05 САРЫН 05, 2020
Уран гарт сийлбэрчин ээж, охин хоёр
"Хамгийн гоё зүйл бол бүтээлээ хийж дуусаад захиалагчдаа өгөх тэр мөч. Тухайн хүнд таалагдаад “хөөх ямар гоё юм бэ” гээд уулга алдах, сайшааж сэтгэлд нь хүрч байгааг харах хамгийн сайхан байдаг"

Эгэл хүмүүсийн гайхалтай түүхийг өгүүлэх "Бидний НЭГ" булан үргэлжилсээр. Энэ удаагийн дугаартаа бид сийлбэрийн урлагийн шинэ төрлүүдийг Монголд нэвтрүүлсэн сийлбэрчин ээж, охин хоёрын түүхээс хуваалцая.

13 настай сийлбэрчин охин Х. Энхжин тэрээр том болоод цагдаагийн албан хаагч болох хүсэлтэй аж.

                                                                                                         -Хүмүүсийг татах гол зүйл нь өнгө, дүрс байдаг-

Анх яаж сийлбэр хийж сурсан бэ?

-Ээж маань намайг жоохон байхаас эхлээд  сийлбэр хийдэг байсан. Ээжийнхээ сийлбэр хийж байгааг хараад ажилд тусладаг байсан. Зүлгүүр, будаг гэх мэт жижиг зүйлст  нь туслаж байгаад хоёр жилийн өмнөөс эхлэж өөрөө бие дааж хийж эхэлсэн.

Сийлбэр хийхэд чамаас ямар ур чадвар шаардаж байна.

-Хамгийн эхэнд сайн зурдаг байх хэрэгтэй. Дараа нь гарын хүч, өнгөний ялгарлыг сайн гаргаж чаддаг байх. Гарын хүч сайтай байж сийлбэрийг хийж чадна. Сийлбэрээ хийж дуусчихаад будах гэдэг хамгийн чухал. Яагаад гэхээр хүмүүсийг татах гол зүйл нь өнгө, дүрс байдаг учраас.

Хамгийн анхны бүтээл юу байсан бэ?

Гадаа хашаан дээр хадсан байгаа "Том". Би бүтээлийн санаагаа ихэвчлэн хүүхэлдэйн киноны баатруудаас авдаг. Миний анхны хийсэн  “Том” хуванцараар хийгдсэн байгаа.


 Сийлбэрчин охин Х. Энхжин Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан Сэргийлэх Хэлтэст өөрийнхөө бүтээлийн дээжээс бэлэглэжээ.Тэрээр цагдаагийн алба хаагч болох хүсэлтэй учраас гэмт хэргээс сэрэмжлүүлэх бүтээлийг түлхүү хийж ойр хавийнхаа гудамж болон зарим цагдаагийн нэгжид бүтээлээ байрлуулсан юм.


 Бяцхан сийлбэрчин охины ээж Н.Хонгорзул гэх эмэгтэй Монголын сийлбэрийн урлагт шинэ чиг хандлагыг нэвтрүүлэхийг зорьж байгаа нэгэн.

                                                                                                  -Сийлбэр хийхэд бүх стресс, уур бухимдлаас холдуулж өгдөг-

Хэзээнээс  эхэлж сийлбэр хийж эхэлсэн бэ?

-Анх би хоёр хүүхэдтэй тухайн үед өрх толгойлсон ганц бие эмэгтэй байлаа.  Бага хүүхэд маань дөнгөж төрчихсөн гэхдээ дутуу төрсөн учраас гэрээс гарах, ажил хийх боломжгүй байсан. Хүүхдээ хүнд харуулъя гэхээр харах хүн байхгүй.Тэр үед би хөхний хавдартай болсон. Иймэрхүү олон асуудлаас болоод гэртээ байхаас өөр арга надад үлдээгүй. Тэгээд л гэртээ хийж болох ажил юу байна гэж хайж, янз янзын юм туршиж эхэлсэн. Ингээд  хамгийн сүүлд интернэтээс гадаададын сайтууд дээр сийлбэр хийж байгааг хараад гэртээ хүүхдээ харах хоорондоо сийлбэр хийгээд байж болох юм байна гэж бодоод суралцаж эхэлсэн. Тэр цагаас эхлээд жил орчим суралцаж, сийлбэр хийж дөнгөж сураад удаагүй байж маш зоригтойгоор шийдвэр гарган Өвөрмонгол руу явахаар болсон. Өвөрмонгол руу Монголоос ажилд шалгаруулж авч байна гэсэн зар хараад очиж шалгуулаад,тэнцээд явахаар болсон. Дөрвөн жил Өвөрмонголд ирэн очин сийлбэр хийсээр ирсэн. Энэ жилээс Монголдоо сийлбэрээ хийж эхэлсэн байгаа.

Өвөрмонголд сийлбэр хийх хугацаанд  Монголын сийлбэрийн урлагт нэвтрүүлэх шинэлэг санаа хэр их байв.

-Одоогоор Монголд хуванцар сийлбэр орж ирээгүй байгаа. Манай охины хийгээд байгаа эдгээр сийлбэрүүд хуванцар дээр хийгдсэн. Өвөрмонголоос 60*60 хэмжээтэй хуванцар сийлбэртэй давцан оруулж ирээд 360 мянган төгрөгөөр зардаг. Гэтэл тэрнийг Монголдоо хийгээд зарахад тал үнээр нь хүмүүс авах боломжтой юм. Мөн хиймэл зүлгээр хийдэг сийлбэр орж ирэээгүй л байгаа. Надаар хотын тохижилтонд зориулж зүлгэн сийлбэр хийлгүүлээсээ гэж хүсдэг. Учир нь би тэнд очиод мөс, төмөр хоёроос бусад бүх материаллаар сийлбэр хийж үзсэн. Явсан нохой яс зуун гэдэг шүү дээ. Монголдоо сийлбэрийн эдгээр чиглэлийг бага багаар нэвтрүүлэхийг хичээж л явна даа.

Сийлбэр хийхийн хамгийн гоё зүйл нь юу вэ?

-Сийлбэр хийж байхад хүний анхаарал зөвхөн хийж байгаа зүйл дээрээ төвлөрдөг. Өөр зүйл бодох завсар гардаггүй гэх юм уу даа. Бүх стресс, уур бухимдалаас холдуулж өгдөг. Хамгийн гоё зүйл бол бүтээлээ хийж дуусаад захиалагчдаа өгөх тэр мөч. Тухайн хүнд таалагдаад “хөөх ямар гоё юм бэ” гээд уулга алдах, сайшааж сэтгэлд нь хүрч байгааг харах хамгийн сайхан байдаг. Би аль болох захиалагч хүмүүсийнхээ сэтгэлд зуун хувь хүрэхээр бүтээлээ хийж өгөхийг хичээдэг. Жишээ нь зөвхөн нүүрэн дээрээ сийлбэртэй авдар захиаллаа гэхэд хажуу талд нь жижиг сийлбэр нэмээд өгөхөд тэр хүмүүс маш их баярладаг. Мөн Би эмэгтэй сийлбэрчин. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол илүү чамин нандин, нарийн зүйлсийг ажиглах чадвар их байдаг. Энгийнээр бодоход гал тогоонд би өөрөө ихэвчлэн байдаг болохоор хаана аяга тавгаа тавих уу, халбага сэрээгээ яаж хийвэл амар байдаг гэх мэт бэрхшээл, хэрэгцээтэй зүйлсийг мэддэг учраас гал тогооны тавилга захиаллаа гэхэд тэр асуудлыг шийдэхээр тасалгаа, тавиур хийгээд өгөх ч юм уу аль болох хийж байгаа зүйлдээ сэтгэл шингээж хийхийг хичээдэг.

Таны сийлбэр хийх урыг охин тань суралцаж, бие даан хийж эхэлсэн байна. Өөр шавь байдаг уу?

Хөгжлийн бэрхшээлтэй, одой, 10 жилийн хүүхдүүд, нэг гэр бүлийн хүмүүс гэх мэт  шавь нар бий.  Одой залуу маань суралцаж дуусаад сийлбэрийн компанид ажиллаад явж байгаа. Нэг гэр бүлийн хоёр маань суралцаж дуусаад биеэ даагаад зуун айлын тэнд  сийлбэр хийж байгаа. Ер нь миний дор хамгийн багадаа хоёр сар явж суралцаад л биеэ даагаад өөрсдөө сийлбэр хийгээд явчихдаг. Миний хувьд мөнгө, ашиг сонирхолоос хүмүүст бага ч болов сэтгэлээрээ дэмжиж, тус хүргэчих юмсан гэсэн бодол байдаг

Монголдоо сийлбэрээ хийж эхэлж байгаа гэсэн шүү дээ. Цаашид  сийлбэрээ улам хөгжүүлэхэд юу хэрэгтэй байн вэ?

-Одоогоор ажлын байр л дутагдалтай байна даа. Хажуу талд байгаа гэрийг ажлын байрны зориулалтаар сарын 50 мянгаар түрээсэлдэг. Өнгөрсөн намраас гэрийнхээ хойно сургалтын төв, ажлын байр болгох зорилготой байшин барьж байгаа. Гэхдээ санхүү мөнгөний асуудал байгаа учраас барилгын ажил маань зогсчихсон байна. Энийгээ бариад дуусчихвал нэг олон улсын байгууллагаас багаж хэрэгслээр дэмжихээр болсон. Тиймээс ажлын байраа барьж дуусгахын тулд зээл авах гэж олон газраар явсан боловч бүтсэн юм алга. Засаг дарга, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, хувийн байгууллага компаниудад очиж хамтарч ажиллаач гэсэн санал тавьсан боловч сайшаалтай хариу хэлсэн газар одоогоор байхгүй л байна.  Хэрвээ байшингаа бариад дуусчихвал би сийлбэрийн сургалтын төв байгууллах санаатай. Хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон ээжүүд гэх мэт амьдралын бололцоо муутай хүмүүст өөрийн чадвараасаа хуваалцаж , амьдралд нь жаахан ч гэсэн хувь нэмэр оруулахыг хүсч байгаа.

Түүний бүтээлийн зурган архиваас: 

 

БУСАД ТҮҮХҮҮД
БИДНИЙ НЭГ БУСАД
ТАНЫ ОРОЛЦОО
Эгэл хүмүүсийн гайхалтай түүхийг өгүүлэх "Бидний НЭГ" булан үргэлжилсээр. Хүй элгэндээ, үе тэнгийхэндээ, нийгэмдээ эерэг өөрчлөлтийг харуулж буй гайхалтай түүхийн эзнийг та САНАЛ БОЛГОХ УУ?