Улаанбаатар хотын Ерөнхий архитектораар Ч.Төгсдэлгэрийг томилсон тухай НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцуулсан. Мөн “Z” буюу шинэ залуу үеийн төлөөлөл гэдгийг онцолсон юм. Ч.Төгсдэлгэр нь хот төлөвлөгч болон нийтийн тээврийн салбарт багагүй судалгаа хийсэн нэгэн аж.
Ийнхүү шинээр томилогдоод буй Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэртэй ярилцсанаа хүргэж байна.
-Хотын Ерөнхий архитектораар томилогдлоо. Нийслэлийн удирдлагуудын зүгээс ажлын саналаа хэзээ, хэрхэн тавьсан бэ. Томилгоотой холбоотой асуудлаас яриагаа эхэлье?
-Ерөнхийдөө Монголдоо амрахаар ирсэн байсан. Ирсэн хугацаандаа нийслэлийнхээ асуудалд санаа зовдог. Японд байх хугацаандаа ч хэд хэдэн удаа Монголын төслүүд дээр ажиллаж байсан. Тийм учраас асуудлаас нээх холдчихоогүй, хаана юу болоод байгааг мэдэж байсан хүний хувьд дахиад уулзацгаана. Тэр үед Хотын дарга “Залуучуудыг дэмжинэ, та хэд ирмээр байна” гэх утга зүйлийг хэлсэн.
Харин өнгөрсөн зун би Монголд ирсэн байж таарсан. Ингэснээр ер нь ажлаа авсан. Мэргэжлийн хүн хэрэгтэй байгааг ч Хотын дарга хэлсэн байдаг. Анх хот төлөвлөлтийн мэргэжлийг сонгож байхад хот байгуулалтын асуудлыг нээх ярьдаггүй байлаа шүү дээ. Хот төлөвлөлт гэхээр аав маань “Чи төгстөлөө юу хийх билээ” гэж асуудаг байсан. Энэ чиглэлээр төгсөгчид ер нь маш ховор бөгөөд архитектор байдаг ч гэсэн гадагшаа явсан хүмүүс байнга холбоотой байж, нэгнээ мэддэг.
-Таныг хотын дарга танилцуулахдаа “Z” буюу залуу үеийн төлөөлөл гэж онцолсон. Олон нийт ч мэдээлэл аваад “Туршлагагүйдэх юм биш үү” гэдэг сэтгэгдлийг илэрхийлж байна. Ажлаа хэрхэн эхлүүлье гэж бодож байна?
-Ажлын санал авсны дараа багагүй зөвлөлдсөн. Боловсролоо эзэмшлээ, гадаадад тодорхой байгууллагуудад ажиллалаа. Эх орондоо ч багагүй ажилласан. Гэхдээ би өөрийгөө туршлагатай, мундаг гэж хэлэхгүй. Боловсрол, туршлага нь байвч зарим мэдэхгүй зүйл бий. Хамтарч ажиллах баг маань үүнийг нөхнө гэж найдаж байгаа. Чадахаасаа чадахгүй хүртэл хичээнэ дээ.
-Хотын төлөвлөлтийн алдааг нийтийн тээвэртэй холбоотой гэж хардаг-
-Таныг нийтийн тээвэр болон хот төлөвлөлтийн чиглэлээр багагүй судалгаа хийсэн гэж сонссон. Хот төлөвлөлтийн алдааг хаанаа байна гэж үзэж байна?
-Тээвэртэй, тэр дундаа нийтийн тээвэртэй маш их холбоотой. Би олон улсад маш олон жишээ харж байсан. Зам зам гээд замаа барьчихдаг. Хэдэн тэрбумаар зам барьчхаад, дараа нь тэр замаа хуулж, нийтийн тээврийн эсвэл явган хүний зам болгож байгаа орнууд олон бий. Бид тэр алдааг давтмааргүй байна. Тиймээс нийтийн тээвэрт тулгуурласан хөгжил явж, хүндээ ээлтэй байх ёстой. Хүндээ ээлтэй гэхээр зөвхөн зам бариад байх биш. Зам байх аюултай шүү дээ. Зам байвал та хэзээ ч хүүхдээ гаргаж тоглуулахгүй байх. Тийм учраас дээрх асуудлуудыг чухалчилж авч үзнэ.
-Хотын төлөвлөлтийн алдааг тээвэртэй холбоотой гэж та хэллээ. Нийслэлийн иргэдийн 20-30 хувь нь л нийтийн тээврээр зорчдог гэх судалгаа бий. Ер нь нийтийн тээврийн хүртээмж, төлөвлөлтийг хэрхэн зөв чигт нь оруулах юм бэ?
-Метроны төсөл явж байгаа шүү дээ. Миний хувьд метрог барих цаг нь болсон гэж үзэж байгаа. Одоо метрог барина, барихгүй гэж ярихгүйгээр “барина” гээд л дайрах хэрэгтэй. Төслийн нэгжүүдтэй би уулзсан. Үүнд бүрэн итгэлтэй байна.
Хүртээмж гэхээр мэдээж, дахиад автобусны тоо, төрлийг нэмэх нь зүйтэй.
-Түгжрэлийг бууруулахын тулд автомашин унахад хэцүү болгож, нийтийн тээврээ хөгжүүлэх хэрэгтэй-
-Автобусны тоог нэмсэн ч түгжрэлийн улмаас нэг талдаа бөөгнөрдөг. Үүнээс шалтгаалж, иргэд автобус удаан хүлээх асуудал гардаг. Түгжрэлийн асуудалд та юу хэлэх вэ?
-Өмнө нь хэлснээр, метро нийтийн тээврээ нэгдүгээрт тавих ёстой. Дараагийн нэг бодлогын тухайд, ерөөсөө л хувийн автомашинуудыг цөөлөх хэрэгтэй. Ингэх маш олон төрлийн арга байна. Жишээлбэл, Лондонд машин унахад татвар маш өндөр. Сингапурт ямар өндөр гэж санана. Аль болох машин унахад хэцүү болгоод, хажуугаар нь нийтийн тээврээ хөгжүүлэх ёстой гэж үзэж байна. Монголын тухайд, аль аргыг нь хэрэгжүүлбэл үр дүнтэй байхыг судалж, шийдэх байх.
-Автомашин унахад хэцүү болгох талаар ярилаа. Манай улсын тухайд, амьжиргааны байдлаас болоод, иргэд үүнийг дарамт байдлаар хүлээн авч эсэргүүцдэг. Үүнд та юу хэлэх вэ?
-Энэ бол дэлхийн хаана ч болдог л асуудал. Дандаа эсэргүүцэлтэй тулгарна. Гэхдээ юу чухал байна, ямар золиос гаргах ёстой байгааг ухамсарлах нь шийдвэр гаргаж буй хүмүүс юм болов уу.
-Энэ хотод хүн амьдарч буй учраас хүндээ ээлтэй, хүний төлөө байх ёстой-
-Дараагийн асуудал бол “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж ирэх намар УИХ-д өргөн барихаар байна. Хэрхэн зөв төлөвлөлт хийж байж, дээрх тулгамдсан асуудлууд шийдэгдэх юм бэ?
-Дээрх ерөнхий төлөвлөгөө нь БНСУ-ын зөвлөх үйлчилгээг аваад явж байна. Ирэх 7 хоногт Солонгосын компаниас ирсэн хүмүүстэй уулзах хүсэлт тавьсан. Амаргүй ажил учраас мастер зураг маш сайн байж, хот хөгжинө. Мастер зургаа сайн гаргахын тулд нийтийн тээвэр дээр суурилж, хувийн хэвшилтэйгээ хамтарч хотыг босгох ёстой. Мөн байгаль орчныг заавал ярих ёстой. XXI зуунд байгальд ээлгүй төсөл хийгээд байж болохгүй. Байгалийн гамшгуудыг ч тооцоолох нь зүйтэй. Мөн энэ хотод хүн амьдарч буй учраас хүндээ ээлтэй, хүнийхээ төлөө байх ёстой.
-Өнгөрсөн зун болсон үерийн нэг шалтгааныг хот буруу төлөвлөлт, замбараагүй барилгажилттай холбож тайлбарладаг. Олон нийт ч, хотын удирдлагууд ч “бетонон ширэнгэ” болсныг хэлдэг. Цаашид нийслэлийн газар олголт, төлөвлөлтийг хэрхэн зөв хийж, стресс бухимдал буурах бол?
-Хот төлөвлөлт алдаатай нь гэдэг нь одоо ямар хотод амьдарч буйгаас харагдаж байгаа байх. Миний хувьд хичээж ажиллана. Яаж вэ гэхээр огт газар өгөхгүй гээд байж болохгүй. Хувийн хэвшилтэйгээ маш сайн ойлголцож, тэдгээрийн хүсэлт, нийслэлээс тавих шаардлага юу байгааг харилцан ойлголцож, илүү төвлөрч ажиллахад анхаарна.
-Нийслэлчүүд гэрээсээ гараад 20 минутын дотор боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээг авдаг болох зорилт бүхий “20 минутын хот” концепц ЗГ-ын түвшинд ч яригдаж байгаа. Концепцийг хэрхэн харж байна?
-2021 онд НЗДТГ-т зөвлөхөөр ажиллаж байх үедээ “Улаанбаатар ямар вэ” гээд ярихаар жижигхэн. Миний хувьд Их дэлгүүрээс хаашаа л бол хаашаа алхчихдаг. Алхах боломжтой хот байхгүй юу. Эрс тэс уур амьсгалтай ч алхаад эсвэл дугуйгаар, автобусаар, автомашинаар гээд 20 минутын дотор явах боломжтой. Энэ концепц бол аль 20 жилийн өмнө дэлхийд бий болчихсон. Гэвч ковид-19 цар тахлын үеэр алдаршсан. Яагаад гэвэл тухайн үед иргэд автобусанд ч сууж чадахгүй байсан шүү дээ. Эмнэлэг, дэлгүүр ормоор байдаг ч тэр нь маш хол. Үүнээс л сэргэлт авч төрийн, нийгмийн дэд бүтцүүд иргэдэд ойрхон байх ёстой юм байна гэж үзсэн. Санал болгож байсан хүний хувьд энэхүү концепцийг дэмжиж байгаа.
-Монголдоо ирэхэд, Яармаг ямар аймаар түгжирч байгаа нь харагдсан-
-Бидний ярилцаж буй Яармагийн Хангарди ордонд хотын захиргаа, түүний харьяа хэлтсүүд ирчихлээ. Ингэснээр түгжрэл буурна гэж албаныхан үзэж байгаа. Яармаг бол түгжрэлийн голомт шүү дээ?
-Яармаг өмнө нь ийм байгаагүй. Би гадагшаа яваад олон жил болсон. Гэхдээ жил бүр Монголдоо ирэхэд, Яармаг ямар аймаар түгжирч байгаа нь харагдсан. Энэ нь нөгөө талаасаа хотын төвдөө төвлөрөхгүй, өөр шинэ төв хэрэгтэй нь харагдаж байна шүү дээ. Яармагт түрүүн хэлснээр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, нийтийн дэд бүтцийг нь шийдээд өгвөл дэлгүүр хэсэж, кино үзэхээр ч юм уу ирдэг байж болно. Түгжрэлийг шийдэхийн тулд мэдээж нийтийн тээвэр мөн замын төслүүд явагдаж байна. Гэхдээ тийм амархан шийдэгдэхгүй байх. Хэдэн жилийн дараа гэхэд залуучууд хоорондоо уулзах гээд Яармагт ирдэг болоосой гэж найдаж байна.
-Сэлбэ болон Баянхошуу, Шархад дэд төвүүд төлөвлөгөөг хэрхэн харж байна. Дэд төвүүд ашиглалт орсноор хотын ерөнхий төлөвлөгөөнд ямар ач тустай бол?
-Дагуул хот буюу 7 дэд төвтэй байя гээд энэ төлөвлөлт маш удаан яригдсан. Энэ төлөвлөлт хэрэгжиж байж бидний яриад байгаа түгжрэл буурна. Сэлбэ дэд төвийн тухайд, “20 минутын хот” концепцийг шингээгээд явж байгаа учраас амжилттай жишээ болоосой гэж харж байгаа.
-Би хэн нэгэн даргын “цүнхчин” байсангүй-
-Нийслэлд замбараагүй газар олголт тулгамдсан асуудал болоод удаж байна. Үүнд үе, үеийн нийслэлийн удирдлагууд, албан тушаалтнууд буруутай гэж үзээд, сонсгол хийх ч тухай хөндөгдөж байсан. Замбараагүй газар олголтын хэрхэн зохицуулах вэ?
-Үүнийг хийх гэж л энэ ажилд томилогдсон гэж ойлгож байгаа. Би хэн нэгэн даргын “цүнхчин” байсангүй. Тэгэх ч завгүй явж ирлээ. Залуу хүний хувьд замбараагүй газар олголтын асуудлыг хагалах боломж гэж хараад байгаа. Мөн төрийн ажил учраас түмний төлөө байх ёстой зарчмыг баримталж ажиллана.
-Цаашид төрийн албанд хэр удаан ажиллана гэж бодож байна. Залуучуудыг дэмжье гээд томилохоор тун удалгүй ажлаа өгчихдөг тал бий шүү дээ?
-Өөрийн байдаг чадлаараа хичээж ажиллана. Хичээгээд хичээгээд болохгүй бол гарах л байх. Амархан бууж өгдөггүй болохоор цуцашгүй явъя гэсэн зорилготой байна.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.