Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Эх нялхаст өдөрт 20-30 хүүхэд хатги, буглаа болон шумуулд хазуулснаас үүдэж мэс засал хийлгэж байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 16 секунд

Эх хүүхдийн эрүүл мэндийн төв... Энд тэндгүй л хүүхдээ тэвэрсэн, хөтөлсөн ээж аавууд эмнэлгийн тусламж авахаар оочир дараалан зогсоно.

Сүүлийн үед ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгаар үйлчлүүлэх хүүхдүүдийн тоо эрс нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, өдрийн хагалгаанд маш олон хүүхэд орж, хатги, буглаагаа нээлгэдэг аж. Тэр ч бүү хэл шумуулд хазуулсан гэх хүүхдүүд ч идээт буглаагаа нээлгэхээр ээлжээ хүлээдэг байна. Иймд UBN.mn сайт энэ удаагийн сурвалжилгаараа эцэг эхчүүд болон уншигч та бүхний эрүүл мэндийн боловсролд зориулж, бидний төдийлөн ач холбогдол өгч анхаараад байдаггүй хатги, буглааг хэрхэн эмчлүүлэх болох хэзээ анхаарах шаардлагатай талаар зөвлөгөө мэдээлэл өгөхөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

ЭХЭМҮТ, Хүүхдийн ерөнхий мэс заслын тасаг

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгаар 7 хоногт дунджаар 160-170 хүүхэд буглаагаа нээлгэдэг байна. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 20-30 хүүхэд өдрийн хагалгаанд ордог гэнэ.

Өдрийн мэс засал нь хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй бөгөөд өдрийн хагалгаанд унтуулгатайгаар орохыг хэлдэг.

Биднийг тус тасагт очиход хэд хэдэн хүүхэд өдрийн хагалгаанд орохоор ээлжээ хүлээн, ээж, аавтайгаа сууцгааж байлаа. Зарим хүүхдийн бие дээр хатги гарсан бол зарим хүүхдийн бие дээр идээт буглаа үүсжээ. Бүгд л харилцан адилгүй шинж тэмдэгтэй байх ба насны хувьд ч харилцан адилгүй.

Хэдхэн сартай нярайн зулай дээр идээт үрэвсэл гарсан тул эмнэлэг бараадаж, хагалгаанд орохоор хоолоо сойно. Тодруулбал, унтуулгатай хагалгаанд орохын тулд хүүхэд ус, хоол юу ч идэж уухгүй бөгөөд ээлжээ хүлээсээр орой 17.00 цагт ч хагалгаандаа орох нь элбэг. Бас олон давтан гарсан идээт үрэвсэлтэй хүүхдүүд ч тэнд байлаа. Тэр бүх идээт үрэвслийг өдрийн хагалгаагаар нээхээс гадна нянгийн шинжилгээ авч, дахин гарах эрсдэлийг тодорхойлдог байна.

Эдгээр хүүхдийн биеийн байдлыг үзэж, зөвлөгөө тусламж өгөх нэгэн эмчийг Д.Чулуунхүү гэдэг. Д.Чулуунхүү эмч ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн Тэргүүлэх зэргийн мэс заслын эмч.

Тэрбээр хэдхэн сартай нярайн толгой дээрх буглааг харахдаа ээжийнх нь бие дээр хатги гардаг эсэхийг тодруулахад, ээж нь байнга хатги гардаг гэдгээ учирлав. Учир нь эцэг эхчүүд өөрсдөө бага насны хүүхдэдээ өвчин эмгэг тараах эрсдэлтэй, өөрөөр хэлбэл өвчний эх үүсвэр нь болох магадлалтай байдаг аж. Тодруулбал,

Ээж, аавууд хүүхдээ хооллохдоо амнаас ам дамжуулан халбагадаж хооллох үед амны хөндийн эрүүл бус байдал хүүхдэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэнэ. Бас дээр нь нярай хүүхэд хэт их хөлөрч, толгойгоо удаан хугацаанд үрснээс үүдэн толгой дээр идээт үрэвсэл үүсэж болдог талаар тайлбарлав. Харин нянгаар үүсгэгддэг идээт үрэвсэл нь бохироос үүддэг тул аль болох гарын ариун цэврийг сахихыг сануулж байлаа.

Иймд бид идээт үрэвслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Д.Чулуунхүү эмчтэй ярилцсан юм.

-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд арьс зөөлөн эдийн идээт үрэвсэл элбэг тохиолдож байна. Үүний шалтгаан нь юу вэ?

-Арьс салст болон арьсан доорх өөхөн эдийн идээт үрэвсэл үүсэх олон шалтгаан бий. Хамгийн нэгдүгээрт амны хөндийн эрүүл мэнд буюу ямар нэг нян, вирусын халдварууд, хоолой, гүйлсэн булчирхайн үрэвсэл, шүдний өвчин зэрэг нөлөөлдөг. Эдгээрээс болж хүүхдийн дархлаа муудаж, биеийн эсэргүүцэл сулрах үед биеийн аль нэг хэсэгт идээт үрэвсэл, идээт эмгэг гардаг.

Мэдээж хүүхдийн бие дээр энэ төрлийн идээт үрэвсэл гарсан тохиолдолд манай төв дээр ирж үзүүлээд, өдрийн мэс засал хийлгэхээр бол унтуулгатай мэс засал хийлгэдэг байгаа.

Гэхдээ идээт үрэвсэл болгоныг мэс заслын аргаар нээдэг гэж ойлгож болохгүй. Мэргэжлийн мэс заслын эмч үзэж ямар үед нь эмийн эмчилгээ хийх үү, ямар үед нь мэс заслын эмчилгээ хийх үү гэдгийг эрэмбэлэн ангилж ялгана.

-Хүүхдийн бие дээр хатги, яр шарх гарсан тохиолдолд ямар эмчилгээ хийдэг вэ. Мөн л адил идээт үрэвсэлдээ орох уу?

-Арьс зөөлөн эдийн идээт үрэвсэлд хатги, буглаа, мундас, тунгалгийн булчирхайны үрэвсэл зэрэг багтана. Мөн ямар нэг амьтанд хазуулаад түүнийгээ маажсан тохиолдолд халдварлаж, идээт үрэвсэл үүссэн тохиолдолд ч гэсэн арьс зөөлөн эдийн идээт үрэвсэл гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл,

  • 1 үсний уутны идээт үрэвслийг хатги,
  • 2 ба түүнээс дээш олон үсний уутны идээт үрэвслийг мундас,
  • Ямар нэг толгойгүй зүйл зөөлөн эдэд үүссэн бол түүнийг буглаа гэж нэрлэдэг. Тэгэхээр хатги нь мэдээж хэрэг идээт үрэвсэлд багтана.

-Тэгвэл хатги яг юунаас үүсдэг юм бэ. Үүсгэгчийг нь хэлж өгөхгүй юу?

-Идээрүүлэгч нян буюу стафилококк аурус /S.Aurus/ гэж бий.

Хэрэв хүүхдийн бие дээр гарсан хатгийг оношилж, эмчилгээ хийж, улмаар мэс заслын аргаар нээхгүй бол энэ нян биед нь байсаар байна гэсэн үг. Хүмүүс "хатги нэг гарахаараа 7 давтаж гардаг" гэж ярьдаг шүү дээ. Энэ тохиолдолд нянгийн шинжилгээ хийгээд үзэхээр стафилококк аурус 80-86 хувьд нь илэрдэг. Тиймээс заавал эмчлүүлэх шаардлагатай.

Мөн түүнчлэн хүмүүс хатгийг вирусээр үүсгэгддэг гэж ойлгоод байдаг. Энэ нь буруу. Харин нянгаар үүсгэгддэг.

-Хатги болон зөөлөн эдийн буглааг эрт эмчлүүлэхгүй бол ямар нэг сөрөг нөлөө үзүүлэх үү?

-Магадгүй хүүхэд уушгины хатгалгаа, уушгины үрэвслээр өвчилбөл тэр нь хүндэрч уушгинд буглаа үүсэх эрсдэлийг бий болгоно.

Мөн бага насны хүүхдэд хатги гарч байгаа бол аажимдаа үсрэх, харайх, өвдөглөж унах зэргээс үүдэж маш жижигхэн гэмтэл авсан тохиолдолд ясны цочмог идээт үрэвсэл болон үений идээт үрэвслээр өвдөх эрсдэлтэй. Тиймээс тэдгээр хүүхдүүдээс нянгийн шинжилгээ авч, нэн даруй эмчилгээ хийх шаардлагатай байдаг.

-Хүүхдүүд шумуул болон хорхой шавж зэрэг ямар нэг амьтанд хазуулсан тохиолдолд мөн өдрийн мэс засалд орж байна гэсэн шүү дээ. Яагаад амьтанд хазуулсан тохиолдолд хагалгаанд орох хүртлээ хүндрээд байгаа юм бэ?

-Манай төв дээр шумуулд хазуулаад буглаа үүссэн гэх олон хүүхэд ирж хагалгаанд орж байгаа. Яагаад буглаа үүсэж байна вэ гэхээр,

Тухайн хүүхдийн арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд түүгээр халдвар орж буглаа үүсэж болно, мөн идээлж болно. Өөрөөр хэлбэл шумуулд хазуулсны дараа тухайн хэсгийг бохир гараараа маажих үед арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдаж, халдвар орж байна гэсэн үг юм.

Тийм учраас амьтанд хазуулсан тохиолдолд түүнийг маажиж болохгүй. Харин нянгийн эсрэг савангаар угааж цэвэрлэн, бактерийн эсрэг тос түрхэх хэрэгтэй.

-Хүмүүс хатги, буглаа үүссэн тохиолдолд төдийлөн ач холбогдол өгдөггүй шүү дээ. Цагаан лент наагаад орхих эсхүл өөрөө эдгэнэ гээд тоодоггүй. Энэ тал дээр эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгвөл?

-Хэрэв буглаа үүссэн бол заавал мэргэжлийн эмчид тэр дундаа мэс заслын эмчид хандах хэрэгтэй. Мэргэжлийн эмч үзээд буглааг нээх үү үгүй юу гэдгийг эрэмбэлэн ангилна.

Учир нь буглаанд нэвчдэс үе болон нээх болоогүй эмчилгээ хийх үе гэж байдаг. Үүнийг манай мэргэжлийн эмч нар буюу ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт мэс заслын эмч нар 24 цагаар ажиллаж, тухайн хүүхдийн буглааг үзэж, зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд хүүхдүүдийг хэзээ хагалгаа хийлгэх вэ, ямар бэлтгэл шаардлагатай вэ гэдгийг хэлж зөвлөдөг.

-Ер нь ямар үед мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй байдаг юм бэ?

-Арьсан дээр ямар нэг жижиг, улайсан, хөндүүр, эмзэглэлтэй зүйл гарвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Хэрэв мэс засал хийхээр бол тухайн хүүхдийн хоолыг тодорхой хугацаанд сойж, өдрийн мэс заслыг хийнэ. Зарим тохиолдолд эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолыг 10 гаруй цаг сойчихдог. Энэ нь тун буруу. Тиймээс л мэргэжлийн эмч хоолыг хэдэн цаг сойж, ямар бэлтгэл хангах талаар зөвлөгөө өгдөг гэсэн үг. Хүүхэд бүр хэзээ ямар хоол идсэнээс шалтгаалж бас нас, жин, өндрөөс хамаарч харилцан адилгүй хугацаанд хоолоо сойно.

Тиймээс мэс засал хийлгэхээс айх хэрэггүй. Том хүний биед үүссэн буглааг амбулаторийн мэс ажилбар болгож буюу хагас мэдээ алдуулалттай нээдэг бол хүүхдэд ямар нэг өвдөлт мэдрүүлэхгүйн тулд ерөнхий унтуулгатай мэс засал хийдэг.

-Арьс зөөлөн эдийн идээт үрэвсэл үүсэхэд улирал нөлөөлөх үү?

-Сүүлийн жилүүдэд буглаа нэлээд ихэссэн. Улирлын чанартай гэж хэлэхэд тохиромжгүй.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ бие дээр ямар нэг гөвдрүү болон хатги гарсан бол яаралтай мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө тусламж авахыг зөвлөж байна. Магадгүй удаан хугацаанд хайхрамжгүй явбал хагалгаанд орох хүртэл хүндрэхийг анхаараарай.

Энэ сарын дундуур зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар цас орно
Энэ сарын дундуур зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар цас орно
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.