БНХАУ-ын “ByteDance” компанийн эзэмшдэг, богино хэмжээний дүрс бичлэг байршуулдаг “TikTok” хавсралт энэ оны эхний хагаст дүрэм журам зөрчсөн 104 сая гаруй дүрс бичлэгийг устгасан байна.
“Тэдгээр бичлэгийн 96.4 хувийг аль нэг хэрэглэгчээс мэдэгдэл ирэхээс өмнө, 90.3 хувийг хэн нэгэн хүн үзэхээс өмнө устгасан” гэж “TikTok” мэдээлжээ. “TikTok” шинэ коронавирусний халдвар болон сонгуультай холбоотой контентийг танихын тулд энэ оны эхний хагаст алдаа илрүүлэх хөтөлбөрийг эхлүүлжээ.
АНУ-ын Худалдааны яам “TikTok”-ийг гар утсандаа татах, шинэчлэхийг хориглоно хэмээн саяхан мэдэгдсэн юм. АНУ-ын эрх баригчид уг хавсралтыг хэрэглэдэг Америкийн 100 сая гаруй иргэний хувийн мэдээллийг Хятадын Коммунист нам руу дамжуулж байгаа эсэхэд санаа зовниж байгаа юм. “Манай компанид хэрэглэгчийн мэдээллийн талаарх 1768 хүсэлт ирсний 290 буюу 16.4 хувь нь АНУ-ын хууль сахиулах байгууллагаас ирсэн” гэж “ByteDance” компани өнөөдөр мэдээлжээ.