Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: ЭЕШ-даа бэлэн ч сэтгэлзүй тогтворгүй байна

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
10 минут 44 секунд

Нэгхэн хоногийн дараа Монгол орны өнцөг булан бүрд сурч боловсорч буй 12-р ангийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч эхэлнэ. 12 жилийн хугацаанд юу сурч, юу мэдсэнээ аав ээж, ах дүү, ангийн найзууд, багш нартаа батлах чухал өдрүүдийг тэд тэсэн ядан бас сэтгэл түгшин хүлээж буй. Зарим нь ээж аав, багш нарынхаа итгэлийг алдах вий гэхээс айж, сэтгэл зовниж буй бол зарим нь шалгалтынхаа өдрөөр хамаг хүч чадлаа дайчилна хэмээн өөрийгөө бэлтгэж байгаа нь дамжиггүй. Тэгвэл 12-р ангийн сурагчид ЭЕШ-даа бэлэн үү. Энэ асуултад хариулт авахаар UBN.mn сайтын сурвалжлах баг Нийслэлийн 32-р сургуулийг зорилоо.

ЭЕШ энэ сарын 04-07-ны өдрүүдэд үргэлжилнэ.

УЛААНБААТАР ХОТ, НИЙСЛЭЛИЙН 32-Р СУРГУУЛЬ,

Энэ жил сонгуулийн жил таарч, ЭЕШ ч дагаад хойшилсон. Гэсэн хэдий ч төгсөгчид энэ хугацааг илүү үр бүтээлтэй ашиглаж, өдөр бүр сонгосон мэргэжлийнхээ төлөө хичээнгүйлэн бэлджээ.

Сурагчдын хичээл хэдийнээ амарсан тул сургууль нам жим, анир чимээгүй. Хэдэн багш, ажилчид бас төгсөх ангийн сурагчид л ганц нэг харагдана. Тус сургуулийн 12-р ангийн сурагчид англи хэл, нийгмийн ухааны хичээлээр багш нараасаа тусгайлан давтлага авч байсан ба бусад хичээлүүдээ бие даан давтаж байгаа гэнэ.

Бидний эхний орсон ангид англи хэлний багш А.Жанерке давтлага орохоор бэлтгэж байсан ба сурагчид нэг нэгээрээ ээлжлэн ирж байлаа. Тиймээс ангид буй цөөн хүүхдүүдтэй ярилцаж, ЭЕШ-даа бэлэн эсэхийг тодрууллаа.

12б ангийн сурагч, 100 буудалт даамны Дэлхийн аварга Э.Хүслэн дунд ангиасаа эхлээд л мэргэжлээ сонгосон гэнэ. Тэгвэл тэрбээр ямар мэргэжил сонгосныг хамтдаа сонирхъё.

Багаасаа л мэргэжлээ сонгосон учраас ахлах ангид ороод л ЭЕШ-даа бэлдэж эхэлсэн

"Би жаахан байхдаа телевизээр эмчтэй кино эсвэл эмч нар гарч байгаа нэвтрүүлгийг их үздэг байсан. Бараг худлаа ярьдаг хүнд 1-р ангиасаа эхлээд л эмч болъё гэж шийдсэн гэж хэлж болно. Түүнээс хойш энэ мэргэжлээрээ ажиллах зорилго тавиад ахлах ангид орсноосоо хойш ЭЕШ-даа бэлдсэн. Тиймээс надад яг одоо айж, сандрах мэдрэмж байхгүй байна.

Хэдийгээр миний хувьд даамандаа илүү их анхаарал хандуулж, хичээлдээ зарцуулах цаг хомс байсан ч хоцрогдол арилгах сургалт, давтлага авч хичээлүүдээ нөхчихдөг байсан. Ерөнхийдөө цагаа маш сайн төлөвлөж байж бүх ажлуудаа амжуулдаг даа. Одоо хэдхэн хоногийн дараа гэхэд өөрийн сурсан зүйлээ батлах гэж байгаад сэтгэл догдолж байна" гэв.

Харин тус ангийн сурагч Д.Нацагдорж ЭЕШ-даа бэлэн гэдгээ хэлж байв. Тодруулбал,

Элсэлтийн ерөнхий шалгалтдаа бэлэн

"Би физик, математик, англи хэлний хичээлээр ЭЕШ-аа өгч байгаа. ШУТИС-д архитектурын мэргэжлээр суралцахаар зорилго тавьсан. Хэдий ганцаарчилсан болон бусад төрлийн сургалтад хамрагдаагүй ч гэсэн өөрийнхөө хувьд хангалттай сайн бэлдсэн гэж бодож байгаа. ЭЕШ-даа бэлэн байна. Түүнээс гадна шалгалтын үеэр аль болох сандрахгүй байхыг хичээж байгаа. Магадгүй сандрах юм бол өөрийгөө хэт их барьчих байх. Тийм учраас шалгалтынхаа өмнө найзуудтайгаа илүү ярилцаж, хамт хичээлээ бэлдэж, сэтгэл санаагаа тайван байлгахыг хичээж байна" гэлээ.

Хэдий хичээл, сургууль амарсан ч гэсэн хүүхдүүдийнхээ өмнөөс сэтгэл зовних хамгийн эхний хүн бол багш хүн. Тийм ч учраас ЭЕШ дөхсөн энэ үед багшийн сургаал алтнаас ч үнэтэй. Тиймээс бид англи хэлний багш А.Жанеркегээс хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөхийг асуусан юм. Тэрбээр,

Дасгал амархан байлаа гэж бодож хяналгүй өнгөрч болохгүй шүү

"Шалгалтын үед хүүхдүүд өөрсдийнхөө мэддэг зүйлийг буруу хариулах тохиолдол их гардаг. Ялангуяа энэ хүүхэд энэ дасгалыг алдахгүй дээ гэж бодохоор л алдчихсан байдаг юм. Англи хэлний хичээл дээр ихэвчлэн дүрмийн дасгалууд дээр энэ алдаа анзаарагддаг. Тиймээс ЭЕШ-аа өгөх гэж байгаа хүүхдүүддээ хандаж хэлэхэд аль болох сандрахгүйгээр, өөртөө итгэлтэй байж, нямбай байхыг зөвлөмөөр байна. Дасгал маань амархан байлаа, би сайн гүйцэтгэлээ гэж бодоод, хяналгүй өнгөрч болохгүй шүү. Тиймээс дахин дахин нягтлаарай гэж хэлмээр байна" гэсэн юм.

Бидний дараагийн зочилсон анги бол Ц.Цэнд-Аюуш багштай нийгмийн ухааны хичээлийн давтлага орж буй анги байлаа. Хүүхдүүд ч материалаа ажлан хариултаа зөв, буруу эсэхийг тулгацгааж, ам уралдан хариулцгааж байв.

ЭЕШ маргааш тул ихэнх хүүхэд айж, сандрах мэдрэмж авчээ. Тэр дундаа сэтгэлзүйн хувьд айдастай байгаагаа ч ярьцгааж байв. Тэдний нэг бол 12В ангийн сурагч С.Эх-Од бөгөөд тэрбээр,

Анх удаа ЭЕШ өгч байгаа учраас сэтгэл зүй тогтворгүй байна

"ЭЕШ эхлэх гэж байна. Миний хувьд нийгэм, англи хэлний хичээлүүдээр ЭЕШ-аа өгнө. МУИС-ийн Хуулийн ангид сурна гэсэн зорилго тавьчихсан байгаа. Тийм учраас гол хоёр хичээлээ илүүтэй бэлдэх үүднээс энэ хоёр хичээлийг сонгосон.

ЭЕШ ойртох тусам улам илүү сандарч бас айх мэдрэмж төрж байгаа. Ерөнхийдөө сэтгэлзүйн хувьд нэлээн тогтворгүй байна. Босго оноогоо давж чадахгүй байх вий, сургуулиа авч чадахгүй байх вий гэсэн бодол л санааг маань зовоод байгаа. Анх удаа ЭЕШ өгч байгаа болохоор сэтгэл түгшиж байгаа байх. Түүнээс биш ЭЕШ-даа маш сайн бэлдсэн гэж хэлж болно" гэв.

Харин 12а ангийн сурагч Г.Ганзориг ярихдаа,

Муу оноо авах вий гэхээс л айж байна

"ЭЕШ-аа чадах хэмжээндээ л бэлдлээ. Би IT инженерээр сурах бодолтой байгаа. ЭЕШ эхэлнэ гэхээр л сэтгэл санаагаар унаад, хэцүү санагдаж байна. Юу ч болж мэдэх учраас муу оноо авах вий гэсэн айдас төрж байгаа. Хичээл амарсан учраас давтлагадаа сайн төвлөрч чадахгүй л байна. Хичээл амраагүй байхад илүү сайн бэлдэж байсан юм. Бас үе тэнгийн найзууддаа хандаж хэлэхэд сурсан мэдсэнээ сайн гаргаж, ЭЕШ-аа сайн өгөөрэй. Хүссэн сургуулиа аваарай гэж хэлье" гэсэн юм.

Монголын боловсролын системд сэтгэл дундуур хүмүүс олон бий. Тийм ч учраас эх орондоо мэдлэг боловсрол эзэмшихээс илүүтэй гадаадыг зорьж, гаднын улсын соёлыг таньж бас өндөр боловсрол эзэмшихийг хүссэн төгсөгчид ч олширсон. Тэдний нэг бол 12б ангийн сурагч Ч.Наранхүү юм.

Гадаадад сурах зорилго тавьсан ч ЭЕШ-аа өгч, өөрийгөө сорихыг хүссэн

"Би математик, англи хэл, нийгмийн ухаан хичээлүүдээр шалгалт өгнө. 12 жилийн хугацаанд юу сурч мэдсэнээ бататгахын тулд ЭЕШ-аа өгөх гэж байгаа. Учир нь Монголд сурахаас илүү гадаадад сурах зорилго тавьсан. Тэр дундаа олон улсын харилцаа мэргэжлээр БНСУ-ыг зорино. Тиймээс ЭЕШ-ын дүн миний амьдралд төдийлөн нөлөөлөхгүй ч гэсэн энэ шалгалтыг өгч өөрийгөө ямар түвшинд, яаж суралцсан байна гэдгээ сорих гэсэн юм" гэлээ.

Мөн бил үргэлжлүүлэн Түүх, нийгмийн ухааны багш Ц.Цэнд-Аюуштай ярилцсан бөгөөд тэрбээр,

ЭЕШ-аа муу өгсөн ч муу хүн болохгүй

"ЭЕШ хэдийнээ хаяанд ирсэн байна. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш л ЭЕШ-д бэлдэх зорилгоор хичээлүүдээ орсон. Гэхдээ хавраас илүү их эрчимжүүлж, 9, 10, 11-р ангийх нь сурах бичиг болон өнгөрсөн онуудын шалгалтын материалуудыг ч ажиллууллаа. Мөн хичээл амарснаас хойш сонгоны хүүхдүүдээ ЭЕШ-д бэлдэх зорилгоор танхимаар давтлага орж байна.

Түүнээс гадна ЭЕШ-ын үед хүүхдүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол хариултын хуудсан дээрээ номер алдах тохиолдол байдаг тиймээс маш анхааралтай байгаарай, асуултаа сайн уншаарай гэдэг зөвлөгөөг маш сайн өгч байгаа. Мөн хүүхдүүд маань ЭЕШ-ыг амьдралыг нь тэр чигт нь шийднэ гэж ойлгоод байдаг. Сайн ч өгсөн, муу ч өгсөн маргааш нь амьдарна. Муу өглөө гээд муу хүн болохгүй. Хамгийн гол нь өөрийн чадах зүйлээ тултал хийгээд, айж сандрахгүй байх нь хамгийн чухал" гэв.

Ийнхүү бид ЭЕШ-аа өгөхөөр сэтгэл догдолж буй эдгээр хүүхдүүд болон тэднийхээ төлөө сэтгэл зовниж буй багш нарын төлөөлөлтэй ярилцаж, ЭЕШ-даа бэлэн эсэхийг тодруулж, хэрэгтэй зөвлөгөөг ч авлаа. Магадгүй яг одоо Монгол орны өнцөг булан бүрт буй 12-р ангийн төгсөгчид бас тэднийгээ бэлдэж буй багш нар бүгд л тэдэнтэй яг адилхан мэдрэмжийг мэдэрч буй байх.

Тэд ЭЕШ-даа бэлэн байна. Харин та нар бэлэн үү...

Хаврын бүх нийтээр мод тарих өдрөөр богдхан ууланд шилмүүст мод тарьлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.