ХЭҮК нь ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр /2024.06.13/ зохион байгууллаа.
Хэвлэлийн бага хурлын эхэнд ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа дэлхийн 70 орчим улсад төрийн эрх барих байгууллагаа сонгох сонголтыг энэ жил хийж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулиар болон улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сонгуулийн сурталчилгаа түгээхдээ цахим орчин тэр дундаа хиймэл оюун ухаан, шинэ технологийг түгээмэл ашиглаж байгаа нь өмнөх сонгуулиудаас онцлогтой. Тиймээс сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллах шаардлагатайг онцлоод УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр төрийн байгууллага болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага, улс төрийн намууд, нэр дэвшигч, олон нийт анхаарвал зохих Комиссын Зөвлөмжийн талаар танилцууллаа.
Тэрээр “Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих үндэсний байгууллагын хувьд дараах асуудлыг анхааруулж, ХЭҮК Зөвлөмж хүргүүлж байна. Уг зөвлөмжид
- Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны ил тод байдлыг хангах
- Сонгуулийн оролцоог хангах, сонгогчийг ялгаварлах, гадуурхахгүй байх
- Хүсэл зориг, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг сахин хамгаалах
- Үзэн ядалт, хүчирхийлэл, үндэсний эв нэгдлийг бусниулахад уриалсан илэрхийлэл, хүний нэр төр, эрхэм чанарыг гутаах зорилготой худал мэдээлэлтэй тэмцэх
- Хүний хувийн мэдээллийг хамгаалах, кибер аюулгүй байдлыг хангах
- Зөрчил, маргааныг шуурхай шийдвэрлэхийг онцгойлон тусгасан” гэлээ.