Зургийн тайлбар: Зүүн гар талаас Б.Дуламхорлоо, Э.Нарантунгалаг нар байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж байна. Тэд өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хуурамч мэдээлэлтэй тэмцэж эхэлсэн хамт олны төлөөлөл юм. Гэрэл зургийг: н.Амгалангэрэл. 2020.09.25. MFCC-ийн байр.
-MONGOLIAN FACT CHECKING CENTER᠌ МЭДЭЭЛЭЛД ШҮҮЛТҮҮРТЭЙ ХАНДАХ ЧАДВАРТАЙ ХҮМҮҮСИЙГ УЛАМ ОЛОН БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА-
-Сайна байна уу? Та бүхэн өөрсдийгөө танилцуулахгүй юу?
Э.Нарантунгалаг: Манайх "Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв" хэмээх ТББ байгууллага бөгөөд сэтгүүл зүйд гарч буй шинэ ойлголтууд, инновациудыг нэвтрүүлэх, сэтгүүл зүйн салбарыг чадавхжуулах зорилготой байгуулагдсан. Энэхүү Төрийн бус байгууллагын харьяа салбар нэгж болох “Mongolian Fact Checking Center᠌” буюу Монголын баримт шалгагч төв дээр баримт шалгагчаар ажиллаж байна. 2020 оны гуравдугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Б.Дуламхорлоо: Бидний үйл ажиллагаа нь нэгдүгээрт, цахим орчинд цацагдаж байгаа хуурамч мэдээллүүдэд залруулга өгөх, хоёрдугаарт энгийн иргэд өөрсдийн гар утсыг ашиглан хуурамч мэдээллийг шалгах боломжтойг ойлгуулах зорилготой. Зөвхөн баримт шалгаад зогсохгүй иргэдэд хуурамч мэдээллийг хэрхэн таних, түүнийг хэрхэн шалгах болон няцаах боломжтойг таниулж боловсролын ач холбогдолтой мэдээлэл олгохыг зорьдог.
-Танай байгууллагын алсын хараа нь юу вэ?
Б.Дуламхорлоо: Бидний алсын хараа нь нийгэм дэх “media literacy” буюу иргэд мэдээллийг хүлээж аваад түүндээ шүүлтүүртэй хандах чадвартай хүнийг аль болох олон болгохыг зорьж байгаа.
Э.Нарантунгалаг: Манай байгууллагын хувьд хагас жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бидний цаашдын зорилго нь олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн болох зорилт тавин ажиллаж байна. Энэ бол ойрын хоёр, гурван сарын зорилт байна. Түүнээс цаашлаад бид “ҮЗЭГ” гээд төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ төсөл нь баримтаар нотлогдон шалгагдсан мэдээллийг уншигчдад хүргэх, бүх нийтийн хэвлэл мэдээллийн боловсролд хувь нэмрээ оруулах, хэвлэл мэдээллийн салбарыг чадваржуулах платформ байгаа.
Зургийн тайлбар: Олон улсын хэмжээнд ч гэсэн хуурамч мэдээлэл ашиглан сэтгүүл зүйн салбарыг бүхэлд нь харлуулах гэсэн оролдлогууд гарч байгаа нь сэтгүүлчид хуурамч мэдээллийг нягтлахад анхаарах ёстойн бас нэг шалтгаан гэдгийг Б.Дуламхорлоо онцоллоо. Гэрэл зургийг: н.Амгалангэрэл. 2020.09.25. MFСC-ийн байр.
-Одоо ямар бүтэцтэй ажиллаж байна? Ямар мэргэжилтэй хүмүүс вэ?
Э.Нарантунгалаг: “Mongolian Fact Checking Center᠌” дээр яг одоогоор хоёр баримт шалгагч ажиллаж байна. Цаашдаа нэмэлтээр хоёр баримт шалгагчийг сургах ажил эхэлж байна. Энэхүү ажлыг хийж байгаа хүмүүс нь сэтгүүлч мэргэжилтэй, сэтгүүлчээр ажилласан тодорхой хэмжээний туршлагатай хүмүүс байгаа. Бид хоёрын хувьд сэтгүүл зүйн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. Шинээр ажилд орж буй баримт шалгагчдаа дор хаяж 5 жил сэтгүүлчээр ажилласан байх шаардлагыг тавьж байгаа. Учир нь баримт шалгах процесс нь сэтгүүл зүйн ажилтай уялддаг. Энэ ажлыг хийхэд цаг хугацаа их зарцуулдаг, судалгаа, мэдээлэл цуглуулах шаардлага их гардаг учраас сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс энэ ажлыг хийхэд илүү дөхөм болдог.
Б.Дуламхорлоо: Үүн дээр нэмж хэлэхэд баримт шалгах ажлыг яагаад сэтгүүлчид хийх шаардлагатай вэ гэхээр бусад мэргэжлийн хүмүүс энэ ажлыг хийхээр манай салбар луу дайрсан дайралтууд ихээр гарч байна нь анзаарагдаж байна. Олон улсын хэмжээнд ч мөн хуурамч мэдээлэл гэдэг үгийг ашиглан сэтгүүл зүйн салбарыг бүхэлд нь харлуулах оролдлогууд гарч байна. Сэтгүүлч нар хуурамч мэдээллийг өөрсдөө тараадаг зэрэг хандлагууд мэдрэгддэг. Ийм учраас сэтгүүлч мэргэжилтэй хүмүүс баримт шалгах ажлаа мэргэжлийн түвшинд хийх болно. Хоёрдугаарт, аль нь цэвэр сэтгүүл зүйн бүтээл болох, аль нь хэн нэгэн хүний үзэл бодол болохыг мэргэжлийн үүднээс ангилж ялгаж чаддаг учраас заавал сэтгүүлч мэргэжилтэй байх шаардлага тавьж байгаа.
Э.Нарантунгалаг: Дурын нэг хүн хуурамч мэдээллийг шалгаад явах боломжгүй. Сэтгүүл зүйн стандарт гэж байдгийн адил баримт шалгагч нарын мөрддөг стандарт, дүрэм журам гэж байдаг. Олон улсын баримт шалгагчдын сүлжээ хэмээх байгууллагаас баримт шалгалтыг хийхдээ тухайлбал, тэнцвэртэй байх, шалгаж болох баримтыг шалгах, бие даасан хараат бус байх зэрэг заалтууд байдаг. Жишээ нь үзэл бодлыг шалгах боломжгүй гэсэн үг юм.
-Үйл ажиллагааг нь олон нийт хэрхэн хүлээн авч байна? Дэмжиж байна уу? Шүүмжилж байна уу?
Э.Нарантунгалаг: Үйл ажиллагаа эхэлснээс хойш зургаан сар болж байна. Эхэн үедээ хүмүүс тэгж сайн мэддэггүй байсан. Бусад хүмүүс хэрхэн хүлээж авч буй талаар хоёр хуваан авч үзэж байгаа юм. Олон нийтээс болон мэргэжлийн байгууллагуудаас гэж. Олон нийтийн зүгээс дэмжихээс илүүтэйгээр шүүмжлэх нь элбэг байдаг. Учир нь хуурамч мэдээллийг шалгаж буйн үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгохгүй байх хандлага түгээмэл байдаг. Дэмий юманд цагаа үрж ингэж түгээж байгаа нь цагийн гарз, хүний мууг үзэх гэлээ гэж хандах хүмүүс байна. Нааштайгаар хүлээж авч буй хүмүүс ч байна. Түрүүн хэлсэнчлэн сэтгүүл зүйн салбарын хүмүүст тайлбарлахад бүгд дэмжих хандлагатай хүлээж авч байна. Аажимдаа болох учраас бүгд нэгэн зэрэг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хүмүүс бид нарыг шүүмжлэхийн хэрээр бидэнд хийх ажил их байна гэсэн үг.
-ЯДАЖ СЭТГҮҮЛЧИД ӨӨРСДӨӨ “ХУДАЛ МЭДЭЭ” ГЭЖ ЯРИХАА БОЛЬЁ-
Б.Дуламхорлоо: Худал мэдээлэл, хуурамч мэдээлэл гээд янз янзаар Монгол хэлэнд буулгаж байна л даа. Энэ төрлийн мэдээллийг гурван хэсэгт хувааж байгаа юм. Mis-information гэдгийг бид нар няцаагдсан гэдэг утгаар ашиглаж байгаа. Манай фэйсбүүк хуудсаар орж үзвэл улаан икс тэмдгээр зурагнуудаа тамгалж байгаа. Санаатай болон санамсаргүй байдлаар мушгин гуйвуулсан, нийгэмд буруу ойлголт төрүүлж буй мэдээллүүдийг энэ төрөлд багтааж байгаа юм. Dis-information төрлийн мэдээлэл гэдэг нь төөрөгдүүлсэн хэмээх ангилалд авч үэж байна. Санаатайгаар хэн нэгэнд хор хохирол учруулах зорилготой, эсвэл олон нийтэд буруу ойлголтыг төрүүлэх зорилготойгоор хуурамч гэдгийг мэдэж буй хэрнээ мушгин гуйвуулсан мэдээллүүдийг энэ төрөлд багтааж байгаа юм. Mal-information гэдэг нь тодорхой хэсэг нь буюу магадгүй 70 хувь нь үнэн үйл явдал дээр хачир нэмэх байдлаар мөн хэн нэгэнд хохирол учруулах зорилготой түгээж буй хуурамч мэдээлэл юм.
Э.Нарантунгалаг: Хуурамч мэдээлэл гэдэг нь юуг хэлж байна вэ гэхээр, Монгол улсын хувьд тодорхой хуулийн тайлбар заалт байхгүй. Худал мэдээ, худал мэдээлэл гэж хүмүүс их ярьж байна. Манай салбарын байгууллагууд буюу ядаж сэтгүүлчид өөрсдөө “худал мэдээ” гэж ярихаа больё гэсэн асуудлыг Хэвлэлийн хүрээлэн болон манай байгууллагын зүгээс дэвшүүлж байгаа. Мэдээ гэдэг бол үнэн бодит баримт дээр үндэслэдэг. “Худал мэдээ” гэж яриад байвал олон нийт сэтгүүлчдийг худал мэдээ гаргадаг гэж дүгнэх болно. Тэр нь цаашлаад энэ салбарыг харлуулж байгаа юм. Ийм учраас худал мэдээ гэж ярих нь буруу юм гэх дүгнэлтэд хүрсэн. Худал мэдээ гэх бус хуурамч мэдээлэл гэж ярих нь оновчтой. Мөн ЮНЭСКО-гоос сэтгүүлчдэд зориулсан гарын авлага дээр хүртэл “fake news᠌” гэж ярихгүй “dis-information” гэж ярих нь зөв гэдгийг тодорхойлсон.
Б.Дуламхорлоо: Хуурамч мэдээллийг аваад үзэхэд янз бүрийн зорилготой байдаг. Жишээ нь, тухайн үеийн нийгэмд олон нийтийн анхаарлыг татаж байгаа аливаа нэг сэдвээс тэдний анхаарлыг сарниулж өөр тийш хандуулах зорилго бий. Эсвэл цахим орчин хөгжиж байгаатай холбогдуулан өөрсдийн фэйсбүүк хуудастаа хандалт авах зорилгоор шуугиан дэгдээж олон хүний сонирхлыг татахуйц мэдээллийг түгээх, эсвэл бүр хэн нэгнийг хохироох зорилгоор хуурамч мэдээллийг тарааж байна. Манай байгууллага тэдгээр хүмүүсийн зорилгыг нь тодорхойлох үйл ажиллагаа яввуулдаггүй ч гэлээ анзаарч харж байхад нэгдүгээрт хандалтаа өсгөх гэсэн зорилготой сонин хачин, содон маягийн мэдээллүүд их байна. Нөгөө талаас олон нийтийн анхаарлыг өөр дээрээ татах зорилготой ийм мэдээллүүд илүү түгээмэл байгаа нь бидэнд ирсэн мэдээллүүд дунд олноор ажиглагдсан. Монголчууд маань аливаа мэдээ мэдээллийг хүртэхдээ тухайн мэдээллийн зорилгыг шүүлтүүрдэж үзэж сурвал хуурамч мэдээллийг танихад илүү дөхөм болох болов уу. Ямар ч мэдээллийг хуваалцахаасаа өмнө эхлээд бодож үзээд дараа нь хуваалцаарай гэсэн уриалгыг бид олон нийтэд түгээхийг хүсэж байгаа.
Зургийн тайлбар: АНУ-д 2015 онд л гэхэд хуурамч мэдээг шалгадаг 80 байгууллага байгуулагдсаныг Э.Нарантунгалаг дурдав. Гэрэл зургийг: н.Амгалангэрэл. 2020.09.25. MFСC-ийн байр.
-83 ОРНЫ 290 БАЙГУУЛЛАГЫН ХОЁР НЬ МАНАЙ ОРОНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА-
-Өнөө цагт хуурамч мэдээлэлтэй яагаад тэмцэх ёстой вэ?
Э.Нарантунгалаг: Технологийн боломжоо хараад үзвэл цахим орчинд хүн өөрийн хүссэн зүйлээ мэдээлэх боломжтой болсон байна. Хуурамч мэдээллийн талаар 2000-аад оны эхнээс ярьж эхэлсэн ба 2015, 2016 оноос эхлэн олон улсад энэ талаар илүү ихээр анхаарал хандуулах болсон. Учир юу вэ гэвэл технологийн боломжоор буюу хиймэл оюун ухааныг ашиглан хуурамч иргэнийг, хуурамч хэвлэл мэдээллийн байгууллагыг бий болгоод тогтмол давтамжтайгаар мэдээллийг ямар нэгэн зорилготойгоор тарааж тэндээс гарсан хор уршгийг шалгаж үзэхэд хуурамч аккаунт байсан кейс хэд хэд тохиолдсон. Хамгийн том жишээ нь АНУ-д гарсан нэг тохиолдол дээр хэн нэгэн хуурамч аккаунтаар өөрийгөө хэвлэл мэдээллийн байгууллага шиг харагдуулан Твиттер хаяг нээж хуурамч мэдээллүүд цацан АНУ-ын "CounterPunch" гэх хэвлэл мэдээллийн байгууллага руу явуулж, тус байгууллага нь тэдгээр мэдээллүүдийг дамжуулаад цааш даамжирсаар энэ нь FBI-д (АНУ-ын Холбооны мөрдөх товчоо) шалгагдах хэмжээнд хүртлээ хор хохирол нь их байсан тохиолдол гарсан. 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дээр ч мөн үүнтэй ижил төстэй хэрэг гарсан тухай яригдаж байна. Хамгийн сүүлийн жишээгээр Хятадад 450 сая хуурамч аккаунт үүсгэсэн хэрэг гарсан.
Монголд ч мөн үүнтэй төстэй хэргүүд сонгуулийн үеэр гарч байна. Хэн нэгэн хуурамч пейж нээгээд хэн нэгнийг магтан дуулах эсвэл миалах зорилготой хуурамч мэдээллүүдийг цацаад л байдаг. Яг шалгаад үзэхээр хуурамч хаяг байдаг. Ийм учраас нэгдүгээрт хуурамч мэдээллийг шалгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл цахим орчинд үүсч байгаа хуурамч мэдээллийг хүний оролцоотойгоор болон технологийн оролцоотойгоор хязгааргүйгээр дахин дахин үржигдэж хянах боломжгүй болж байгаа учраас хуурамч мэдээллүүдийг шалгадаг байгууллагууд эрчимтэйгээр бий болж байгаа. Энэ талаар судлаад үзэхэд хамгийн анх 2003 онд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага байгуулагдсан бол 2015 онд АНУ-д хуурамч мэдээ шалгадаг 80 байгууллага бүртгэгдсэн байна. 2018 онд хүрээгээ тэлэн 37 орны 100 гаруй байгууллага болсон бол 2020 онд 83 орны 290 байгууллагга болон өргөжсөн байна. Монголд манайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг Factcheck.mn гээд сайт байгаа. Бидний мэдэж байгаагаар мэргэжлийн сэтгүүлчид үйл ажиллагаа явуулдаг энэ төрлийн байгууллага хоёр байна. Мөн ЦЕГ-ын харьяа нэгж байдаг. Гэхдээ тэр байгууллагын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар тодорхой мэдээлэл дутмаг. Эцсийн бүлэгтээ хүн хуурамч мэдээлэлд бодит мэдээллээс илүү ихээр итгэдэг. Үүнээс болоод хүн худалдан авалт хийхдээ хуурамч мэдээлэл дээрээ үндэслэн шийдвэр гаргадаг гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг.
Б.Дуламхорлоо: Тэгэхээр эдгээр 83 орны 290 байгууллагын хоёр нь манай оронд үйл ажиллагаа явуулж байна. Сая коронавирусний үеэр эмчилгээтэй холбоотой маш олон хуурамч мэдээллүүд явсан. Тэдгээр нь хандалт авах зорилготой мэдүүллүүд байсан. Иранд гарсан тохиолдлоор спиртийг ууж хэрэглэх нь халдварыг устгаж байна гэсэн мэдээлэл олон нийтэд түгэн хүмүүс түүнд итгэснээр энэ оны Дөрөвдүгээр сарын үед 700 гаруй хүн спирт ууж амь насаа алдсан хэрэг гарсан. Тэгэхээр энэ мэт хуурамч мэдээлэл нь бараг багахан хэмжээний мөргөлдөөнтэй тэнцэхүйц хор хохиролтой учраас хуурамч мэдээллийг хянах шалтгаан нь энэ юм. Мөн Монголд 15 минут тутамд ус ууснаар коронавирус ходоодонд ороод устдаг гэх баримт нотолгоогүй хуурамч мэдээлэл түгсэн.
-Та бүхэн байгуулагдсанаас хойш хэр олон хуурамч мэдээллийг нягталж шалгав?
Э.Нарантунгалаг: Хамгийн сүүлд бид тооцож үзэхэд 20 гаруй хуурамч мэдээллийг шалгасан байна. Магадгүй зарим хүмүүс энэ тоог бага гэж үзэж болох юм. Хуурамч мэдээлэл гэдэг нь нэгдүгээрт, цаг их авсан багаар ажилладаг ажил юм. Хоёрдугаарт, тухайн мэдээллийг шалгах явцад тэр мэдээлэл үнэн байж болно. Үнэн байгаа тохиолдолд бид тэр мэдээллийг зарлахгүйгээр орхидог. Хуурамч мэдээллүүдийг дараа дараагийн хүнд хор нөлөө хүргэхээс сэргийлж шалгаж, нягтлаад олонд түгээдэг.
Зургийн тайлбар: "Хорь гаруй хуурамч мэдээллийг шалгасан. Хүмүүс бага тоо гэж шүүмжилж болох ч хуурамч мэдээллийг шалгахад хугацаа их ордог" болохыг баримт шалгагчид тайлбарлав. Гэрэл зургийг: н.Амгалангэрэл. 2020.09.25. MFСC-ийн байр.
Э.Нарантунгалаг: Тайваны баримт шалгагч төвөөс бидэнд хандан Монгол Улстай холбоотой мэдээллийг шалгах хүсэлт тавьсан. Тус мэдээ нь Тайваны болон БНХАУ-ын сошиал ертөнцөд ихээхэн шуугиан тарьсан мэдээлэл байсан. Ван И-гийн Монголд ирсэн айлчлалын өмнө АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Монголд айлчилж, дундын зайн тусгалтай пуужин суурилуулах гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан гэсэн агуулгатай мэдээлэл байсан. Мөн тэрхүү мэдээлэл нь 2018 оны мэдээлэл байсан ба тухайн үед тийм үйл явдал болоогүй, хуурамч мэдээлэл болохыг тогтоосон. Тус гэрээ нь дундын зайн тусгалтай пуужин суурилуулах гэрээ байгаагүй, бүс нутагт энх тайванг тогтоох зорилготой хийсэн Монголоос гадна 10 гаруй улстай хийсэн хэлэлцээр байсныг тайлбарласан.
-ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛД АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЯМАР МЭДЭЭЛЭЛ БАЙНА, ТҮҮНИЙГ Л БИД БАРЬЖ АВДАГ-
-Шалгах мэдээллээ хэрхэн сонгодог вэ?
Б.Дуламхорлоо: Бид яагаад баримт шалгаад байгаа учир нь хуурамч мэдээлэл тархсанаар олон нийт түүнд итгэж ямар нэгэн байдлаар хувийн мэдээллээ алдах, эсвэл буруу шийдвэр гаргах зэргээс сэргийлэх зорилготой. Тэгэхээр энэ шалгуураар л ханддаг. Хүмүүсийн амьдралд ач холбогдолтой ямар мэдээлэл байна, түүнийг л бид барьж авдаг.
Э.Нарантунгалаг: Эхэндээ өөрсдөө шийдвэрээ гаргадаг байсан. Үйл ажиллагаа өргөжихийн хэрээр хүмүүст хүрч эхэлж байна. Тийм ч учраас Тайваниас болон хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллагуудаас ийм мэдээллийг шалгаад өгөөч гэх зэргээр харилцаж байна. Бас манай фэйсбүүк хуудсыг дагадаг хүмүүсээс хуурамч мэдээлэл шалгуулах хүсэлтүүд ирж байгаа. Тэдгээр мэдээллүүдээс бид шалгаж болохуйц мэдээллийг сонгож авдаг.
-Хуурамч мэдээллийг засаж залруулснаар нийгэмд ямар үр өгөөжтэй вэ? Тодорхой кэйс байна уу?
Б.Дуламхорлоо: “Google –ээс мөнгө хожлоо, гар утас хожлоо” гэсэн мэдээллүүд саяхан ихээхэн шуугиан тарьсан. Үүнд хүмүүс итгээд өөрсдийн дансны дугаар, хувийн мэдээллүүдээ оруулсан тохиолдол Монголд нэлээд их гарсан. Үүнээс болоод мэдээллүүдээ алдсан хүмүүс олон байсан. Цахим аюулгүй байдал хэмээх ойлголт манайд их дутмаг байдаг юм байна лээ. Бидний зүгээс иймэрхүү мэдээлэл дээр ингэж шалгана шүү гэсэн боловсрол олгох зорилгооор мэдээлэл түгээж тэр нь олон нийтийн дунд ихээхэн хандалт авсан. Энэ чиглэлээр бид ЦЕГ-ын хариуцсан албатай нь цаашид хамтран ажиллах хүсэлтээ тавьсан.
Зургийн тайлбар: Б.Дуламхорлоо хуурамч мэдээллийг зохицуулсан хууль нь мэргэжлийн сэтгүүл зүйд дарамт авчрах ёсгүйг үзэл бодлоо фэйсбүүктээ бичсэнийхээ төлөө Зөрчлийн хуулиар торгуулсан монгол хүний жишээн дээр ярьж байна. Гэрэл зургийг: н.Амгалангэрэл. 2020.09.25. MFСC-ийн байр.
Э.Нарантунгалаг: Нягталсан мэдээгээ бид одоогоор өөрсдийн фэйсбүүк хуудас дээрээ нийтлэж байгаа. “Mongolian Fact Checking Center – MFCC” гэсэн хуудсыг даган бидний нягталсан хуурамч мэдээллүүдийг хүлээн авах боломжтой. Мөн саяхнаас бид UBn.mn сайттай хамтран "Мэдээллийн боловсрол" буланд өөрсдийн нийтлэсэн мэдээллүүдийг хуваалцахаар тохирсон байгаа. Өөрөөр хэлбэл энэ мэдээллүүдийг аль болох олонд түгээх сонирхолтой байгаа.
Б.Дуламхорлоо: Түгээлтэн дээр бид багахан хэмжээгээр “boost” хийдэг. Энэ дээр хүмүүс бага зэрэг шүүмжлэлтэй хандах хандлага байдаг. Бид их мөнгө олоод байгаадаа “boost” хийдэггүй. Олон хүнд түгээх зорилготой учраас бага хэмжээний технологийн дэмжлэг хэрэг болдог ба бид түүнийг нь ашигладаг.
-ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ӨӨРӨӨ ИТГҮҮЛЭН ҮНЭМШҮҮЛЭХ ЭЛЕМЕНТҮҮДИЙГ АГУУЛДАГ-
-Монголчууд яагаад хуурамч мэдээлэлд итгээд байгаа юм бэ? Гол шалтгааныг нь юу гэж харж байна?
Б.Дуламхорлоо: Хуурамч мэдээлэл гэдэг өөрөө итгэн үнэмшүүлэх элементүүдийг агуулдаг. Хуурамч мэдээлэлд багтаж байгаа шинж чанаруудыг харж үзэхэд хүний мэдээ мэдээллийг сонирхдог байгалиас өгөгдсөн инстинкэд тааруулж бичигдсэн байдаг. Мөн хуурамч мэдээлэлд итгээд байгаа хүмүүсийг буруутгах гэсэн хандлага бол маш буруу хандлага. Яг үнэндээ энгийн хуурамч мэдээллийг би хараад таньж болох хэдий ч маргааш миний харж чадаагүй хуурамч мэдээллийг хэн нэгэн гаргаад ирж болно. Манайх Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран сонгуулийн үеийн хуурамч мэдээллийн мониторинг гэх судалгаан дээр ажилласан. Үүний үр дүнгээс харахад бидний ажиглалтаар хүмүүс мэдээллийг хуурамч гэдгийг мэдэлгүйгээр түгээж байгаа бөгөөд маш олон тохиолдолд магадгүй хөгжилтэй учраас энэ төрлийн мэдээллийг түгээж байна. Олон нийт аливаа сошиал медиа дээрээс харсан мэдээллээ түгээхээсээ өмнө эргэлздэг дадлыг л суулгаад өгөөч хэмээн бид уриалаад байгаа юм.
Э.Нарантунгалаг: Энгийнээр хэлэхэд тэр дадал зуршил нь мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг олон нийтийг л бий болгох гэж зориод байгаа гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл мэдээллийг сонсонгуутаа үнэн худал эсэхийг эхлээд өөрөө өөрөөсөө асуудаг дадлыг сурах хэрэгтэй байна. Монголчуудын уламжлалт нүүдэлчин соёлтой холбоотой байж магадгүй. Уулын мухарт нэг гэрээрээ эсвэл хоёр гэрээрээ амьдардаг хот айл дээр гаднаас хүн ирэхэд хол ойрын сонин хачин сонсох дуртай, тэрхүү мэдээллүүдээ шүүлтүүргүйгээр хүлээж авдагтай холбогдож магадгүй. Энэхүү уламжлалт сэтгэлгээний дадлаас одоо яригдаж буй технологийн дэвшлийн үед монголчууд бид хэрхэн хандах хэрэгтэй талаар мэдээллийн боловсрол олгох зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа юм.
-ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ НЬ СЭТГҮҮЛЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАВЧИХ ЭРСДЭЛТЭЙ-
-Манайд хуурамч мэдээллийн талаар хуулийн зохицуулалт нь ямар байдаг вэ?
Э.Нарантунгалаг: Яг одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга дээр худал мэдээлэл тараах гэдэг зүйл заалтыг оруулан зорилготойгоор хэн нэгний нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараасан хүнийг 450’000-1’000’000 төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт байна. Зөрчлийн тухай хуулин дээр бас байна. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор худал мэдээлэл тараасан гэх журмаар зохицуулалт хийх байна.
Б.Дуламхорлоо: Саяын бидний ярьсан тодорхойлолтуудаас харахад магадгүй олон нийтийн сонирхлыг санаатайгаар өөр тийш нь хандуулах зорилгоор цацаж байгаа хуурамч мэдээллүүд дээр болон хувь хүн болон албан байгууллагын нэр хүндэд халдсан, гүтгэн доромжилсон агуулгатай хуурамч мэдээлэл дээр л зохицуулалт байх шаардлага байж болох байх. Хуурамч мэдээллийн хувьд зохицуулалт хэмээн өргөн утгаар авч үзэхээс илүүтэйгээр гүтгэн доромжлох, нуун дарагдуулах гэдэг үндэслэлээр л зөвхөн хуулийн зохицуулалт байх нь зөв гэж бид хардаг. Хуурамч мэдээллийн хувьд өргөн утгаар нь авч үзвэл хуулийн зохицуулалт шаардлагагүй. Энэ нь эргээд сэтгүүл зүйн салбарыг хавчих эрсдэл байгаа гэж харж байгаа. Олон улсын хэмжээнд ч мөн хуурамч мэдээллийг хуулиар зохицуулах гэсэн оролдлогууд байдаг. Эцсийн дүндээ тэрхүү зохицуулалт нь мэргэжлийн сэтгүүл зүйн эсрэг ашиглагдаад дийлэнхдээ сэтгүүлчдийн үйл ажиллагааг хавчих байдлаар илэрдэг нь судалгаагаар батлагдсан. Тиймээс манай Монголын сэтгүүлчид хууль нэхдэг энэ хандлагаа өөрчлөх ёстой юм болов уу гэж хардаг. Бидний хэвлэн нийтлэх эрх чөлөө нээлттэй учраас мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай байна.
Ковидын үед хөл хорио тогтоосон үеэр хөдөөний нэг малчин өөрийн фэйсбүүк хаяг дээрээ “Энэ цагдаа нар чинь 30000 төгрөг аваад хүмүүсийг гаргаад байгаа юм биш үү?” гэсэн пост бичиж л дээ. Түүнийхээ төлөө хуулийн хариуцлага хүлээсэн байгаа юм. Энэ бол буруу. Учир нь тухайн иргэн нэгдүгээрт хувь хүн, хоёрдугаарт хувийн хаяг дээрээ өөрийнхөө үзэл бодлыг таамаглалаар илэрхийлсэн. Асуултын тэмдэгтэйгээр шүү. Энэ нь нэг талаасаа фэйсбүүкээр хуурамч мэдээлэл түгээж болохыг харуулж байгаа хэдий ч нөгөө талаасаа хуулийн зохицуулалт хийх нь утгагүй мэт харагдаж байна. Бид бүгд л өөрсдийн хаяг дээрээ хувийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй бөгөөд үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэмээн нарийн авч үзэх шаардлага байхгүй. Тийм байхад тэр хүн дээр хуулийн хариуцлага хүлээлгэх нь учир дутагдалтай. Тэр хүн шүүх дээр “Би өөрийнхөө гэм буруутайг ойлголоо” хэмэээн хэлсэн. Ингэснээр тухайн хүн цаашдаа өөрийн байр сууриа илэрхийлэх чадваргүй болж байгаа юм. Ийм ч учраас бид ч мөн эдгээр мэдээллүүдээ сонгож авахдаа хувь хүний хаяг дээрээ бичсэн зүйлсийг аль болох сонгохгүй байхыг зорьдог. Гэхдээ үнэхээр хэт их хандалт авсан бол энэ нь олон нийтэд ач холбогдолтой болоод ирж байгаа юм. Харин тухайн мэдээллийг түгээсэн хүнийг яллах, буруутгах нь бидний зорилго биш. Үнэн бодит нь энэ юм шүү хэмээн тэнцүү түгээр зорилготой.
Д.Идэржаргал