Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн: Ардчилсан нам хамтарсан ЗГ-т ороход хувь гишүүнийхээ зүгээс эсрэг байр суурьтай байсан

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
10 минут 30 секунд

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж буй билээ.

-УИХ ээлжит бусаар хуралдаж, 2024 оны төсвийн тодотгол болон Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Таны хувьд хуулийн төслүүдтэйгээ хэрхэн танилцав. Ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь өөрөө маш чухал баримт бичиг. Энэ баримт бичгийг харьцангуй хурдан шуурхай баталсан гэж харж байна. Мөн төсвийн тухай хуулийг дагаж маш олон хууль орж ирсэн. Шинээр сонгогдсон гишүүдийн хувьд өмнөх процессийг нь төдийлөн мэдэхгүй, энэ хуулиуд анх хэрхэн батлагдсан, одоо яагаад өөрчлөгдөж байгааг судлах боломж хомс байлаа. Мэдээж, байнгын хороодоор хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлууд орж ирсэн. Асуулт тавих гэхээр Засгийн газар дөнгөж бүрдсэн, төсөв мөнгөө хэлэлцэж байна гээд асуултад хариулах сайд нар дутмаг бас хэт яаруу баталсанд тодорхой хэмжээний шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Мэдээж, Засгийн газар шинэчлэгдсэн учраас төсөвт тодотгол хийх нь тодорхой байсан. Ер нь хамтарсан Засгийн газар байгуулагдах нь зөв байсан уу?

-Энэ бол улс төрийн шийдвэр. Нам бол тодорхой дүрмийнхээ дагуу шийдсэн. Хувь гишүүнийхээ хувьд арай эсрэг байр суурьтай байлаа. Жишээлбэл, өнгөрсөн найман жилд төрийн эрхийг дангаараа барьсан МАН-ынхан маш олон зүйлд дутагдалтай ажилласан. Ялангуяа татвар, бизнесийн салбарын орчин нөхцөл огт сайжраагүй. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэгт ямар байр сууриуд байгааг нэн түрүүнд харсан. Үүнээс гадна айдас гэдэг зүйл Монголд маш их гаарсан. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг барьж хорьдог. Энэ бол хөдөө орон нутагт, сум, баг гээд шат бүрд байгаа. Энэ асуудлыг багасгахын төлөө бид дуу хоолойгоо өргөх ёстой. Үүний тулд Ардчилсан нам 42 гишүүнтэй болсон. Гэтэл хэрхэн яаж ажиллах талаар тодорхойгүй байхад хамтарчихлаа гэж харж байгаа. Гэхдээ ардчилсан нийгмийн зарчмаар явж байгаа учраас олонхын шийдвэрийг дагана. Мэдээж зарчмын хувьд шүүмжлэх зүйлсээ шүүмжлээд л явна.

-Том төслүүдийн үр ашиг нь маш тодорхой байх ёстой-

-Төсвийн тодотголд зардлыг 3 их наядаар тэлсэн. Үүнийг томоохон мега төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулна гэж ЗГ-аас тайлбарласан. Үүнийг та хэрхэн дүгнэв?

-Зардлыг 3 их наядаар тэлж байгаа дээр бас л мэдээлэл дутмаг байна. Жишээлбэл, дээрх 3 их наядын дотор Улаанбаатар хот руу чиглэсэн олон асуудал байгаа. Газар чөлөөлөлтөд 500 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ нь одоо тодотголоор орж ирж байх жишээтэй. Төсөв нь батлагдаагүй байхад мөнгийг нь аль хэдийнэ зарцуулсан байгааг төдийлөн ойлгохгүй байна. Ер нь Монгол Улс том төслүүдээ хөдөлгөж байж эдийн засгийн том эргэлтийг бий болгож, хувийн хэвшлүүд үүнд нь оролцсоноор эдийн засгийн эргэлт, ажлын байр бий болж, ард иргэд нь хөгжих боломж үүснэ.

Тиймээс том төслүүдээ хөдөлгөх шаардлагатай. Гол нь үр ашиг нь маш тодорхой байх ёстой. Эдийн засгийн болон нийгмийн бусад судалгаанууд нь дутуу хийгдсэн ажлыг сэтгэл хөөрлөөр хийнэ гээд байж болохгүй.

-Тендерийн хуулийн хэрэгжилт ямар байсан бэ, жил бүр ямар дүгнэлтүүд гарсныг тодорхой болгох ёстой-

-Төсвийн тодотголыг дагаж, төсвийн тогтвортой байдлын тухай хууль, тендерийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд орж ирсэн. Зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, тендерийн тухай хууль буцаагдсан. Эдгээр хуулиуд өөрчлөгдсөнөөр гарах өөрчлөлтийн талаар?

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ авах хуулийг өөрчлөхөөр тусгасан. Үүнд нэлээдгүй ноцтой заалтууд орж ирсэн. УИХ төсөвт ямар нэг хяналт тавих боломжгүйгээр Засгийн газар дур мэдэн өөрөө худалдан авалт хийхээр аливаа этгээдэд давуу байдал олгох боломжтой байдлаар хуулийн төслийг оруулж ирсэн. Үүнд маш олон гишүүн эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд миний хувьд ч дээрх гишүүдтэй санал нэг байсан.

МАН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авч, энэ хуулиа эргэж харъя гэсэн. Ер нь энэ тендерийн хуулийн хэрэгжилт өмнө нь ямар байсан бэ, жил бүр хэрэгжилттэй нь холбоотойгоор ямар дүгнэлтүүд гарсан бэ гэдгийг тодорхой болгох ёстой. Тэгэхгүйгээр нэг төсөл хэрэгжүүлэх гэхээр асуудал үүсдэг гэх байдлаар хуулийг өөрчлөх биш, нэгэнт өөрчлөлт хийж байгаа бол өмнөх хэрэгжилт нь ямар байсан гэдэг байдлаар цогцоор нь эргэж харах ёстой. Ямартаа ч тендерийн хуулийн өөрчлөлтийг хууль санаачлагч Засгийн газарт нь буцаасан. Цаашид энэ хуулийн өөрчлөлт эргээд яаж орж ирэхийг маш сайн анхааралдаа авна.

-Дагаж орж ирсэн нөгөө хууль нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл. Энэ өөрчлөлт хийгдсэнээр ямар үр дагавар гарах вэ?

-Тогтвортой байдлын тухай хууль нь өөрөө маш тогтворгүй, байнга өөрчлөгдөж байдаг хууль. Үүнээс болоод хэрэгжилт нь асуудалтай байдаг гэж ойлгосон. Тиймээс энэ хуулиа ойр ойрхон өөрчлөөд байж болохгүй. Сангийн сайдын өгч буй тайлбар дээр маш олон туршлагатай хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна. Миний хувьд энэ асуудлыг илүү судлах ёстой гэж ойлгож байгаа.

-Хувийн хэвшлийг дэмжихгүйгээр улс орон хөгжсөн түүх байхгүй-

-126 гишүүнтэй шинэ парламент бүрдээд, 2 сарын хугацаа өнгөрлөө. Анх удаа сонгогдсон гишүүний хувьд ямар ажил дээр илүү төвлөрч ажиллаж байна?

-Гишүүдийн ширээн дээр орж ирдэг хуулийн төслүүд дээр анхаарч, санал өгөх гээд байгаа асуудлууд дээрээ төвлөрч байна. Намрын чуулган эхлэхээр сонгуулийн сурталчилгааны үеэр амлаж байсан зүйлүүд дээрээ илүү төвлөрч ажиллана. Энэ нь хувийн хэвшлийг дэмжих. Хувийн хэвшлийг дэмжихгүйгээр улс орон хөгжсөн түүх байхгүй. Тиймээс бид хувийн хэвшлээ босгож ирэх ямар хууль, эрх зүйн шинэчлэлийг хийж болохоор байна, үүн дээр илүү анхаарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Ш.Бямбасүрэн гэж хүн улс төрд орох болсон шалтгаан юу юм бэ?

-Ер нь нийгэмд үүссэн шударга бус байдал, ялгавартай хандлага байгааг орон нутагт бизнес эрхэлж байхдаа маш их мэдэрсэн. Үүнийг эсэргүүцэж аймгийн ИТХ-д сонгогдоод багагүй дуугарсан. УИХ буюу хууль тогтоох байгууллага дээр хуулийн цоорхой үүсэж, хоорондоо уялдаа холбоогүй зөрчилтэй хуулиуд батлагдаад байгаа учраас үүнийг өөрчлөх гаргалгаа нь хууль гэх үүднээс УИХ-д нэр дэвшиж, сонгогдсон.

-Хувь хүний эрх чөлөө хумигдсаар байгааг анзаарсан-

-Улс төрийн нам, эвслүүд дундаас яагаад Ардчилсан намыг сонгосон юм бэ?

-Монгол Улсад хүний эрхийн зөрчлүүд маш их гарч байна. Мөн ардчилал болон авлигын индексээр жил бүр ухарсаар байгаа. Хувь хүний буюу бизнес хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бага багаар хумигдсаар байгааг анзаарсан. Энэ байдал удаан үргэлжилбэл маш эрсдэлтэй. Аливаа зүйл ил тод, шилэн болоод, урагшлах ёстой байтал улам уруудаад байгаа нь буруу замаар явж буйн илрэл. Үүний эсрэг үзэл баримтлалын хувьд хамгийн ойр нам нь Ардчилсан нам гэж харсан. 2019 онд Ардчилсан намын гишүүнээр элсээд, 5 жил болж байна.

-Таны хувьд АН- сөрөг хүчний үүргээ хэр биелүүлж байгаа гэж харж байна?

-Намын хувьд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тодорхой асуудлууд байсан. Харин УИХ-ын гишүүд, бүлгийн тухайд үүргээ хангалттай гүйцэтгэсэн гэж хэлнэ. Хүчний тэнцвэр нь дэндүү цөөдсөн асуудал байсан гэж ойлгож байгаа.

-Улстөрч хүний замналд магтаал, шүүмжлэл аль аль нь байдаг. Та улстөрч байхыг юу гэж ойлгож, хүлээж авав?

-Ялангуяа, улстөрч хүнд магтаал, шүүмжлэл бүх зүйл дээр л байна. Үүнийг би өөрөө тодорхой хэмжээнд гадарлана. Миний аав Ц.Шинэбаяр УИХ-ын гишүүн байсан. Тиймээс улстөрч хүн байх нь маш өндөр хариуцлага гэж хүлээж авч байгаа. Залуу хүнд суралцах зүйл олон байдаг. Тиймдээ ч шүүмжлэлийг маш сайн хүлээж авна. Тэр дундаа, ажил хэрэгч, бодит шүүмжлэлийг дуртайяа хүлээж авна.

-Ярилцсанд баярлалаа.

Зэсийн ирээдүй гялалзаж байна
Зэсийн ирээдүй гялалзаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.