Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Гол руу явсан тэд гэртээ эргэж ирээгүй

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 45 секунд

Амралтын өдөр гэлтгүй ажлын өдрүүдэд голын эрэг, тохой, булан бараадаж, тойрч суугаад хөзөр тоглож, согтууруулах ундаа ууцгаан, бага насны хүүхдүүд голын усанд харгалзах хүнгүй тоглож буй дүр зураг хаа сайгүй. Гай зовлон хэлж ирдэггүйн жамаар инээж хөхрөн, орчноо мартсан тэрхэн зуурт хүүхэд нь усанд урсана, аль эсвэл хамт явсан нэг нь согтуудаа хөл алдаж усанд живнэ.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн зургаадугаар сарын 16-нд Сэлэнгэ аймагт усанд живж байсан хоёр хүүхдийг аварсан 19 настай хүү харамсалтай нь өөрөө нас барсан юм. Үртэй хүн болгон эмзэглэмээр, хашгирмаар хариуцлагагүй нийгэм. Хэрэв эцэг эх нь хариуцлагатайгаар хоёр хүүхдээ харж байсан бол 19 настай хүү өнөөдөр амьд байх байв.

Өвдөг, шилбээр татах байтугай, эгзэг нь таарвал шагайгаар татсан ус ч хүний аминд халтай гэж хөгшид ярьцгаадаг.

Тиймээс энэ удаагийн сэрэмжлүүлэг сурвалжилгыг Гачууртын Хар усан тохойгоос бэлтгэлээ. Учир нь нийслэлчүүд агаарлахаар энд хамгийн ихээр ирдэг. Тиймдээ ч завьт эргүүлүүд зургаадугаар сарын 10-наас эхлэн Хэрлэн, Тэрэлж, Туул гол дагуу иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж эхэлсэн юм. Завьт эргүүлүүд энэ сарын 2-ны байдлаар 167 том хүн, 34 нь хүүхдийн амь насыг аварчээ.

14:00 цаг. Автомашиндаа майхан саваа ачаад Туул голын эрэг тохой бараадаж хоноцгоохоор ирэх автомашины цуваа тасрахгүй үргэлжилсээр. Эрт ирээд майхан, ширээгээ засаад тухалсан хүн байхад, дөнгөж майхны гадсаа зоож байгаа хүмүүстэй ч таарлаа. Голын эрэгт 5-7 насны хоёр хүүхэд ногоон өнгийн хийлдэг тоглоомоор тоглож байв. Хөвгүүдийн нэг нь хийлдэг тоглоомоо голын ус руу шидэж, араас нь гүйхээр оролдов. Аврагчид “Бид аваад өгнө. Голын эргээс гараарай. Аав, ээждээ очоорой” гэж орилсоор хөвгүүдийн хажууд завиа зогсоолоо.

Тэдний аав, ээж хүүхдээ голын эрэгт тоглож байгааг ч мэдэх сөхөөгүй хорхог, боодог хийсэн шиг хөхрөлдөж суух. Бүгд хий дэмий халаглахаас биш, үүрэг хариуцлагаа мартан, архи дарсанд хөлчүүрхсэн хүмүүсийн аяны дугараа энд цангинана.

-Он гарснаас хойш усны ослоор 27 том хүн, 4 нь хүүхэд нас баржээ-

Завьт эргүүлийн аврагч “Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдүүддээ голын усанд хөвөгч хийлдэг гудас, хийлдэг завь авч өгдөг болсон. Тэдгээр зүйлс ширүүн урсгал, модны мөчирч сүлбэгдэж хагарах аюултай. Уг нь бассейнд ашиглах зориулалттай. Туул голын урсац нь ширүүн учраас хийлдэг гудас, завь ашиглаж болохгүй. Дээрх тоглоомуудыг ашигласан тохиолдолд эрэг дагуу гүехэн усанд тоглуулах ёстой. Саяны хүүхдүүдийн тоглож байсан хийлдэг тоглоом хамгийн аюултай. Тогтоол усанд тоглох зориулалттай байтал манайхан урсгал усанд хүүхдээ суулгаад, тавьчихдаг. Өнөөх нь гэнэт ширүүн урсгалд орохоороо хөлбөрч, хүүхдүүдийг унагааж улмаар живэх аюулд хүргэдэг” гэдгийг анхааруулав.

Улсын хэмжээнд 2024 оны зургаадугаар сарын 24-ний байдлаар усны ослын 45 тохиолдол бүртгэгдэж, 27 том хүн, 4 нь хүүхэд нас баржээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн үзүүлэлт юм. Усны ослын нийт тохиолдлын 27.5 хувь, амь насаа алдсан иргэдийн 18 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байна.

-Аврах найдвар үлдсэн байгаасай л гэж хүсдэг-

Нийслэлийн аврах ангийн бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч ахлах дэслэгч О.Улаанхүүгийн хувьд хоёр тохиолдол санаанаас нь ер гардаггүй гэнэ. Энэ талаар тэрбээр ярихдаа “Амарч зугаалахаар 4-12 насны дөрвөн хүүхэдтэй гэр бүл найз, нөхөдтэйгээ хамт голын эрэг дээр ирсэн. Улмаар архидан согтуурсан. Тэр үед дөрвөн настай хүүхэд нь голд живж байхыг харсан аав нь сандраад гол руу орсон байгаа юм. Аав нь хүүхдээ аварсан ч харамсалтай нь хөл алдаад өөрөө живсэн. Эхнэр нь согтуу. Найз нөхөд нь тэднийг аврах гэж оролдоогүй. Аавынх нь цогсыг голоос гаргачхаад хүүхдүүдийнх нь царайг харах үнэхээр хэцүү байсан” гээд уртаар санаа алдлаа.

Тэрбээр үргэлжлүүлэн өөр нэг тохиолдлыг ярив. Найман настай хүүхэд голын эрэг дээр бөмбөгөөр тоглож байгаад бөмбөгнийхөө араас живсэн. Гэтэл эцэг эх нь найзуудтайгаа архи уугаад сууж байхад ийм харамсалтай хэрэг гарсан. Бид очоод гаргасан ч хэдийнэ оройтсон байсан. Тиймээс усны ослын дуудлагад очихдоо "Битгий эндээсэй, аврах найдвар үлдсэн байгаасай" л гэж хүсдэг. Тэр хүний амь нас секундээр хэмжигдэж байгаа учраас усны ослын дуудлага цаг алдахгүй байх л хамгийн чухал.

Найз нөхдөөрөө зугаалж яваад нэг нь усанд живлээ гэх дуудлага өгөхдөө хэрэгт орчих болов уу яах бол гэсэн айдастай, цагдаад дуудагдана гэж айгаад 30-40 минутыг алдчихдаг. Энэ нь олон дуудлагаас ажиглагдаж байсан. Аргаа бараад хамгийн сүүлд нь онцгой байдлын газарт дуудлага өгдөг.

Биднийг очход, тухайн хүн аль хэдийн урсаад явчихсан байдаг. Ус уух хувьтай нь голын бургаснаас зулгааж чадвал амь гардаг. Иргэдийн ихэнх нь архи уусан үедээ гол руу ороод живчихдэг. Эсвэл баталгаагүй замаар машинтайгаа гараад голын салаанд боогддог. Манайхан том машиндаа бардаад гол гараад явчихдаг. Тэндээ хоноод маргааш нь буцахад усны түвшин ихэссэн гэдгийг мэдэхгүй өмнөх өдрийх шигээ санаад гол руу ороход машин нь суучихдаг" гэв.

-Орчноо мартсан тэрхэн зуурт бяцхан үр нь эсвэл согтуу хань ижил нь усанд урсаад явчих вий-

Нааш зүглэх машины цуваа тасралтгүй нэмэгдэж, голын эрэг дагуу сул талбай бараг л үлдсэнгүй. Улмаар голын эрэг дагуу үргэлжилсэн урт бөөгнөрөл үүсэв.

Гай зовлон хэлж ирдэггүйн жамаар инээж хөхрөн орчноо мартсан тэрхэн зуурт бяцхан үр нь эсвэл согтуу хань ижил нь усанд урсаад явчих вий. Ийм болгоомжлол төрснийг нуух юун.

Усны ослын дуудлага ихэвчлэн 15:00-18:00 цагийн хооронд ирдэг байна. Иргэд 12:00 цагийн үед голын эрэг дээр ирээд тухлаад архидан согтуурч, 15:00 цагийн үед гол руу сэрүүцэх гэж ороод живэх тохиолдол түгээмэл гэнэ. Хэрэв усанд живж байгаагаа мэдвэл 6 секунд амьсгаагаа түгжээд биеэ сул тавиад дээшээ хөвөх хэрэгтэй гэдгийг аврагчид зөвлөж байна. Ингэхэд ширүүн урсгалаас гарч тогтуун газар руу аяаандаа очих бөгөөд сандраад биеэ чангалахаар доош живдэг аж.

Хүүхдүүд усанд тоглох гэж л ордог. Харин тоглох гэж ороод эргэж ирдэг нь цөөхөн цөвүүн цаг болж. Тиймээс эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлан, хараа хяналтаа чангатгаж, сайжруулцгаах хэрэгтэй байна. Мөн амралт зугаалга нь архидахын нэр биш гэдгийг энд онцлох нь илүүц биз ээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өдөртөө 30 градус хүрч хална
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өдөртөө 30 градус хүрч хална
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.