАЯНХЯРВАА ГЭДЭГ ХҮНИЙГ НЭР ДЭВШҮҮЛСЭН
- Д.Мөнх-Эрдэнийн оронд намаас нь өөр хүн нөхөн нэр дэвшүүлсэн үү, түүнтэй хамт татгалзаж шийдвэрлүүлсэн Ц.Эрдэмбилэг яасан бэ?
-Ардчилсан намаас Д.Мөнх-Эрдэнийн оронд н.Хаянхярваа гэдэг хүнийг дэвшүүлсэн. Харин Ц.Эрдэмбилэгийн хувьд татварын өргүй гэсэн лавлагаагаа гаргуулж өгсөн учраас дахин хүсэлтээ гаргасан байна.
Х.НЯМБААТАР ДАРГА БИД ХОЁР НЭГ АНГИЙН НАЙЗУУД БИШ, БАГШ ШАВЬ ХОЁР Л БАЙСАН
-Таныг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын их сургуулийн нэг ангийн найзууд байсан учраас сонгуулийн хороог ахалж байгаа нь ашиг сонирхлын зөрчил үүсэж байна гэж Ардчилсан намаас эсэргүүцэх болсон. Энэ үнэн үү?
-Би 2002 онд Орхон их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хотын даргын хувьд 2000 онд төгссөн байдаг. Намайг гуравдугаар курст орох жил Х.Нямбаатар дарга багшилдаг байсан. Тэгэхээр бид хоёр нэг анги биш. Нэг сургуулийн багш шавь хоёр л байсан.
-Нам, эвсэл, иргэн хэн ч байсан хардах эрх нь нээлттэй. Гэхдээ үнэхээр хардаж байгаа бол хуулийн байгууллагад өгөөд л шалгуулчих хэрэгтэй. Дараа нь томилоод явуулсан гээд байгаа байгууллага руу нь тат гэдэг хүсэлтээ өгчих гэж хэлье.
Миний хувьд эсрэгээрээ зарчмаа баримтлах ёстой гэж үздэг хүн. Хэн нэгэн орилж хашгарснаараа бүх юмыг дийлнэ гэж байхгүй. Сонгуулийн хорооны гаргаж байгаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байвал бүртгэхийг даалгах талаар захиргааны хэргийн шүүхэд хандаж болно. Захиргааны хэргийн шүүх бидний шийдвэрийг зөв, буруу эсэхийг шийднэ.
Гэтэл сонгууль шударга болохгүй байна, сонгуулийн хороо хуулийн дагуу ажиллаж чадахгүй байна гэх мэтээр дүгнэлт хийгээд яваад байгаа нь утгагүй зүйл. Ардчилсан намын нэг хүнийг хуульд заасан шаардлага хангахгүй байгаагийнх нь төлөө нэр дэвшүүлэхээс татгалзахад яагаад Нийслэлийн Сонгуулийн хороо тэдэнд таалагдахгүй болчхоод байгаа юм. Яагаад сонгуулийг будилаантуулна гэж бодоод байгаа юм гэж тэр хүмүүсээс асуумаар байна.
Би өөрөө нам бус, төрийн захиргааны алба хаагч хүн. Хуульд захирагдаж, хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна. Сонгуулийг будилаантуулбал энэ чинь гэмт хэрэг шүү дээ. Олон жил хуулийн байгууллагад ажилласан эрх зүйч хүний хувьд энэ зэргийн юмыг ялгах хэмжээнд бий. Атал Ардчилсан нам өөрсдийнхөө үзэмжээр Х.Нямбаатар засаг дарга бид хоёрыг нэг ангид хамаатуулж, нэг байгууллагад дагаж очдог гэдэг асуудал ярьж явааг нь ойлгохгүй байна.
Төрийн албанд олон ч нэг ангийн найзууд, нэг сургуулийн хүүхдүүд дарга цэрэг болчихсон ажиллаж л байдаг шүү дээ. Мэргэжил эзэмшсэн салбартаа таарч, хамтарч ажиллах нь байдаг л зүйл. Тэр бүгдийг холбоод шүүмжлээд явах нь өөрөө утгагүй зүйл.
Би 2015 онд Баянгол дүүргийн ахлах байсан. 2009 онд ХУД-ийг хариуцаж ажиллаж байсан. Тэр үед Х.Нямбаатар дарга СХД-т л байсан. Ийм байхад би юугаар тэр хүнтэй холбогдсон байх вэ гэдэг нь хачин. Дараа нь 2020 оны сонгуулийн дараа ЗГ шинээр байгуулагдахад Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдаар очсон. Төрийн албан хаагчдыг хооронд нь сэлгэн ажиллуулж болох хуультай учраас түүний дагуу л явж ирсэн.
Төрийн албаны тухай хуулийн 44.1-р зүйлийг харвал тодорхой заасан байгаа. Төрийн байгууллагууд удирдлагын албан тушаалтнаа хооронд нь шилжүүлж, зохицуулалт хийж болно. Ингэхдээ юуг нь үндэслэж шалгуур болгох вэ гэдэг зүйл нь бий. Төрийн алба хаасан хугацаа, удирдлагын зэрэглэл, тухайн хүн мерит зарчмаараа явсан байгаа эсэхийг харна гээд шалгуурууд байдаг. Тэр шаардлагуудыг хангаж чадсан хүмүүс л хоорондоо шилжилт хөдөлгөөн хийдэг.
Нийслэлийн Сонгуулийн Хороог ахалж байгаа хүний хувьд аль нэг намын талд шийдвэр гаргах гэж энэ ажлыг хийгээгүй гэж хэлмээр байна. Сонгуулийг хуулийнх нь дагуу явуулах нь миний үүрэг.
Д.МӨНХ-ЭРДЭНЭ СОНГУУЛИЙН ХОРООНЫ ХУРЛЫГ ҮЙМҮҮЛЖ БОХИР УЛС ТӨРӨӨ ХИЙСЭН
-Д.Мөнх-Эрдэнийн танай хэвлэлийн хурлын үеэр илэрхийлсэн байр суурийг та хуульч, эрх зүйчийн хувьд юу гэж харж байгаа вэ?
-Ёс зүйгүй, дураараа авирласан бохир улс төр гэж харж байгаа. Нийслэлийн Сонгуулийн хороо хэвлэлийн хурал зарлачхаад байхад шууд дайрч орж ирээд хүний хувийн орон зайд халдаж, янз бүрээр доромжилсон. Ардчилсан нам ямар ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа вэ гэдэг нь олон нийтэд харагдаж байгаа шүү дээ. Хамааралгүй хүмүүсийг нэг анги гэж яриад, Нийслэлийн Сонгуулийн хороо нэг талд үйлчилж байна гэх мэтээр харлуулах ажлууд хийсэн.
Тодорхой хэлэхэд, Д.Мөнх-Эрдэнийн хувьд анхнаасаа дэвших боломжгүй байсан. Гэтэл нам нь энэ хүнээ дэвшүүлээд сонгуулийн хороо руу нэрийг нь оруулж ирсэн гэдгийг дахин хэлье.
-Зориудаар гэсэн үг үү?
-Ойлгомжтой шүү дээ. Сонгуулийн хуульд нэр дэвшигчээр бүртгэхийг хориглосон заалтыг мэдсээр байж ямар ч боломжгүй хүнийг дэвшүүлж байгаа нь хачирхалтай. Сонгуулийн хороо бүртгэж авахгүй гэдгийг сайн мэдэж байсан.
Гэтэл хуулийг өөрсдөдөө ашигтайгаар тайлбарлаад байгаа юм. Сонгогдох томилогдох эрх, нийтийн албан тушаал тийм байдаг гэх зэргээр гуйвуулж дайраад байгаа юм. Хуулиа өөрсдөө уншчих гэж хэлмээр байна. Би тэдэнд эрх зүйн хичээл заах үүрэгтэй ч биш. Хуулиа тайлбарладаг газраар нь тайлбарлуулаад явах хэрэгтэй. Үндэсний эвслийн Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвшиж сонгогдсон гээд жишээ татаж яриад байх шиг байна лээ. Түүнийг нэр дэвшигчээр бүртгэ гэсэн шүүхээс нь очиж асуух нь зөв. Шүүгч өөрийнхөө гаргасан шийдвэрийг тайлбарлах үүрэгтэй шүү дээ. Гэтэл түүнийг сонгуулийн хороо толгой мэдээд шийдчихсэн юм шиг яриад байгаа нь зохимжгүй үйлдэл.
Ер нь Д.Мөнх-Эрдэнэ гэдэг хүн удаа дараа төрийн албан хаагчдыг дандаа хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилдог. Энэ хүний нүдэнд төрийн албан хаагчид зүгээр сууж харагддаг юм шиг.
Нөгөө талаас бид өөрсдөө тэр хүнийг давраачхаад байна шүү дээ. Өрөө тасалгаанд нь дайрч орж ирээд хойд өрөөг нь ороод л ухаж байдаг. Гэтэл өөдөөс нь юу ч хэлдэггүй. Хэн дуртай нь төрийн албыг амныхаа зоргоор доромжлоод ажилд нь саад учруулаад байж болохгүй. Зарим үед өөрсдөө гаргаагүй шийдвэрүүдэд хүн юу гэж тайлбар өгөх юм. Тэгэхэд хүчээр тайлбар авах гэж лайв хийгээд дайраад байж болохгүй.
Цаана нь ямар ч сэтгэл зүйтэй хүн байгаа юм билээ мэдэхгүй шүү дээ. Айж сандарсандаа бие нь тавгүйрхэнэ. Ухаан алдаж унана. Нэг бол сандарсандаа өөрийг нь цохиод дэлсээд авна. Үүнээс болоод лайвдаж байсан нөхөр нь өөрөө цохилуур нь таараад үхчихвэл яах юм. Хүн амины хэрэгт орно шүү дээ. Цаана нь төрийн албан хаагчийн л буруу болж хохироод үлдэнэ. Өнгөрсөн баасан гарагт тиймэрхүү л нөхцөл байдал руу турхираад байна лээ. Таны зүрх зүгээр үү, халуун цай уу гэх зэргээр доромжилж байна лээ. Бүдүүлэг үйлдэл л дээ.
НЗДТГ-ЫН ДАРГЫН АЛБАН ТУШААЛАА БАТАЛГААЖУУЛАХЫН ТУЛД ТӨРИЙН АЛБАНЫ ТУСГАЙ ШАЛГАЛТ ӨГӨХ ЁСТОЙ Ч АМЖИХГҮЙ ЯВНА
-Таныг НЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр өнгөрсөн долоодугаар сард томилогдсоныг мэдэх юм. Ер нь жинхэлсэн үү?
-Төрийн албаны тухай хуульд түр орлон гүйцэтгэгчийг хавсран гүйцэтгэх гээд зохицуулалт байдаг. Хамгийн ойр байгаа албан тушаалыг хавсруулж болно гээд. Тэгэхээр миний үндсэн албан тушаал нийслэлийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга. Төрийн албаны тухай хуулиар бол энэ нь эрхэлсэн түшмэл гэж явдаг. Одоогийн НЗДТГ-ын албан тушаал бол тэргүүн түшмэлийн ангилал, зэрэглэлд хамаардаг. Эрхэлсэн түшмэлд хамаарах албан тушаал хооронд шууд шилжин томилогдож болдог. Харин тэргүүн түшмэлийн албан тушаал руу шилжихийн тулд төрийн албаны тусгай шалгалт өгөх ёстой. Томилгоо маань өнгөрсөн долоодугаар сарын 03-нд болсон байдаг. Наадмын өмнө болж таарсан. Төрийн албаны тусгай шалгалт өгөх учраас шууд НЗДТГ-ын дарга гэж томилогдож болохгүй. Хэрэв шууд жинхэлсэн бол хууль зөрчинө шүү дээ.
Тиймээс төрийн албаны тусгай шалгалтын тов зарлагдаж, сонгон шалгаруулалт хийгдэх ёстой. Үүнийг ТАЗ зохион байгуулна. Ингэхийн тулд салбар зөвлөлөөс бичгээ хүргүүлэх юм.
НЗДТГ-ын дарга Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны нарийн бичгийн даргын ажлыг гүйцэтгэдэг. Зохион байгуулалтын гол ажлыг хариуцаж ажилладаг учраас тэр үед төрийн албаны тусгай шалгалтыг зохион байгуулах хугацааны хувьд боломжгүй байсан. Ингээд наадмын дараа төрийн албаны зөвлөлийн гишүүдийн ээлжийн амралтын үе таарсан. ТАЗ-ийн хурал ирц бүрэн байх ёстой учраас амралтаа авсан алба хаагчдын ажилдаа орох хугацааг хүлээнэ гэх зэргээр тусгай шалгалтыг зохион байгуулах нөхцөлийн хувьд боломжгүй зүйлс байсан.
Одоо бол сонгуультай холбоотойгоор зохион байгуулах ажлууд цаг давчуу, шахуу явж байгаа учраас нөхцөл байдлын хувьд завсараар нь шалгалт өгөх ямар ч боломжгүй яваад байгаа юм.
Тиймээс төрийн албаны хуулиараа түр орлон гүйцэтгэгчийн ажлыг хавсарч гүйцэтгэж байгаа гэсэн үг. Дараагийн шатанд очихын тулд дунд нь шалгалт өгөх юм. Төрийн албаны шалгалт нээлттэй явагдана. Сонгон шалгаруулалт явагдах ёстой. Шалгалтаар хамгийн өндөр оноо авсан нь гарч ирдэг тийм л хуулийн зохицуулалттай юм.
-Нийслэлийн Сонгуулийн хорооноос тогтоол танилцуулсан өдрийг болон, давтан материал авах хугацааг амралтын өдрөөр тааруулсан нь тохиолдлынх биш, зориуд тааруулсан гэж Улс төрийн хүрээнд намууд шүүмжилж байгаа шүү дээ?
-Сонгуулийн хороо нам эвслүүдийг бүртгэх, нэр дэвшигчдийн материалыг хүлээж авч, шийдвэрлэх хугацааг тогтоох боломжгүй. УИХ-аас тогтоол гаргаж сонгуулийн товыг зарладаг хуультай. Түүний дагуу л бид ажиллаж байгаа. Гэтэл зарим иргэд маань сонгуулийн хороо зориудаар нэр дэвшигчдэд боломж олгохгүй амралтын өдрийг тааруулж хавчиж байна гэх мэтээр шүүмжилж байна. Тийм биш.
-Бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн 33 хүний 4 хүн нь МАН-аас нэр дэвшигчид байсан гэдэг мэдээлэл бий. Хуулийн ямар шалгуурыг хангаагүй юм бэ? нэрсийг нь хэлж болох уу?
-Сонгуулийн хуулиараа нэр дэвшигчдийг баталгаажуулж, үнэмлэхийг нь гардуулахдаа нэрсийг нь албан ёсоор танилцуулдаг. Татгалзсан хариу авсан дээрх дөрвөн хүний тухайд нэг нь өөрийн хүсэлтээр нэр дэвшихээс татгалзаж, баримт бичгийн бүрдэл дутуу байсан нэг хүнийг намаас нь нэр дэвшүүлэхээс татгалзсан тул тухайн хоёр хүний оронд өөр хүмүүсийг нөхөн нэр дэвшүүлсэн байна. Үлдсэн хоёр нь татварын өртэй байсан учраас алдаа зөрчлүүдээ арилгаж дахин материалаа хүргүүлсэн.
Татварын өртэй хоёр хүний нэг нь дөрвөн мянган төгрөгийн өртэй байсан. Гэсэн ч хууль учраас бид татгалзаж шийдвэрлэсэн.
-Нэр дэвшигчдийн үнэмлэхийг хэзээ олгох вэ?
-Хуульд зааснаар сонгуулийн өдрөөс 15 хоногийн өмнө нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах ёстой. Бидний төлөвлөж байгаагаар есдүгээр сарын 26-нд үнэмлэхээ гардуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!