"Парис-2024" зуны олимпын чөлөөт бөхийн төрөлд МУГТ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдаж, ялагдал хүлээсэн. Тэгвэл МУГТ О.Насанбурмаа байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,
"Бид бүгдээрээ л дүүгээ медаль аваасай гээд мөн ч их залбирч хүлээж байлаа. Гэхдээ болсонгүй дээ. Дүү минь чадлынхаа хэрээр эцсээ хүртэл сайхан л үзлээ. Ямар амьдралаас гарч ирж яаж өөрийгөө золиослож, ямар их тэвчээр гаргаж, хайртай дуртай спортдоо амжилт гаргах гэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, аав ээж, ард түмнээ баярлуулахын тулд тэмцэж байсныг нь бодохоор дотор харанхуйлаад байх юм. Медаль авчихвал өөрийнх нь амьдрал нь жоохон ч гэсэн дээшлэх байх гээд л залбирч суулаа. Хаа байгаа зурагтын эцсээс өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүй Нисэхийн тойрогт нэг ч өдөр таслалгүй 10 жил бусдаас илүү шаргуу хөдөлмөрлөсөнийхөө үр дүнд анхныхаа Олимпод оролцож, ДАШТ-д 2 мөнгө, 1 хүрэл медаль, 3 жил дараалал хүртсэн жаахан дүүгээрээ бахархаж байна.
Энэ жил 22-хон настай дүүг минь олон амжилт ирээдүй хүлээж байгаа шүү. Ялагдал болгон сургамж болж, ялалт бүр нь урам болно оо, миний дүү.
Одоо тэр элдэвлээд, доромжлоод байгаа хүмүүст хандаад хэдэн үг хэлмээр байна. Бид нар элдэвлэж, шүүмжилж, доромжилж байхаар нийтээрээ Монголынхоо олон сайхан тамирчдаа дэмжиж, амжилт гаргахад нөлөөлөх жижиг ч болтугай тус хийгээд, яадахдаа нэг өдрийн бэлтгэлийг нүдээрээ үзмээр байна. Жишээлбэл, жилдээ ганцхан удаа, 4 жилдээ ганцхан удаа болдог олимп, ДАШТ-ийг телевизээр үзчихээд амжилт гаргавал тултал магтаад, хожигдвол муулдаг жишиг олон жил тогтлоо. Өнгөцхөн хараад дүгнэлт их хийж байна.
Отгоо дүү минь 1 өвдөгнийх нь чагтан холбоос тасарсан, нөгөө авдөг нь менескны урагдалтай байгаа. 2,3 жил хөлөө чирээд л эмчилгээ хийлгэж, байнгын үе мөч чангалах дасгал хийж, аргацаасаар энэ олимпыг зорьсон. Даан ч санасандаа хүрсэнгүй ээ. Одоо ирээд хамгийн түрүүнд хагалгаа хийлгэх хэрэгтэй. Яадахдаа эрүүл байх чухал байна.
Дэлхийн 3 медальтай тамирчин өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орох оронгүй л явж байна. Энэ тал дээр анхаармаар юм. Энэ охинд амьдралын баталгаа хэрэгтэй. Санаа зоволтгүй бэлтгэл хийхэд энэ бол маш том хөшүүргэ.
Манай чөлөөт бөхийнхөн овоож оцойтлоо олон байр, унах унаагаар шагнуулаад байдаггүй. Шагнал, ёндоо өгөөд байдаг тэмцээн ч бараг байхгүй. Хахаж цадатлаа баяжсан тамирчин бол байхгүй. Олон дэлхийн медальтан амьдралын баталгаа битгий хэл, гаргасан амжилтаа ч үнэлүүлж, энгэрээ ч цоолуулж чадалгүй хөлстэй зааландаа ноцолдсоор л байгаа. Цөөхөн хэдэн спортод дуртай дэмжигчид, компанийн удирдлагууд маань зарим тамирчдыг, сэтгэл зүрхээрээ дэмжиж, спонсорлодог.
Сүүлд Чөлөөт бөхийн холбоо маань шинэчлэгдээд нүдэнд харагдахуйц олон өөрчлөлт гарч, олон жил бугшсан хэл ам жоохон тасарч, шударга ёс тогтож байгаа нь сайшаалтай.
Үгүй ээ, тэгээд хүн гэдэг чинь урмын амьтан, ганц сайхан үг хэлээд, бэлтгэл хийж байгаа газар нь очоод, ганц хроп ус, ганцхан амино витамин дөхүүлж өгөөд "Дэмждэг шүү хичээгээрэй. Энэ алдаан дээрээ жаахан ажиллаарай" гээд хэлэхэд юу нь болохгүй гэж.
Шигшээ багийн тамирчид бэлтгэл хийдэг Спортын ордны заалны дэвжээг хүртэл солимоор байна. Монгол Улсад олон улсын стандартын дагуу баригдсан, төвлөрсөн ганцхан бэлтгэлийн бааз өнөөдрийг хүртэл байдаггүй гэж бодохоор л гол харламаар байна.
Нэмж хэлэхэд, чөлөөтийн 9 тамирчнаас дөнгөж 2 нь тэмцээнээ өндөрлүүллээ. Дахиад 7 асаалттай танк байгаа шүү, манайхаан.
Бүх тамирчдаа мохоолгүй урам хайрлаж, дэмжье гэж уриалъя даа баярлалаа" гэжээ.