Ubn.mn сайт энэ удаагийн ярилцлагынхаа зочноор МУСТА, Сэтгүүлч, яруу найрагч Ундраагийн Баярсайханыг урьж, сүүлийн үеийн уран бүтээл хийгээд бусад сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа.
-Юун түрүүнд уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Ундраагийн Баярсайхан гэдэг. Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул. Сэтгүүлч мэргэжилтэй. Байгалиас заяасан өгөгдлөөрөө шүлэг, яруу найраг тэр дундаа дууны яруу найраг бичиж, дууны уран бүтээлд өөрийн хувь нэмрээ оруулж яваа хүн байна.
-Дууны яруу найрагч гэхээр бусад яруу найргаас тусдаа ойлголт болж байх шиг байна тийм үү. Нэг ёсондоо мэргэшиж байна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. "Хэн дуртай нь дууны яруу найрагч болдоггүй ээ" гэж багш нар маань болон ахмад үеийн яруу найрагчид маань хэлдэг юм. Тэр дундаа дууны яруу найраг гэдэг бол тусгай, зориулагдсан жанр байхгүй юу. Жишээлбэл,
Эхний бадгийн эхний мөр нь 5 үгтэй, 12 үетэй байгаа бол хоёр болон гуравдугаар бадгийн эхний мөр нь ч мөн адил 5 үгтэй, 12 үетэй байх ёстой. Уншихад ч гэсэн ямар нэг төвөггүй, түгдэрч гацахааргүй байх хэрэгтэй. Хэрэв тийм биш бол дуучинд маань ч тэр, ая зохиогчид ч тэр, хөгжмийн найруулагчдад ч тэр ихээхэн хүндрэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл дууны шүлэг нь зүгээр л бичээд орхичихдог, хэдэн үг нийлүүлээд болчихдог зүйл огт биш юм.
-Сүүлийн үед төрөн гарч ирж байгаа дуучид, артистууд өөрсдөө дууныхаа үг, аяыг бичдэг болсон байна. Үүнд та мэргэжлийн хүний үүднээс ямар байр суурьтай ханддаг вэ?
-Дээхэн үед шинэ дуу гаргахын тулд заавал зохиолчдын хороо, харьяа яам, тамгын газруудаар үг аяа батлуулдаг байсан. Тэр ч утгаараа жилд маш чанартай, цөөхөн уран бүтээл шигшигдэн гардаг байсан юм. Одоо ч тэдгээр уран бүтээлийг бид ардын дуу шигээ амандаа аялсаар байна. Гэтэл өнөө үед ямар нэг шүүлтүүргүй болчихсон учраас хэн хүссэн нь, юунд ч зориулаад дуу хийдэг болсон байна. Би хэдэн жилийн өмнө нэг сонинд ярилцлага өгөхдөө "Гэрийн тэжээвэр амьтандаа хүртэл дуу зохиолгох нь ээ" гэж хэлээд шүүмжлүүлж байсан юм. Үнэхээр цаг үе өөрчлөгдөөд ирэхийн хэрээр, их туйлшрах болсон.
Тийм ч учраас мэргэжлийн уран бүтээлчид бид энэ асуудалд хориг тавьдаг юм. Миний хувьд аав, ээжийн тухай, адуу малын тухай шүлэг бичиж өгч л байсан. Гэхдээ зарим тохиолдолд энэ арай дэндэнэ, ийм уран бүтээл хийж болохгүй. Би ийм шүлэг бичихгүй гээд татгалздаг юм.
Гэтэл ямар нэгэн дуу бүтээлгэх гэсэн хүсэлтэй хүмүүс "Чи хийхгүй бол өөр хүнээр хийлгэе" гээд өөр хүн дээр, ямар нэг дуучин дээр очдог. Нөгөө дуучин нь мөнгийг нь хараад л би шүлэг, аяа өөрөө зохиогоод өөрөө дуулчихъя гээд л нэг дуу гараад ирж байгаа юм. Гэвч тэр дуу нь хэр удаан хугацаанд дуулагдах дуу вэ, хэр урт настай дуу вэ гэдэг чухал. Яах вэ сошиал орчин хөгжсөн учир фейсбүүкээр бүүст хийгээд цацна л даа. Тэр ч утгаараа мэдээж хэрэг хүмүүст хүрч байгаа. Сонсогчид бол маш шударга шүү дээ. Энэ дууг сонсох юм байна, энэ дууг хаях юм байна гэдгээ өөрсдөө шүүгээд гаргаад ирнэ.
Тиймээс миний хувьд мэргэжил мэргэжилдээ эзэн байя. Дуучин бол дуучнаа хийе, яруу найрагч бол шүлгээ бичье, ая зохиогч бол аяа бичье гэсэн бодолтой, байр суурьтай байдаг юм.
-Урлаг бол иргэдийг соён гэгээрүүлэх үүрэгтэй. Гэтэл дээрх асуудлаас гадна бас нэг тулгамдаж буй зүйл бол орчин үеийн дууны шүлгийн утга агуулга, үг үсгийн алдаа. Магадгүй дуучид дуугаа дуулахад үгийн алдаа төдийлөн анзаарагддаггүй боловч дууныхаа нэрийг өгөхдөө хүртэл үг үсэг, дүрмийн алдаа гаргах нь их болж?
-Магадгүй энэ ярилцлагыг шилдэг яруу найрагчид, уран бүтээлчид унших байх л даа. Тэдэн шиг дүгнэж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд харахад учир дутагдалтай зүйлүүд харагддаг юм.
Ихэвчлэн рок попын уран бүтээлүүдэд ажиглагддаг юм. Мэдээж хэрэг шинэ уран бүтээлүүд тэр дундаа чанартай уран бүтээлүүдийг үзэж, сонсоно шүү дээ. Үг үсгийн хувьд алдаа төдийлөн мэдэгдэхгүй ч утгын хувьд алдаатай байгаад байдаг.
Мөн дээр нь сүүлийн үед хүмүүс цахим хуудсан дээрээ хүртэл пост бичихдээ ярианы хэллэгээрээ шууд л үг үсэг нийлүүлээд биччихдэг болж. Яг үүнтэй адил дууны үгийг, утгыг алдагдуулчихаар бидний хойч үе, залуучуудад их сөрөг нөлөөтэй. Миний хүүхдүүд ч гэсэн тэр дууны үг, утга агуулгыг буруу сурах магадлалтай байна гэсэн үг шүү дээ.
Түүнээс гадна дан ганц уран бүтээл гэлтгүй боловсролын салбарт тэр дундаа уран зохиол, хэл бичгийн номонд хүртэл ихээхэн алдаа ажиглагддаг болсон байна лээ. Угтаа бол ЕБС-ийн сурах бичгийн алдаа оноог редакторладаг тусгай баг ажиллаж байгаа шүү дээ. Гэвч тэд маань заримдаа төдийлөн анзаарахгүй байна уу даа гэж хардаг юм.
Тийм ч учраас би цахим хуудсандаа нийтлэл бичихдээ үг үсгийн алдаагүй, утгын алдаагүй, зөв бичиж нийтэлдэг. Хэрэв би буруу бичвэл хүүхдүүд маань түүнийг хараад яг л адилхан буруу сурчихна шүү дээ. Тиймээс аав, ээжүүд маань өөрсдөө зөв бичиж суръя, зөв бичье гэдэг уриалгыг энэ ташрамд хэлмээр байна.
-Нэг хэсэг Монголчууд тэр чигээрээ шүлэг, яруу найргаар амьсгалдаг байсан бол одоо цаг үе өөр болж. Ер нь таны хувьд энэ нийгмийг хэрхэн ажиглаж байна?
-Тийм шүү. Уран зохиол, шүлэг яруу найраг гэхээс илүүтэй нийгэм рүүгээ, өөрсдийнхөө амьдралд анхаарах болж. Арга ч үгүй биз. Ажил хөдөлмөр эрхэлж байж л энэ нийгэмд амьдарч байгаа шүү дээ бид. Харамсалтай нь хамаг л цаг хугацаагаа замын түгжрэлд зориулж байна. Мөн дээр нь төрийн байгууллагын ажил хэдэн цагт эхэлж байгаа билээ. Угтаа бол төрийн байгууллагыг эсхүл нийтээрээ өглөө эрт ажлаа эхлүүлээд орой эрт тардаг систем рүү шилжвэл төрийн байгууллага төдийгүй бүхий л ажил үр өгөөжтэй, түргэн шуурхай явагдах юм болов уу гэж хувьдаа боддог юм. Түүнээс гадна төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа нь тун сайшаалтай санагдаж байгаа.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар яриагаа үргэлжлүүлье?
-Тун удахгүй намрын тухай сэдэвтэй сайхан дуу маань сонсогчдодоо хүрэх гэж байна. Эх орны сэдэвтэй дуу ч гэсэн гарч байна. Эдгээрээс онцлоод хэлбэл нутгийнхаа тухай дууг Төрийн шагналт, Ардын жүжигчин Р.Жанцанноровтой хамтран бүтээж байгаа.
Би оюутан байхдаа л өөрийгөө голохгүй Р.Жанцанноров гуайтай, Б.Шарав гуайтай уулзаад, шүлгээ өгөөд явж л байсан. Гэвч тэд шүлгийг маань голсон уу эсхүл миний бүтээлийг мартсан уу дуу ч үгүй, шүлэг ч үгүй алга болсон. Ямар шүлэг өгч байснаа ч сүүлдээ мартсан байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл холбоотой байгаагийн дээр тун удахгүй гарах уран бүтээлээ тэсэн ядан хүлээж байна.
-Оюутан цагийнхаа дурсамжаас хуваалцахгүй юу?
-Оюутан нас бол уран бүтээл хийх хамгийн оргилуун үе минь байсан. Студи бүр рүү ороод л студиэс студи дамжаад л явдаг байлаа. Манай сургууль Сансарт байдаг байсан юм. Тэгээд сургуулиасаа гараад 10-р хороолол хүртэл алхана. Ингэж алхсаар 20-иод студиэр ордог байсан юм. Эхний студид ороход нэг дуучин байж байна. Дараагийн студид орохоор өөр нэг дуучин. Хэдий тэд намайг танихгүй ч би танина шүү дээ. Тэгсээр байгаад л дуучид, уран бүтээлчидтэй танилцаж, уран бүтээлээ эхлүүлж байсан юм.
Уран бүтээл бол ямар ч арын хаалгагүй ажил шүү дээ. Хэн нэгэнтэй холбоод өгөөч гэж бусдыг гуйдаггүй. Үнэхээр бичсэн шүлэг, зохиосон аялгуу нь тухайн хүнд таалагдаж байвал уран бүтээл болно. Таалагдахгүй бол хэчнээн их гуйсан ч нэмэргүй ийм л салбар. Тиймээс хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй. Бас уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй.
Манай нэг дуучин найз тухайн үед надад "Чи ямар уйгагүй зүтгэдэг юм бэ" гэж байж билээ. Тэгэхээр нь би "Чи ч бас адилхан ингээд хичээж болно шүү дээ. Хөгжмийн зохиолчтой ч юм уу яруу найрагчидтай уулзаад ямар уран бүтээл хиймээр байна түүнийгээ ярьж болно шүү дээ" гээд хэлтэл хариуд маань "Одоохондоо мөнгөтэй болоогүй байна" гэлээ.
Угтаа бол мөнгө хоёрдугаар асуудал. Нэгдүгээр асуудал бол уран бүтээлийнхээ зөв гаргалгааг олох. Тэгж байж дараагийн асуудал буюу мөнгө яригдана. Тухайн үед найз маань ойлгодоггүй байсан. Гэтэл сүүлдээ надад "Мөнгө тийм ч чухал биш юм байна" гэж хэлж байсан юм.
-Их л хөдөлгөөнтэй, сэргэлэн хүүхэд байжээ?
-Оюутан байхдаа би СУИС-ийн оюутны байранд амьдардаг байлаа. Энд тэнд хүн инээгээд л, уйлаад л, дээр дуурийн дуу дуугараад л жинхэнэ уран бүтээл тэнд л буцалдаг байсан. Анх ороход яг л галзуу хүмүүсийн байранд орчихсон юм шиг санагддаг байсан бол сүүлдээ бие биеэ ойлгоод улам илүү эрч хүчтэй болсон. Магадгүй тэр маань надад их нөлөөлсөн байх.
Оюутан насанд хөгжилтэй зүйл их болно оо. Тухайн үеийн оюутнууд шинэ гутал өмсөх их дуртай. Тэгээд л зах дээр явж байхдаа нэг гутлын мөнгөөр 4, 5 гутал бөөндөөд авчихдаг байлаа. Мэдээж хямдхан гутал яаж сайн чанартай байх вэ дээ. Ганц сар өмсөөд л муудчихна. Тэгээд л нөгөө гутлаа хаячхаад дараагийнхаа гутлыг өмсдөг байлаа. Ингэж нэлээн олон гутлын ард гарсных сайхан уран бүтээлүүдтэй үлдсэн байна.
-Ингэхэд одоогоор танд хэчнээн уран бүтээл байна вэ?
-Яг одоогоор надад 50-аад дуу байна. Үүний 60 орчим хувь нь клиптэй болсон. 40-өөд хувь нь клипгүй байгаа.
Мөн дээр нь дуу болоход бэлэн болчихсон 10-аад шүлэг байна. Эзэндээ очоогүй, эзнээ хүлээгээд л байж байгаа. Тэр бол цаг хугацааны асуудал байдаг юм. Уран бүтээл төрөх хугацаа, хүнд хүрэх хугацаа хоёр тохирч байдаг юм шиг санагддаг.
-Таны хамгийн анхны уран бүтээл ямар нэртэй юм бэ?
-"Сэтгэлийн хээ" гэдэг дуу бий. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа бичиж байлаа. н.Буянмөнх гэдэг залуу дуучин хоёрдугаар курсийн оюутан байхдаа дуулж байлаа. Хөгжмийг нь Очирбатын Эрдэнэбат ах маань зохиож байсан юм.
Нөгөө л студи хэсэж байхдаа О.Эрдэнэбат ахтайгаа танилцаад яагаад ч юм "Та энэ шүлгийг авахгүй юу" гэж хэлээд 20 мянган төгрөг өгсөн юм билээ. Би ч тэгж хэлснээ мартчихсан байсан чинь саяхан уулзаад сонссон. "Баяраа нэг 20 мянган төгрөг өгчхөөд дуутай болчихсон хүн дээ. Би тэр мөнгөөр нь тухайн үед шар тайлсан л байх" гэж хуучин үеэ дурссан даа.
-Яруу найрагч хүн учир нэг зүйлийг асуухгүй өнгөрч болохгүй байх. Аливаа уран бүтээлд зохиогчийн эрх гэж бий шүү дээ. Дууны хувьд зохиогчийн эрхийг хэн эдлэх ёстой байдаг юм бэ?
-Мэдээж тухайн хөгжмийн зохиолчийн аялгуу бол хөгжмийн зохиолч эрхээ эдэлнэ. Яруу найрагчийн бүтээл байвал яруу найраг ч шүлгийнхээ зөвшөөрлийг авна гэсэн үг.
Яг одоо ч энэ асуудал нийгэмд яригдаж байна шүү дээ. Хэд хэдэн дуучин дуу булаацалдаад маргалдаад л байна. Угтаа бол дуучид хоорондоо маргалдах бус зохиогчдоосоо дуулах зөвшөөрөл, эрхээ авах хэрэгтэй. Хэрэв зохиолч нь бурхан болсон бол тэдний үр хүүхэд эзэмшинэ.
Түүнээс биш би эхэлж дуулсан, чи эхэлж дуулсан гэж хоёр хүн маргалдах нь ичгэвтэр асуудал. Үүнийг иргэд ойлгохгүй цахим орчинд талцаж хуваагдаад маргалдаад байна. Тиймээс хаана хаанаа оюуны өмчийг дээдэлж сурах хэрэгтэй байна.
-Энэ хүрээд ярилцлага маань өндөрлөж байна. Сүүлийн мөчийг өөрт тань үлдээе?
-Ярилцлагадаа урьж оролцуулсанд баярлаа. Ажлын өндөр амжилт хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг өнөө орой Ubn.mn сайтын пэйж хуудсаас хүлээн авч үзээрэй.