Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засагч Б.Энх-Амгалан: Төрийн албаны хүнд суртал, ажлаа мэдэхгүй байдал ЭДИЙН ЗАСГИЙГ УДААШРУУЛЖ байна

Ангилал
Эдийн засаг Ярилцлага
Огноо
Унших
18 минут 43 секунд

Гадаадын хөрөнгө оруулалт тойрсон асуудлаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч Б.Энх-Амгалантай ярилцлаа.

---------------------------------

-Уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засаг, технологийн дэвшлийг дагаад зэс, газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэхийн хэрээр гадаадын хөрөнгө оруулагчдын анхааралд Монгол Улс дахин өртөж эхэллээ?

-Зэсийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчдыг татах сайхан боломж ирэх байх гэж харж байна. Харин бидэнд газрын хэвлий доорх ордуудаа нээж, ашиглах хэрэгцээ шаардлага бий. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт”, “Оюутолгой” гэх томоохон хоёр орд дээр л түшиглэж байна. Дараа нь Цагаан суваргын зэсийн ордыг ашиглахаа бэлтгэл хангагдаад явж байна.

Миний харж байгаагаар зэсийн нэлээд олон томоохонд тооцогдох ордууд олборлолтын болон хайгуулын шатанд яваа. Тухайлбал, сая дурдсан Цагаан суварга мөн Хармагтай, Зуун мод, Шарчулуут, Оюут Улаан зэрэг ордуудыг нэрлэж болохоор байна.

Эдгээрийг нээж ашиглалтад оруулахад манай улс дангаараа хөрөнгөө гаргаж, улсын төсөвт төсөвлөх эсвэл томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдөө бие даан хөрөнгө гаргах боломж тааруу юм. Тиймээс ямар нэгэн байдлаар дэлхийн зах зээлд бонд гаргах, гадны компаниудтай хамтарч хөрөнгө оруулалт татах чиглэл руу явах нь тодорхой. Хөрөнгө оруулалт татахын тулд байгалийн баялгаас гадна нийгэм, улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн таатай орчин бүрдсэн байх шаардлагатай. Өмнө нь Монголд итгэсэн хөрөнгөө оруулагчдыг бид улс төр, хууль эрхзүйн тогтворгүй байдлаас гадна зарим тохиолдолд луйвардах зэрэг асуудлаас болж гадаад зах зээлд хөрөнгө оруулалтын талаарх сөрөг ойлголт, буруу ташаа мэдээллүүд өгөх тохиолдлууд гарч байв. Сүүлийн жилүүдэд манай улс хууль эрхзүйн орчноо шинэчилж, улс төрийн хувьд ч тогтвортой болж байгаа нь эргээд тодорхой түвшинд хөрөнгө оруулагчдыг татах, итгэлийг олох боломж бүрдэж байна.

-Ашигт малтмал, газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ, үнэ өсөн нэмэгдсээр байна. Байгалийн асар их баялаг, нөөцөөрөө дэлхийд дээгүүрт жагсдаг манай улсын хувьд газрын хэвлий доорх баялгаа хав дараад дэлхий дахинд сурталчилж чадахгүй байна уу. Эсвэл геологийн салбараасаа авхуулаад хөрөнгө оруулалт татаж чадахгүй гацаад байна уу?

-Миний харж байгаагаар уул уурхайн салбарт социализмын үед хийгдэж байсан геологи, хайгуулын ажлаар ерөнхий дүр зураг гарсныг нь компаниуд өөрсдийн хүч хөрөнгөөр өрөмдлөг хийж баталгаажуулах байдлаар л явж ирсэн талууд ажиглагдаж байна. Гэхдээ би өөрөө геологийн чиглэлийн хүн биш учраас сайн хэлж мэдэхгүй. Мэдээж геологи, хайгуулын салбарт маш их хэмжээний зардал гардаг. Дээр нь тухайн ашигт малтмал олдохгүй бол хөрөнгө оруулалт алдагдалтай, зардал өснө Ер нь геологи хайгуулын ажил эрсдэл ихтэй ажлуудын нэг байдаг. Эдийн засгийн зардал талаасаа ч тэр.Хэрэв зардал гаргаж ордоо нээж илрүүлсэн бол түүгээрээ эргээд ашиг олно гэж тооцоолж буй тохиолдолд нэлээн эрсдэлтэй ажил руу зоригтойгоор орж буй зүйл. Иймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг геологи хайгуулын ажилд орж ирэхийг дэмжих хэрэгтэй.

Одоо бол бид улсаас тэр бүр хөрөнгө зарцуулж геологийн өрөмдлөг хайгуулын ажлыг хийх боломжгүй.Энэ чиглэлд хөрөнгө оруулагчдыг татахад анхаарч, тэдэнд таатай боломжийг олгох хэрэгтэй.

Хэрэв эрдэс түүхий эдийн ордыг илрүүлсэн тохиолдолд тухайн геологи хайгуулийг хийсэн компанид ямар байдлаар үр ашгийг нь хүртэх юм гэдэг асуудлыг төр засгийн түвшинд бодох шаардлагатай.

-Нэг үеэ бодвол хөрөнгө оруулалтыг татахад хууль эрхзүйн орчиндоо анхаарлаа. Гэвч өргөс авсан юм шиг бүх асуудал богино хугацаанд цэгцрэхгүй байх. Харин жижиг зах зээлтэй, хөгжиж буй манай улсад итгэх хөрөнгө оруулагчдын хувьд эдийн засгийн үзүүлэлтийг нь мөн харах болов уу. Мэргэжлийн хүний хувьд таны байр суурь?

-Мэдээж гадаадын хөрөнгө оруулагчид хамгийн таатай буюу тогтвортой байдлыг харна. Тодорхой хугацаанд хөрөнгө оруулсныхаа дараа тогтвортой ашгаа хүртэх ёстой. Энэ ч үүднээс тогтвортой гэрээ, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг улс төрийн болон ямар нэгэн хуулийн огцом өөрчлөлтийн нөлөөгүй байхад үйл ажиллагаа явуулна гэж хардаг.

Яагаад гэвэл тогтвортой хөрөнгө оруулагч их хэмжээний хөрөнгөө үр ашиггүй зарцуулж царцаах, хөрөнгөө алдах эрсдэл үүрэхийг хүсэхгүй шүү дээ. Тиймээс хамгийн гол нь, хууль, улс төр, эдийн засаг гэсэн гурван тогтвортой байдлыг анхаарах ёстой.

Тооцоо судалгааны хувьд хөрөнгө оруулагчид урьдчилан орлого, зарлагаа маш сайн тооцсон байдаг. Манайхаас хүсэх зүйл нь дээр дурдсан гурван хүчин зүйлийг тогтвортой байлгах. Нэг үгээр, огцом гэнэтийн өөрчлөлтүүдийг битгий хийгээсэй гэж хөрөнгө оруулагчид хүсдэг. Үүнийг хангах талаас нь илүү анхаарах шаардлагатай.

ТӨРИЙН АЛБАНЫ ХҮНД СУРТАЛ, УДААН ШИЙДВЭР ГАРГАЛТААС БОЛЖ ЭДИЙН ЗАСАГ УРАГШЛАХГҮЙ БАЙНА

-Нөгөөтэйгүүр, бид түүхий эдээ нэмүү өртөг шингээж экспортлох тухай олон жил ярьж байгаа ч өнөөдөр байгалийн баялгаа түүхийгээр нь хямд өртгөөр борлуулж байна. Мэдээж дэд бүтцийн асуудал хөндөгдөж байгаа ч гадаадын хөрөнгө оруулагчид Монгол руу анхаарал хандуулахгүй байна уу?

-Мэдээж түүхий эдээ нэмүү өртөг шингээн боловсруулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал. Гэхдээ төр дангаараа юм уу, хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр дэд бүтцийг шийдэж, үйлдвэр барих боломжгүй. Иймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж хамтран ажиллах нь чухал. Энэ тухайд нэгдүгээрт хууль эрхзүйн орчин, хоёрт, яамдын уялдаа холбоогүй байдал саад болж байна. Бидний гол анхаарах зүйл нь яамдын бодлого уялдаа холбоогүй байгааг засах хэрэгтэй. Жишээ нь, гадаадын улс орнуудад метрог барих шийдвэр гарсан бол 1-2 жилийн хугацаанд ашиглалтад оруулдаг. Гэтэл Монголд метро барих тухай олон жил яригдаж байгаа ч одоо дахиад эхлэхээр болоод явж байна. Шалтгаан нь, хууль эрх зүйн орчин, яамдууд, УИХ дээр бүрэн дэмжлэг авч чадахгүй гацдаг байдал. Бүгд л өөрсдийн амбицыг оруулахаар зүтгэдэг. Тэр дундаа, яамдуудад ажлаа мэддэг хүн цөөн. УИХ-ын сонгуулийн дөрвөн жилийн циклээр төрийн албаны халаа сэлгээ болно. Ингээд нэг мэргэжилтэн нь солигдохдоо ажлаа хүлээлгэж өгөхгүй байх, эсвэл өөрийн дутуу дулимаг хийсэн ажлын файлаа устгах, авч явах тохиолдол гардаг тул ажлыг нь хүлээн авч томилогдсон албан хаагч ямар ч мэдээлэлгүй байдаг. Энэ мэтээр нэг ажлыг үргэлжлүүлэхэд хугацааны хувьд маш их алдагдалтай.

Дээр нь төсвийг Их хуралд хэлэлцүүлэхэд гишүүд нь жалга довны үзэл гаргаж, гацаадаг. Монголд шийдвэр гаргалтын хурд маш удаан. Олон улсад эдийн засгийн хөгжлийн шийдвэр гаргалт, хэрэгжүүлэхтэй холбоотой асуудал, саадыг дор бүр нь хууль болон яамд, агентлагуудын түвшиндээ шийдвэрлэдэг. Монголд ийм ойлголт байхгүй.

Гадаадын хөрөнгө оруулагч манай улсад хөрөнгө оруулахаар гэрээ, хэлцэл хийх, санал гаргадаг ч зөвшөөрөл өгөх төрийн алба нь шийдвэр гаргалгүй гацаадаг. Авлига авах гээд байгаа юм уу, үнэхээр шийдэж болохгүй байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байдал үүсгэдэг. “Судалж байна” гэх тайлбартай удаадаг, иймэрхүү хүнд суртал төрийн албанд их.

Энэ бүгд нь хугацаа алдах, ажлууд хийгдэхгүй хаягдах, хөрөнгө оруулагчдыг залхааж үргээхэд хүргэдэг.Хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулж үйлдвэр байгуулах, ашигтай ажиллах тооцоо гаргасан байтал төрийн албаны хүнд суртлаас үүдэн тухайн гаргасан зардал, тооцоог дахин шинэчлэх, ахин зардал гаргах, шинэ технологиуд гарах зэргээр хөрөнгө оруулалт хийх эсэх шийдвэрээ эргэн харахад хүргэдэг. Иймээс эдийн засагт үр ашиггүй байдал бий болж эдийн засгийн өсөлтийн хурдцад нөлөөлдөг. Үүнийг шийдвэрлэх ёстой.

-Тэгэхээр дэд бүтцийн асуудлаас илүү төрийн албаны хүнд суртал эдийн засгаа баллаж байна гэсэн үг үү?

-Тийм. Энэ асуудал дээр л анхаарах ёстой. Хөрөнгө оруулагчдыг залхааж, эргээд болгоомжлоход хүргэж байна. Гэтэл Монгол Улсад хөрөнгө оруулахад өндөр ашигтай байсан ч хүнд суртал, зах зээлийн багтаамж, эрх зүйн таагүй орчин, гэнэтийн шийдвэр гаралт ихтэй зэргээс шалтгаалаад болгоомжлоход хүргэдэг. Манай улс Хятад, Вьетнам, Солонгос зэрэг богино хугацаанд хөгжсөн улс орнуудын хөрөнгө оруулалт татсан туршлагуудыг судлах хэрэгтэй. Тухайн улс орнуудад яагаад их дүнтэй, урт хугацаатай хөрөнгө оруулалтууд хийгдэж, Монголд яагаад хөрөнгө оруулалт бага орж байна вэ, сонирхлыг нь юугаар татаж байна вэ гэдгийг судалж хөрөнгө оруулагчдыг татах тухай асуудлыг ярих хэрэгтэй.

Төрийн эрхийг баригчид, төрийн байгууллагууд хэлэлцүүлэг, уулзалт, хурал зохион байгуулахдаа хөрөнгө оруулагчдыг татах асуудлаар татварын орчны талаар л ярьдаг. Гэвч дэд бүтцийн асуудал, өнөөх л төрийн байгууллагын хүнд суртлын асуудалд анхаардаггүй.

Нэг жишээ дурдахад Монголд гадаадын хөрөнгө оруулалтаар томоохон үйлдвэр барья гэхэд түүнийг хангах эрчим хүчний эх үүсвэр нь хангалтгүй байна. Тавдугаар цахилгаан станцыг хэчнээн жил, хэдэн Засгийн газар дамнаж ярив. Ердөө ахиц гардаггүй. Тавантолгойн цахилгаан станцаар Оюутолгойн цахилгааныг хангана гэсэн боловч цахилгаан станц нь баригдаагүй Хятадаас эрчим хүчээ авсан хэвээрээ л байна. Яриад л яриад л байдаг, хийж бодит болох асуудал нь дандаа хоцрогдсон байдалтай. Энэ нь бүх зүйлийг удаашралд оруулдаг, эдийн засгийн өсөлтийг саармагжуулдаг. Улмаар иргэдийн төрд итгэх итгэл ч сулардаг.

-Хөрөнгө оруулалтыг татах тухайд бусад улс орнуудыг туршлагыг эрх баригчид, судлаачид мэдэхгүй биш судалсан, анзаарч мэдсэн байх. Гол нь хэрэгжилт чухал?

-Яах вэ судлаачид судалсан зүйлс нэлээд байдаг. Гол нь төр засгийн шийдвэр гаргах түвшинд хэрэгжүүлэх дээр гацаж байна. Яамдын уялдаа гэдэг нь л тэр.Төрийн алба нь хоорондоо нэгдсэн ойлголтгүйн улмаас шийдвэр гаргалт удааширч, ажил царцдаг. Эдийн засагт үр өгөөжтэй талаас нь бодохоос илүүтэй өөрийгөө бодож, дүрэм журамдаа захирагдах зэрэг ойлголтын зөрүүнүүдээс болж шат дамжлагууд нэмэгдэж хугацаа алдаж эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлдэг.

Төрийн албаны хүнд суртал, удаан шийдвэр гаргалт нь дэлхийн эдийн засгийн хурдацтай эргэлттэй дүйцэж чадахгүй байна. Монголоос шалтгаалсан шийдвэр гаргалт уддаг учраас хөрөнгө оруулагчдын сонирхлыг бууруулж, үргээдэг.

Иймээс яамд хоорондын уялдаа холбоог нэгтгэж, хурдан шийдвэр гаргах бизнесийг тэтгэх хэрэгтэй. Бизнесүүдэд үзүүлж буй дарамтууд нь татвараас илүү шийдвэр гаргалтын удаан байдал нь хамгийн их хор уршиг гаргаж байна. Хэрэв богино хугацаанд оновчтой шийдвэр гаргаж чадвал бизнесүүд урагшилна.

ЗЭСИЙН ҮНЭ ӨСЧ БУЙ ТААТАЙ ҮЕИЙГ АШИГЛАЖ ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ УРЬЖ ХАМТРАН АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

-Анзаарвал, экспортын голлох бүтээгдэхүүн нүүрс, зэс, алтны үнэ дэлхийн зах зээлд өсөхөд төрд хамаатай, иргэдэд хамааралгүй мэт ойлгогдож ирлээ. Угтаа бол байгалийн баялгаас олж буй ашиг нь хүн бүрт хамаатай ч иргэдийн гар дээр бодитой мэдрэгдэхгүй байх шиг?

-Зэсийн үнэ өсч буй энэ таатай үеийг ашиглаад бид гадаадын хөрөнгө оруулагчдыг урих, хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ тохиолдолд үнийн өсөлт иргэдийн гар дээр мэдрэгдэж эхэлнэ. Зэсийн баяжмалыг бид боловсруулж нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож гаргахад анхаарах шаардлагатай. Одоогоор манай улс “Эрдэнэт”-ийн овоолгоос эцсийн бүтээгдэхүүн маш бага хэмжээгээр гаргаж авч байна. Энэ нь манай эдийн засагт нөлөө үзүүлэхгүй байгаа юм. Бид экспортоор түүхий эдээ гаргах биш түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэсэн цагаас зэсийн үнийн өсөлт Монголд бодитойгоор наалдаж эхэлнэ.Зэсийн үнэ өсөхөд иргэдэд хамаагүй юм шиг хүлээж авахгүй байгаа нь бид экспортоор түүхий эдээ гаргасан орлого нь татвар хэлбэрээр улсын төсөвт төвлөрч, нийгмийн халамж дэд бүтэц зэрэг шууд бус замаар нийгэмд нөлөөлдөг учраас үнийн өсөлт шууд харагдахгүй байна.

Шууд өсөлт нь Оюутолгой, Эрдэнэтэд ажиллаж буй хүмүүст цалин, нийгмийн халамжаар мэдрэгддэг. Энэ нь ганц ажилтан бус тухайн компанитай хамтран ажилладаг компаниудад ч нөлөөлнө. Шууд болон дам нөлөөллөөр үнийн өсөлт нь иргэдэд нөлөөлдөг. Энэ талаас нь харж түүхий эдийн үнийн өсөлт иргэдэд ямар байдлаар нөлөөлж буйг бодох ёстой. Түүхий эдийн үнэ өссөнөөр иргэдийн амьжиргааны түвшин дээшлэх боломжтой байх ёстой.

-Он гарсаар эдийн засаг 7,8 хувийн өсөлттэй, гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл ашигтай гарсан зэрэг эдийн засаг макро түвшинд эерэг үзүүлэлттэй гарсан. Энэ тухай ч Засгийн газар дурдах болсон. 2025 онд манай улс 78 сая тонн нүүрс экспортлохөөр улсын төсөвт тусгалаа. Гэвч Хятадаас хамаарч эдийн засгийн хувьд эрсдэл үүснэ. Энэ тухай ч бас Дэлхийн банк тайландаа дурдсан байна билээ. Мэргэжлийн хүний хувьд таны байр суурь?

-Эдийн засаг өөрөө ганц тулгууртай эдийн засаг болсон. Хөдөө аж ахуй болон боловсруулах үйлдвэрлэл санасны зоргоор эрчимтэй хөгжиж чадахгүй, уул уурхай шиг өндөр өсөлттэй байж чадахгүй байна. Энэ утаагаараа гадаадын том хөрөнгө оруулагчид уул уурхайг илүү сонирхож энэ тал руу хөрөнгө оруулалт хийж хурдан ашгаа олох сонирхолтой байдаг.

Ер нь Монголын эдийн засгийн хувьд солонгоруулах асуудал чухал. Хэтэрхий төвлөрөл өндөртэй юу гэвэл өндөртэй улсуудын нэг яах аргагүйд тооцогддог. Нийт экспортын 91-92 хувь нь зөвхөн Хятад улсад ногдож байгаа бол үлдэх 8-9 хувь нь л бусад улс орнуудад ногдож байна. Ингээд харвал манай улсын эдийн засаг төвлөрөл ихтэйгээс гадна гадаадын эдийн засгийн хувьд Хятад улсаас бүхэлдээ хараат болсон.

Нийт экспортын дийлэнх нь түүхий эд байгаа нь эдийн засгийн зөв зохистой бүтэц биш юм. Түүхий эдийг гаргахаас илүү нэмүү өртөг шингээх нь чухал. Энэ чиглэлд хөрөнгө оруулагчдыг татаж чадвал манай улс нүүрс экспортолдог эдийн засаг биш тодорхой хэмжээнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эдийн засагтай болно. Түүхий эдийн баялагтай улс орнууд боловсруулах үйлдвэрлэлийн тогтвортой орчин нөхцлийг бий болгож, энэ тал руу бодлого, хөрөнгө оруулалтаа шилжүүлсэн тохиолдолд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улс болно. Нөгөөтэйгүүр, бид үйлдвэр барихад өртөг зардлаа тооцож олон улсын туршлагаас судлах ёстой.

Үгүй бол бид үйлдвэртэй болсон ч дэлхийтэй өрсөлдөх хэмжээнд хүрч чадахгүй.

Тиймээс өртөг зардал багатай, өндөр бүтээмжтэй шинэ технологийг нэвтрүүлж чадвал эдийн засаг гадаад улс орнуудтай олон улсын түвшинд өрсөлдөх, экспортоо нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангах, бүтээмж өндөртэй улс байх боломжтой юм.

-Ярилцсанд баярлалаа.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар ЗТЯ-ны мэргэжилтэн Б.Одбаярыг томиллоо
Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар ЗТЯ-ны мэргэжилтэн Б.Одбаярыг томиллоо
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.