Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Төгсбаяр: “Guys” хамтлаг 30 жилийнхээ ойн тоглолтын бэлтгэлд ирэх жил орно. Тэр тоглолт бут авна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
9 минут 52 секунд

"Би, би хүлээнэ
Бороон дуслуудад дурсаж хүлээнэ
Би, би хүлээнэ
Бүлээн салхинд гандаж хүлээнэ"
Энэ дөрвөн мөртийг мэдэхгүй, амандаа аялахгүй хүн цөөн. Учир нь Монголын рок поп урлагт өөрсдийн өнгө төрхийг бүтээж, өнөөдрийг хүртэл үнэнч сонсогчдынхоо хайр хүндлэлийг хүлээж байгаа GUYS хамтлагийнхан дуулсан болохоор тэр байх. Тун удахгүй буюу энэ сарын 07-ны өдөр тус хамтлагийн гишүүн МУСТА А.Төгсбаяр энэхүү дууны нэрээр нэрлэсэн "Эмзэгхэн хайр" тоглолтоо "UG Arena"-д хийх гэж буй бөгөөд тоглолтоор GUYS хамтлагийнхан нэгэн тайзнаа цуглахаар болсон юм.

Иймд Ubn.mn сайт энэ удаагийн ярилцлагынхаа зочноор дуучин А.Төгсбаярыг урьж, тоглолтын бэлтгэл хийгээд Guys хамтлагийн 30 жилийн ойн хүрээнд хийгдэх тоглолт болон бусад сонирхолтой сэдвүүдээр цөөн хором ярилцлаа.

-Юу байна даа?

-Нам тайван даа. Есдүгээр сарын 07-ны өдөр болох анхны бие даасан тоглолтынхоо бэлтгэлийг хийгээд их л завгүй байна. Олон дуу дуулж байгаа болохоор, тэр дундаа хайрын дуунуудаасаа ихэвчлэн дуулж байгаа болохоор зарим үгээ хольж, солиод байх юм. Маш олон хайрын дуу бичсэн болоод ч тэр үү өөр хоорондоо уусаад, үгнүүд нь бие биеийгээ барьж аваад байх юм.

-Тоглолтын бэлтгэлийг хувиар илэрхийлбэл хэдэн хувьтай явж байна?

-90 хувьтай гэж хэлж болно. Одоогоор тайз дэлгэцийн буюу арын албаны ажлууд хийгдэж байна. Мөн өдрийн цагаар амьд хөгжмийн бэлтгэлдээ ороод, оройн цагаар мюзикл жүжгийнхээ бэлтгэлд ороод явж байгаа. Ер нь бол цаг наргүй, их л завгүй хүн байна.

Мөн дээр нь түгжрэл ихтэй байгаа учраас байнга алхаж байгаа. Машинаа бүр хаясан. Бэлтгэлдээ орсноос хойш чамлахааргүй жин хаясан байна. Ер нь их ашигтай байна.

-Анхны бие даасан тоглолт учир сэтгэл нь маш их догдолж байгаа байх. Тэр мэдрэмжээ үгээр илэрхийлбэл?

-Сэтгэл маш өндөр байгаа. Их ч догдолж байна. Өөрөө л тоглолтоо их хүлээдэг юм байна. Сүүлийн 10-аад хоног бол өглөө болгон "тоглолт" гэж хэлж сэрж байна. Хэд хоногийн өмнө бүр тоглолтоосоо хоцорчихлоо гэж зүүдэлсэн. Ер нь янз бүрээр л зүүдэлж байна.

-Тэр хэмжээгээр л догдолж байна гэсэн үг шүү дээ?

-Тийм шүү. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрээд л.

-Тоглолт хэр удаан үргэлжлэх вэ?

-Ерөнхийдөө тоглолт маань 4 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэгт зочин уран бүтээлчид маань дуулна. Түүний дараа би амьд хөгжимтэй дуулна. Гурав дахь хэсэг маань мюзикл жүжиг, дөрөв дэх хэсэгт манай хамтлаг 30 гаруй дуу дуулна. Ерөнхийдөө одоогоор нийт үргэлжлэх хугацаагаа хараахан базаж гаргаагүй байгаа. Манай найруулагч л мэдэж байгаа байх.

-Тоглолтын нэг хэсэг нь мюзикл гэхээр сонирхол татаж байна. Мэдээж GUYS хамтлагийнхан кино драмын ангийг төгссөн учир тоглолтдоо мюзикл жүжиг шигтгэж өгчээ?

-Тэгэлгүй яахав. Манай хамтлаг 2005 онд "Зун орсон цас" гэдэг мюзикл тавьж байсан.

-Таны хувьд өөрийнхөө зохиосон дуунуудаас хамгийн их нандигнадаг, хайрладаг дууг нэрлэ гэвэл ямар дууг хэлэх вэ?

-Нэг мэдэхэд л 80 гаруй дуу зохиосон байна. Бүх дуунд маань тухайн үеийн мэдрэмж, сэтгэл шингэсэн л дээ. Тийм ч учраас дуу болгондоо дурлаж, дуу болгоноо хайрлаж сонсдог бас бүгдэд нь хайртай байдаг. Хажуугаар зөрсөн хэн нэгэн миний дууг амандаа аялаад явж байгааг сонсоход хүртэл сэтгэл догдолдог.

Гэхдээ яг нэг дууг нэрлэ гэвэл би "НАВЧ"-ийг нэрлэнэ. Энэ дуундаа үнэхээр их хайртай.

-Яагаад гэдгээ тайлбарлаж өгч болох уу?

-Сонсоод үзвэл мэдэх байх. Тиймээс сонсоод үз гэж хэлмээр байна.

Гэхдээ миний мэдрэмж, миний сэтгэл бусад хүмүүсийн мэдрэмжээс өөр шүү дээ. Тэгэхээр та өөрөө сонсоод үзвэл өөр хэнтэй ч, юутай ч давхцахгүй мэдрэмжийг авах болов уу гэж бодож байна. Миний хувьд л НАВЧ хамгийн нандин дуу минь байхгүй юу.

Бас дээр нь сүүлийн үед "Ариун нандин" гэдэг дуундаа маш их дурлаж байна. Яагаад гэвэл саяхан "Ариун нандин" дууны уралдаан зохион байгуулсан шүү дээ. Энэ тэмцээнд оролцсон 20 гаруй оролцогчтойгоо тоглолт дээрээ хамтарч дуулж байгаа учраас маш гоё санагдаад, ямар гоё дуу вэ гэдгийг нь улам илүү мэдрээд, сэтгэл догдлоод л байна.

-Таны уран бүтээлүүд яах аргагүй л хүмүүсийн сэтгэлд хүрдэг шүү?

-Би өөрөө ярилцлага өгөх дургүй хүн шүү дээ. Харин өөрийнхөө уран бүтээлүүдээр ард түмэндээ үнэлэгдье гэж боддог юм. Тийм ч учраас нэг их юм яриад байхыг хүсдэггүй.

Хүн бүр л өөрсдийнхөө амьдралын төлөө амьдарч байгаа. Би ч гэсэн тийм л. Гэхдээ хамгийн гол нь би чанартай, сайхан уран бүтээл хийхийг зорьдог. Магадгүй өнөөдөр хэн нэгэн шаналж байвал миний дууг сонсоод бүү шаналаарай, сэтгэлээ сэргээгээрэй гэж дуугаараа ойлгуулахыг хүсдэг.

-Та магадгүй хэн нэгэн бүсгүйд хаягдаад дуу зохиож байв уу?

-Яг тийм мэдрэмж авч зохиосон дуу байхгүй ээ. Амьдралд болж бүтэхгүй зөндөө зүйл бий шүү дээ. Яг л тэр бүх мэдрэмжээ сэтгэлээсээ гаргаад л уран бүтээлээ хийдэг.

Ер нь хүний амьдралын хамгийн чухал зүйл бол хайр шүү дээ. Хайр хэцүү. Хайртай хүнээсээ салж, хагацах ч хэцүү. Хайр бол тоглоом биш. Зүгээр нэг худалдаж аваад тоглоод хаячихдаг ч зүйл биш.

-Яах аргагүй л тоглолтын нэр рүү орж байна. Хайр бол маш эмзэгхэн?

-Тийм шүү. Эмзэгхэн хайр. Тийм болохоор ч тэр үү хайртай маш болгоомжтой харьцах ёстой гэж боддог.

-Үзэгчдийн хамгийн их асуухыг хүсэж байгаа нэг асуулт бий. GUYS хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглах уу?

-Манай хамтлаг анх 5 хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байсан юм. Байгуулагдаад удаагүй байхад манай Мөнхөө маань гадаад руу явчихсан юм. Одоо Монголд байгаа учраас тоглолтод маань оролцоно.

Харин манай Мийгаа /М.Мягмар/ Канад улсад байгаа. Тийм учраас тоглолт дээр маань ирэх боломжгүй. Тэгэхээр "Эмзэгхэн хайр" тоглолтын тайзан дээр 4-лээ гарна гэсэн үг. Мөнхөө, Лхагваа, Уугий, Би бид дөрөв тоглолтын сүүлийн хэсэгт уран бүтээлүүдээ хүргэнэ.

-GUYS хамтлагийн 30 жилийн ой 2-хон жилийн дараа болох гэж байгаа шүү дээ. Ойн тоглолт хийнэ гэдэгт итгэлтэй байна?

-Мэдээж тэгэлгүй яахав. Мийгаа маань ирэх жилээс Монголд ирэх байх. Тэр үед тоглолтынхоо бэлтгэлд орно. Манай хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 5-лаа байна. Анх яаж 5-лаа нэгдэж байсан яг тэр мөчөөс эхлээд он цагийн дарааллаар дурсамж дуунуудаа дуулна шүү дээ. Жинхэнэ гал гарсан тоглолт болно.

Мэдээж шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо хүргэнэ. Миний хувьд хэд хэдэн уран бүтээл хийчихсэн байгаа. Одоогоор бүрэн бүрэлдэхүүнээ хүлээгээд байж байна.

-GUYS хамтлаг бүтэн нэг жарны тал хугацааг хамтдаа өнгөрөөж байгаа юм байна?

-Хар багаасаа нөхөрлөсөн найзуудтайгаа 30 жилийнхээ ойг тэмдэглэнэ гэдэг бол төсөөлшгүй аз жаргал шүү дээ. Үнэхээр гоё санагдаж байна. Бүгдийг нь саначихлаа.

-Энэ хүрээд ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн асуултыг асууя. Таны хувьд тоглолтдоо 100 хувь бэлэн үү?

-Мэдээж би бэлэн. Хүн энгийн байхдаа зүгээр гэдэг шүү дээ. Тиймээс ганган чамин гэхээсээ илүүтэй энгийн хувцас өмсөөд л тоглолтдоо оролцоно доо. Ер нь би их энгийн хүн шүү дээ. Энгийн байж байж л уран бүтээлүүд маань илүү амьдралд ойр байна гэж боддог.

-Бэлтгэлийнхээ хугацааг хугаслан бидэнтэй ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Амжилт хүсье.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломаксыг хүлээн авч уулзлаа
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Эмма Ломаксыг хүлээн авч уулзлаа
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.