Шинэ коронавирусний халдварын хоёр дахь давлагаа Канадад хэдийнэ эхэлчихсэн бөгөөд эхний давлаганаас ч дор байж магадгүй гэж тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо ард түмэндээ хандаж үг хэлэхдээ мэдэгджээ. Түүний үгийг үндэсний бүх телевизийн сувгуудаар дамжуулсан байна.
"Коронавирусний халдварын хоёр дахь давлагаа аль хэдийнэ эхэлснийг тоо баримтууд тодорхой харуулж байна. Бид гуравдугаар сарын 13-нд хорио цээрийн дэглэм тогтоох үед өдөрт халдварын 47 шинэ тохиолдол бүртгэдэг байсан бол өчигдөр л гэхэд (есдүгээр сарын 22) мянга гаруй тохиолдол илэрлээ. Энэ намрын байдал хаврынхаас дор байж магадгүй байна" гэж тэрбээр хэлсэн байна.
Хэрэв Канадын бүх иргэн амны хаалт зүүх, хоорондоо зай барих, томуугийн вакцин хийлгэх зэрэг урьдчилан сэргийлэх зайлшгүй арга хэмжээг дагаж мөрдвөл одоогийн нөхцөл байдлыг өөрчлөх боломжтой гэдгийг Трюдо онцлон тэмдэглэжээ. “Цар тахлын хоёр дахь давлагааг бид хамтдаа хяналтдаа авч чадна” гэж Трюдо цохон тэмдэглэсэн байна.
Тэрбээр мөн Канад улс коронавирусний вакцин туршиж байгаа эмийн үйлдвэрийн хэд хэдэн томоохон компанитай гэрээ байгуулсныг сануулаад "вакцин бэлэн болмогц авна" гэж амлав.
Канадад коронавирусний халдварын анхны тохиолдол нэгдүгээр сарын 15-нд бүртгэгджээ. Есдүгээр сар гарснаас хойш тус улсад халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэн байна.