Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ЫН ДАРГААР өөрийнхөө “УЛААН ХАМГААЛАГЧ”-ийг томилох ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 30 секунд
UBN.MN

Сонгуулийн дүн сонирхолтой гарч, ирэх дөрвөн жилийн парламент олон намын зөвшилцөл дунд өрнөхөөр болсон. Тэгвэл энэ зөвшилцөл, цаашлаад Ардын намын дотоод улс төрийн гол цэг болох учиртай УИХ-ын даргын суудалд хэн суух вэ гэдэг сонирхолтой асуултын хариултыг өнөөдөр бид харах болно.

Өөрөөр хэлбэл, МАН-ынхан хэнийг УИХ-ын даргаар томилохоос шалтгаалж шинээр байгуулагдах Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэр удаан үргэлжлэх вэ. Бодлогын хуулиудаа явуулж, бодлогын шинэчлэлүүдээ хийж чадах уу гэдэг ихээхэн шалтгаална. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар УИХ-ын даргын суудлыг хэнд өгөхөө сайтар бодож, ирээдүйн улс төрийн нүүдлээ хийх учиртай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын даргын томилгоонд энэ гурван субъект маш хүчтэйгээр оролцож, Ерөнхийлөгчийн зүгээс өгөх нөлөөллийг Ерөнхий сайд бодолцож үзэх ёстой. Яагаад гэвэл энэ цаг үед хамгийн хөдөлшгүй улс төрийн бяртай хүн бол Ерөнхийлөгчийн институтийн эзэн юм. Ялангуяа парламент өнөөдрийнх шиг ойрхон, өрсөлдөөнтэй, олон намын төлөөлөлтэй байгаа цагт Ерөнхийлөгчийн улс төрийн тоглолт хамгийн хүчтэй орж ирдэг заншилтай. Тийм ч учраас сонгууль дууссан даруйд УИХ-ын даргад Ерөнхийлөгчийн хүн болох Ж.Энхбаярын нэр хамгийн түрүүнд гарч ирж буй хэрэг.

Гэхдээ энд нэг зүйлийг Ерөнхий сайд хамгийн сайн тооцох ёстой. УИХ-ын дарга, бүлгийн даргаар томилох хүмүүс бол Л.Оюун-Эрдэнийн “улаан хамгаалагчид” л байх ёстой. Ялангуяа УИХ-ын даргын суудал бол Л.Оюун-Эрдэнийн хувьд бараг л зүрхэн тарни байх ёстой. Магадгүй түүний байгуулах Засгийн газрын насыг жил хагас гэж тооцвол үүнийг урт байлгаж чадах ганц л хүн бол УИХ-ын дарга буюу ирээдүйд Ерөнхийлөгчийн институтээс орж ирэх шахалт нөлөөллийг УИХ дээр шингээнэ.

Хэрэв би Ерөнхий сайдын оронд байсан бол УИХ-ын даргад хэн байх вэ гэхээс илүүтэй ямар зан чанартай, мөн чанартай хүн байх вэ гэдгийг түрүүлж бодох байв. Аль ч талд гарахгүй, зөвшилцлийг хангаж чадах Г.Занданшатартай адил зөөлөн хүчний бодлогыг илүүд үздэг зан чанартай хүн л Ерөнхий сайдад өнөөдөр хэрэг болох байв. Бас хэнийг томилж болохгүй вэ гэдгээ тооцох ёстой. Товчхондоо намаа ялалтад хүргэсэн Ерөнхий сайд хүн бол ганц УИХ-ын даргыг томилох улс төрийн бяртай байх л ёстой гэсэн үг юм.

Тэгвэл хэн байж болохгүй вэ. Мэдээж нэгдүгээрт, өөрөөсөө хүчтэй буюу илүү хүчтэй болох хүнийг УИХ-ын даргад томилж болохгүй. Хэрэв тэгвэл тайван унтаж чадахгүй. Хоёрт, барьцтай буюу өөрт барьцаалагдах боломжтой хүнийг бүр ч томилж болохгүй. Барьцаалагдсан хүн бол аль болох хурдан л барьцаанаасаа гарахын төлөө тэмүүлнэ. Гуравт, Ерөнхийлөгчийн хүнийг томилж болохгүй. Намын генсекийг нь Я.Содбаатар авахаар бэлтгэж буй энэ цаг үед Ерөнхийлөгчийн халаасанд өөрийнхөө ч, намынхаа ч хувь заяаг аваачаад хийчихнэ гэдэг харамсалтай. Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хоёр ямар зам туулж ах нараа түлхэж, үеэ сольж энд хүрсэн билээ дээ.

Түүнээс гадна Ардын намынхан УИХ-ын даргыг зөвхөн өнөө маргаашийг бодож томилохгүй. Тэд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай уялдуулж томилгоогоо хийнэ. Тодруулбал, энэ парламентын харьцааг харахад Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох боломжийг гаргаж чадахааргүй болсон. Тиймээс дараагийн Ерөнхийлөгчид У.Хүрэлсүх өөрийн талын хүнээ өрсөлдүүлэхийн тулд энэ удаагийн УИХ-ын даргыг шат дамжлага маягийн зүйл болгохоор тооцож буй биз.

Тэгвэл одоогийн байдлаар хэн УИХ-ын даргад очиж болох магадлалтай байгаа буюу нам дотроо яригдаж байгаа талаар товчхон анализ хийж үзэцгээе.

БОЛОМЖИТ ХУВИЛБАР НЭГ: Д.Амарбаясгалан

Мэдээж УИХ-ын даргын суудалд зүтгэх хамгийн эхний өндөр магадлалтай хүн бол Ардын намын генсек Д.Амарбаясгалан. Ерөнхий сайд ч ийм санал гаргасан гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Намаа хэд хэдэн сонгууль дараалуулж ялалтад хүргэсэн, өнгөрсөн хугацаанд намын болон ЗГ-ын “гал тогоо” барьсан гэдэг утгаараа Д.Амарбаясгалан УИХ-ын даргын суудалд очих магадлалтай юм. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт буюу сонгуулийн тогтолцоог өөрчлөх ажилд хамгийн их зүтгэлтэй ажилласан гэдэг агуулга ч түүнд нэмэлт дэмжлэг болох байх. Учир нь хэдийгээр МАН өмнөх хоёр сонгууль шиг ээ хэт олонх болж чадахгүй дөнгөж 53 орчим хувийн суудал авсан ч гэсэн алсдаа энэ тогтолцоо ардчилсан парламентад ямар хэрэгтэй вэ гэдгийг энэ удаагийн сонгуулиар бид хангалттай харлаа. Намын жагсаалтын эрэгтэй, эмэгтэй харьцааг 1:1 гэсэн байдлаар хийсэн зэрэг нь парламентад жагсаалтаар 24 эмэгтэй гишүүн орж ирэх үүд хаалгыг нээсэн юм. Тиймээс Д.Амарбаясгалангийн өнгөрсөн хугацааны намдаа үзүүлсэн нөлөөг тооцож үзвэл УИХ-ын даргад очих магадлал бусдаасаа илүү байна. Гэхдээ анх удаа УИХ-д сонгогдсон гэдэг агуулга хойш нь чангаах нь ойлгомжтой. Дээр нь хамгийн анхаарах ёстой зүйл бол Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр ирэх он жилүүдийн хамгийн нөлөө бүхий байж болохуйц улс төрийн албан тушаал болох парламентын удирдлагыг Д.Амарбаясгаланд өгөх үү гэдэг асуулт юм. Хэдийгээр найзууд, холдохгүй салахгүй гэж алхам тутамдаа ярьдаг ч Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёрын зам алсуураа салсан нь нэр дэвшүүлэлт, сонсгол гээд олон зүйл дээр ил харагдсан. Ерөнхийлөгч ч магадгүй өөрийнх нь зүтгүүлж буй Ж.Энхбаяр гэх “төсөл” бүтэлгүйтвэл энэ хувилбарыг дэмжих магадлалтай. Ер нь товчхондоо Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болохын тулд хамгийн нэгдүгээрт Ерөнхийлөгчийн институттэй ойлголцох шаардлагатай юм.

Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгалан УИХ-ын дарга боллоо гэхэд Ерөнхий сайдтай тохиролцох хамгийн бодит зүйл нь Засгийн газрыг жил хагасын дараа дэнчигнүүлэхгүйгээр байх амлалт маягийн зүйл байх ёстой.

БОЛОМЖИТ ХУВИЛБАР ХОЁР: С.Бямбацогт

Д.Амарбаясгалангаас гадна УИХ-ын даргад очих өөр нэг өндөр магадлалтай хүн бол С.Бямбацогт юм. С.Бямбацогтыг УИХ-ын даргад очиход хамгийн их нөлөө үзүүлэх үзүүлэлт бол ДУНДЫН ХҮН. Тэрбээр, 2016 оноос хойш ерөнхийдөө бие даасан байдалтай улс төр өрнүүлж ирсэн. Өөрөөр хэлбэл, одоогийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, генсек гэсэн гол хүмүүсийг сүүлийн жилүүдэд илтэд нэг талд нь орж “галын” дэмжлэг үзүүлээгүй. Тиймээс дээрх гурван хүн ойлголцож өөрийн шууд хүмүүсээ томилж чадахгүй бол С.Бямбацогт бусдаасаа хамгийн магадлалтай хувилбар болж үлдэнэ. Сая болсон сонгуулиар баруун бүсэд Ч.Хүрэлбаатарыг унах үйл явц ч гэсэн жирийн нэг аясаараа болсон зүйл биш байх.

Мөн бүлгийн даргаар ажиллаж байсан ҮХНӨ-ийн ажлын хэсгийн нарын бичгийн дарга байсан, ТББХ-ны даргаар ажилласан, хэд хэдэн удаа сайд хийсэн гэсэн ажлын туршлагатай юм. Дээр нь энэ парламентад Ховдоос дөрвөн гишүүн орж ирсэн гэдэг нь ч түүнд давуу тал болж магадгүй юм. Гагцхүү Ерөнхий сайд энэ хувилбарыг дэмжих үү гэдэг л хамгийн том проблем байх болно.

БОЛОМЖИТ ХУВИЛБАР ГУРАВ: Ж.Энхбаяр

Ерөнхийлөгчийн институтээс хамгийн хүчтэй зүтгүүлэх хүн бол тэр. Бүр анх ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаа өгөхөд нь л саарал ордонд дараагийн УИХ-ын дарга болох ажилдаа орлоо гэх яриа улс төрийн хүрээнд яригдсан. Яг энэ цаг үеийн хамгийн нөлөө бүхий хүн болох Ерөнхийлөгчийн хүч УИХ-ын дарга дээр заавал томоор гарах хандлагатай байна. Ерөнхий сайд хамтарсан засаг байгуулах яриаг өчигдөр өрнүүлсэн нь Ерөнхийлөгчид лав таалагдахгүй. Тиймээс УИХ-ын даргын төлөө энэ институт нүдээ ухаад өгөхөд ч бэлэн байгаа биз. Ж.Энхбаярын хувьд УИХ-д гурван удаа сонгогдсон, туршлагатай парламентач гэдгээрээ УИХ-ын даргад зүтгэх боломжтой хувилбар мөн. Гэхдээ төрийн нэртэй сангуудад нэр холбогдсон, түүнээсээ болж УИХ-ын нэг удаагийн сонгуулийг хүртэл нэр дэвшихгүй өнжиж байсан гэдгээрээ гишүүдээс, олон нийтээс сөрөг дүн авна. Өөрөөр хэлбэл, авлига хулгайтай тэмцэх Л.Оюун-Эрдэнийн тэмцэлд нэг нэр, хоёр хоч зүүгдэх нь гарцаагүй.

Ж.Энхбаярын хувьд эхлээд УИХ-ын дарга, дараа нь Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр 2027 оны сонгуулийг төсөөлж, дотроо бясалгаж байгаа хүн юм.

БОЛОМЖИТ ХУВИЛБАР ДӨРӨВ: Л.Мөнхбаатар

Дараагийн магадлалтай хүн нь Л.Мөнхбаатар. УИХ-ын дэд даргын ажлыг сүүлийн хоёр жилд хашсан түүнийг С.Баярын зүгээс дэмжлэгтэйгээр өрсөлдөөнд орж ирж болзошгүй гэх яриа байна. Гэхдээ нөгөө гурвыг бодвол харьцангуй сул өрсөлдөгч. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд л зөвлөж байгаа болохоос биш С.Баярын хуучны улс төрийн “эр бяр” энэ цаг үед туйлын хомс болсон нь үнэн. Гэхдээ яригдах ёстой хүмүүсийн нэг мөн үү гэвэл мөн. Түүнээс гадна Хөвсгөлийн гаралтай өөр нэг улстөрчийн нэр УИХ-ын даргад орж ирэх магадлалтай. Тэр нь Л.Энх-Амгалан юм. Таван удаа сонгогдсон түүнд уг нь боломж бий гэхдээ Ардын нам болон Женко Х.Баттулгын зүгээс MCS-ийн төлөөлөл гээд жадлан эсэргүүцэх байх. Тиймээс Л.Энх-Амгалан хал палгүй сайдын суудалд илүү анхаарлаа төвлөрүүлэх нь байх.

Г.Лхагвадорж

Өнөө өглөө 07.00 цагт худалдаанд гарсан наадмын тасалбар дуусчээ
Өнөө өглөө 07.00 цагт худалдаанд гарсан наадмын тасалбар дуусчээ
 
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.