Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн авто замын төлбөр авах цэгийг \ТАЦ\ Зам тээврийн хөгжлийн төв бүрэн цахимжуулж 2024 оны 08-р сарын 05-ны өдрөөс жолооч, тээвэрчдээс бэлэн төлбөр авахыг зогсоогоод байна.
Өөрөөр хэлбэл тухайн ТАЦ-аар нэвтэрсэн тээврийн хэрэгслийн зам ашигласны хураамжийг И-Монголиа аппликешнээр дамжуулж төлбөрийн нэхэмжлэхийг жолоочид хүргэх ба харин тухайн тээврийн хэрэгсэл нь ezam.mn системээр бүх төрлийн банк, төлбөрийн хэрэгсэл ашиглан төлбөрөө төлөх үүрэгтэй. Мөн ebarimt аппликешний хялбар цэсэнд тээврийн хэрэгслээ бүртгүүлснээр цаашид төлбөр бэлнээр төлөхгүй, татварын буцаан олголтоос суутгуулах боломжтой.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Улс орны худалдаа, эдийн засаг, бүтээн байгуулалтанд онц чухал үр нөлөөтэй Замын-Үүдээс ачаа тээврийг аль болох очер дараалалгүй, түргэн нэвтрүүлэх” чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгсний дагуу ийнхүү Улсын хэмжээнд 8 дахь иж бүрэн цахим ТАЦ ашиглалтанд ороод байна. Замын-Үүдийн цахим ТАЦ-ын хувьд том оврын тээврийн хэрэгсэл ихээр нэвтэрдэг ба жин даацын хяналттай холбоотой очер дараалал, маргаантай асуудал маш их үүсдэг. Тэгвэл ТАЦ цахим болсноор тухайн тээврийн хэрэгслийн жин даацын мэдээлэл цахим системд бүртгэгдэж хүний оролцоо бүрэн халагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл ТАЦ цахим болсон тул жин даацын хяналтыг хүн гүйцэтгэхгүй, тээврийн хэрэгслийг саатуулахгүй. Харин тухайн тээврийн хэрэгсэл нь зөвшөөрснөөс илүү ачаа тээвэрлэсэн бол Засгийн газрын 2023 оны 222-р тогтоолын дагуу илүү ачааны төлбөрийг тн\км-ээр тооцож авто замд үзүүлсэн шууд хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авна" гэдгийг онцолж байна.
Өөрөөр хэлбэл зөвшөөрсөн даацыг хэтрүүлж, маршурт зөрчин тээвэр хийсэн тохиолдолд тухайн хэтрүүлсэн ачааны хувь хэмжээнээс хамаарч 900 мянгаас 9 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр нэхэмжлэх ба хэрвээ төлбөрөө төлөөгүй тохиолдолд тээврийн хэрэгслийг дараагийн цэгт саатуулах, хөдөлгөөнд оролцохыг хориглох хүртэл арга хэмжээ авах юм байна.
Иймд тээвэрчид, жолооч нар даац хэтрүүлэхгүй тээвэр хийж авто замаа хамтдаа хайрлан хамгаалж, цахим төлбөрөө цагт нь төлж хөгжил дэвшлийг дэмжин нутагшуулахад хамтран ажиллахыг уриалж байна.
Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх даацаас хэтрүүлсэн хэмжээ (хувиар) |
1 км тутамд оногдох төлбөрийн хэмжээ (төгрөг) |
2<10 (10 орно) |
1500 |
11<20 (20 орно) |
2500 |
21<30 (30 орно) |
5000 |
31<50 (50 орно) |
7500 |
51< дээш |
15000 |
Нам аралтай чиргүүл |
2500 |
Тусгай зөвшөөрөлгүй тээвэрлэлт гүйцэтгэсэн, тогтоосон маршрут, чиглэл зөрчсөн тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх даацаас хэтрүүлсэн хэмжээ |
Үндсэн төлбөр дээр нэмж тооцох төлбөрийн хэмжээ (хувиар) |
Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 2-10 хувь (10 орно) |
50 |
Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 11-50 хувь (50 орно) |
100 |
Бүх жингийн дээд хэмжээ болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээг 51-ээс дээш хувь |
200 |