Ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад 32 эмэгтэй гишүүн хөл тавьсан. Энэ нь парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж чадсан дэвшил болов. Харин одоо Засгийн газрын газар хэрхэн байгуулагдах вэ гэдэг асуулт олон нийтийн анхаарлыг татаж байна. Харин Засгийн газрын бүрэлдэхүүнд эмэгтэй сайд нарын "квот"-ыг хэрхэн байлгах талаар Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяртай ярилцлаа
-Энэ удаагийн парламентад 32 эмэгтэй гишүүн орж ирлээ. Эл үзүүлэлтээр Монгол Улс олон улсын парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо чиглэлд хэр ахиц гаргаж чадав?
-Монгол Улсын УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дүнгээр 126 гишүүнийг бид сонголоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон сонгуулийн тухай хуулийг дагаж гарсан ахиц дэвшлийг бид тодотгож, түүхэнд тэмдэглэн үлдээх нь зүйтэй. Учир нь энэ удаагийн сонгуулийг тойрог болон жагсаалтаар нэр дэвшигчдийг сонголоо. Гэтэл сонгуульд оролцсон нам эвсэл бүр тойрогт 78 нэр дэвшигчээ явуулж, өрсөлдүүлэхэд түүнээс найман эмэгтэй л гарч ирсэн. Харин 48 гишүүнийг жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ эрэгтэй, эмэгтэй гэдэг байдлаар сөөлжиж оруулснаар олон улсад маш сайн туршлага болохуйц буюу жагсаалтаар 24 эмэгтэй орж ирлээ. Өөрөөр хэлбэл, тойргоос 8, жагсаалтаас 24 буюу нийт 32 эмэгтэй нэр дэвшигч энэ парламентад сонгогдлоо. Энэ нь парламентын 25.4 хувийг бүрдүүлж буй үзүүлэлт юм.
Монгол Улсын парламентын түүхэн дээд амжилт бол 2016, 2020 онуудад УИХ-ын 76 гишүүнээс 13 нь эмэгтэй гишүүн байсан явдал. Энэ нь 17.1 хувийн амжилтыг үзүүлж байв. Харин одоо 25.4 буюу үүнээс 8.3 орчим хувиар ахиулж чадлаа.
Олон улсын парламентын хүрээлэнгээс сар бүр гаргадаг судалгаагаар 2024 оны дөрөвдүгээр сарын байдлаар Монгол Улс 190 улсаас парламентын 17.1 хувийг нь эмэгтэйчүүд бүрдүүлж буй үзүүлэлтээрээ 129 дүгээр байранд жагсаж байсан. Харин бидний ээлжит сонгуулийн дүнгээр бий болгосон амжилтаар 33 байраар урагшилж, 96-д жагсах эхний болзлыг хангаж байгаа гэсэн үг. Гэхдээ бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. 2024 онд дэлхийн 70 гаруй улс оронд сонгууль зохион байгуулагдаж байгаа. 37 улсад яг одоо сонгуулийн процесс үргэлжилж байгаа. Эдгээр улс орнуудын парламентад эзлэх эмэгтэйчүүдийн хувь нь тодорхой болоход 33-34 байр урагшилж, 96-д орох эсэх нь бүрэн тодорхой болно гэсэн үг.
Эмэгтэйчүүдийн парламентад эзлэх хувь 25.4 хувь болсноор Ази, Номхон далайн бүсийн дунджийг давж, 4 хувиар ахиулсан зүйл боллоо. Олон улсын дундаж нь 26.7 хувь байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн дундаж руу манай эл үзүүлэлт дөхөж байна. Энэ бүгдээс харахад, Монгол Улс парламентад жендерийн квотыг 30 хувьд хүргэж батлуулж, холимог системээр сонгуулиа зохион байгуулсны дүнд эмэгтэйчүүдийн оролцоо чиглэлд маш том ахиц гаргаж чадсан гэдгийг тэмдэглэн хэлье.
-Үргэлжлүүлээд Засгийн газрын томилгоо олон нийтийн анхааралд байна. Засгийн газрын бүрэлдэхүүнд эмэгтэй сайд нарын төлөөллийг хэрхэн хангах боломжтой гэж та харж байна вэ?
-Нэг ажил дуусахаар дараагийн ажил эхэлж байдаг. Ямартай ч УИХ дээр Жендэрийн үндэсний хороо хууль эрх зүйн шинэчлэлээс хойш байнга анхаарч, хамтран ажиллаж байгаа. Одоо бидний анхаарал хандуулж, санал зөвлөмжөө өгөх ёстой асуудал бол Засгийн газрын гишүүдийн томилгооны асуудал байна. Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд 22 сайд ажилласан. Үүнээс 19 нь эрэгтэй, дөрвөн эмэгтэй сайдтай байсан. Үүнийг хувиар авч үзвэл, 13.6 орчим хувийг эмэгтэй сайд бүрдүүлсэн гэсэн үг юм. Жендэрийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан аймаг, нийслэл дүүргийн Засаг дарга болон Засгийн газрын гишүүдийн томилгооны 15 хувьд ч хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн хэрэгжилт хангагдахгүй байгаа гэсэн үг. Тэгэхээр одоогийн парламентад 32 эмэгтэй орж ирж байгаа энэ нөхцөлд дан, давхар дээлтэй байх асуудал тодорхой хуулиараа зохицуулагдаад явна.
Хамгийн гол нь хүйсийн буюу жендэрийн квотыг хангаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд эмэгтэй сайд нарын эзлэх хувь хамгийн багадаа 15 хувь байх ёстой. 15 хувь буюу түүнээс дээш хувиар томилогдох ёстой гэх хуулиа бид хангах ёстой. Үүнд тодорхой ахиц гарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.
Өмнөх парламентад УИХ-ын эмэгтэй дэд дарга томилж байсан шүү дээ. Одоогийн парламентад дөрвөн нам, нэг эвсэл орж ирсний хувьд эмэгтэйчүүдийн томилгоо дэд даргын түвшинд ч хийгдэх байх. Мөн өмнө хэлсэнчлэн Засгийн газрын бүрэлдэхүүнд хамгийн багадаа 15 хувь гэдгийг маш сайн анхаарч, Жендэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх байх гэж найдаж байна.
-Орон нутгийн сонгуульд ч эмэгтэйчүүдийн квотыг хуульчилж, сурталчилгааны хоногийг уртасгах шаардлагатай-
-Энэ удаагийн сонгуулийн амжилттай болж өндөрлөлөө. Гэхдээ сонгуулийн ард ямар дүгнэлт үлдэв?
-Жендэрийн үндэсний хорооны хувьд сонгууль дээр анхаарах ёстой нэг зүйл нь тойргийг хэт томсгосон нь танигдаагүй залуучууд, эмэгтэйчүүд болон нийгмийн тодорхой бүлгүүдэд асар хүндрэлтэй байсан гэдгийг тойрогт нэр дэвшсэн бүхий л нам эвсэл бие даагчид онцолж байсан. Энэ нь өөрөө бодит нотлох баримт. Тэгэхээр цаашид бид сонгуулийн томсгосон тойрог дээр сонгуулийн сурталчилгааг уртасгах шаардлагатай гэж харсан. Сонгуулийн сурталчилгаа богино байгаа тохиолдолд сонгуулийг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг дээр яалт ч үгүй анхаарах ёстой. Хоёрдугаарт, тун удахгүй орон нутгийн сонгууль болох гэж байна. Гэхдээ орон нутгийн сонгууль хуучин хуулиараа явна. Мэдээж зохион байгуулаад дууссаны дараагаар УИХ-ын тухай хуульд заасан жендэрийн квотыг орон нутгийн сонгуульд ч адилхан байдлаар тогтоох мөн тодорхой хөшүүргүүд орон нутгийн сонгуулийн системд яаж өөрчлөлт оруулах вэ зэрэг нь дутуу хийгдсэн ажил гэж харж байна. Сонгуульгүй дараагийн дөрвөн жилд тодорхой өөрчлөлтүүд гарах байх.
-Хуулийн хүрээнд ямар шинэчлэл шаардлагатай гэж харж байгаа вэ?
-Орон нутгийн сонгуулийн системийг хэрхэх вэ гэдгээ эргэн харах ёстой байх. Мөн түүнд тохирсон квотуудаа бид нэмэгдүүлэх шаардлагатай. Мэдээж УИХ-ын сонгуульд өмнө дурдсан өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай. Хэрэгцээ шаардлага нь ч бий. "Хамгийн удаан, хамгийн ихээр ярьж хоногшсон хүмүүс хамгийн олон санал авах магадлалтай" гэдэг судалгаа дэлхийд байдаг. Тэгэхээр хэн танигдахуйц албан тушаал эрхэлж байсан бэ гэдэг нь хүртэл саналд нөлөөлж байна. Энэ байдалд бид тогтолцооных нь хувьд хэрхэн зохицуулалт хийх болох вэ гэдгийг харах байх. Гол нь тухайн нэр дэвшигчийн хийсэн ажилтай танилцах хугацаа хангалтгүй байна. Мөн сонгуульгүй дөрвөн жилд сонгогчийн боловсрол чиглэл дэх үйл ажиллагааг идэвхтэй хийх нь чухал. Зөвхөн сонгуулийн болон сонгуулийн өмнөх жил анхаарах ёстой биш шүү дээ. Энэ удаагийн сонгуульд бүх насны иргэдийн оролцоо өндөр байсныг тодотгох нь зүйтэй.
Ярилцсанд баярлалаа