Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдааны дараагаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим мэдээллийг өгсөн. Тэрбээр "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах хүрээнд дэд төвийг түшиглэн хөгжүүлэхээр Сэлбэ дэд төв, Баянхошуу дэд төв, Шар хад дэд төвд инженер дулаан хангамжийн техникийн шийдсэн. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ дэд төвийг түшиглэн 12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын тендерийг наймдугаар сард зарлана.
Энэ мэт дэд бүтцийн том төслүүд нь Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах үндсэн зорилготойгоос гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах “20 минутын хот” зарчмаар бүхий л үйлчилгээг үзүүлэх юм. Тодруулбал, Сэлбэ дэд төвийн 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, орон сууцжуулна. Өнөөдрийн байдлаар 1250 нэгж талбарын эзэдтэй гэрээ байгуулж, 885 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад байна. Цаашлаад Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ирэх 10 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ хүрээнд хот төлөвлөлтийн гаднын зөвлөх багийг ажиллуулж байна" гэв.