2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяртай ярилцсаныг хүргэж байна.
ЕБС-ИЙН 10 ДУГААР САРЫН СУРГАЛТЫН СҮҮЛИЙН 7 ХОНОГИЙГ БИЕ ДААЛТЫН ХУГАЦАА БОЛГОЖ ӨӨРЧИЛСӨН
-Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод удалгүй Засгийн газрын бүрэлдэхүүнд орж Боловсролын сайдаар томилогдсон. Ажлаа хүлээж аваад 14 хоносон байна. Хамтарсан Засгийн газар байгуулагдсантай холбоотойгоор яамны бүтэц, чиг үүрэгт зарим нэг өөрчлөлтүүд орсон байх. Эндээс яриагаа эхэлье?
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор манай яамны нэр болоод дотоод чиг үүргийн зохион байгуулалтад мөн өөрчлөлт ороод байна. Тодруулж хэлбэл, Шинжлэх ухааны бодлогыг өмнө нь давхар хариуцдаг байсан бол үүнийг салгаж чиг үүргийн хүрээнд ЭЗХЯ руу шилжүүлсэн. Ингэснээр бид дан ганц боловсролын асуудлуудаа бодлогоор зангидаж ажиллана гэсэн үг юм.
- Та хамгийн эхний ажлаа 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчилж батлахаар эхлүүлсэн шүү дээ. Ингэхдээ ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт хэд хэдэн өөрчлөлтийг оруулах шиг боллоо. Тухайлбал шинэ хичээлийн жил гурван улиралтай байх, бие даалтын хугацааг төлөвлөх зэрэг нь анхаарал татаж байна. Яагаад ийм шийдлүүд гаргав?
- Уржнан жил гурван улирлаар хичээллүүлсэн л дээ. Тиймээс тэр зохицуулалтыг эргэж сэргээсэн. Шалтгаан нь Монгол оронд өвлийн хүйтний улирал их удаан үргэлжилдэг. Энэ үеэр ханиад, томуу маш ихээр дэлгэрдэг. Карантин тогтоочихдог. Үр дүнгүй хичээллэлт их болдог. Тиймээс гурван улиралтай байх нь илүү үр дүнтэй юм байна гэсэн бодлогыг л хэрэгжүүлсэн.
Нөгөө талаас есдүгээр сарын нэгнээс хичээл эхлээд 12 дугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд тасралтгүй хичээллэхээр багш, сурагчид маш их ядардаг. Харин энэ хугацааны дунд үе буюу аравдугаар сарын сүүлийн долоо хоногийг бие даалтын долоо хоног болгосноор танхимын сургалтаа түр завсарлах боломжтой болно. Энэ хооронд Улаанбаатар хотынхоо музей, театрыг үзэх боломжтой болж байгаа. Энэ хөтөлбөрийг Соёлын яамтай хамтран хэрэгжүүлэхээр болсон. Хоёрдугаарт, зургаан настнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг анх удаа зохион байгуулна. Сурагчид бие даалтын долоо хоногт нүд, шүд, зүрх, судасны оношилгоонд хамрагдах бөгөөд Эрүүл мэндийн сайдтай ярилцаж шийдвэрлэсэн.
Өөр нэг чухал зүйл бол сурагчдыг гамшгийн үеийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалтад хамруулна.Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхантай зөвшилцөж тохирсон байна.
ШИНЭЭР БАРИГДАЖ БУЙ 10 СУРГУУЛИЙН БАРИЛГЫГ ХУГАЦААНААС НЬ ӨМНӨ ХҮЛЭЭЖ АВАХААР ТӨЛӨВЛӨСӨН
-Шинэ хичээлийн жилд ЕБС-д суралцагсдын тоо 40 орчим мянгаар нэмэгдэхээр байна. Үүний цаана гурван ээлжээр хичээллэх асуудал ч хөндөгдөх байх. Урьдчилсан судалгаагаар нийслэлд л гэхэд 36 сургууль ачаалал авах нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж байгаа. Сургуулийн тоог нэмэгдүүлэх талаар хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Энэ асуудал хүнд байгаа. Боловсролын Ерөнхий газрын бидэнд өгсөн мэдээллээр улс орон даяар энэ жил 40 орчим мянган хүүхэд шинээр сургуульд элсэнэ. Энэ бол сайн хэрэг. Хүн ам маань өсөж байна. Боловсролтой Монгол иргэн энэ хэрээр төрөн гарна. Улс орны хөгжлийн ирээдүй үүний цаана яригдана гэсэн үг. Гэвч нөгөө талдаа өнөөдрийн нөхцөл бололцооны дүнд шинэ хичээлийн жилд 23 мянга гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэх байдал руу орж магадгүй байна. Тиймээс сургуулийн зориулалтаар ажиллуулах түрээсийн байрыг нэмэгдүүлнэ. Зардлыг төсөв рүү оруулж байгаа.
Өнөөдрийн байдлаар хугацаанаас нь өмнө ашиглалтад хүлээлгэж өгөх нэг дотуур байр, 10 сургууль байна. Жаахан хөшүүрэг хэрэгтэй байгаа. Тэр нь барьж байгаа сургуулийнхаа барилгыг хугацаанаас нь өмнө хүлээлгэж өгч байгаа ААН-үүд өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа юм. Барилгын гүйцэтгэлийн явц 85 хувьтай байна. Угтаа төсөвт тохируулга хийх замаар ААН-үүдийнхээ ажлыг гүйцээлгэх нь чухал. Ингэснээр бид даруй 10500 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай сургууль есдүгээр сарын нэгэнд ашиглалтад орж эхлэх юм.
Энэ асуудлыг өмнөх сайд Л.Энх-Амгалан шийдэх гэж ЗГ-аар тогтоолыг нь гаргуулаад өөрөө тушаал гаргасан байдаг юм билээ. Одоо Сангийн яамтай ярилцах түвшинд байгаа юм билээ. Уг ажлыг ЗГ-ын ээлжит хуралдаанаар нэлээд сайн ярилцсан. Дэмжинэ гэдэгт итгэж байна. Нийт 31 тэрбум төгрөг учраас төсвийн тохируулга хийх замаар шийдэх бүрэн боломжтой зүйл.
Сургуулиудад гурван ээлжээр хичээллэх нөхцөл үүсэж ирсэн нь Улаанбаатар хотын төвлөрөлтэй холбоотой гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.
ГУРАВДУГААР АНГИАС АНГЛИ ХЭЛ ЗААХ ХӨТӨЛБӨРИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИД 50 СУРГУУЛЬД ТУРШИЛТААР ЯВУУЛНА
-Өмнөх парламентаар Боловсролын багц хуулийг баталсан. Энэ хүрээнд Боловсролын Ерөнхий хуулийн хүрээнд бага ангийн сургалтын хөтөлбөрт Англи хэлийг заах жилийг наашлуулах буюу гуравдугаар ангиас нь эхэлж заах агуулга туссан байдаг. Шинэ хичээлийн жилд үүнийг хэрэгжүүлэх үү, багшлах боловсон хүчний нөөц, хүрэлцээ ямар байдалтай байгаа вэ?
-Бага сургуулиас Англи хэлийг заах нь төрийн бодлого мөн. Боловсролын Ерөнхий хуульд гуравдугаар ангиас эхэлж Англи хэл заах заалт ороогүй ч хугацааг нь урагшлуулах агуулга бол туссан. Харин Монгол Улсын хоёр дахь хэлийг үндсэн гадаад хэл байна гэдгийг тод тусгасан байдаг. Гэхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөр төдийгүй 100 хоногт хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт Англи хэлийг гуравдугаар ангиас нь эхэлж заах ажлыг эхлүүлнэ гэчихсэн. Тиймээс энэ ажил хэрэгжинэ.
Сурах бичиг болоод үндэсний хөтөлбөрийг шинэчлэх ажил Боловсролын Ерөнхий хуульд үндэслээд хийгдэж эхлээд явж байна. Ажлын хэсэг байгуулагдаад өчигдөр тушаал нь гарлаа. Үүний дагуу сурах бичгүүд нь хэвлэгдээд тараагдана. Эхний ээлжид бид 50 сургуулийг сонгож аваад шууд туршина. Нэг жил туршсаны дараа орон даяар нэвтрүүлэх юм. Тиймээс гуравдугаар ангиас Англи хэл заах зорилт бол шинэ хичээлийн жилээс ажил хэрэг болно. Харин багшийн хомсдол байгаа асуудлыг та сая хөндлөө. Өнөөдөр 10 хувийн хомсдолтой байна.
Уг асуудлын хүрээнд багш бэлтгэх сургалтыг хялбаршуулах, гадаад, дотоодын их, дээд сургуулиудыг сайн суралцаж төгссөн хүмүүст багшлах эрхийн үнэмлэхийг нь богино хэмжээний сургалтаар олгох ажлыг хийх шаардлагатай гэж үзэж харж байгаа. Үүнийг мөн мөрийн хөтөлбөрт тусгасан байна.
Ер нь багшийн орон тоог ажиглахад нэг асуудал байгаа юм. Тухайлбал 1-5 жил багшилсан багш нарын 47 хувь нь ажлаа больж байна. Тэд ажилдаа халширдаг болсон байна. Цалиндаа сэтгэл хангалуун байж чадахгүй байна. Үүнээс гадна дарамт, стресстэй ажиллаж байна гэсэн шалтгаануудыг хэлсэн байдаг юм билээ.
Цаашид ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, багшийн нэр хүндийг өсгөх, эцэг эх, багш, сурагчдын гурвалсан харилцаанд тулгуурласан хамтран ажиллах таатай нөхцөлийг бүдүүлэх шаардлагатай байна.
БАГА АНГИЙН СУРАГЧИД АЛДАЖ БИЧЭЭД БАГШДАА ШИЙТГҮҮЛДЭГ. ОДООНООС "БАЛЛУУРДАХ" ЭРХЭЭ ЭДЭЛДЭГ БОЛНО
-Өнгөрсөн хугацаанд ахлах, дунд, бага ангиудад ч ялгаагүй хичээлийн ачаалал маш их байна гэж эцэг эхчүүд шүүмжилж ирсэн. Зарим хичээлүүдийг сургалтын хөтөлбөрөөс хасах, сургалтын хугацааг богиносгох асуудлууд ч яригддаг. Сая хичээлийн шинэ жилийн бүтцийг шинэчлэхдээ энэ агуулгыг анхаарч үзэв үү? Өөрчлөлтүүд хийгдсэн үү?
-Үүнийг хоёр талтай авч үзэх хэрэгтэй. Багш нарыг сурагчдад зөвлөмж аргачлалаар хангахдаа л даалгаврын ачааллыг бууруулахад хангалттай гэж харж байна. Сургууль дээр нь авч үлдэж давтлага өгдөг байдлыг цөөлөх хэрэгтэй. Ер нь бол шаардлагагүй. Гэрийн даалгаврын үндсэн зорилго нь бие даан суралцах үйл явцад л бэлдэж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс бага сургуульд бага даалгавар өгөх нь зөв. Үүний нэг том алхам нь хүүхдэд “баллуурдах” эрхийг нь өгдөг болъё гэж байгаа юм.
Бага сургуулийн хүүхдүүдийг нэгдүгээр ангиас нь эхлээд л шууд үзгэн балаар бичүүлдэг. Буруу бичихэд нь алдсан үгэн доогуур нь зуруулаад дахин хуулуулдаг. Энэ бол хүүхдийг шийтгэж байгаа нэг хэлбэр. Алдаа хийх эрхийг нь тэр хүүхдэд олгох ёстой.
Ийм учраас шинэ хичээлийн жилээс бага ангийн сурагчид балын харандаа юм уу, арилдаг балаар бичих зөвлөмжийг өнөөдрөөс Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс өгч байгаа. Ийм байдлаар хүүхдийн суралцаж хөгжих, алдаанаасаа айдаг биш, алдсан алдаагаа засдаг, багаасаа бие даан асуудлыг өөрийнхөөрөө шийдвэрлэх тэр боломжуудыг бид бүрдүүлэхийн төлөө ажиллахыг хичээнэ.
Нөгөө талаас бидний төлөвлөгөөнд сурах бичгийг жингийн хувьд хөнгөн болгох, цахим руу аль болох шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр тусгаад байна. Цаашид боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангахын тулд цахим сургалт чухал үүрэгтэй. Хүүхэд бүрд компьютер олгох системийг эхлүүлнэ. Энэ хүрээнд тооцоо судалгаануудыг хийгээд явж байна.
-СӨБ-д анхаарах хэд хэдэн асуудал харагдаж байгаа. Тухайлбал, 35-аас дээш бүлэг дүүргэлттэй цэцэрлэгүүд нийслэлд 122 байна. Орон нутагт 167 цэцэрлэг байна шүү дээ. Цэцэрлэгүүдийн бүлэг дүүргэлтийг хэрхэн багасгах вэ?
-Энэ нь багш болоод анги танхимын хүрэлцээтэй шууд холбоотой. Ард нь төсвийн хүрэлцээний асуудал яригдах ёстой. Үйл ажиллагааны мөрийн хөтбөлбөрт бүлэг дүүргэлтийг 35-аас доош байлгах зорилтыг тусгасан. Харин сангийн яамтайгаа тохиролцож чадах эсэх асуудал чухал. Мөн эдийн засгийн өсөлт, чадамжтай шууд холбоотой асуудал юм л даа.
ЭЕШ-ЫН БОСГО ОНООГ ӨНДӨРСГӨЖ, ЧАНАРТАЙ ОЮУТНУУДЫГ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ ЭЛСҮҮЛДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Гэхдээ нэг зүйлийг би хэлж чадна. Ахлах сургуулийг төрөлжүүлнэ. Хуульд бүрэн зөвшөөрөгдөж тусгагдсан зүйл. Товчхондоо “мэргэжлийн” эрхтэй ахлах сургуулиудыг бий болгох тухай асуудал. Хамгийн энгийн жишээг татахад есдүгээр ангиа төсгөж байгаа хүүхэд гэр бүл дотроо “Би аравдугаар ангидаа орохдоо их, дээд сургуульд орохыг бодож орох уу, эсвэл гурван жилийн дотор IT инженер болох мэргэжлийн эрх олгодог ахлах сургуульд орох уу гэж асуудаг болно. Ингээд ирэхээр өнөөдөр хомсдоод байгаа хөдөлмөрийн зах зээл рүү 18 настай хүүхдүүд орох боломжтой болно. Хөдөлмөрийн харилцаанд шууд оролцож орлоготой залуучууд олноор төрөн гарна.
Одоогоор ЕБС-ийн ахлах ангийг төгсөгчдийн 93 хувь нь оюутан болж байна. Энэ бол асар өндөр тоо. Гэтэл оюутан болсон хүүхдүүдээс асуухад өөрийн зорилгоо бүрэн тодорхойлоогүй, урсгалаараа суралцаж байгаа оюутнууд маш олон. Тэгвэл энэ жил яамнаас ямар бодлого барих вэ гэхээр ирэх жилийн элсэлтийн шалгалтаас эхлээд босго оноог өндөрсгөнө. Дундаж босго оноо 480 байсан бол 500 оноонд хүргэнэ. Чанартай оюутнуудыг элсүүлж авна. Чанартай дээд боловсрол байж байж чанартай хөдөлмөрийн зах зээл бий болон гэж харах ёстой.
Тиймээс ахлах сургууль төрөлжихийн сайн тал нь хамран сургах тойргоос гарна гэсэн үг. Хамран сургах тойргоос гарснаар өнөөгийн сургуулийн барилгыг хэрэглэх нь бага болно. Зөвхөн есдүгээр анги хүртэлх суурь боловсролоо тухайн сургуульдаа эзэмшдэг болох юм. Үр дүнд нь анги танхимын хүрэлцээ сайжирна.
Энэ Засгийн газрын үед 2000 Англи хэлний багш бэлтгэх зорилтыг тавьсан. Үүнийгээ бид хэрэгжүүлнэ. Нэгээс таван жил багшилсан багшийг хэлний сургалтад хамруулах ажлыг хэрэгжүүлэх юм.
ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЗАРДЛААС ЭЦЭГ, ЭХЧҮҮД ХУВААЛЦАХЫГ НАЙМАН ЖИЛИЙН ӨМНӨ ХУУЛЬД ТУСГАСАН Ч ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙ ЯВЖ ИРСЭН
-Саяхан хийсэн шуурхай хурлаараа цаашид хэрэгжүүлэх бодлогын зорилтуудаа ярилцаж, төлөвлөх шиг боллоо. Анхаарал татаж буй нэг ажил нь цэцэрлэгийн хүүхдүүдийн өдрийн хоолны зардлыг нэмэгдүүлнэ. Ингэхдээ эцэг эхчүүдээс дэмжлэг авна гэсэн байсан. Ямар байдлаар хэрэгжүүлье гэж төлөвлөж байгаа вэ?
-2024-2025 оны хичээлийн жилд 292 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдана гэсэн тооцоолол гарсан. Та бүхэн санаж байгаа бол өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны зардлыг 500 төгрөгөөр нэмэгдүүлж 3000 төгрөгт хүргэсэн. Хүүхдүүд ийм хэмжээний зардалтай хоолонд цадах боломжгүй. Би өөрөө цэцэрлэгүүдээр зөндөө явж судалсан хүн шүү дээ. Харахад хүүхдүүд 17 цаг гэхэд гэртээ өлсчихсөн л харьдаг. Хүүхдүүд өлөн байдалтай байх нь өсөлт, хөгжилд нь маш том сөргөөр нөлөөлөх хортой. Тиймээс хоолны зардлыг зайлшгүй нэмэх шаардлагатай. Мэдээж төсөв хязгаартай, хүнд байгааг ойлгож байгаа. Гэхдээ ирээдүй болсон хүүхдүүдээ бид хайрлаж, анхаарах зайлшгүй шаардлага үүсээд буй.
Гэхдээ боловсролын хуульд эцэг эхчүүд тухайн зардлаас хуваалцана гэдгийг аль найман жилийн өмнө тусгаад өгчихсөн байдаг. Бүтэн найман жилийн өмнө хуулийг нь гаргасан хэр нь хэн ч үүнийг хэрэгжүүлээгүй явж ирсэн. Гэтэл гудамжинд гараад захын нэг эцэг эхээс асуухад миний хүүхдийн идэх хоолонд бол мөнгө гаргахад татгалзахгүй л гэж байгаа юм. Эцэг эхчүүдээс авах татаас тийм ч өндөр биш. Сардаа 20 гаруй мянган төгрөг л болох байх гэсэн эхний тооцоолол байна. Ийм л энгийн зүйл. Тиймээс энэ ажлыг заавал хэрэгжүүлэх болно.
-Ярилцсан танд баярлалаа