Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Гэрэлтөв: Аялал жуулчлалын байгууллагуудын хувьд “цуурай” мэт жил байлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
14 минут 5 секунд

Өнөөдөр /2020.09.27/ Олон улсын аялал жуулчлалын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан бид “Mongolia Quest” компани болон Улаанбаатар аялал зуучлалын холбооны гүйцэтгэх захирал Дашдооровын Гэрэлтөвтэй уулзаж ярилцлаа. Багаасаа аялалд дуртай хүүхэд байсан тэрбээр аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал болоод танин мэдэхүйн цогц ойлголтыг энэхүү ярилцлагаар бидэнд өгсөн юм.  

Зургийн тайлбар:Өмнө жилийн аялал жуулчлалын уриа “Аялал жуулчлал ба хөдөөгийн хөгжил” гэсэн уриан дор зохион байгуулагдсан

-МОНГОЛД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХАРЬЦАНГҮЙ ЗАЛУУДАА ТООЦОГДДОГ-

-Есдүгээр сарын 27-нд аялал жуулчлалын өдөр тохиож байна.  Ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулдаг уу?

-Манай салбарын хүрээнд нэгдсэн арга хэмжээ болдог. Олон улсын жишгээр бол энэ өдөр аялалын компаниуд аялал жуулчлалын талаарх ойлголт иргэдэд өгөх, үнэ төлбөргүй зарим газруудаа үзүүлж, нээлттэй хаалганы өдөрлөг зохиох хэлбэрээр тэмдэглэдэг. Харин манай улсын хувьд олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулах тал дээр учир дутагдалтай байна. Зөвхөн салбар дотроо баярлаад тэмдэглээд явдаг хэвшил тогтчихсон. Гэхдээ яваандаа олон улсын жишгийг дагадаг болох байх. Монголд аялал жуулчлалын салбар харьцангүй залуудаа тооцогддог шүүдээ. Өмнө жилийн аялал жуулчлалын уриа “Аялал жуулчлал ба хөдөөгийн хөгжил” гэсэн уриан дор зохион байгуулагдсан.

-Улаанбаатар аялал зуучлалын холбооны үйл ажиллагааны чиглэл, зорилго юу вэ?

-Энэхүү холбоо маань 2015 онд анх байгуулагдсан. Бид өөрсдөө энэ салбарт ажиллаад нэлээн удсан. Ихэвчлэн гадаадын жуулчид хүлээн авдаг ч дотоодын аялагчдаа төлөвлөгөөтэй, аюулгүй аялал хийх хэвшилд суулгах, танин мэдэхүйн аялалд уриалах зорилгоор анх энэхүү холбоо байгуулагдсан. Ерөнхийдөө дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялагчдын боловсролыг дээшлүүлэх, хөдөө орон нутагт аялалыг хөгжүүлж үр ашгийг нь тэдэнд хүртээх гурван гол зорилготой. Бид жил бүрийн зургаадугаар сард “Улаанбаатар трейвэл экспорт” танин мэдэхүйн үзэсгэлэн зохиодог. Тэнд нэг цэгийн үйлчилгээ хийхийг зорьдог.

-Нэг цэгийн үйлчилгээнээс ямар үйлчилгээ авах боломжтой вэ?

-Аялалын даатгал, аяны хэрэгсэл авах, тусгай хамгаалалттай газруудын тухай мэдээлэл болон гадагшаа дотогшоо аялах аялалын багцууд худалдаж авах боломжтой. Олон улсын байгууллага тэр дундаа БНСУ-ын байгууллагууд олноор нэгдэх болсон. Жил ирэх тусам өргөжиж байна.

Зургийн тайлбар: Тэг зогсолт гэж тодруулж хэлж байгаа учир нь манай улс бүх хилээ хаачихсан, дээрээс нь далайд гарцгүй орон шүүдээ. Гэрээр бол хаалга хаагаад өрхөө бүтээчихсэнтэй адил. 

-ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРААД ХИЛ ХААЛАА ГЭХЭД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМГИЙН ХҮНДЭЭР ТУСАЖ БАЙГАА НЬ ХАРАГДЛАА-

-COVID 19 халдварын улмаас энэ жил гадны жуулчид ирсэнгүй. Иймд дотоодын аялагчдад илүүтэй чиглэсэн шинэ маршрут гарсан уу?

-Энэ жилийн хувьд аялал жуулчлал эрхэлдэг байгууллагууд “тэг зогсолт” хийсэн. Иймд бид дотоодын аялалд илүүтэй анхаарах хэрэгтэй болсон. Монголчууд өөрийн эрхэнд аялаж зугаалах дуртай учраас аялал жуулчлалын байгууллагуудын санал болгосон үйлчилгээ, аялалын маршрутаар явах хүн цөөхөн байна. Иймд урсгалаараа л явсан. Дүгнэж хэлбэл энэ жил  аялал жуулчлалын байгууллагуудын хувьд “цуурай” мэт байлаа.

-Тэг зогсолт хийсэн гэж хэллээ. Энэ жил аялал жуулчлалын байгууллагууд хэр их хямрал амссан бэ? Хаалгаа барьсан тохиолдлууд бий юу?

-Гутлын үйлдвэр 100 ажилчинтай байлаа гэхэд хүн гутал авахгүй бол мэдээж цомхотгол хийнэ шүүдээ. Ядаж цехийн ажилчин тав байсан бол нэг болгох ч юмуу. Яг үүнтэй адил наймдугаар сараас эхлээд зарим хүмүүст албан ёсоор чөлөө өгөөд явуулчихсан байна. Халдварт өвчин гараад хил хаалаа гэхэд аялал жуулчлалын салбарт хамгийн хүндээр тусаж байгаа нь харагдлаа.

-Таныг энэ салбарт ажиллаж эхэлснээс хойш тэг зогсолт хийх үе тохиолдож байсан уу?

-Үгүй. Тэг зогсолт гэж тодруулж хэлж байгаа учир нь манай улс бүх хилээ хаачихсан, дээрээс нь далайд гарцгүй орон шүүдээ. Гэрээр бол хаалга хаагаад өрхөө бүтээчихсэнтэй адил. Иймд аялал жуулчлалын салбарт хамгийн их ханддаг гадаадын аялагчид байхгүй болчихож байгаа юм.  Гэхдээ бид ингээд зогсож болохгүй. Дотоодын иргэд аялал хийсээр байгаа учир бид тэд нарт чиглэсэн үйл ажиллагаа, татах байдлаа илүү нэмэгдүүлэх хэрэгтэй. Аялагчид ч мөн аялалын компаниар үйлчлүүлж, танин мэдэхүйн аялал хийж хэвших хэрэгтэй.

-Таны бодлоор монголчуудын аялах соёл хэр хөгжсөн бэ? Нэг үеэ бодвол хогоо уутанд хийж бөөгнүүлж хаяж байгаа нь ажиглагдсан.

-Монголчууд дунд байгалийг сүйтгэе гэсэн ясны муу хүн бол байхгүй. Аялах соёл бол аялагчдын боловсролтой холбоотой. Хүмүүсийн зорьж очиж буй газрууд ихэнхдээ байгалийн цогцолборт газар болон тусгай хамгаалалттай газрууд байдаг. Харин тэнд жуулчдыг хүлээж авах менежмэнт зохион байгуулалт байдаггүй. Мөн хаана хог хаях, отоглох зэрэг мэдээлэл дэд бүтэцгүй байдаг. Ганц нэг мэдээлэлтэй газар байлаа гэхэд хараа хяналт тавих хүн хүч хангалттай байхгүй. Сүүлийн үед хүний гар хүрээгүй шинэ газар амрах уралдаан хэлбэрийн зүйл рүү хүмүүс татагдах болсон. Энэ нь эргээд нөгөө онгон дагшин байгальд хүний мөр үлдээх хохиролтой. Ядаж байгаль хамгаалагчийн үгийг сонсож дагадаг болох хэрэгтэй.

Зургийн тайлбар: Аялалаар дамжуулан Монгол улсаа гадаадад таниулах боломж нээгддэг. Бид салбар дотроо аялал жуулчлалыг “ардын дипломат” гэж нэрлэдэг.

-БАЙГАЛИЙГ ХАМГИЙН ИХ СҮЙТГЭЖ БАЙГАА ХҮМҮҮС БОЛ ДОТООДЫН БОЛОН ҮҮРГЭВЧТЭЙ АЯЛАГЧИД-

-Энэ салбарт сүүлийн үед гарч буй ололт амжилт болон хөгжил дэвшлийг дурдвал?

-Амжилт байлгүй яахав. Аялал жуулчлалаар дамжуулан зочлох үйлчилгээний соёл тогтож байна. Наад зах нь үйлчилгээний соёл, гадаад дотоодын хүмүүстэй харьцаж сурах гэх мэт чадвар сууна. Аялалаар дамжуулан Монгол улсаа гадаадад таниулах боломж нээгддэг. Бид салбар дотроо аялал жуулчлалыг “ардын дипломат” гэж нэрлэдэг. Төрийнхийг ГХЯ хийдэг бол ардынхыг аялал жуулчлал хийдэг гэсэн үг. Энэхүү байгууллагууд 1990 оноос хойш бие даан хөгжиж ирсэн.

Дэд бүтэц захицуулалт байхгүйгээс аялах хүмүүсийн тоо бага байсан ч үлдэж буй ул мөр их байна. Шинэхэн цемент дээр алхахаар мөр үлддэг шиг хүн очоогүй газар амраад буцах үед тодорхой хэмжээний ул мөр үлддэг. Бутан улсад бол зарим өндөр ууландаа хүн авируулахгүйн тулд бодлоготойгоор нэрлэдэггүй. Ирээдүй хойчдоо үзэж харах нөөц үлдээж буй байдал юм. Саяхан коронавирустай холбоотой хөл хорио зарлахад байгаль эргээд сэргэж, тоо толгой нь цөөрч байсан амьтны төрөл зүйлүүд хүртэл замын хажууд үргэхгүй хэвтэж идээшиж явж байгаа тохиолдлууд зөндөө гарлаа. Харин бид энэ сэргэсэн байгалиа хэвээр нь хадгалах маш чухал.

-Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлаас хуваалцбал?

-Үүргэвчтэй аялал хийдэг гадныхан малчдын гэрээр буудаллан онгон дагшин газар бүр лүү аялдаг. Энэ нь буруу зүйл биш боловч бусад улс орны жишгийг харвал гадны жуулчид тодорхой хэмжээний татвар төлдөг. Бутан улсын хувьд хүн ам цөөтэй соёл нь эмзэг гэж үздэг учраас жуулчдаас татвар авах бодлогоор үр өгөөжгүй аялагчдыг танаж чаддаг. Энэхүү татварыг тусгай хамгаалалттай газар нь хөрөнгө оруулах гэх мэтээр төрөөс бодлоготойгоор зохицуулах хэрэгтэй. Түүнчлэн гадаадад гарч аялаж буй иргэдээ ч бас анхаарч хандах газартай болгох нь зүйтэй санагддаг.

Байгалийг хамгийн их сүйтгэж байгаа хүмүүс бол дотоодын болон үүргэвчтэй аялагчид. Бусад хүмүүсийн хувьд гадаад жуулчид ирж л байвал сайн гэдэг. Гэхдээ тийм биш шүүдээ. Хамгийн чухал нь тэдний үзэж харж байгаа байгаль аялагчид ирсэн ч буцсан ч яг хэвээрээ цэвэрхэн байх ёстой.

-Таны бодлоор аялал ямар үр өгөөжтэй вэ?

-Хүн аялах үедээ үзэж харсан шинэ зүйлсээсээ энерги авдаг. Эртнээсээ л хүн бол байгалийн амьтан юм байна. Тэр дундаа монголчууд саяхныг хүртэл ихэнх нь хөдөө амьдардаг байлаа шүүдээ. Иймд аялалд гархаараа ээж аав дээрээ очсон юм шиг болох, хотод суурьшсан хүмүүс бага насаа санах гэх мэт хүмүүсийн авах үр өгөөж ондоо. Хамгийн гол үр өгөөж бол оюун ухаандаа цэнэг авах. Бид аялал жуулчлалаар дамжуулан хүний сэтгэлийг анагааж болно. Эргээд эдийн засгийн хувьд ч хөдөө орон нутагч хөрөнгө оруулж хөгжүүлэх боломжтой.

Зургийн тайлбар: Судалгаанаас үзэхэд манай улс мэдээж онгон дагшин байдал, нүүдлийн соёл, Чингис хааны түүх болон зэрлэг амьтад, спорт аялалаараа бусдыг татдаг. 

-МОНГОЛД ИРСЭН Л БОЛ БҮХ ЗҮЙЛСИЙГ НЭГ ДОР ҮЗЭХ БОЛОМЖТОЙ ҮНЭХЭЭР ГОЁ УЛС. БИД Л БАЛЛАЖ ХАЯЧИХГҮЙ БОЛ ШҮҮДЭЭ-

-Танай байгууллагын аялалын онцлог маршрут юу вэ?

-Бид шинжлэх ухаан танин мэдэхүй рүү илүүтэй чиглэсэн аялал зохион байгуулдаг. Мэргэжлийн хүнтэй нь хамтран зочин хөтөч хийлгэдэг байгаа. Ингэснээр хүмүүс цэгцтэй мэдлэгтэй болж, мэргэжлийн хүн маань ч мэддэг зүйлсээ олон хүнд зааж өгч өөрөө ч аялчихна. Түүнчлэн тусгай хамгаалалтын захиргаатай хамтран байгаль хамгаалагчтай аялал зохион байгуулдаг. Энэ нь аялалыг илүү үр өгөөжтэй болгодог.

-Манай улсын хувьд онгон дагшин байгалиараа гадаадын жуулчдын анхаарлыг их татдаг. Танай байгууллагын хувьд гадаадын жуулчдыг юугаараа татаж байна вэ?

-Янз бүрийн судалгаанаас үзэхэд манай улс мэдээж онгон дагшин байдал, нүүдлийн соёл, Чингис хааны түүх болон зэрлэг амьтад, спорт аялалаараа бусдыг татдаг. Монголд ирсэн л бол бүх зүйлсийг нэг дор үзэх боломжтой үнэхээр гоё улс. Бид л баллаж хаячихгүй бол шүүдээ.

Мөн хөдөө орон нутгийн удирдлагууд аялал жуулчлалыг бизнес гэж харж хөгжүүлэхгүй байна. Сүүлийн үед замын хураамж гэж авч байгаа боловч өөрсдийн онцлогийг харуулж чадахгүй байгаа юм. Хэнтий аймагт гэхэд буриад сумдууд нь талхны хөрөнгө, дээл хувцас, жимс жимсгэнэ зарж борлуулж болно шүүдээ. Хүмүүсийг ч их татна. Хаа хаанаа ашигтай ажиллах хэлбэрт шилжиж орон нутгийн захиргаанууд ч овсгоотой баймаар байна.

-Монголд экстрем аялал хэр хөгжиж байна вэ?

-Сайн хөгжиж байгаа. Дугуйн аялал, өндөр эгц уулнаас цанаар гулгах, завиар аялах зэрэг төрөл сайн хөгжиж байна. Экстрем аялал бол өндөр ур чадвар, үүрэг хариуцлага шаарддаг зүйл. Эвгүйтвэл амь насанд ч халтай учир жуулчид хохиролгүй гэсэн гарын үсгээ зурах хэрэгтэй болдог.   

-Ярилцлагын төгсгөлд хэлэх зүйл бий юу?

-Үзэж харж шинийг таниагүй аялал бол далавчаа дэлгээгүй нисэх шувуутай адил гэсэн гоё үг бий. Түүнчлэн зөвхөн зугаалах бус аялалын компанитай хамтран үр өгөөжтэй жинхэнэ аялал хийж хэвшээрэй гэж хүмүүст уриалж байна. Даатгалтай, шинэ содон маршруттай үргэлж хүн дагаад байхгүй чөлөөт цаг ч гэж байгаа шүүдээ. Ярилцлагаа монгол ардын сайхан зүйр цэцэн үгсээр дуусгая.

Мянга сонсохоор нэг удаа үз

Суусан цэцнээс явсан тэнэг дээр

Аавын бийд хүнтэй танилц

Агтны бийд газар үз

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

С.Хонгорзул 

Гэрэл зургийг: Д.Цэрэнчимэг

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын түүхт 80 жилийн ойг тэмдэглэв
Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын түүхт 80 жилийн ойг тэмдэглэв
 
Бага тойруугаас Чингис хаан нисэх буудал  хүртэл хос цамхагт дүүжин гүүртэй болно
Бага тойруугаас Чингис хаан нисэх буудал хүртэл хос цамхагт дүүжин гүүртэй болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.