Эрчим хүчний сэргэлт, эрчим хүчний тусгаар тогтнол гэж бид амаа зууртал ярьж, урагшилж чадахгүй мунгинах зуур “ах” нар биднийг тэвэрсэн тэврэлтээ улам бүр чангалахаар шийдэв бололтой. Уг нь Л.Оюун-Эрдэнийн шинэ 30 жил хэмээн эхлүүлсэн бүх сэргэлт, аж үйлдвэржилт бүгд эрчим хүчний ачаар хэрэгжинэ. Одоо тэр мөрөөдлөө бид өөрсдийн хүсэлтээр бусдын царайг харж хэрэгжүүлэх хэмжээнд очно.
Өнгөрсөн долоо хоногт ЗГ-ын хуралдаанаар дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг яаралтай хэлэлцэж дэмжээд УИХ руу оруулж, Аюулгүй байдлын байнгын хороогоор дэмжүүлсэн.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн тайлбарлаж буйгаар маргааш манайд айлчлах гэж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр хэлэлцээрт хоёр орны Ерөнхийлөгчдийг гарын үсэг зуруулах зорилгоор ийнхүү яаравчилж, Засгийн газар болон УИХ-аар асуудлыг хэлэлцүүлж буй юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн айлчлалд зориулж “бэлэг” бэлдэхийн тулд Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын институтиуд бүгд хөл алдаж, эрчим хүчний тусгаар тогтнолоо улам бүр устган үгүй хийж харуулж буй нь энэ аж.
Нэгэнт ЗГ хоорондын хэлэлцээрт Ерөнхийлөгчид гарын үсэг зурж, ажлыг эхлүүлсэн л бол дипломат албаныхаа журмаар энэ төслийг ажил хэрэг болгохыг бүр ч илүү тулган шаардана. Аливаа айлчлал, төрийн тэргүүдийн хооронд шийдсэн асуудлыг замын зураглал болгож хэрэгжилтийг аль нэг талаасаа үргэлж нэхэж шаардаж, хэрэгжүүлдэг билээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр зураг төсөл гэж нэрийдэж маргааш энэ хэлэлцээрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар гарын үсэг зурсан л бол бидний эрчим хүчний тусгаар тогтнол, либериалчлал, эрчим хүчний сэргэлт гэдэг үгс улигт мөрөөдөл хэвээрээ үлдэх болно.
Тодруулбал, Засгийн газар хоорондын хэлэлцээр гэж нэрлэж буй ч хэлэлцээрийн төсөлд ОХУ-д давуу тал олгосон тулган шаардалтын маягтай заалтууд маш олон оржээ.
Нэгд, бүх баримт бичгийг бэлтгэхэд орос хэлийг давуу тал болгоно
Хоёрт, “Монголын хууль, тогтоомжид заасан худалдан авах ажиллагааг явуулахгүйгээр зураг төслийн гэрээг байгуулна”
Гуравт, “Оросын талаас төсөл хэрэгжүүлэх компаниа шууд сонгож “Интер РАО” групп компанийн “Интер РАО-Экспорт” ХХК-иар төслийг гүйцэтгэлийг хийлгэх ба энэ компани нь туслан гүйцэтгэгчээ өөрсдөө сонгоно”
Дөрөвт, “Монголын тал гүйцэтгэгч “Интер РАО-Экспорт” ХХК болон түүний туслан гүйцэтгэгчдийг Монголын нутаг дэвсгэр дээрх гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүн амын орлогын албан татвар, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс тус тус чөлөөлнө” гэх зэрэг нэг талд хэт хөнгөлөлттэй нөхцлийг тулгасан хэлэлцээр байгуулах гэж байна.
Энэ бүх хөнгөлөлт, чөлөөлөлтийг хүртэж байгаа ч үнийн дүнд нь багасах биш бүр хэт өндөр дүнтэй өргөтгөлөл, шинэчлэлийн ажил хийгдэх гэж байна. Үүнийг нь Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газар дэмжиж буй нь хяслантай.
Учир нь цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн нийт төсвийг Оросын талаас НӨАТ-тай дүнгээр 1.4 тэрбум евро гэж тооцож, 15 хувийг нь Монголын тал гаргаж үлдсэн 85 хувийг нь ОХУ-ын экспортын зээлээр санхүүжүүлэхээр тусгасан. Хачирхалтай нь Эрчим хүчний яам болон “ДЦС-3” ТӨХК-иас уг төслийн ТЭЗҮ-г судалж, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй бусад дулааны цахилгаан станцын төслүүдийн жишиг үнийн тооцооллыг ашиглан Монгол тал өөрийн хөрөнгөөр тус төслийг хэрэгжүүлсэн тохиолдолд НӨАТ-тай дүнгээр 915 сая ам.доллар болно гэж тооцсон. Ингээд ч зогсохгүй барилга, угсралтын ажлын хугацааг 1-2 жилээр богинсгох боломжтой гэж үзсэн. Өнөөдрийн Монголбанкны ханшаар евро 3,747 төгрөгтэй тэнцэж буй. 1.4 тэрбум евро гэдэг бол 5.2 их наяд төгрөгийн өртөгтэй төсөл болж хувирна. Манай төрийн байгууллагуудын тооцооллоор бүтээн байгуулалтын хугацаа нь буурахаас гадна 3 их наяд төгрөгийн өртөгөөр төслийг хэрэгжүүлэхээр байна.
Мэргэжлийн төрийн байгууллага, төрийн яам нь ийм илэрхий ойлгомжтой тооцоолол гаргачихаад байхад энэ төслийн зураг төслийн хэлэлцээрийг энэ дүнгээр ЗГ, УИХ-ын холбогдох байгууллагууд нь дэмжээд байгаа юм бэ. Ашиг сонирхол байна уу, дарамт шахалт байна уу.
Хэт өндөр үнийн дүнгээс аюултай өөр нэг зүйл нь maintenance буюу цаашдын засвар үйлчилгээ юм. Дулааны гуравдугаар цахилгаан станц нь Оросын хуучин технолгийн дагуу баригдсан учраас Оросуудаас өөр улсаар өргөтгөлийг нь хийлгэж болохгүй байна гэдэг Б.Чойжилсүрэнгийн тайлбар ирэх жилүүдэд ч үргэлжилнэ гэсэн үг. Хуучирсан технологи, Оросын технологийг засах сэлбэх, өргөтгөх ажлыг тэд л зөвхөн гүйцэтгэх болно. Бараа материал нь ч хүртэл зөвхөн Оросоос авахаас өөр ямар ч гарц бидэнд үлдэхгүй.
Энэ бол эрчим хүчний хараат байдлаасаа гарах гэж гучин жил үйлээ үзсэн бид дахин нэг шинэ олс руу өөрсдөө гүйж очиж хүзүүгээ угалж буй үйлдэл юм. 5 их наяд төгрөг гэдэг дүнгээр хуучин ТЭЦ-3-ийг засах байтугай шинээр ТЭЦ-4 шиг хэмжээний хүчин чадалтай цахилгаан станц барих боломжтой гэдгийг мэргэжлийн судлаачид мэдэгдэж, тодорхой тооцооллыг гаргасаар байна.
Товчхондоо, энэ хэлэлцээрт гарын үсэг зурвал ОХУ-ын Засгийн газрын зүгээс төслийг хэрэгжүүлэхийг бүр эрчимтэйгээр, хүчтэйгээр тулган шаардаж, хэрэгтэй гэж үзвэл хясан боогдуулж чадна. Энэ бүхний хариуд нь бид эрчим хүчний хараат байдлаа улам бүр алдах болно.