Зүүн талаас: Б.Энхцэнгэл, Х.Энхжин, М.Буяндэлгэр
“Эрдмийн Оргил” сургуулийн 8-р ангийн гурван сурагч өөрсдийн санаачилгаар “Налайх дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг”-ийг тохижуулжээ. Гурван давхар эмнэлгийн хана, хүүхдүүдийн сэтгэлээ шингээн зурсан бүтээлээр ихэд өнгө нэмжээ. Тэдний нэг болох Х.Энхжин “13 настай сийлбэрчин охин” гэж олонд танигдсан шаггүй уран бүтээлч, авьяаслаг охин. Манай #БиднийНэг булангийн зочноор оролцож байсан юм. ("Уран гарт сийлбэрчин ээж, охин хоёр"-ыг энд дарж үзнэ үү) Ангийнхаа хоёр хүүтэй хамтран дүүргийнхээ хүүхдийн эмнэлгийг гайхамшигт зургуудаар “амилуулсан” тэдний сайхан сэтгэлийг хэмжээд баршгүй.
Үеийнхээ хүүхдүүдэд үлгэр дууриалал болсон хүүхдүүдтэй уулзахад “Өвдсөн хүүхдүүд ханан дээрх зургийг хараад инээгээсэй гэж хүсч байна”, “хүмүүсийг баярлуулах хамгийн гоё” гэж байлаа. Сайн үйлст, сайхан сэтгэлт гурван сурагчийн тухай сурвалжилгыг хүлээн авна уу.
-ХҮҮХЭЛДЭЙН БААТРЫН ЗУРАГ ХАРААД ТАЙВШРАХ БОЛОВ УУ ГЭЖ БОДООД ЭМНЭЛЭГИЙГ ХАНАНД ЗУРАГ ЗУРСАН-
“Намайг Хонгорзулын Энхжин гэдэг. Би Налайх дүүргийн “Эрдмийн Оргил” цогцолбор сургуулийн наймдугаар ангид сурдаг.
Эхлээд ээжээсээ нууж бүтээлээ хийж байгаад энэ жилээс бие даан сийлбэр хийдэг болсон. Би яагаад ихэвчлэн үлгэрийн баатар хийдэг вэ гэвэл хүүхдүүдийг хайртай баатруудын дүрээр сайн зүйл рүү уриалахыг хүсдэг. Зарим эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд их тохижилт муутай байдаг шүү дээ. Тиймээс өөрийнхөө хийж чадах зүйлээр туслая гэж бодсон.
Эмнэлэгт хэвтэж байгаа жаахан хүүхдүүд тариа хийлгэхээс их айдаг. Янз бүрийн хүүхэлдэйн баатрын зураг хараад тайвшрах болов уу гэж бодоод хананд зураг зурсан. Хүмүүс гоё уран зураг харахаараа сэтгэл нь тайвширч, өвчнөө мартдаг шиг бяцхан хүүхдүүд ч тэгэх байх гэж бодсон.
Дамбад нэг сургууль мөн Төв аймгийн цагдаагийн хэлтсийн 12 метр ханыг ээжтэйгээ хамт тохижуулж өгч байлаа. Карентины үеэр их олон бүтээл хийж чадсан. Теле хичээлээ талыг нь л хийж амжсан, ер нь манай ангид бүрэн хийсэн хүүхэд байхгүй юм билээ. Хичээл танхимаар орох ёстой гоё байна. Ангийхантайгаа 9 сар 15 өдөр гурван цаг уулзаагүй.
Хүмүүс хүссэн дуртай зүйлээ хийж байхдаа аз жаргалтай байж түүнээсээ урам зориг авдаг. Дургүй зүйлээ хийвэл урвайгаад, "ямар муухай юм бэ, ийм юм хийнэ гэж юу байсан юм" хэмээн бодно. Тиймээс хэн ч байсан гэсэн өөрийнхөө хийх дуртай зүйлээ сайн хийвэл аз жаргалтай байна шүү гэж хэлье” гэв.
Гялалзсан нүдтэй, хэвлүүн яриатай, сайхан сэтгэлт энэ охинтой ярилцахад хүн хийе бүтээе гэсэн чин сэтгэл л байвал нас, туршлага огтхон ч хамаагүй харин сэтгэл л байхад бүх зүйл болох юм хэмээн бодогдож байлаа. Өөрийн мэддэг чаддагаа найзууддаа заан хамтдаа сайн үйлс хийж, түүнээсээ урам авч байгаа хүүхдүүд бол бидний ирээдүй гэж бодоход сэтгэлд нэн таатай.
-ХҮН ХИЧЭЭВЭЛ ЯМАРЧ ЗҮЙЛИЙГ СУРЧ ЧАДДАГ-
Эмэгтэй хуур урлаач хэмээн сониучирхан ярилцлага авах тухайгаа утас цохин мэдэгдэхэд “надаас биш манай охиноос авсан нь дээр байхаа” гэхэд эх хүн ямагт үрийнхээ төлөө л байх юм хэмээн бодогдож байлаа. 850 грамм жинтэй дутуу төрсөн охиноо асрахын хажуугаар хийх ажил олоход бэрх. Хүүхдээ харангаа гэрээсээ хийж болох ажил ер нь олдохгүй байсан тул Хонгорзул бүсгүй сийлбэр хийхээр шийдэж, уран бүтээлч болжээ. Надад “зурах авьяас байгаагүй. Хүн хичээвэл ямар ч зүйлийг сурч чаддаг, авьяасгүй байсан ч гэсэн тууштай байвал боломжтой” гэж байлаа. Одоо түүний охин тусд орж, нийгэмд хэрэгтэй зүйлсийг санаачлан хийж байгаа нь ч түүний ач юм.
-ХҮМҮҮСТ ТУСЛАХ ХАМГИЙН ГОЁ БАЙДАГ ЮМ БИЛЭЭ-
Хичээл нь ороод гоё байна уу? сэтгэгдэл хэр байна гэж асуухад “Солиотой” хэмээн хариулсан сэргэлэн хүү бол Мөнх-Эрдэнийн Буяндэлгэр. Мөн л 13 настай.
Эмнэлэг тохижуулсан сэтггэгдлээ “Эмнэлэг дээр очоод эхлээд их сандарч байлаа. Ах эгч хоёртой танилцаад сэтгэл тайвшраад гоё болсон. Хүмүүст туслах хамгийн гоё байдаг юм билээ. Хүмүүсийн хандлага эерэг болж байсан. Өөрийнхөө бүтээлийг дараа нь хараад урам зориг авдаг. Таньдаггүй хүмүүстэйгээ танилцаад хамтарч ажиллах сайхан байсан” хэмээн хэвлүүхнээр цоглог хариулсан. Мөн карентины хугацаанд гэртээ анимэ, зурагт үзээд теле хичээлээ хийсэн. Теле хичээлээ жаахан дутуу хийчихсэн. Хөдөө, хот, Налайх гурвын хооронд дамжаад зарим хичээлээ тасалсан” гэсэн юм.
Буянтогтохын Энхцэнгэл бол хамгийн даруухан дуу цөөтэй хүүхэд байсан юм. “Найзуудтайгаа хамт хүүхдүүдэд туслах гоё байсан” гэх товчхон хариултыг сандрангуй өгөөд нүдээрээ инээсэн хүүгээс чин сэтгэл харагдаж байсан билээ.
Д.Цэрэнчимэг
Гэрэл зургийг: С.Хонгорзул