Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар НИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Нийслэл дэх Төрийн Аудитын газарт хүлээлгэн өглөө.
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар "Манай нам 2024 оны Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль болон аудитын байгууллагын хуулиудад заасан шаардлагад нийцүүлж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан хуулийн хугацаанд хүлээлгэн өгч байна.
Манай мөрийн хөтөлбөр үндсэн 5 бүлэгтэй, өнөөдөр Улаанбаатар хотод тулгамдаж байгаа иргэдийн амьдрах орчин, орон сууц, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшиг ослын эрсдэлийг бууруулахад чиглэсэн зорилтыг дэвшүүллээ.
Ялангуяа хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх арга зам, санхүүжилт, эдийн засгийн тооцооллуудыг мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн ажлын хэсэг гарган удаан хугацаанд судалж багцаллаа. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн бас нэг онцлог нь төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд сая орсон өөрчлөлтийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүд, өртөг тооцож болдог үйлчилгээний төрлүүд дээр бүхий л боломжуудыг ашиглан хотын эдийн засгийг тэлэх бодлого баримталсан байгаа” гэж танилцууллаа.