Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“PACS” системийн төслийг 1.8 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрүүл мэндийн хөгжлийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг болон Эрүүл мэндийн яаманд ажиллалаа.

Эрүүл мэндийн сайд санаачлан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллуулж байна. Энэ нь иргэд эмчид үзүүлэх гэж цаг, дугаар авахын тулд өглөө 05.00 цагаас эхлэн гадаа дугаарлаж зогсдог, цаг авч чадаагүй бол маргааш нь дахин ирдэг хүндрэлийг халах зорилготой юм. Энэ сарын нэгнээс хойш өнөөг хүртэл 8000 гаруй дуудлага хүлээн авсан бөгөөд иргэдийн 90 гаруй хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авсан тухай төвийн дарга Б.Нарантуяа танилцуулав. “1800-0119” төвд есөн эмнэлэг, есөн дүүргийн нэгдсэн эмнэлгийг холбосон бөгөөд ирэх сард багтаан 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийг холбохоор төлөвлөжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллах үеэрээ эмнэлгийн оношилгоо, эмчилгээний дүрс архивлан хадгалах, солилцох “PACS” системтэй танилцав. Улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Хөвсгөл, Увс аймгийн нэгдсэн эмнэлгийг энэ системд холбоод байна. Ингэснээр дүрс оношилгооны төхөөрөмжөөр авсан зургийг анхан шатны эмнэлгээс дээд шатны эмнэлэгт дүрсний чанарыг нь алдагдуулалгүй дамжуулах боломж бүрджээ. Мөн тухайн өвчтөний оношилгооны мэдээллийг улсын Дата төвд хадгалах бөгөөд өвчтөн, эмч хаана байхаас үл хамааран мэргэшсэн эмч онош тавьж, цаг хугацаа, зардал чирэгдэлгүй үйлчлэх юм.  Энэ төслийг Дэлхийн банкны 1.8 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Шударга ёсны эргэлзээ: Б.Батзориг, Б.Ундармаа ба Н.Баярсайхан
Шударга ёсны эргэлзээ: Б.Батзориг, Б.Ундармаа ба Н.Баярсайхан
 
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
МАРГААШ: Улаанбаатарт 0 хэм, багавтар үүлтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.