"Парис-2024" зуны XXXIII олимпын наадам 17 хоногийн турш үргэлжилж хаалтаа хийлээ. Энэ удаагийн олимпын наадамд дэлхийн 206 орны баг, тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорив. Үүнээс АНУ 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл буюу нийт 126 медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ. Харин БНХАУ 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл буюу нийт 91 медаль хүртсэн амжилтаар удаалав. Япон Улс 20 алт, 12 мөнгө, 13 хүрэл буюу 45 медальтайгаар гуравт жагслаа.
Тэгвэл Монгол Улсын тухайд, энэ удаагийн олимпын наадамд 32 тамирчин өрсөлдсөнөөс жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд ОУХМ, Дэлхийн аварга Б.Баасанхүү нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар 74 дүгээр байрт жагссан байна. Үүнээс гадна чөлөөт бөхийн тамирчид болох Дэлхийн аварга, МУГТ П.Орхон, МУГТ Т.Тулга, МУГТ, Д.Отгонжаргал, ОУХМ Б.Хулан нар шагналт тавдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.