Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Орон нутгаас ирээд мал, махаа зарах, хүнс бараагаа цуглуулах иргэдтэй 5000 төгрөгийн асуудал төдийлөн ярихгүй

Ангилал
Улс төр Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
7 минут 48 секунд

Ирэх сарын 1-нээс эхлэн орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатарт 48 цагаас дээш хугацаанд зорчсон тохиолдолд хоногийн 5000 төгрөгийн төлбөр төлөхөөр болсон. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатартай цөөн хором ярилцлаа.

-Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээр нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон тохиолдолд өдрийн 5000 төгрөг төлөх журам хэрэгжиж эхлэхээр болсон. Энэ журам хэрхэн хэрэгжих талаар мэдээлэл өгөөч?

-Бид өнгөрсөн арванхоёрдугаар сард УИХ-аар Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг батлуулсан. Энэ хуулийн хүрээнд нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад тодорхой захиргааны шийдвэрүүд гарахаар хуульчилсан. Энэ дагуу орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслээс төлбөр авах заалт есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн гол төв учраас нийслэл рүү хөдөө орон нутгаас чиглэсэн хөдөлгөөн зайлшгүй байгаа. Малчид мал махаа тушаах, бизнес эрхлэгчид хотоос хүнс бараагаа цуглуулах хүрээнд дээрх төлбөрийн асуудал төдийлөн хөндөгдөхгүй. Яагаад гэвэл хотод орж ирээд, мал махаа зарах, бусад зүйлээ эрхлээд явахад боломжтой гэсэн агуулгаар зохицуулалт орж ирж байгаа.

48 цагаас илүү зорчвол ямар зохицуулалт байгаа вэ гэхээр хөдөө орон нутгаас орж ирээд, ихэвчлэн такси үйлчилгээ эрхлээд байгаа. Энэ нь нээлттэй. Гэхдээ түгжрэлд оруулж буй нөлөөллийг нь бууруулах үүднээс ийм зохицуулалт орж ирж байгаа гэж ойлгоход болно.

-Автозамын бүх сүлжээг нэгдсэн хяналтад оруулж, дүрэм зөрчдөг “сахилгагүй” жолооч нарыг дүрмээрээ явдаг болоход чиглэнэ-

-Орон нутгийн тээврийн хэрэгслээс хуримтлагдаж буй төлбөрийг юунд зарцуулах вэ?

-Мэдээж, Улаанбаатар хотын автозамын санд л орж ирнэ. Хоёрдугаарт, нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахаар ирэх есдүгээр сарын төгсгөл гэхэд камерын нэгдсэн системийг ашиглалтад оруулна. Хиймэл оюун ухаанд суурилсан програм хангамжтай, хэд хэдэн нэгдсэн төвтэй систем ашиглалтад орно.

Энэ нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж буй зөрчлийг бууруулах зорилготой. Өөрөөр хэлбэл, нийслэлийн автозамын бүх сүлжээг нэгдсэн хяналтад оруулж, дүрэм зөрчдөг “сахилгагүй” жолооч нарыг дүрмээрээ явдаг болоход чиглэнэ. Түүнчлэн, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчсөн торгуулиа төлдөг соёлд суралцуулна.

-Хамтарсан ЗГ байгуулагдаж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлахаар УИХ-аар хэлэлцэж байна. ЗГ-ын хөтөлбөрт нийслэл рүү чиглэсэн ямар онцлох ажлууд байгаа бол?

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол үндсэн зорилго бол Улаанбаатар хотын автозамын түгжрэлийн асуудлыг цогцоор нь шийдэх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаар хөрсний бохирдлыг бууруулахад гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдаж, олон жил хэрэгжүүлж чадаагүй тулгамдсан асуудлуудыг шийдэх юм.

Тиймээс Улаанбаатар хотын төвийн түгжрэлийг задлах, цаасан дээр байгуулсан Хөшигийн хөндий орчмын Шинэ Зуунмод хотыг бодит болгож, Улаанбаатар хотын төвлөрлийг шилжүүлэх зорилготой томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлье гэж байгаа.

Мөн шинээр байгуулагдаж буй нийслэлийн 14 хотоо хэрхэн “20 минутын хот” болгож, түгжрэлийн нөлөөллийг бууруулах вэ гэдэг цогц бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар нэгдсэн шүү гэдэг мессежийг иргэдэд өгөх ёстой гэж бодож байна.

-Бараг хүн бүр дангаараа нэг нэг машинтайгаар замын хөдөлгөөнд оролцож байна-

-Нийтийн тээврийн тухайд хэрхэх вэ?

-Улаанбаатар хот өөрийнхөө нийтийн тээврийг хөгжүүлэхгүйгээр цаашид түгжрэлийг шийдэж чадахгүй.

2005 онд “ЖАЙКА” олон улсын байгууллагын хийсэн судалгаагаар хотын иргэдийн 50-60 хувь нь нийтийн тээврээр зорчдог байсан бол өнөөдөр хоёр сая хүн амтай хотын иргэдийн 20 гаруй хувь нь л нийтийн тээврээр зорчиж байна. Өөрөөр хэлбэл, бараг хүн бүр дангаараа нэг нэг машинтайгаар замын хөдөлгөөнд оролцож байгаа юм.

Өнгөрсөн долоодугаар сарын байдлаар нийслэлд импортоор орж ирж буй машины тоо 88 мянгад хүрлээ. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Тянжин боомтоор орж ирэхээр хүлээгдэж буй машины тоо 60 мянгад хүрч байна.

Тэгэхээр түгжрэлээ шийдсэн улс орны төсөл бол нийтийн тээврээ хөгжүүлж, иргэдийнхээ 60 хувийг зорчуулдаг болсон цагт түгжрэл шийдэгдэнэ.

Хэдүүлээ сошиал дээр гоё гоё юм ярихаас илүү бусад улс орнуудын бодит жишээн дээр үндэслэх ёстой. Тийм учраас метроны төслийг эхлүүлээд, амжилттай хэрэгжиж байна. Метроны цооног өрөмдлөгийн ажил эхэлж байгаа. Аравдугаар сарын 1 гэхэд Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос баталсан худалдан авах ажиллагааны 1-р үе шат эхэлнэ. PMC буюу зөвлөх үйлчилгээний тендер нь аль хэдийнэ шалгараад явж байгаа.

Гэрээ эзэмшигчид маань бидэнд аравдугаар сарын 1-нээс өмнө APC нэгдүгээр үе шат шалгаруулах тендерийн жишиг баримтыг боловсруулаад, аравдугаар сарын 1 гэхэд олон улсын нээлттэй тендерийг зарлах төлөвлөгөөтэй байна.

Хоёрдугаарт, ирэх есдүгээр сардаа багтаад, Улаанбаатар хот дундуур хамгийн анхны нийт 33 км урттай Туулын хурдны замыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн нөхцөлөөр тендер зарлахаар ажиллаж байна. Үүний дараа мөн есдүгээр сард багтаж, Туулын хурдны зам дээр холбогдох Улаанбаатар хотын Их тойруугийн орчмоор явах тойрог хурдны замын зөвлөх үйлчилгээний тендерийг зарлана.

Тэгэхээр автозамын түгжрэлийг бууруулах гэдэг бол маш олон төрлийн цогц арга хэмжээ. Тийм учраас энэ хүртэл бид яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ирэх 7 хоногт хотын захиргаанаас уриалга гаргаж, олон нийтэд танилцуулах гэж буйгаа хэлье. Өөрөөр хэлбэл, нэг чиглэлд явдаг хүмүүс машинаа шэйрлэж буюу дундаа ашиглаж, ойрхон ажилтай хүмүүс алхаж ажлаа амжуулдаг соёлд шилжье. Унадаг дугуйг ашиглая, нийтийн тээврээр зорчъё гээд сүүлийн үед түгжрэл ихтэй томоохон хотуудад мөрдөж буй “экомобилити” чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлууд эхэлнэ.

-Автобусны парк шинэчлэлийн тухайд цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Парк шинэчлэлийн хоёрдугаар үе шат есдүгээр сард орж ирнэ. Илүү масс ихтэй автобусны шинэ төрөл орж ирнэ гэдгийг хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

ТАНИЛЦ: Энэ долоо хоногийн ээлжит бус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
ТАНИЛЦ: Энэ долоо хоногийн ээлжит бус чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.