УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр цахим хуудастаа дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Манай улс “журам”-ын улс болсон байгааг дараах тоо илэрхийлнэ. Хуулиасаа хэд дахин их журамтай болсоны гор нь авлига, хүнд суртал, дур зорго, дураар авирлал, хүний эрхийн зөрчлүүд, залхуурал, мэдээлэлгүй, хаалттай, ойлгомжгүй байдлууд гээд үргэлжилнэ.
Дүгнэлт:
1. Эрх мэдэл хуваарилах зарчимд ганхалт үүсгэсэн. Дэлгэрэнгүй, процесстой, ойлгомжтой хууль тогтоох ажиллагаа байхгүй болсоноос үүдэлтэйгээр гүйцэтгэх эрх мэдэл хэрэг дээрээ журмаар дамжуулж хууль тогтоох буюу ард түмний засаглах эрхийг шилжүүлж авсан.
2. Нэн тодорхой хүрээ, хязгаар, хугацаа нөхцөлтэйгээр л гүйцэтгэх эрх мэдэлд журам батлах эрх хуулиар олгодог хууль баталж, тэрэндээ хууль тогтоогч, ажлын хэсгүүд суралцах, барьж ажиллах шаардлага үүссэн. “Журмаар зохицуулна” гэдэг заалттай хууль батлахаас шуудхан хэлэхэд хууль тогтоогчид өөрсдөө татгалз.Та ард түмний төлөөллийн эрхийг тийм эрхгүй гүйцэтгэх эрх мэдлийн нэг даргад үүгээрээ шилжүүлж буйгаа ойлго.
3. Мэдлэггүйдэл ба залхуурал. Судалгаа муутай, яарсан сандарсан, чадавх сул хүний гараар орсон хуулийн төслүүд ихэнхдээ олон журмууд цаашаа батлагдахаар бичигдсэн байдаг. Наян журам(нээрэнгээсээ) батлах заалттай хуулиуд батлагддагын учиг ийм.
4. “Мэдлэгтэй”, санаатайгаар журам батлах эрх авдаг. Голдуу төсөв дагуулж, тендер, концесс, татвар, өмч гэх мэт төсвийн хөрөнгийг хяналт муутайгаар захиран зарцуулах асуудал дээр. Үүнийг Засгийн газрын түвшинд Сангийн яам 88 журам, Санхүүгийн зохицуулах хороо 66 журам, Монгол банк 36 журмаар улс орны санхүү, эдийн засгийг зохицуулж буйгаар харж болно.
5. Журмын шүүрдэлт явагдах учиртай. Хууль зүйн салбар ч хэдэн зуун журамтай болчихсон. Бүгдийг нь шүүрдээд талыг нь хүчингүй болгоод эхэлчихсэн. Энэ ажил үргэлжлэх учиртай. Журам дотор л дур зорго, журам дотор л “танхайрал”, журам дотор л хүний эрхийн зөрчил, журам дотор л авлига битүү шигдсэн. Журам шүүрдэх тийм ч амархан ажил биш. Парламент, гүйцэтгэх эрх мэдлийн хамтын, хүч тавьсан ажлын үр дүн байх болно" гэв.