"Zarig.mn" сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт шүүхээс 4 жил 9 сарын хорих ял оноосон. Үүнтэй холбоотойгоор түүний ар гэрийнхэн төрийн өндөрлөгүүдэд хандаж буй талаараа өнөөдөр /2024.07.23/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн төрсөн дүү Н.Жаргалбаяр "Миний эгчид төрийн нууц гэх мэдээллийг өгсөн хүн нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан одоогийн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэр хүн дээр ямар нэг хэрэг үүсгээгүй, шалгаагүй. Дэд сайдыг нь шалгаж байгаа гэх сураг сонссон. Тэр төрийн нууц гээд байгаа бичиг баримт нь Zarig.mn сайтын маркетингийн менежерийн машинд байсан. Тухайн машины цонх хагарч байсан удаатай. Тэр материалыг Н.Өнөрцэцэг хадгалаагүй. Өгсөн хүн нь Б.Бат-Эрдэнэ. Ийм нөхцөлд хэлмэгдүүлэлт гэж үзэхээс өөр аргагүй байна. Өмгөөлөгчгүй шүүх хурал хийгээд яллаж болох юм уу. Давж заалдах шүүх хурал дээр нь үнэн шударгаар шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Шүүхийн шийдвэр энгийн иргэдэд л хатуу байна. Албан тушаалтан, сайд дарга нарт хамаагүй юм байна" гэлээ.
Үргэлжлүүлэн Н.Өнөрцэцэгийн төрсөн эгч Н.Өнөрбаяр "Манай дүүг таван хэргээр шалгасан байдаг юм. Хоёр нь татвартай холбоотой. Татвартай холбоотой хэрэгт хорих зүйл анги байдаггүй юм билээ. Дараагийн хоёр хэрэг нь алдар нэр хүндэд халдсан гэх хэрэг. Тав дахь нь төрийн нууц гээд байгаа. Н.Өнөрцэцэг нь 20 гаруй ажилчинтай. Бүгдийнх нь ширээнд ямар бичиг баримт байгааг мэдэхгүй. Төрийн нууцтай холбоотой бичиг нь манай дүү Н.Өнөрцэцэгийнх биш. Гэтэл хамаатуулж шууд ялласанд гомдолтой байна. Бусдыг шантаажилсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл анги байхгүй" гэв.
О.АНУЖИН