Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖҮХ: Эмэгтэй нэр дэвшигчдийг доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах зэргээр эрх чөлөөнд нь халдаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 22 секунд

Жендэрийн үндэсний хорооны ажлын албанаас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "Монголын ард түмэн хууль тогтоох дээд байгууллагаа бүрдүүлэх ээлжит сонгуулийн энэ чухал цаг мөчид нэр дэвшигчид тэр дундаа эмэгтэй нэр дэвшигчдийн Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан жендэрийн тэгш байдал, ялгаварлан гадуурхахгүй байх зарчим ноцтой зөрчигдөж, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах зэргээр хүний эрх эрх чөлөөнд халдах байдал түгээмэл гарч буйг онцгой анхаарч таслан зогсоохыг уриалан Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар Хороо, түүний ажлын алба нь жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх чиг үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу өрнөж буй сонгуулийн сурталчилгаа нь Монгол Улсын нэгдэн орсон Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ын конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад заасан ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд харш байгааг иргэд, иргэний нийгмийн байгууллагууд анхааран шүүмжлэлтэй хандаж буйг онцлон тэмдэглэж байна.

Сонгогч түмэн олон, нам эвслүүдийн дэмжигч нарт сонордуулах нь:

2011 оны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлд ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг эрэгтэй, эмэгтэй хүн бүр нас, хүйс, ажил, албан тушаал, үзэл бодол, гэрлэлтийн байдал, боловсролын ялгаа зэргийг үл харгалзан ялгаварлан гадуурхалт, хязгаарлалтгүйгээр хүний эрх, эрх чөлөөг эдлэх хэмээн тодорхойлсон.

2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлд ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаахыг хориглож энэ нь гуравдагч этгээдэд мөн хамаарахыг хуульчилсан.

2021 оны Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 4.1.12-д зааснаар “хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл байх бөгөөд “хүний эмзэг мэдээлэл” гэж хүний генетик болон биометрик мэдээлэл, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл юм. Уг мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахаар хуульчилсан.

2015 оны Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан, 14.1 дүгээр зүйлд хүнийг … хүйс, … бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан, 14.8 дугаар зүйлд сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол тус тус ял шийтгэхээр заасан байдаг.

Иймд олон улсын болон үндэсний хууль тогтоомжийг дээдэлж, хүн хоорондын харилцааны уламжлалт болон дэлхий нийтийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан УИХ-ын сонгуульд нэр дэвшигч, түүний дотор эмэгтэй нэр дэвшигчийн нэр төр, алдар хүнд, улс төрийн сонгогдох эрх, эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, хүний хувийн болон эмзэг мэдээллийг олон нийтэд түгээн тархааж байгаа хууль зөрчсөн үйлдлээ зогсоохыг, хууль дээдлэх иргэний журамт үүргээ биелүүлэхийг уриалж байна" хэмээжээ.

Импортын бараа, бүтээгдэхүүний худалдан авалт валютын нөөцөд дарамт болох эрсдэл үүсэв
Импортын бараа, бүтээгдэхүүний худалдан авалт валютын нөөцөд дарамт болох эрсдэл үүсэв
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.