Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Гантөмөр: ЗГ-ын үйл ажиллагааны гэрээг заавал УИХ дахь намын бүлэг батлах шаардлагагүй. Гэхдээ гишүүдээс тодорхой саналуудыг авсан

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
6 минут 42 секунд

УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж, 2024 оны төсвийн тодотгол болон хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор өчигдөр УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдсан. Уг асуудлаар УИХ-ын гишүүн, АН-ын дарга Л.Гантөмөртэй цөөн хором ярилцлаа.

-Гэрээ гэдэг нь ЗГ-ын бодлого дээр ямар чиглэл барьж, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг үйл ажиллагааны л гэрээ-

-Даваа гарагт хамтарсан Засгийн газрын гэрээнд гурван намын дарга гарын үсэг зурсан. Үүний дараа танай намын зарим гишүүд бүлэг хуралдаж шийдвэрээ гаргаагүй байхад Л.Гантөмөр дураараа гарын үсэг зурчихлаа гэх мэдээллийг хийсэн. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг гаргаж ирэхийн тулд Засгийн газрын зарчмыг гэрээнд тусгахаар сар гаруй ажиллалаа. Мэдээж гэрээ хийнэ гэдэг амар биш. Олон талын санал бодол мөргөлддөг, тулдаг. Энэ хугацааны зарчим юу вэ гэхээр мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх. Мөрийн хөтөлбөр дотроосоо алийг нь эхэлж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнтэй холбоотой ажил явагдаж байгаа учраас УИХ-ын гишүүдээс санал авсан. Өөрөөр хэлбэл, Бүлэг дээр Ажлын хэсэг байгуулаад, энэ хүрээндээ гэрээ болон үйл ажиллагааны хөтөлбөрт саналаа тусгаач ээ гэж байгаа юм.

Гэрээ гэдэг нь Засгийн газрын бодлого дээр ямар чиглэл барьж, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг Засгийн газрын үйл ажиллагааны л гэрээ шүү дээ. Тэрийг УИХ дахь бүлэг болон бусад газар батлах шаардлагагүй.

-Огт зөвлөлдөөгүй гэдэг нь худал гэсэн үг үү?

-Зөвлөлдөлгүй яах вэ. Манай Хяналтын хорооны дарга Э.Одбаяр танилцуулгаа хийсэн. Бид нэлээн дэлгэрэнгүй гэрээг тодорхой хэмжээнд хумилаа, асуудлаа эндээ төвлөрүүлээрэй. 4 нь тэргүүлэх чиглэл байгаагийн нэгдүгээрт бүсчилсэн хөгжил, хоёрдугаарт хүний хөгжил, гуравдугаарт эдийн засгийн хөгжлийн асуудал, дөрөвдүгээрт хүний эрх дээр суурилсан засаглалын хөгжлийн асуудал гэсэн чиглэлүүд дээр үйл ажиллагаагаа явуулах, эдгээр нь ямар зорилтууд байх вэ гэдэг ч юм уу, хураангуй хэлбэрээр аваад явъя. Дэлгэрэнгүй нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусаж, түүний дараа Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө болж нарийсаж гарч ирнэ гэсэн саналууд гарч ирж байна шүү гэдэг байдлаар манай бүлэг дээр танилцуулсан.

Бүлгийн гишүүдээс тодорхой саналууд байгаа юм л даа.

-Тухайлбал?

-Үндсэн хуулийн өөрчлөлт гэх мэт байна. Гэхдээ Засгийн газрын гэрээн дээр ҮХНӨ ярих нь утгагүй зүйл байхгүй юу. Тэгэхээр гэрээн дээр аль нэг тал нь тулгалт хийх ойлголт байхгүй.

-АН-ын бүлэг хуралдлаа. Уур амьсгал ямархуу байна?

-Асуудалгүй шүү дээ. Ажлаа л хийцгээж байна. Өглөөнөөс хойш төсвийн тодотгол ярилаа. Бидэнд гуравхан удаа төсөв батлах эрх байна. Эхний төсвийнх нь төлөвлөлт нь өнгөрсөн жил хийгдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бид энэ удаагийн тодотголынхоо хүрээнд ирээдүйд хийж хэрэгжүүлэх том төслүүд болон ТЭЗҮ, зураглал, урьдчилсан нөхцөлийг бэлтгэхэд тодорхой зардал гарах юм байна гэдгийг ярилцлаа. Гишүүд асуулт асууж, би хариуллаа.

Ер нь сонгууль болж хөтөлбөр дэвшүүлдэг, маргааш нь сонгууль дуусахаар мартаад өөр юм бодож олно гэсэн юм байхгүй шүү дээ. Сонгуулиар дэвшүүлсэн хөтөлбөрөө л ард түмэндээ танилцуулаад л авдаг саналаа авсан. Эндээс Монгол Улсад аль хэрэгтэйг эрэмбээр нь нэгтгээд, хөтөлбөрөө гаргаж байгаа.

Хөтөлбөр маань эдийн засгийн тогтвортой байдлыг хангахаас гадна эрчимтэй хөгжлийг авчрах боломжийг бий болгоход зориулагдаж байгаа гэж ойлгоход болно.

-Төсвийн тодотголын хүрээнд зардал нэмэгдэж буйг та хэрхэн харж байна. Нэмэгдэж байгаа шалтгаан нь юу вэ?

-Урсгал зардал нэмэгдээгүй, зөвхөн хөрөнгийн зардал нэмэгдэж байгаа. Хөрөнгийн зардал нь хотын түгжрэл, утааг бууруулах болон орон нутгийн эрчим хүчийг нэмэгдүүлэхэд л зориулагдаж байгаа.

-Даваа гарагт хотын дарга мэдэгдэл хийхдээ "ЭЗХЯ Улаанбаатар хотын зарим зам талбайг өргөтгөх үүднээс зураг төслийг боловсруулж, өөрсдөө хариуцъя гэж байна. Энэ бол байж болохгүй зүйл" гэж ярьсан. Тус яамны сайдын хувьд та юу хэлэх вэ. Танай яаман дээр үнэхээр тийм зүйл яригдсан уу?

-Ер нь тодорхой хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын төлөвлөлтийг ЭЗХЯ хариуцна гэж байдаг юм билээ. Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хүрээнд гарч ирж буй ТЭЗҮ-үүдийг боловсруулах ажил нь ЭЗХЯ дээр эрэмбэ дарааллаараа тавигддаг. Түүнд Л.Гантөмөр оролцъё гээд байгаа асуудал байхгүй. Х.Нямбаатар бол андуурч байна. Манай яам ч үүнд дурлаад байгаа юм биш. Бодлого, төлөвлөлтийг ЭЗХЯ хариуцна гээд заачихсан байгаа нь л энэ.

Зураг төсөв эсвэл ямар нэгэн менежментийн компанийг шалгаруулах зардлыг ЭЗХЯ дээр байршуулаад хийгээч ээ гэхээр нь "Үгүй ээ, наадахаа хариуцсан яамд руу өгөөд явуул" гэсэн. Гол нь бид эдийн засгийнхаа бодлогын тэлэлтийг барья. Тиймээс Х.Нямбаатар андуурсан л юм ярьж байгаа байх. Угаасаа өнөөдрийн хүртэл явж ирсэн арга замаа л шүүмжилж байна шүү дээ. Манай хүн чинь дуртай юмаа харж байгаад л шүүмжилдэг тийм л хүн.

-Ярилцсанд баярлалаа.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.