Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.08.21/ хуралдаж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо тогтоолын төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Ирэх дөрвөн жилд Засгийн газрын хөтөлбөрт гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэрхэн төсөөлж тусгасан бэ. Гадаадын хөрөнгө оруулагчид буурсан нь засаглал, санхүү, эдийн засгийн орчинтой холбоотой. Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөрийн бодит хэрэгжилтийг хангахын тулд гадны хөрөнгө оруулалт, хүн хүч, чадварлаг нөөц, техник технологи, санхүүгийн хувьд ч эрсдэлээ хуваалцах гадны хөрөнгө оруулалт, гадаад бодлого зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийн аюулгүй байдал хэдэн хувь хангагдсан гэж үзэж байгаа вэ. Хангагдахгүй байгаа шалтгаан юу вэ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хангагдахгүй байгаа хувь хэмжээ хэрхэн өөрчлөгдөх вэ" гэх асуултыг тавьсан.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү "Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт банк, санхүүгийн даатгалын салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих асуудлыг тусгасан. Тухайлбал гадаадын банкны салбар нэгжийг дотоодын зах зээлд нэвтрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай банк, санхүүгийн байгууллага байгуулах асуудлууд бий. Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдыг нэмэгдүүлэх, татварын таатай орчинд бүрдүүлэх, даатгалын салбарыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлнэ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татвар болон нийгмийн даатгалын бодлогоор дэмжих асуудлыг мөн тусгасан. Цахим татварын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлж, ажил олгогч, даатгуулагч харилцан өгөөжтэй байхаар татварын орчныг зохицуулна. Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортыг татварын бодлогоор дэмжинэ. Хувийн өмчийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулан, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон бусад багц хуулийг шинэчилнэ. Шинэ аж ахуйн нэгжид тулгардаг саад хоригийг арилгаж, старт ап болон зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих монополын эсрэг арга хэмжээг авна. Зөвшөөрөл олголтыг бүрэн цахимжуулна" гэсэн хариултыг өгсөн юм.